Улс төр
Д.Ангар: Банк, банк бус руугаа халдаж чадахгүй байгаа нь Монголын төр муу муудаа дээрэлхүүгийн нэг жишээ
Я.Монгол
УИХ-ын нэр бүхий гишүүд барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардны хүүг сарын гурван хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн төслийг санаачлан өргөн барьсан. Энэ талаар болон ломбардны зах зээлийн зохицуулалттай холбогдуулж эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.
-Бэлэн мөнгөний хэрэгцээ гарсан үед эд зүйлээ барьцаалж хялбархан зээл авах боломжтой тул хүмүүс ломбардад ханддаг. Гэвч энэ салбарт зохицуулалт сул, зээлийн хүү нь харилцан адилгүй байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байна. Ломбардуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг нэг шугаманд оруулах гэсэн хуулийн төслийг хэрхэн харж байна вэ?
-Зөв зүйтэй хуулийн зохицуулалт гэж харсан. Яагаад гэхээр хөл хорионы үед иргэдийн орлого тасалдаж байна. Ингээд ирэхээр зээлийн хүүгээ төлөх эх үүсвэр нь тасалдаж эхэлж байгаа юм. Тэгэхээр үүнд төр оролцохоос өөр аргагүй. Ломбардны зээлийн хүү дунджаар сарын 16 хувь байдаг. Тэгвэл үүнийг гурван хувь руу оруулах нь иргэдээ бодсон шийдвэр мөн.
Ер нь ломбардууд одоо хүртэл тогтсон нэг стандартгүй явж байна шүү дээ. Зээлдүүлэгч талын эрх ашгийг харахаас гадна одоо зээл авагч талын эрх ашгийг харахаас өөр аргагүй болсон. Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар гишүүн огт байдаггүй хуулийн зохицуулалтыг санаачлаад өргөн барьсан зүйл биш. Энэ бол бусад улсад хэрэгждэг хуулийн зохицуулалт юм. Харин үүн дээр нэг зүйл нэмж хэлэх байна. Ломбардны хүүг цэгцэлж, зохицуулалт оруулж байгаа нь зөв. Гэхдээ энэ бол санхүүгийн зах зээлийн нэг хувьд ч хүрэхгүй сегмент юм. Үлдсэн 99 хувь нь зохицуулалтгүй үлдчихээд байна шүү дээ. Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо байна. Сарын гурван хувиас дээш хүүтэй зээл өгч байгаа ББСБ байгаа. Үүнд давхар хуулийн зохицуулалт хийхгүй бол том гажуудал гарна. Санхүүгийн зах зээлийн эрэмбэ дараагаар яривал хамгийн том нь банк, дараа нь банк бус, хадгаламж зээлийн хоршоо, хамгийн доод талд нь ломбард орж байна. Гэтэл ломбардны хүүг гурван хувь болгочихоор гурваас дээш хувийн хүүтэй банк бусууд яах вэ. Шударга бус гэсэн үг. Тэгэхээр хоёр гишүүний барьсан хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэнэ. Энэ шатанд нь УИХ-ын гишүүд банк, банк бусын зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох заалтыг нэмэх нь зүйтэй гэж харж байна. Ломбард гурван хувь бол банк бусынх хоёр, банк 1.5 гэх зэргээр бүгдэд нь хүүгийн зохицуулалт хийх ёстой.
-Ломбард дээр зөвхөн хүү гэлтгүй бусад чиглэлд ч зохицуулалт сул, хяналт багатай байгааг шүүмжилдэг. Энэ талаар тодруулахгүй юу?
-Бүх улсад манайхтай ижил ийм санхүүгийн харилцаа байсан. Тодруулбал, 1960-1970 оны үед илүү хүчтэй байсан. Япон гэхэд маш өндөр зээлийн хүүтэй байлаа. Зайлшгүй зээл авах хэрэгцээ байгаад байдаг. Гэвч хэт өндөр хүүтэй авсан зээлээ төлж чадахгүй эргээд асуудалд ордог. Улам өрөнд орно гэсэн үг. Сүүлдээ эд хөрөнгийг нь хураан авдаг. Японы бодит жишээн дээр эд эрхтнийг нь үнэлээд авдаг систем рүү явж байсан. Ингээд 1980 оноос эхлээд ихэнх улс орнууд нарийн зохицуулалтууд хийж үзсэн. Мэдээж зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын хувьд гэрээндээ ямар заалт оруулахаа хоёр талаас тохирно. Тэр болгон дээр нь төр оролцох боломжгүй. Харин төр зээлийн хүүгийнх нь дээд хязгаарыг л тогтоодог. Японд банк, ломбард, хадгаламж зээлийн хоршоо гэх зэргээр ямар төрлийнх байхаас үл хамаарч зээлийн хүү жилийн 20 хувиас хэтрэхгүй байхаар зарлачихсан.
Энэ нь сарын 1.6 хувь байна. Америкт муж мужаараа дээд хязгаарыг тогтоосон байдаг. Нью-Йоркт жилийн зээлийн хүүг найман хувиас хэтэрч болохгүй гэдэг. Англи, Австрали ч мөн ижил. Монголд харин зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоодог төрийн оролцоо сүүлийн 30 жил хийгээгүй учир иргэд нь мөнгө хүүлэлтэд нэрвэгдчихсэн. Өдрийн нэг хувийн хүүтэй зээл ч байна. Жилийн 365 хувь гэсэн үг. Энэ бүхнийг цэгцэлж ломбардаас эхэлж байгаа нь зөв. Цаашид нийт санхүүгийн зах зээлээ энэ зохицуулалтад оруулж, зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоохоос өөр аргагүй. Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төсөл гурван жилийн өмнө УИХ-д өргөн баригдсан. Үүгээр банкны зээлийн хүүг жилийн 18, банк бусыг 35 хувиар хязгаарлая гэх зэргээр санал гаргасан ч хэлэлцэхгүй байсаар сонгууль болоод буцаагдсан.
нэг хувьд хүрэхгүй ломбардыг зохицуулж байгаа нь зөв. Гэхдээ 99 хувьд байгаа банк бус, банкнаас айгаад байна. Үүнд ашиг сонирхлын зөрчил байж магадгүй. УИХ-ын гишүүд өөрсдөө олноор ББСБ ажиллуулдаг. Мөн төрийн албаны том дарга нарын ХОМ-ийг харахад ихэнх нь ББСБ-тай. Зарим нь дүү, эхнэр, хамаатныхаа нэр дээр байгуулаад ХОМ-т гарч ирэхгүй ажиллуулж байна.
-Ломбардуудын хүү буурснаар энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч нарын ашиг буурч, зээл олгохоос татгалзах эрсдэл үүсэх үү. Үүнээс болж богино хугацаанд бэлэн мөнгөний хэрэгцээ үүссэн иргэдэд хүндрэл үүсэх юм биш үү?
-Зээлийн хүүгийн дээд хязгаар тавья гэхээр дэмжихгүй гэсэн хүмүүс ийм тайлбар хэлээд, үүн дээр нь дөрөөлөөд асуудлыг удаасан. Монголд мөнгөний илүүдэл байна. Нийт системээр нь аваад үзвэл бараг 10 их наяд төгрөг зээл болж чадахгүй зах зээл дээрээ байгаад байна. Тэгэхээр зээлийн хүү буурснаар ломбард, банк бус, банкууд зээл гаргахаа зогсооно, эсвэл зээлийн хэмжээгээ бууруулна гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Хэрэв зээл олголтоо зогсоовол тэр байгууллага өөрсдөө орлогогүй болно гэсэн үг. Дээр нь ломбардны зээл маш эрсдэлгүй. Яагаад гэхээр сая төгрөгийн үнэтэй эд зүйлсийг нь 400-500 мянган төгрөгөөр барьцаалж аваад, эсвэл хэзээч үнэ цэнээ алдахгүй алт, мөнгөн эдлэл, газар, байшинг нь барьцаалж авч байна. Хэрэв зээлээ төлөхгүй бол буцаагаад борлуулаад хохиролгүй болчихно. Маш эрсдэлгүй зээлийн салбар юм. Зээлийн хүү буурснаар харин ч зээлдүүлэгч нарт ашигтай хувилбар юм. Эргэн төлөгдөх боломжууд нэмэгдэнэ шүү дээ. Жилийн 70 хувийн хүүтэй, эсвэл 36 хувийн хүүтэй зээл олголоо гэхэд бага хүүтэй нь иргэдэд дарамт бага учруулж, эргүүлж төлнө биз дээ. Мөн хүү буурснаар хувь хүмүүс хоорондоо хар захын хэлбэрт орж, нууц байдлаар мөнгө өгөлцөж авалцана, эргээд асуудал тарина гэж ярьдаг. Энэ маш буруу, худал тайлбар. Бусад улсын санхүүгийн зах зээл дээр хэрэглэгддэг нийтлэг зохицуулалт л юм.
-Хэдийгээр ломбардын зээлийг хүүг гурван хувь болгож байгаа ч энэ сигмент санхүүгийн зах зээлийн ердөө нэг хувийг бүрдүүлж байна. Тэгэхээр нийт иргэдийг хамарсан зохицуулалт болж чадахгүй нь ээ?
-Нэг хувьд хүрэхгүй ломбардыг зохицуулж байгаа нь зөв. Гэхдээ 99 хувьд байгаа банк бус, банкнаас айгаад байна. Үүнд ашиг сонирхлын зөрчил байж магадгүй. УИХ-ын гишүүд өөрсдөө олноор ББСБ ажиллуулдаг. Мөн төрийн албаны том дарга нарын ХОМ-ийг харахад ихэнх нь ББСБ-тай. Зарим нь дүү, эхнэр, хамаатныхаа нэр дээр байгуулаад ХОМ-т гарч ирэхгүй ажиллуулж байна. Хүч нөлөө багатай ломбардуудынхаа зээлийн хүүг хязгаарлаад, банк, банк бус руугаа халдаж чадахгүй байгаа нь Монголын төр муу муудаа дээрэлхүүгийн нэг жишээ.
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм14 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм19 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм22 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм22 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм16 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг21 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо