Улс төр
Ил амбиц нь Ерөнхийлөгч, далд ар нь МАНАН
Х.Заяа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээ зарласан хоёр намын төлөөлөл олны анхаарлын төвд орж, багагүй шуугиан дэгдээв. Арга ч үгүй байх. Хэдийгээр хэн, хаана, хэрхэн нэр дэвших нь хуулиар баталгаажсан эрх чөлөөт нийгмийн бүтээгдэхүүн Монгол Улсын иргэд тэдний хувьд энэхүү зорьмог саналыг нь хүндэтгэж байгаа хэдий ч аливаа зүйл савнаасаа халихын чандад арай өөр зүйл утаа мэт суунаглаж байдгийг харагдаж байгаа нь хамгийн том эмзэглэл юм. Монголын Улсын төрд бичигдээгүй дүрэм мэт нэгэн зүйл байдаг нь үе нь өнгөрч, жийгдэн одсон ч өөрөө явахгүй эргэж бухсаар байдаг улс төрч нэртэй бүлэглэлийн толгой нар байдаг. Ийм нэг биш толгойнуудын ард хүзүү болсон хоёр эрхэм өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүч үзнэ ээ хэмээн зарлаж байгаа нь мөн чанартаа эрх мэдлийн төлөө М.Энхболд, Ц.Элбэгдорж гэгч хоёр хүний хүч тамир хэзээ ч зогсохгүй гэдгийг яруу тодоор харуулсан хэрэг болов.
Сү.Батболд гэж хэн бэ?
Эдийн засгийн, гадаад харилцааны хангамжийн яаманд мэргэжилтнээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн түүнийг тус яамны “Монгол импекс” нэгдэлд экспорт фирмийн дарга болгосон түүх цаасан дээр үлдэж. 1992 онд хувийн бизнесээ эхлүүлж, “Алтай трейдинг” ХХК-ийг байгуулан ерөнхий захирлаар ажилласан. Есөн жил хувийн хэвшилд ажиллаж, бизнесээ баттай босгож аваад 2000 онд улс төрд орж ирсэн тэрбээр өнөөдрийг хүртэл Монголын нөлөөтэй улс төрч болж чадсан бөгөөд 2008 оны сонгуульд Сүхбаатар дүүргийн 23 дугаар тойргоос улиран сонгогдсон.
УИХ-ын 2008 оны есдүгээр сарын 19-ний нэгдсэн чуулганы хуралдаанаар С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар томилогдон ажиллаж байгаад Ерөнхий сайд С.Баяр өвчний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, 2009 оны 10 дугаар сарын 28-нд албан тушаалаа өгсний дараа МАХН-аас түүний нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байв. Ингээд УИХ-ын гишүүдийн 93.9 хувийн дэмжлэгээр 2009 онд Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар томилогдсон. Түүний хувьд худалдаа, үйлчилгээний чиглэлийн бизнест амжилт арвин. Энэ утгаараа Чингис зочид буудал, Э-март сүлжээ дэлгүүр нь хамгийн том орлогын үүд нь. Эхнэрийн дүү нь Гаалийн ерөнхий газрын дарга учир хил гаалийн асуудал ногоон гэрлээр шийдэгддэг учир ямар хүнд үед ч тэдний гэр бүлийн бизнест асуудал үгүй. Ёстой л унтаж байхад мөнгө урсаж байдаг хэтэвчтэй түүний хамгийн том амбиц Монгол Улсын Ерөнхийлөгч.
Панамын баримтад С.Батболдыг оффшор данстай, “Бату майнинг” ХХК-д хувьцаа эзэмшдэг тухай мэдээлэл гарсанаар монголчууд Сү.Батболд, Д.Цогтбаатар нар “Бату майнинг” ХХК-д 2003 онд хувьцаа эзэмшээд 2005 онд буцааж зарсан тухай анх мэдэж байв. 2005 онд Сү.Батболд Гадаад хэргийн сайд, Д.Цогтбаатар нь тухайн үед Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Хэдийгээр, Сү.Батболд “…Бидний оролцсон энэ ажил хуулийн хүрээнд хийгдсэн бизнес. “Бату Майнинг” нь Монгол Улсад бүртгэлтэй гадаадын компани. Тус компанийн 11.9 хувийг 2013 онд худалдаж авсан. Тухайн үед Капитрон банкны данснаар ил тод, хуулийн дагуу худалдаж авсан хувьцаа. Би хувьцаа худалдаж аваад зараад явсан. Монголын бизнесмэнүүдийн нэгэн адил зарчмаар л явсан юм. Оффшор компани өөрөө байгуулаад тэнд данс эзэмшээд байгаа зүйл байхгүй. Оффшор дансанд Д.Цогтбаатар бид хоёрын нэр байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Энэ талаар хууль хяналтын байгууллагад хандана” хэмээн өөрийгөө өмөөрч мэдээлэл хийж байв. Харин Монгол Улсаас гадаадын улсад оффшор данстай 49 хүний дотор түүний төрсөн ах Сү.Бат-Очир бас байв. Энэ талаар, “Манай ах 25 жил бизнес хийж байгаа хүн. Бизнесийн хүн бизнесээ хийгээд явж байгаа бол хууль ёсны асуудал. Мэдээж улс төрчийн ах учраас мөнгө татвартай холбоотой асуудлаа шалгуулж, олон нийтэд нээлттэй мэдээлж өгөөрэй гэж хэлсэн” гэснээрээ өөрийн оффшор дансаа хүлээн зөвшөөрөөгүй ч Сү. Бат-Очирыг “миний ах мөн” хэмээн хүлээн зөвшөөрсөн нь өнөөдөр хэвлэлийн хуудаснаа баримт болон үлдсэн байдаг.
Бас нэгэн зүйлийг хэлэхэд Сү.Батболд бол улс төрд М.Энхболдын багийн хүн. Эрх баригч нам МАН өнөөдөр хэдэнтээ хуваагдсаны хамгийн хүчтэй хоёр бүлэглэл бол Миеэ, Хүүк… хэмээгдсэн энэ цаг үед тэрбээр М.Энхболдын фракциас хүч түрэн өндийж, МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа нь могой гурав тасравч гүрвэлийн чинээ … гэдэг монгол хэлц үгийг нэгэн цагт Ми-г нулимстай нь хаяж одсон намын нөхдөд нь хатуухан сануулсан “сургамж” болж байгаа юм. Тэр бол Ми зүгээс цохилсон “хонх” юм. Хоёрхон жилийн дотор журмын нөхөд, хайртай дүү нартаа хонгодуулж, харамсалтайгаар хөөгдөн бууж байсан хорсол тэр хүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүчтэйгээр эргэж ирэхэд хүргэсэний илрэл энэ бүлгээ…
Ц.Оюунгэрэл гэж хэн бэ?
УИХ-ын гишүүн асан, АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл 2020 оны нэгдүгээр сарын 2-нд хийсэн мэдэгдэл намын гишүүд төдийгүй, нийт монголчуудын анхаарлыг өөрийн эрхгүй татсан. Нам гүмхэн байсан хоёр намын сошиал троллууд санд мэнд ажилдаа орж, үгийн мууг сонгож, хэлэх “үйлтэй” ажилд зүтгэхэд хүргэсэн түүний мэдэгдэлийн ард үнэндээ Ц.Элбэгдорж инээмсэглэн сууж байсан нь хамгийн хоржоонтой үзэгдэл байв. Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөө нам дотроо өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн түүний хувьд өрсөлдөгчид нь хэн ч байсан ялгаагүй, өөрийн зүгээс өрсөлдөөнд бэлэн гэдгээ хэлж буй анхны эмэгтэй улстөрч болсон нь онцгой үзэгдэл.
Өмнө нь нэг удаа МАХН-аас Н.Удвал гэдэг эмэгтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан ч тэр нь өөрийнх нь шийдвэр байгаагүй, тухай үед улс төрийн хэт хүчтэй лидерүүдийн нэг байсан Н.Энхбаярын сонголт байсан. Харин энэ “тавилан” өнөөдөр ийнхүү давтагдсан нь үнэндээ улс төрд ямар ч хүчтэй хүнд “өөрийн сонирхол” гэж байдаггүйг харуулсан, нотолсон зүйл болсон юм.
Хэдийгээр Ц.Оюунгэрэл, “өөрийн сонирхлоор, өөрийн хүсэл эрмэлзлэлээр Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж буй” хэмээж буй ч зөвхөн энэ үндэслэлээр улс төрд өрсөлдөөний цоо шинэ жишгийг авчирлаа гэж үзэгсэд бий болгохыг зорьж байгаа ч хэдэл хэзээ ч баригддагийн жишгээр, хуурамч хөшиг хууларч үнэн гарч ирэхэд Ц.Элбэгдорж хэмээн нөхөр ард нь түлхүүр атгасан сууж байгааг Монголын ард түмэн шууд ойлгож, харсан нь гайхамшиг байв. Ямар хүчтэй хүн ч массын дэмжлэг, бүлэглэлийн татаас үгүй бол улс төрд явдаггүйг хэн бүхэн мэднэ.
Магадгүй, АН дотооддоо хагаралтай, намын дарга нар тамга, тэмдгээ булаалдан зодолдож буй энэ үед улс төрд “цагаан морьтой ханхүү”-гийн дүрээр орж ирэхийг хүсэгч Ц.Элбэгдоржид “боломж” харагдсан учир шатрын өрөг дээрээ Ц.Оюунгэрэл гэх аятайхан имижтэй эмэгтэйг сонгож түлхсэн нь нэг талаараа цагаа олсон. Учир нь АН-ын дарга болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн аль алин дотор нь нэр цохогдоод орж ирсэн цор ганц эмэгтэй тохиолдол бол Ц.Оюунгэрэл юм. Энэ утгаараа “хүчтэй өрсөлдөгч” мэтээр ард түмэнд харагдана гэж Ц.Элбэгдоржийн тооцсон нь ч бас буруугүй юм.
Тэр сайн тоглогч, тэр утгаараа ч “Монгол хүний суурь эрхийн дархлаа, эдийн засаг хоёр маань ямар сул байгааг бид ковидтой өнгөрүүлсэн нэг жилийн хугацаанд олж харлаа. Шинэ ондоо шинжлэх ухааны вакцинаар эрүүл мэндээ хамгаалж, шинэ өрсөлдөөний вакцинаар хүний эрхээ хамгаалж, эдийн засгаа хөл дээр нь босгох цаг ирлээ” хэмээсэн. МАН эрх барьсан сүүлийн таван жилд, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, шударга шүүхээр шүүлгэх гэх мэт эрх чөлөөний асуудал өндөр эрсдэлд орсон энэ үед цагаа олсон “вакцин” мөн хэдий ч олон жил “цэцэн” улс төрчдөд хулхидуулж хаширсан монголчуудын сэтгэлийн хөдөлгөх биш бухимдлын цэгийг олж дарчихсан нь өнгөрсөн хугацаанд цахим орчинд “Ц.Оюунгэрэл” гэдэг хүнийг нүдсэн үйлдлээс харж болохоор байгаа юм.
Ц.Оюунгэрэлийн хувьд “Эмнэсти интернэшнл” гэх олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран ажиллаж, шүүх, хуулийн байгууллагуудад үүсч байсан хүний эрхийн зөрчлийг арилгах, гэрч, хохирогчийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэн “Эрх чөлөө төв” ТББ-ыг байгуулан ажилласан. Сүүлийн үеийн улстөрчдийн дотроос хүний эрхийн мэдрэмж өндөртэй, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хүндэтгэж, иргэдийнхээ оролцоог хангахад анхаарах гарц гаргалгааг гаргаж ирэх боломж бий. Гэхдээ улс төрд сонголт хийдэг ард түмний буюу массын дэмжлэг түүнд байдаггүй, дутагдалтай. Энэ ч утгаараа төрсөн нутаг Хөвсөлдөө УИХ-ын сонгуульд хоёронтоо үзэж, унаж байсан түүнд өөрөөр хэлбэл тойргийн сонгуулиас гарч ирж чаддаггүй түүнд орон даяар явагдах Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч байна гэж харахад учир дутагдалтай. Нийт сонгогчдын 50-иас илүү хувь нь эмэгтэй сонгогчид хэдий ч хүйсээ дэмждэггүй масстай Монголд Ц.Оюунгэрэлд давуу тал гэж бараг байхгүй нь хамгийн үнэн юм.
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм13 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм18 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм17 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм21 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм21 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм14 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг20 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо