Улс төр
С.ГАНБААТАР: МАН, МАХН НЭГДСЭН Ч БИ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИНЭ
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
–МАН, МАХН нэгдэх асуудлыг ярьж байна. Та МАХН-аас сонгогдсон ганц гишүүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Би үүнийг дэмжихгүй байгаа. Яагаад гэхээр энэ бол намын гишүүдийн олон ургалч үзлээр шийдэгдэх асуудал. Би өөрөө МАХН-ын нэг гишүүн, намын дэд дарга. Манай нам УИХ-ын сонгуульд ИЗНН, Уламжлалын нэгдсэн намтай хамтарч орсон. Дараа нь орон нутгийн сонгуулиар АН-тай стратегийн түншлэл гэж мөн хамтарч орсон. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-тай нэгдэж орох гэж явж байна. Бидний байр суурь, жанжин шугам ийм хол, хол үсэрч болохгүй. Гишүүд дэмжигчдийн жанжин шугам гэж байдаг. Манай намынхан МАН-тай нэгдэх, эсэхийг гишүүд, дэмжигчдээсээ асууя гэж байгаа. Тэрэнд нь би хувь нэмэр оруулж, МАН-тай нэгдэж орж болохгүй, МАН бол Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийг сандайлаад суучихсан, Монгол орноос уул уурхайн баялгийг нь хулгайлсан. Тиймээс ийм намтай нийлж болохгүй, хулгайлсан ажлыг зохион байгуулсан удирдагч нар нь өнөөдөр МАН дотроо байгаа. Тэр хүмүүс нь гараагүй байхад баялгийн эх оронч үзлийг барьдаг МАХН үзэл бодлоосоо ухарч, өөрчлөгдөж болохгүй, бид жанжин шугаман дээрээ байх ёстой. Тиймээс би МАН-тай нэгдэхийн эсрэг байгаа. Манай хамт олон өчигдөр энэ асуудлыг хэлэлцсэн.
–Хоёр нам нэгдэх, эсэх асуудал хэзээ эцэслэн шийдэгдэх бол. МАН 100 жилийн ойгоороо Ерөнхийлөгчтэй болох зорилго тавьсан гэдгээ албан бусаар мэдэгдээд байгаа. Үүний тулд том өрсөлдөгчөө, нэг үгээр таныг зайлуулахын тулд хоёр намыг нэгтгэх гээд байна уу?
-Сэтгүүл зүйн салбарын ажилтнууд та нар нийгмийн судсыг барьж байгаа хүмүүсийн хувьд улс төрийн прогноз хийлгүй яах вэ. Монголын ард түмний надад итгэдэг итгэл, ялангуяа, Эрдэнэтчүүдийн бидэнд өгсөн итгэл, МАХН-ыг парламентад суудалтай, Ерөнхийлөгчид хүнээ нэр дэвшүүлэх мандатыг өгсөн. Үүнийг бид ямар нэгэн байдлаар хэсэгхэн хувь хүний эрх ашгийн төлөө наймаалцдаг, худалддаг юм манай намд байхгүй гэдэгт би одоо ч итгэсэн хэвээрээ байгаа. Харин МАН өөрийг нь ялах магадлалтай, хамгийн том өрсөлдөгчөө зайлуулах нэг хэрэгсэл болгож, манай намын зарим нэг хүмүүстэй нэгдэх яриа хийсэн гэдэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа. Би арай ч ийм тэнэг юм болохгүй байх гэсэн итгэсэн хэвээрээ байгаа.
-Та энэ асуудлаар Н.Энхбаяр даргатай ганцаарчилж уулзаж, парламентад энэ намыг төлөөлж байгаа хүний хувьд байр сууриа илэрхийлсэн үү?
-Би Н.Энхбаяр даргыг энэ асуудал дээр намынхаа гишүүд, дэмжигчдийн санаа бодолтой тууштай хамт байна гэж итгэж байгаа. Харин манай нам дотор өнөө, маргаашийн албан тушаал, эрх мэдлийн төлөө үзэл бодол, үнэт зүйл, намын олон хүмүүсийн итгэл үнэмшлээ худалдахыг хүсч байгаа залуус байж болно. Энэ аль ч намд байдаг зүйл. Би ганц л зүйл хэлэхийг хүсч байна. 10 гаруй жил маш их гадуурхагдаж, баялгийн эх оронч үзэлтэй, монголчуудынхаа төлөө дуу хоолойгоо гаргасны төлөө МАХН-ын маш олон гишүүд, дэмжигчид гадуурхагдаж, хавчигдаж, золиослогдож явсан. Тэр олон хүний сэтгэл, хөдөлмөр, зүтгэлийг арилжааны хэрэгсэл болгож болохгүй гэдэг дээр манай олон гишүүн санал нэг байгаа байх.
-МАН, МАХН-ын үзэл баримтлал ойртож байгаа учраас нэгдэх асуудлыг МАХН хүлээн зөвшөөрч байгаа гэж Э.Эрдэнэжамъян дарга хэвлэлд ярилцлага өгөхдөө дурдсан байсан. Наанаа ийм тайлбар хэлж байгаа ч цаанаа 3-4 дэд сайд авах, СХД-ийн нөхөн сонгуульд Э.Батшугарыг нэр дэвшүүлэх тохироо хийж байгаа юм биш үү?
-МАН, МАХН хоёр социол демкорат үзэл бодолтой гэдгээ цаасан дээр бичдэг. Гэхдээ МАН бол 100 хувь эсрэг, уул уурхайн баялгийг цөлмөн дээрэмдэгчдийн нам болсон. Монголын төрийн албан тушаалуудыг худалддаг нам болсон. Намайг энэ үгийг хэлсний төлөө тэд шүүх, цагдаа, хүчний байгууллагууддаа хандах эрхтэй. Харамсалтай нь тэд чадахгүй. Яагаад гэхээр миний ярьж байгаа үнэн учраас. Тэдний халаасанд бүх шүүх, хяналтын байгууллага байгаа ч гэсэн би өнөөдөр хэлсэн энэ үгэндээ хатуу зогсоно. Тэдэнд ямар нэгэн үзэл бодол байхгүй, мөнгөний, уул уурхайн баялгийг худалддаг нам болсон. Ийм намтай, баялгийн эх оронч үзлийг дэмждэг, шинэ дээд Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нам үүнийгээ орхиод нийлэх гээд байгаа юм уу, эсвэл МАН бүх луйварчдаа хаячихаад бидэн дээр орж ирэх гээд байгаа юм уу гэдэг нь ард түмэнд тодорхой байх ёстой. Бид үзэл баримтлалаа орхиод хэдэн сайдын төлөө арилжаад явах гэж байгаа гэвэл Монголын ард түмний нүүрийг яаж харах юм бэ. Энэ асуудал дээр би байр сууриа ил тод хэлж байгаа. МАХН-ын удирдлагууд миний байр суурьтай ижил байгаа гэдэгт би итгэсэн хэвээрээ байгаа.
Танай нам МАН-тай нэгдэх, эсэхээ гишүүдээсээ асууя гэж байгаа ч эцсийн шийдвэрийг Н.Энхбаяр дарга гаргана биз дээ?
-Гайгүй байх аа. Би МАХН-ын удирдлага, хамт олонд итгэж байна. Яагаад гэвэл маш олон жил тэмцэл хийгээд, хоорондоо нягтарчихсан гишүүд дэмжигчдээ хүндлэх байх.
-Хоёр намын удирдлагын түвшинд ажлын хэсэг байгуулж байгаа гэсэн. Та тэр ажлын хэсэгт орсон уу?
-Би ороогүй, 100 хувь эсэргүүцсэн. Ажлын хэсэгт парламентын гишүүнээ заавал оруулъя гэдэг саналууд гарч байсан. Гэхдээ би учраа хэлсэн. Анхнаасаа би 100 хувь эсрэг байгаа. Удахгүй тэр ажлын хэсгээс манайхан хөөгдөөд ороод ирвэл би тэр дунд баймааргүй байна. Дараа нь бас хөөгдөхөд нь хувь нэмэр оруулсан гэж цоллуулмааргүй байна. 2012 онд би гишүүн болсон. АН-ын үед ч би тэдэнтэй үзэлцэж байсан. Монголын хамгийн боловсролгүй хүн болтлоо муулуулж, доромжлуулсан. Тэр үед АН-тай нэг хөнжилд орж, хамт засаг барьснаараа 12 жил нар хараагүй. Өнөөдөр МАН-тай бас нэг хөнжилд орно гэдэг тийм ч сайн зүйл биш. Аль ч нам бай, эрх барьж байгаа улсууд хулгай, дээрэм тонуул хийж, уул уурхайн баялгаасаа цөм иддэг. Би ганцхан МАН-ыг ярьсангүй. АН ч эрх барьж байхдаа ёстой даварч байсан шүү. Өнөөдөр 62-ын бүлэг бас дэндүү даварч, даам гарч байна. Үүнийг хэлж, засч залруулж, ард түмэнд хоточ нохой шиг байгаарай гэж Эрдэнэтчүүд санал өгсөн болохоос чонотой нийлсэн нохой шиг байгаарай гэж хэлээгүй.
-Хэрвээ хоёр нам нэгдэх албан ёсны шийдвэр гарвал таныг намаасаа гарна гэдэг байр суурь илэрхийлсэн гэсэн. Хэрвээ танай нам МАН-тай нэгдчихвэл яах вэ гэдгийг та улстөрчийнхөө хувьд тооцож байгаа байх?
-Энэ их урвалт шарвалт, эрх мэдлийн наймааны үед ингэчихвэл яах бол, тэгчихвэл яах бол гэж гүн бодвол стресст ороод богино насална шүү дээ, аюултай. Мөнх тэнгэр мэднэ. Өвөг дээдэс минь тэнгэр дээрээс харж байгаа гэж бодож их амар байдаг. Хоёрт, би “Та бидний эвсэл”, Эрдэнэтчүүдийгээ 2024 он хүртэл төлөөлнө. Ямар ч байсан Эрдэнэтийн ард түмэн “Та бидний эвсэл”-ийг сонгосон. Түүнээс биш энэ итгэлийг аль нэг эрх баригчид худалдаарай гэж сонгоогүй. Тиймээс би 2024 он хүртэл “Та бидний эвсэл”-ийн төлөөлөл байна гэдэгтээ хатуу итгэлтэй байгаа. Үүний төлөө бүх алхмуудаа хийнэ.
Би намын хурал дээр дөрөвхөн зүйл хэлсэн. Нэгд, Магнайбаярыг та нар бүгд үзэн ядаж, харааж байсан. Эцсийн эцэст Магнайбаяр буруугүй юм байна. Булган сүүлтэй юм байна. Та нар тэр хүүхдийг хараагаад хэрэггүй шүү. Хоёрт, та нар хэлэлцээрт оръё гэж байгаа юм байна, ажлын хэсэг байгуулж байгаа юм байна. Та нарт нэг англи үг хэлье. Арслан, хонь хоёр хэлэлцээрт орж болдоггүй юм. Арслан, хонь хоёр хэлэлцээрт орлоо л бол удахгүй хонь мах болдог гэдэг үг мэдэх үү та нар. Гуравт, та нар намайг дараагийн О.Баасанхүү болно гэдэг харцаараа дандаа хардаг байсан. Би хэзээ ч хүний итгэж байгаа итгэлийг худалдахгүй. Гэхдээ намайг зовоож байсан. Үл итгэсэн нүд рүү харж байгаад итгэсэн юм шиг ажиллана гэдэг тийм ч сайхан зүйл биш. Та нар тийм нүдээр намайг хардаг байсан. Би хэзээ ч тийм хүн болохгүй. Харин би дотроо Баасанхүү шиг болохгүй гэж дотроо андгайлж байсан. Гэтэл өнөөдөр та нар бүгд О.Баасанхүү болох юм гэж би даанч бодсонгүй. Би үзэл бодолдоо, энэ олон ядарсан гишүүддээ үнэнч үлдэе. Та нар албан тушаалтайгаа явж болно.
эрвээ танай нам МАН-тай нэгдчихвэл та МАХН-ын гишүүн хэвээрээ байх уу?
-Тэгвэл би “Та бидний эвсэл”-д хэвээрээ байна.
-Та улстөрчийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших, цаашилбал Ерөнхийлөгч болох амбицтай. Гэтэл энэ боломжийг чинь намын удирдлагууд тохиролцоо хийгээд байхгүй болгож байна. Улстөрчийнхөө хувьд шатаж байгаа биз дээ?
-Шатаж байгаа. Хүмүүс ойрын үед “чи дуугаа өндөрсгөж битгий яриарай” гээд байгаа. Гэтэл өөрийн эрхгүй цаанаасаа дуу өндөрсгөөд байна. Би аль болох л намдуу ярих гээд байгаа. Гэхдээ л олон жилийн миний хөдөлмөр шүү дээ. Маш олон жилийн хөдөлмөр, боорлуулсан, зодуулсан, зодолдсон хэцүү, хүнд жилүүдийг өнгөрөөлөө. 17 жил уул уурхайн баялгаа Монголын ард түмэнд өгье, ингэж байж бид өргүй болно, мал аж ахуйдаа хөрөнгө оруулалт хийнэ, монгол орон үйлдвэр ажлын байр бий болгоно гэдэгт би одоо ч итгэдэг.
Таван хошуу малыг бэлчээрээр нь зарах гэж үг байдаг. Бэлчээртээ аз жаргалтай байгаа мэт боловч бэлчээрээр нь тэр чигт нь гаднын наймаачинд өгчихдөг наймаа байна.
-МАХН МАН-тай нэгдчихвэл та өөр намд элсээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж байх уу?
-“Та бидний эвсэл”-д хүнээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх нь хэвээрээ байгаа. Нэгдсэн байсан ч би дэвшинэ гэдэгтээ итгэлтэй байгаа.
-Эрх баригчид таныг дэвшиж болохгүй гэдэг хуулийн гаргалгаа гаргачих юм биш биз дээ?
-Тэгж ярьж байна. Гэхдээ Монголын ард түмэн ялна. Надад мөнх хөх тэнгэр, Монголын ард түмэн байгаа. Эдэнд хууль шүүхийн байгууллага, уул уурхайгаас орж ирсэн овоолоостой их мөнгө байгаа. Хэн ялахыг мөнх хөх тэнгэр мэднэ. Мэдээж ард түмэн ялна.
-Ярилцсанд баярлалаа.
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм12 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм18 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм17 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр19 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм20 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм20 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм14 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг20 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо