Энтертайнмент
УЛААНБААТАР ХОТ УДАХГҮЙ “ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖ”-ТАЙ БОЛНО
2018 онд Сонгинохайрхан дүүрэгт анх “Өглөөний гудамж” байгуулж байсан. Иргэдийн талархлыг хүлээж байсан энэ ажлыг удахгүй нийслэлийн хэмжээнд үргэлжлүүлэх гэж байна. Улаанбаатар ийм гудамжуудтай болсноор иргэд өглөө 06:00-09:00 цагийн хооронд буюу ажил, сургуульдаа явах замдаа төрийн үйлчилгээ авах, худалдаа наймаа хийх, цаашлаад өглөөний гүйлт, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалтад хамрагдах зэрэг боломжийг олгох юм.
Ингэснээр иргэд номын сан, сургалт дамжаа, төрийн үйлчилгээ авахаар заавал 09:00-10:00 цагийг хүлээх шаардлагагүй болно гэсэн үг. Цаашлаад иргэд өглөөний цагийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх боломж нэмэгдэх юм.
“Өглөөний гудамж”-ийг Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн 2018 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус дүүрэгт хэд хэдэн газар байгуулж байсан нь үр дүнгээ өгч, иргэдийн талархлыг хүлээсэн ажлын нэг болж байсан юм. Энэ удаа уг ажлыг үргэлжлүүлж, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт бий болгохоор ажиллаж байна.
Гаднын ихэнх хотод Morning street буюу “Өглөөний гудамж” байдаг. Энэ жишиг удахгүй ийн Монголд нэвтрэх юм.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.