Улс төр
У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар: Юун үхрийн гуя, Монгол Улс мөнгө байхгүй
Х.ӨЛЗИЙ
Нэгэн хэсэг коронавирус хэмээн шуугьж байсан бол одоо сонирхол нь буурсан уу, намдаж байтал эрх баригчдын ярьж шуугьдаг нэг сэдэв нь Монгол Улс мөнгөтэй эсэх тухай яриа болов. Ерөнхий сайд, Сангийн сайд хоёрын яриа зөрөөд энэ улс орны сан мөнгөтэй ч юм шиг, мөнгөгүй ч юм шиг бүр учир нь олдохоо больж орхив.
Хэргийн учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ цар тахлын үед айл өрх, иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих хүрээнд өрх бүрд нэг сая төгрөг олгоё гэж хэлснээс хамаг юм эхэлсэн гэж болно. Өгүүлэх нь:
Айл өрх, аж ахуйн нэгжээ дэмжье
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжүүдээ эрсдэлээс хамгаалахын тулд өрх бүрд нэг сая төгрөг олгох тухай санал гаргаж өнгөрөгч 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлсэн.
…Уг нь Төрийн тэргүүний санал санаачилгад мөнгийг “Монголбанкинд байршуулъя” л гэж хэлсэн болохоос биш энд мөнгө хэвлэе, тэгээд тараая гэсэн нэг ч үг үсэг байхгүй. Гэтэл яахаараа У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар нар гэнэт яагаад мөнгө хэвлэж тараах тухай яриад эхлэв ээ. Өнөө айлын үхрийн гуя хулгайлсан хулгайч “манайд хулгай оржээ” гэсэн үг сонсонгуутаа “Юун үхрийн гуя” гээд өөрийгөө бариад өгсөн гэдэг шиг юм болж байгаа юм биш биз…
Эндээ өрх бүрт нэг сая төгрөг олгох хөтөлбөр боловсруулж арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр олгож үлдэх 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдээс архи согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг ваучер хэлбэрээр олгох нь зүйтэй гэсэн юм.
У.Хүрэлсүх: Бидэнд мөнгө байхгүй
Төрийн тэргүүний энэ санал бүхий албан бичгийг хүлээн авсныхаа дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны арванхоёрдугаар сарын 2-нд болсон Засгийн газрын хуралдаан дээр “Эдийн засгийн энэ хүнд үед бидэнд мөнгө байхгүй. Биднийг иргэдэд нэг сая төгрөг өг гээд байгаа” гээд “Засгийн газарт мөнгө байдаг бол ард иргэд үр хүүхэд, өвгөд хөгшдөөсөө харамлаад байх зүйл байхгүй. Үнэндээ тийм мөнгө байхгүй” гэж онцолжээ.
Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байгаа, энэ улсад хэдий хөрөнгө мөнгө байгаа, төсвийн орлого зарлага гээд бүхнийг хамгийн сайн мэдэж байх ёстой Төсвийн ерөнхий захирагч, Ерөнхий сайдын энэ үгнээс үзэхэд Монгол Улс мөнгөгүй гэдэг нь тодорхой байна. Засгийн газрын тэргүүн арай худал хэлээгүй байх. Үүнийг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нь бас баталж иргэдэд тараах мөнгө байхгүй гэж хэлсэн байдаг.
Х.Баттулга: Мөнгөгүй гэж байгаа бол тэр хүн ажлаа муу хийж байна гэсэн үг
Засгийн газрын тэргүүн нь “улс мөнгөгүй” гээд нэгэнт хэлчихсэн болохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ нэгдүгээр сарын 10-нд Үндэсний олон нийтийн телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Улсын төсөв яагаад мөнгөгүй байгаа юм. Хэн төсөвтэй байлгах ёстой юм. Энэ бол Засгийн газрын ажил. Сангийн сайдын менежментийн ажил. Хэрэв Сангийн яам мөнгөгүй гэж байгаа бол тэр хүн ажлаа муу хийж байна гэсэн үг. Чаддаг хүнд нь өг гэсэн зөвлөмж өгмөөр байгаа юм. Мөнгөгүй тусгаар тогтносон улс гэж байж болохгүй шүү дээ” гээд мэдэгдчихлээ.
Үнэхээр МАН 2016 онд мөрийн хөтөлбөртөө “нэг ч татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй” гэж амласан атлаа засгийн эрх авсныхаа дараа ганц сарын дотор есөн төрлийн татвар нэмж, иргэдийнхээ нуруунд ачаа нэмж байсан болохоор төсөвт орж ирдэг мөнгө жилээс жилд нэмэгдсээр л байгаа. Тэр мөнгө хаачив гэж Төрийн тэргүүн асуух нь мэдээж.
Б.Хүрэлбаатар: Би төсөв мөнгөгүй гэж хэлээгүй
Эрх баригчид ийм үгэнд сандарч тэвдэж эхлэв. Бодоход Ерөнхий сайд урьд хэлснээсээ буцаж одоо өөр зүйл хэлэлтэй биш, Сангийн сайдаа л түлхсэн биз. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нь тэгээд Төрийн тэргүүний энэ ярилцлагын ердөө маргааш нэгдүгээр сарын 11-нд санд мэнд “Би төрийн санд “оффшорын мөнгө” орж ирээгүй гэж хэлсэн, харин төсөв мөнгөгүй гэж хэлээгүй” гэжээ. Засгийн газрын тэргүүн нь, өөрөө “Төсөвт мөнгөгүй, мөнгө байсан бол иргэдээсээ харамлахгүй” гэж байсныг бүр мартчихаад ярьж байгаа нь энэ.
УИХ-ын тогтоолын төсөл
Ингээд Засгийн газар мөнгөгүй гээд гэдийгээд байхаар Монгол Улсын төрийн тэргүүн ард иргэдээ дэмжих өөр арга зам хайж эхэлсэн. Юу гэвэл, төрийн өндөр албан тушаалтнуудын улс ард түмнээс хулгайлж, авлигад авч, гадаад оронд, оффшор бүсэд нууж хадгалсан мөнгөнөөс оруулж ирснийг айл өрхөд дэмжлэг болгон өгөх тухай санаачилга гаргав. Үүнийхээ хүрээнд “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Энэ бол оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд Төрийн сангийн тусгай данс нээн байршуулах тухай.
Үүнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирж байгаа мөнгийг улсын төсөвт оруулбал шууд төсвийн алдагдлаа нөхчихнө. Тэгэхээр Монголбанкинд байршуулаад тэндээсээ иргэдэд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлж болох юм гэсэн үүднээс УИХ-ын тогтоол гаргуулж эрх зүйн орчинг нь бүрдүүлэх гэсэн юм хэмээн тайлбарлаж байна.
Цаасан мөнгө хэвлэх буюу юун үхрийн гуя
Монгол Улсын Ерөнхийлөгчийн оффшорын мөнгийг Монголбанкинд байршуулах тухай яриа гарангуут л МАН-ынхан цаасан мөнгө хэвлэх яриа гаргав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шууд л маргааш өглөө нь “Харин “оффшорын мөнгө” нэрээр Монголбанкаар мөнгө хэвлүүлж тараалгавал төгрөгийн ханш 2012-2016 онд хоёр дахин унасан түүх давтагдана” гэж жиргэсэн байх юм. Үүний өмнө ч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч “Ард иргэдээ хуурч цаасан мөнгө хэвлэж гүйлгээнд гаргаж болохгүй. Эргээд мах талх, цахилгаан дулааны үнэ өснө” гэж бүр эрт хэлж байж.
Уг нь Төрийн тэргүүний санал санаачилгад мөнгийг “Монголбанкинд байршуулъя” л гэж хэлсэн болохоос биш энд мөнгө хэвлэе, тэгээд тараая гэсэн нэг ч үг үсэг байхгүй. Гэтэл яахаараа У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар нар гэнэт яагаад мөнгө хэвлэж тараах тухай яриад эхлэв ээ. Өнөө айлын үхрийн гуя хулгайлсан хулгайч “манайд хулгай оржээ” гэсэн үг сонсонгуутаа “Юун үхрийн гуя” гээд өөрийгөө бариад өгсөн гэдэг шиг юм болж байгаа юм биш биз.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын “Монголбанкаар мөнгө хэвлүүлж тараалгавал төгрөгийн ханш 2012-2016 онд хоёр дахин унасан түүх давтагдана” гэсэн үгийг анхааръя. Тэр үед Сангийн сайд Ч.Улаан, Ж.Эрдэнэбат нар л байсан. МАН-ынхан зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэгч болж байгаа юм биш биз гэсэн хар төрөх.
Ийнхүү Монгол Улсын Засгийн газар, МАН-ынхан, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар айл өрх бүрт нэг сая төгрөг олгох замаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих саналыг жадлан эсэргүүцсээр байна. Коронавирусийн цар тахлаас үүдээд хил хааж, хөл хорио тогтоосноор айл өрх, аж ахуйн нэгж бүрийн амьдрал хэцүүдэж байгаа үед энэ мөнгө айл өрхийн амьжиргаанд нэмэр болоод зогсохгүй 80 хувь нь өнөөдөр хаалгаа барьж дампуурах дээрээ тулаад байгаа аж ахуйн нэгжүүдэд тус нэмэр болох юм л даа уг нь.
Хэн нэгэн хүнд хэрэгтэй, ард түмний амьжиргаанд нэмэр тустай юм ярьж байвал шээс нь гоожих шахан сандарч, бусдынхыг няцааж, өөрсдөө тийм санаачилгын эзэн автор болох гэж нэр томъёог нь өөрчилж байдаг зангаараа МАН-ынхан цахилгаан дулаан, усны мөнгийг тэглэсэн. Уг санаа нь зөв ч харамсалтай нь угаасаа мэдлэг мэргэжил тааруу эрхмүүд нь ямар ч тооцоо судалгаагүй хандаж хүрэлсүх нь шууд попорч зар цуу болон сүржигнэснээр эхний нэг хоёр хоногт хэдэн цахилгаан станцаа арай л нугасалчихаагүй, өчнөөн олон жижиг сажиг осол аваар гараад өнгөрсөн. Ингээд “ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр журам боловсруулан байж өнгөрсөн оны хэрэглээний жишигтэй харьцуулан тэглэх, илүү гарсныг нь төлүүлж байх болсон.
Гэлээ ч одоо айл өрхүүдийн цахилгааны мөнгө өмнөх жилээс хэт их гарч байгаа тухай зарга тасрахгүй байгаа. Хэргийн учир нь өнгөрсөн жил айл бүр ажил хэмээн өглөө гараад, орой ирдэг байсан бол энэ жил бүгд гэртээ байж цахилгааны хэрэглээ өссөнтэй ч холбоотой байх. Нөгөө нэг хардмаар зүйл нь эзгүй байгаа айлын цахилгааны төлбөр ч их гараад байна гэдэг. Үнэндээ цахилгааны ямар ч мэдлэггүй нэг хэрэглэгч тоолуураа хазайлгаад, элдэв юм хавчуулаад гүйлтийг нь зогсоодог юм чинь цахилгаан бичигчид нь нэг багаж хүргээд л тоолуурын заалтыг хэдэн зуугаар нь урагшлуулчихаж ч байж мэдэх шүү дээ. Засаг бол ард түмнээ мөлжих, тэднээс мөнгө харамлах аргаа яаж ийгээд л олно.
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм13 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм18 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм21 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм21 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм15 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг20 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо