Улс төр
Ч.Сайханбилэг: Тайлбар өгөх боломжгүй хүмүүсийг 22 тэрбумын өрөнд унагаасан болгоод зарлачихлаа
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн цахим хуудсаар дамжуулж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Солонгод ил захидал илгээсэн байна. Түүний ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Оюу Толгой” төслийн ЗГ-ын ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга, эрхэм дүү Б.Солонгод эргэцүүлэн дайх үгс
Эрхэм дүүгийн ажиллаж байгаа Засгийн газрын “гал тогоог” 1980-аад оны эхнээс удирдан хууль дээдлэх, улс төрөөс ангид байх, хувь хүн, аль нэг намын нөлөөг улс орны эрх ашгаас илүүд тавихгүй байх зарчмыг үе үеийн Засгийн газруудад баримталж ирж чадсан нэр нэгт, амьдай Ш.Солонго даргын үлдээсэн зайг орлохоор, “Ivy league”-н сургуулийг дүүргэсэн чадалтай боловсролтой, залуу бүсгүй томилогдсон мэдээг хувьдаа талархан хүлээн авч байсан маань саяхан.
ОТ төслийн талаарх мэдэгдэл, ярилцлагыг чинь өнгөрсөн долоо хоногт хэвлэлээс үзлээ. Нөгөөтэйгүүр дарангуйлагч болохоор санаархсан, далдын ашиг сонирхлыг дотоодын эрх ашгаас дээр тавьсан жонхуурсан Ерөнхийлөгч шүүх, прокурорт нөлөөлж энэ асуудлыг анхнаас нь гардсан хэдэн хүмүүсийг “далд хийж”, амыг нь хамхисан учраас арай дэндүү гүтгүүлж байгаа тэдний өмнөөс дуугарахгүй бол болохгүй нь.
Үгээ хэлэх, тайлбар өгөх боломжгүй хүмүүсийг эрхэм дүү эх орноо 22 тэрбумын өрөнд унагаасан хүмүүс болгоод зарлачихлаа. Олон нийтийн сүлжээний “халуурал” түр намжиг, асуудалд сэтгэлийн хөөрлөөр бүү хандаасай гэсэндээ өнөөдрийг хүргэлээ. ОТ гэрээ гэхээр л үсчдэг хэдэн популист улс төрчдөөс, мөн мэдээлэл, мэдлэг дутмаг хүмүүсээс арай өөрөөр асуудалд хандах болов уу гэж найдан өөртэй чинь уулзаж, танилцаж амжаагүй ч хэдэн санааг эрхэм дүүд илгээе.
Аливаа асуудалд улс төр, хууль эрх зүйн өнцгөөс хандахаас гадна ер нь “Common sense” гэж зүйл бий. Монголчууд бид цөлх ухаан ч гэж ярьдаг, эсхүл “Амьдралын хар ухаан” ч хэмээдэг. Эрхэм дүүгийн ярилцлагаас үзэхэд Рио Тинто манай Засгийн газарт 2051 он хүртэл ноогдол ашиг өгөхгүй, орлогын албан татвар бараг төлөхгүй, тэгээд дээрээс нь ЗГ-ыг 22 тэрбум долларын өрөнд орно гэсэн тооцоо гаргаж өгчээ дээ янз нь. Дахиад хар ухаанаар бодоод үзье. 34 хувийг эзэмшиж байгаа тал 22 тэрбумын өрөнд орохоор бол 66 хувийг эзэмшиж байгаа нөгөө тал бараг 2 дахин буюу 44 тэрбумын өрөнд орох нь. 66 тэрбумын өрөнд орох төслийг олон улсад хэн санхүүжүүлэх үү? Нэмж санхүүжүүлэх нь байтугай, оруулсан хөрөнгөө нэн яаралтай татаж авна гээд бөөн юм болно биз дээ.
Нөгөөтэйгүүр эрхэм дүүгийн онцлон шүүмжлээд байгаа “Дубайн гэрээ” гэгчид чинь Монголын Засгийн газар болон Рио Тинто-гийн хүлээх үр өгөөжийн харьцааг 53:47 байна гээд анх удаа 2 талаасаа хүлээн зөвшөөрч бичгээр үйлдсэн байгаа. “Дубайн гэрээ” гэж нэрлээд байгаа Санхүүжилтийн төлөвлөгөөний Ерөнхий зүйлийн 2.2-ын Б хэсэгт:”Далд уурхайн ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу ОТ төслийн эдийн засгийн үр ашгийн хуваарилалт нь 2010 оны ТЭЗҮ-д тооцсон тооцоололтой нийцэж байгаа ба үүнтэй холбоотойгоор МУ-ын Засгийн газар нь ОТ төсөл хэрэгжих хугацаанд төслийн нийт үр ашгийн 53 гаруй хувийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авахыг цохон тэмдэглэж байна” гэсэн байгаа.
Энэ 53:47 хувийн үр өгөөжийн харьцуулсан бүх тооцооллыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагууд болох олон улсын хууль, санхүүгийн зөвлөх компаниуд Shearman Sterling, Comprador тухайн үеийн “Эрдэнэс Монгол” төрийн өмчийн компани хөрөнгө зарж төслийн нийт үргэлжлэх хугацаанд гаргуулсан. Энэ үр өгөөжийн задаргааг орлого, татварынх нь нэр төрөл бүрээр нь гаргасан байгаа. Энэ тооцооллыг 2015 онд хоёр тал хүлээн зөвшөөрч Дубайд Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэ тооцоолол нууц биш. Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг торны ард суулгасан болохоор ядаж тэр үед ажлын хэсэгт орж ажилласан Ч.Отгочулуутай уулзаад мэдээлэл авах хэрэгтэй. ОТ-ын асуудал аль нэг намын асуудал биш учир ЗГ, “Эрдэнэс-Монгол” компанийн институцийн залгамж чанарыг намчирхалгүй байнга хадгалж явах учиртай. Үүнийг улс төрийн тогоотой гүн гүнзгий холилдчихоогүй өөр шиг чинь хүмүүс илүү холбох ёстой юм. Өөрт чинь хэвлэлийн бага хурал хийж хэрүүлийн сэдэв шидэж чаддаг улс төрчид биш хэлэлцээр, гэрээн дээр ажиллаж хэцүү асуудлыг шийдэж чаддаг мэргэжлийн хүмүүс илүү хэрэгтэй. Ажлын хэсэг одоо өөрсдийн хөндлөнгийн олон улсын аудит ажиллуулахаас гадна урд нь ажилласан олон улсын зөвлөх 2 байгууллагыг дахин дуудаж тооцооллоо нэгтгэх нь чухал. Тэгээд ч ЗГ-ын зүгээс Рио Тинто-той 5 жил тутам гэрээг дүгнэж сайжруулж байхаар харилцан тохирсон. 2009 оны ХОГэрээг 2011 онд сайжруулж нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 2015 оны Санхүүжилтийн төлөвлөгөөг дүгнэх, нэмэлт өөрчлөлт хийх 5 жилийн цаг хугацаа ч өнгөрөөд байна.
2015 оны тооцооллоор манай тал зэсийн үнийг 6000 доллараас дээш байх тохиолдолд Монгол Улсын ЗГ төслийн үргэлжлэх нийт хугацаанд 22 тэрбум долларын өрөнд орох бус эсрэгээр 46 тэрбум долларын үр өгөөж хүртэхээр байгаа. Үүнээс ААН-н орлогын албан татвараар 14,5 тэрбум доллар орохоор бий. Хэрвээ манай тал 22 тэрбум долларын өрөнд орохоор байгаа бол, ААНОАТ-ыг 4-хэн жил төлөхөөр шинэ тооцоог нөгөө тал гаргаж ирж байгаа бол энэ 53:47 харьцаа хадгалагдах ямар ч боломжгүй болсон нь ойлгомжтой. Иймд харилцан тохиролцсон 53:47 харьцаа алдагдсан бол Дубайн гэрээнд өөрчлөлт оруулах эрх үүснэ. Арбитрт очилгүйгээр 2 тал хэлэлцээний ширээний ард дахин суух эрхтэй, бас шаардлагатай боллоо гэсэн үг.
Энэ ажлыг хариуцаж яриа хэлэлцээ хийх гэж байгаа хүний хувьд, ширээний нөгөө талд суугаа нээлттэй, хяналттай компанийн удирдлага, хүмүүстэй нэг биш уулзсаны хувьд нэгэн зүйлийг эрхэм дүү аль хэдийн анзаараа бизээ. Монгол Улсынхаа хамгийн том төслийг хөдөлгөх, сайжруулах эрхэм зорилго тавьсан хүмүүс хэзээ ч ширээний доогуур тохиролцох, хувийн асуудлаа шийдүүлэх, олны хардаад байгаа шиг авлига хахууль авах ямар ч боломж нөхцөлгүйг одоо эрх биш өөрөө ойлгоо бизээ. 2009 оны ХОГ хэлцэл хийж байсан хүмүүсийг авлига авсан гэдэгт би огт итгэдэггүй, 2015 онд ч байдал яг ийм байсныг хяналт тавьж байсны хувьд би 100 хувь баталж чадна. Өнөөдөр ч эрхэм дүү ийм байдалд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Дээрээс захиалга авч, “Эзэн”-ий хатуу шахалтын доор ажиллаж байсан мөрдөгчид, прокурор, шүүгч нар ч хахууль, авлига авсныг “ОТ хэрэг” гэгч дээр хэний ч эсрэг нотолж тогтоож яллаж чадаагүй. Цаашид ч чадах ч үгүй, яагаад гэвэл хэзээ ч авлигын асуудал байгаагүй учраас тэр.
Манай дотоодод өр зээл, ногдол ашиг гээд мөнхийн маргаан дагуулж байгаа гол гогцоо УИХ-аас баталж ЗГ хэрэгжүүлэхээс өөр аргагүй байсан 34 хувийн санхүүжилт дээр гардаг. 34 хувийн ноогдол ашиг Монголын талын хүртэх үр өгөөж дотор хэдэн хувийг эзэлж байгааг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Гол асуудал, гол орлого мэт л андуурч улс төрждөг. 34 хувийн ноогдол ашиг бол манай хүртэх үр өгөөж дотор 20 хүрэхгүй хувийг эзэлдэг. Тиймээ, ердөө 17 хувь! Бусад төрөл бүрийн татвар, төлбөр дийлэнх 80-аас дээш хувийг бүрдүүлж байнаа гэсэн үг. Манай 34 хувьд оногдох ногдол ашиг, Монголд ирэх мөнгөн урсгалын 17 хувийг л бүрдүүлж байгаа ч түүнийг хангахын тулд авсан зээл, зээлийн хүү төлбөр энэ бүх хэрүүлийг, улс төржилтийг, популизмыг, үл ойлголтыг төрүүлж байгаа болохоор уг хувийг өөр роялти татвараар солих нь зүйтэй гэсэн санал сүүлийн үед ихээр гарах болсон нь ч ийм учиртай. Эрхэм дүүд хэлэхэд 34 хувийг роялти татвараар солих шийдвэрийг УИХ-аар гаргуулна гэдэг амаргүй даваа. Босоо Ганбаа, Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ гээд поп ертөнцийн “Далай даян, дархан аваргууд” байгаа Их хурал шүү дээ. Наадуул чинь асуудал яаж шийдэх үү гэдгээс илүү ард олноос яаж оноо цуглуулахаа л боддог хүмүүс.
Энэ бүхнийг даваад УИХ-аас шийдвэр гаргуулж чадлаа гэж бодьё. Улс нийтийн эрх ашгийн төлөө хувийн асуудлаа умартан зүтгэсэн хүмүүст төрийн нэрийн өмнөөс улс төр ямар “шагнал” өгч шорон оронд томилолт өвөртлүүлдгийг төрийн байгууллагынхан одоо сайтар ойлгож санаа сэтгэл дотроо айж хулчийсан байгаа. Тэд хэзээ ч санал санаачлага гаргахгүй, гагцхүү хэлсэн шахсанаар чинь дуртай дургүй хөдөлнө. Ачааны хүндийг өөрөө л үүрнэ гэсэн үг. Ерөнхий сайд чинь, ХЭГ-ын дарга чинь энэ асуудлыг шийдэх улс төрийн манлайлал үзүүлэхгүй, зориг зүрх гаргаж шийдэхгүй л бол өөрөө мянга чардайгаад ямар ч нэмэргүй, үр дүнгүй ажил болоод л өнгөрнө. Ядаж байхад эргэн тойронд чинь өнөөдөр инээж нуруугаар тэврэх ч маргааш хэрэг гарвал нуруу руу чинь хутгалах зантай хүн нэг бус байгаа.
Эрхэм дүүгийн ажил хийх, асуудал шийдэх урам зоригийг мохоох гэсэнгүй. Бодит үнэнг л мэдэр гэсэн юм. Хэрвээ 1979 онд Эрдэнэтийн гэрээг анх хийсэн хүмүүсийн зөвхөн Зөвлөлтийн хэлсэн маш доогуур үнээр зэсийн баяжмалаа худалдана, 2003 он хүртэл татвар авахгүй, үйлдвэрээс ашиг авах бүү хэл төсвөөс татаас өгнө гэдэг заалтууд өнөөдрийн нээлттэй нийгэмд байсан бол бараг цаазын ял сонсох байсан биз. ОТ дээр үүнээс хамаагүй дээр гэрээ хийсэн хүмүүс өнөөдөр эрх чөлөөгөө хасуулаад шоронд хадагдаад байна. Харь улс руу ашгийн тал хувь нь урсаж байсан Эрдэнэтийг сонголтгүй нөхцлөөр Монголдоо буцааж авчирсан хүмүүс ч өнөөдөр ялтан болоод сууж байна.
Хэлэлцээ хийгээд хичнээн ахиц дэвшил гаргасан ч эрхэм дүүг попуудын өлөн сүрэг хүлээж байгаа. Ногдол ашгийн хугацааг хичнээн наашлуулсан ч тэд өнөөдрөөс эхэлж авах байсан юм л гэнэ. 34 хувийг роялти татвар болгох гэвэл Монголчууд баялгийн ордоо Рио Тинтод 100 хувь бэлэглэж, тэг хувьтай хоосон хоцорлоо л гэж мушгина, татварын маргаанаа нэг тийш болговол гүйцэд авсангүй ээ л гэнэ. ОТ-г л шүүмжлэх нь миний дахин сонгогдох баталгаа гээд бооцоо тавьчихсан сүрэг цөөвөр л байгаа гэж мэд. ОТ төслийг эх орондоо яаж ч ашигтай шийдсэн ч сайнаар бодоход шүүмжлүүлж хараалгуулна, саараар бодоход 2009, 2015 оны ах нартайгаа “хам хэрэгтэн” болох хувь заяа эрхэм дүүг хүлээж байгаа болохоор тэр.
Ажил хариуцаж байгаа хүний хувьд хэвлэл мэдээлэл Чуулган, Засгийн хуралдаан дээр хэлж байгаа үг, байр суурь болгон чухал ач холбогдолтой. Ганц ярилцлагаараа хэдэн хүнд 22 тэрбум долларын төлбөр тавихаас илүү уршиг, үр дагавар гарч болно. Гэрээ хэлэлцээрт нөлөөлөхөөс авахуулаад гадаадын хөрөнгө оруулалт, төгрөг долларын үнэ ханш, хөрөнгийн биржийн үнэ ханшид ч нөлөөлнө. Ковид өвчин мэдээж хазаарлагдана, хил гааль худалдаа нээгдэнэ. Өнөөдрийн манай агшсан эдийн засгийг хурдан тэлэхэд гадаадын хөрөнгө оруулалт л хамгийн чухал үр дүнг өгнө. Ядаж өөр шиг чинь хүмүүс гадаадын хөрөнгө оруулалтын талаар Босоо Ганбаа шиг хамаагүй хандмааргүй байна. Гадагшаа дуугарч байгаа сувгаа нэг болгох хэрэгтэй. Өнөөдөр нэг нь гарч ирээд ЗГ гэрээг цуцална гээд, маргааш нь нөгөө нь болчимгүй мэдэгдлээ засах гээд цуцлахгүй гээд байх юм бол ажилд тус гэхээсээ илүү ус л болно.
Монголчууд нэгдэж нийлж байж л Рио Тинто шиг үндэстэн дамнасан том корпорацитай эн тэнцүү хэлэлцээ хийж, хамтарч чадна. Өнгөрсөн жилүүдийг эргэн харахад бид дандаа дотроо хэмлэлдэж, гаднаа өгөөш өгч, бие биенээ харлуулж, гүтгэж хорьж цагдаж байснаас гадагшаа нэг хүч болж хэзээ ч ажиллаж чадаагүй иржээ.
Нөгөөтэйгүүр Засгийн газар, Рио Тинто 2 нэг завинд суусан нэг эрх ашигтай, олбол хамт олно, алдвал хамт алдана гэдгээ хаана хаанаа ойлгох цаг иржээ.
Эцэст нь эрхэм дүүд нэгэн зүйлийг захья. Намайг Ерөнхий сайдаар томилогдох үед Их Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Тони Блэйр баяр хүргэж захидал ирүүлсэн юм. Тэр “Ерөнхий сайдаар ажилласныхаа дараа би зарим асуудал дээр арай л зориг зүрхтэй, шийдэмгий байж чадаагүйдээ дараа нь их харамссан, миний энэ алдааг битгий давтаарай” гэж надад зөвлөж байсан юм. Энэ нь ч дараа нь хүнд хэцүү шийдвэрүүд гаргахад надад их нөлөөлсөн. Ингэснээр ч ОТ-ын гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, ОТ-с дутахгүй том үйлдвэр болох Эрдэнэтийг сонголтгүй байсан ч Монголдоо буцааж авчрах шийдвэрүүдийг зоригтой гаргаж чадсан юм. Гэхдээ өнөөдөр шүүмжлүүлж, гүтгүүлж доромжлуулж байгаа ч маргааш Монгол эх оронд минь, Монгол түмэнд минь хэрэгтэй шийдвэрүүд байсан нь өдөр ирэх тутам улам тодорхой болно. Үүний ч нотолгоо болж өнөөдөр хөршөөсөө асуулгүйгээр хүмүүсийнхээ цахилгаан, дулааны мөнгийг даах шийдвэр гаргах боломж нэгэнт бүрджээ.
Ирээдүйд ОТ төсөл Монголыг минь авч явах болохоор, төр түмэндээ зүтгэсэн зөв, үр дүнтэй өв үлдээх болохоор, үр хүүхдүүд маань энэ төслийг улс төрийн капиталаа золин байж хийсэн хүмүүсийг зөвөөр ойлгож хүлээн авах нартай өдөр ирэх нь ойлгомжтой учраас асуудал хариуцсан хүний хувьд эрхэм дүү энэ асуудлын ард гарахаас өөр аргагүй. Эс зоригловоос эсхүл эртхэн ажлаа өгсөн нь дээр. Санаа зөв бол заяа зөв ч гэдэг. Амжилт хүсье, эрхэм дүүд!
Хүндэтгэсэн
Монгол Улсын 28 дах Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ОТ төслийн гүний уурхайн их бүтээн байгуулалтыг эхлүүлж чадсан
Ч.Сайханбилэг 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр.
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм13 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм18 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм21 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм21 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм15 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг20 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо