Улс төр
Б.БАТ-ЭРДЭНЭ : УИХ-ЫН 76 ГИШҮҮНИЙГ НЭГ, НЭГ САНАЛ ШИЙДЭЖ ӨГӨХИЙГ ШӨХТГ-ААС УРИАЛЖ БАЙГАА
Т.ЖАНЦАН
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэтэй Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Дэлхийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр өнөөдөр /2021.03.15/ тохиож байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаална гэдэг нэлээд өргөн хүрээтэй нүсэр ажил байх даа?
-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын байгууллагатай хамтарч өнөөдөр цахимаар форум зохион байгуулна. Үүнд НҮБ, Монгол Улсын Шадар сайд, 10 гаруй орон оролцно гэдгээ илэрхийлсэн. Энэ форумаар туршлага солилцно. Ялангуяа “Ковид-19” цар тахал, хатуу хөл хорионы үед хэрэглэгчийн эрх яаж зөрчигдөв, Монгол Улсын төр, засгаас ямар арга хэмжээ авав, хэрэглэгчийн эрхийг хэрхэн дээдлэж байна зэрэг асуудлаар хэлэлцэх юм. Өөрөөр хэлбэл, манайхаас гадна БНХАУ, БНСУ, ОХУ, Итали, Франц зэрэг улсууд өөрсдийн туршлагаа хуваалцаж, одоо тулгамдаж буй асуудлаа ярилцна. НҮБ-ын өрсөлдөөн болон хэрэглэгчийн асуудал хариуцсан салбарын албан тушаалтнууд бас оролцно.
Цар тахлын улмаас дэлхийн улс орнууд өнгөрсөн хугацаанд хатуу хөл хорио тогтоож ирсэн. Энэ үеэр цахим худалдаа маш их дэлгэрсэн. Тэгвэл Монгол Улсад Цахим худалдааны тухай хууль алга. БНХАУ 2018 оноос Цахим худалдааны тухай хууль хэрэгжүүлж эхэлсэн. АНУ, Сингапур зэрэг орон худалдааны нэгдсэн хуультай. Тэгэхээр бидний хувьд хоёр хөрш болон гуравдагч хөршүүдээс энэ талын туршлага судлах шаардлага тулгарч байгаа юм. Монгол Улс 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоосон. Энэ үед цахим худалдаанаас хэрэглэгчийн эрх зөрчигдсөн, хохирсон асуудал хамгийн их гарсан. Иймд Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар бид Цахим худалдааны тухай хуулийн төсөл боловсруулан ажиллаж байна.
-Тэгэхээр Цахим худалдааны тухай хуулийг УИХ-д хэзээ өргөн барих вэ. Энэ худалдаанаас хохирсон өргөдөл, гомдол танайд хэчнээн ирсэн юм бэ?
-Санал гомдол нэлээд ирж байгаа. Цахим худалдаатай холбоотой хууль, эрх зүйн орчин дутмаг учраас хариуцлагын систем алга. Иймд хохирол барагдуулах, хэрэглэгчийн эрхийг зөрчихгүй байх талаар ямар арга хэмжээ авах нь тодорхой бус байгаа юм. Үүнийг цэгцлэхийн тулд Цахим худалдааны тухай хуулийн төслийг яаралтай боловсруулж УИХ-ын намрын чуулганд амжуулж өргөн барихаар ажиллаж байна.
-Хэрэглэгчид асуудал гарвал танайхыг “Аврагч” гэж хардаг. Харин асуудал тарьсан нөхдүүд “Хадны мангаа” гэж хардаг. Хэрэглэгчид танай байгууллагад ямар ямар асуудлаар хамгийн их гомдол гаргаж байна вэ?
-Улирлын шинж чанартай гомдол ер нь давамгайлдаг. Өөрөөр хэлбэл улирал бүрт хамгийн их гомдол ирдэг асуудал олон бий. Жишээ нь есдүгээр сард дулаан, халуун устай холбоотой гомдол ихэвчлэн гарна. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөх, уг асуудлыг сууриар нь шийдвэрлэх, хэрэглэгчийн эрхийг ямар ч үед зөрчихгүй байх ёстой гэж харж байгаа. Ингээд ШӨХТГ хэрэглэгчдэд нэн тэргүүнд тулгамдаж байгаа 76 асуудлыг олон нийтийн санал асуулгаар тодруулсан. Үүнийхээ нарийвчилсан судалгааг МУИС-тай хамтран хийж байна. Тухайлбал, тус сургуулийн магистрын түвшний оюутнууд нь сэдэв бүрт бодлогын судалгаа, хэлэлцүүлэг хийж байгаа юм. Бид болж өгвөл энэ оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд хэрэглэгчдэд тулгамдаж буй 76 асуудлыг бүрэн шийдэх зорилт тавьсан.
-Тэгвэл эдгээр асуудлыг яаж богино хугацаанд шийдэх юм. Тэр 76-д ямар асуудлууд багтаж байна вэ?
-ШӨХТГ дангаараа энэ олон асуудлыг өргөс авсан юм шиг богино хугацаанд шийдэж, нийгэмд бугшсан өвчнийг нь намдаана гэвэл хүч хүрэхгүй. Иймд Шадар сайд УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийх үед УИХ-ын 76 гишүүнд хандаж уриалга гаргана. УИХ-ын гишүүн бүр өөрт ойр нэг асуудлыг хүлээж аваад шийдэх боломж бий гэж харж байгаа. Учир нь төрийн эрх барьдаг, хууль тогтоодог байгууллага нийгэмд тулгамдсан аливаа асуудлыг сууриар нь шийдэхэд гол үүрэг гүйцэтгэнэ шүү дээ. Тухайлбал, улсын хэмээнд 1500 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулж байна. Үүний цаана хэрэглэгчийн эрхийг зөрчсөн гомдол, санал манай агентлагт тасралтгүй ирдэг. Ийм л байх ёстой юм шиг асуудал олон жил үргэлжилж байгааг бид бүгд мэднэ. Ингэж бугшсан асуудлыг хууль, эрх зүйн зохицуулалтаар шийдэх боломж, гарц нь УИХ, түүний гишүүдэд бий гэж харж байгаа юм. СӨХ-ны мэдээллийг ил тод шилэн болгох, гомдол мэдээлэх системийг нэгдмэл байдалд оруулах асуудал бий. Нэн тэргүүнд шийдэх ёстой 76 асуудалд хэрэглээгүй хэрэглээний тухай орсон. Сүүлийн үеийн орон сууцны барилгад шугамын радионы суваг байдаггүй. Гэтэл оршин суугчид, хэрэглэгчдээс шугамын радионы төлбөр мөнгө авдаг. Хэрэглэгчид бид хэрэглээгүй зүйлдээ мөнгө төлөх ёсгүй гэсэн гомдол байнга гарч байгаа. Бас эрчим хүчний үндсэн төлбөр, суурь хураамж, сэргээгдэх эрчим хүч тойрсон асуудлаар хэрэглэгчид гомдол гаргах явдал тасардаггүй. Энэ мэтчилэн хууль тогтоогчидтой хамтран ажиллаж байж шийдэх асуудал олон байгаа учраас УИХ-ын гишүүдэд нэг нэг асуудал шийдэж өгөх уриалга гаргаж байгаа юм.
-Та яриандаа олон улсын форум зохион байгуулж асуудлуудаа ярилцна гэсэн. Тэгвэл цахим худалдаа болон гадаадад ажиллаж амьдарч буй иргэд, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Үүнтэй холбоотой сэдвийг бид тусад нь авч үзээд ажиллаж байна. Хамгийн сүүлд энэ сарын 9-ний өдөр Их Британи буюу Англи улстай хил дамнасан худалдааны талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн нэгдүгээрт цахим худалдааны асуудал орж байгаа. Хоёрдугаарт Англид манай улсын олон иргэн ажиллаж, амьдардаг. Тэгэхээр Англид хэрэглэгчийн эрх нь зөрчигдсөн иргэдийн асуудлыг тус улсын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллага шийдвэрлэж өгнө гэсэн үг. Манай иргэдийн хэрэглэгчийн эрх Англид зөрчигдвөл бидэнд буюу ШӨХТГ-т хандаж болно. Бид Английн холбогдох байгууллагад хандаж асуудлыг нь шийдвэрлэх юм. Мөн Монгол Улсад суугаа Английн иргэдийн зөрчигдөж буй эрхийг манай ШӨХТГ хамгаална гэсэн үг.
-Одоогоор хэчнээн улс оронтой ингэж хамтран ажиллах харилцаа тогтоогоод байгаа вэ?
-ОХУ, БНХАУ, БНСУ, Казахстан улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагтай хамтран ажиллах харилцаа тогтоосон. Бид олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр хамтран ажиллах харилцаа тогтоосон орныхоо тоог нэмэгдүүлэх зорилготой байгаа. Гэхдээ улс орон бүртэй ийм харилцаа тогтооно гэсэн үг биш. Монгол Улсын иргэд оршин суудаг улсуудтай хамтран ажиллана. Үүнээс гадна цахим буюу хил дамнасан худалдаанд гардаг хүндрэл бэрхшээл нэлээд бий. Тухайлбал, хэрэглэгч цахим хуудсаар дамжуулаад бараа бүтээгдэхүүн авдаг. Гэтэл асуудал үүслээ гэж бодоё. Ингээд захиалга авсан тухайн цахим хуудаст хандахад тэр нь АНУ-д байрлалтай байх жишээтэй. Тэр цахим хуудсаар захиалсан бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт өөр улс, тивээс хийгдсэн байдаг. Ийм үед худалдаа хийгээд хохирсон иргэн хаашаа хэнд хандах нь тодорхойгүй болж мухарддаг. Жишээ нь хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг Монголоос хийчихсэн. Гэтэл захиалга авсан цахим хуудас нь АНУ-д байршилтай байдаг. Бараа бүтээгдэхүүн нь Энэтхэгээс ачигдсан, тээврийн компани нь БНСУ-ынх. Ийм тохиолдолд хэрэглэгчийн эрхийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал өнөөдөр тулгамдаж байна.
-Манай улсад одоо мөрдөж байгаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль өнөө цаг үеийн шаардлагад нийцэж чадаж байна уу?
-Бид хэрэглэгч гэдэг томъёог сайн ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бүх зүйлийг хэрэглэгч гэж ойлгох болсон. Жишээ нь Хармагтайн ордын төмрийн хүдрийн чанар шалгагчаар ШӨХТГ оролцох болж байна. Тэгвэл ШӨХТГ үүнд оролцох үндэслэл юу вэ гэдгийг харъя. Тус ордоос олборлосон хүдрээр хийсэн бүтээгдэхүүнийг ашиглаж буй барилга байшингийн асуудал эцэстээ хэрэглэгчийнх болж хувирдаг. Өөрөөр хэлбэл, аливаа түүхий эд бүтээгдэхүүн болоод эцсийн хэрэглэгчид очдог учраас эрхийг нь шат бүрт нь хамгаалах асуудал хөндөгдөж байгаа юм.
Ийм томъёолол өнөөдөр гарч ирсэн. Энэ үүднээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль чухал. Бид уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Энэ хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш цахимаар санал асуулга, хэлэлцүүлэг явуулж өнгөрсөн 12-нд дууслаа. Хэрэглэгчийн эрхэд голлон анхаарах хэд хэдэн асуудал шинээр гарч ирсэн. Тухайлбал, сүүлийн үед крипто валют, цахим худалдаа, хувьцаатай холбоотой асуудлууд бий. Гэтэл хэрэглэгчийн байр суурийг хэрхэн авч үзэх, эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчин манайд дутмаг байгаа юм. Жишээ нь жижиг хувьцаа эзэмшигчийн асуудал хэрэглэгчийнх мөн үү, биш үү гэдэг зүйл бий. Хэрэв мөн гэж үзвэл Хэрэглэгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөрөнгө, үнэт цаасны зах зээлтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгана гэсэн үг. Ийм учраас бид 13 салбарын хүрээнд холбогдох байгууллагтай цахим хэлэлцүүлэг хийгээд байна.
-Тэгэхээр таны сая жишээ татаж ярьсан асуудлууд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орж байгаа гэж ойлголоо?
-Бид уг асуудлыг хуулийн төсөлд тусгахаар ажиллаж байна. Сүүлийн үед койнтой холбоотой асуудал нэлээд гарах болсон. Энэ нь нэг талдаа цахим орчинд өрнөж буй арилжаа. Нөгөө талдаа арилжаанд орж буй хүнийг хэрэглэгч гэж үзэх үү, үгүй юу гэдэг нь манай хууль тогтоомж, эрх зүйн хүрээнд тусгаагүй байгаа юм. Ийм учраас уг койн тойрсон асуудалд ШӨХТГ оролцож чадахгүй байна. Энэ талаар СЗХ, цагдаагийн байгууллагын мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцсан. Хууль эрх зүйн орчинд койн, крипто валюттай холбоотой асуудлыг зохицуулах нь хэцүү гэдгийг аль аль талаас хэлж байгаа. Гэвч энэ талын хууль эрх зүйн орчинг тодорхой болгох шаардлага бий. Тухайлбал, зарим улс орон крипто валют гаргах систем рүү орж эхэлсэн. Иймд дэлхийг хамраад байгаа зүйлийг бид зогсооно, хаана, хорино гэх нь утгагүй. Мөн энэ нь зах зээлийнхээ зарчмаар явж буй зүйл. Тэгэхээр төрийн байгууллага оролцоод зөв, бурууг нь ялгаж салгах хууль эрх зүйн орчиноо боловсронгуй болгох нь чухал юм.
Үүнээс гадна манай улс өнөөдөр 30 гаруй жилийн хугацаанд өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарын асуудлаа шийдвэрлэж чадаагүй л байна. Энэ нь хууль эрх зүйн орчин нь тодорхой бус байгаатай холбоотой.
-Тэгвэл танай байгууллагад койн, өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбартай гомдол маргаан нэлээд ирдэг байх нь ээ дээ?
-Манайх койнтой холбоотой асуудлыг шийдэхгүй байгаа. Ирсэн хэд хэдэн гомдлыг СЗХ-нд шилжүүлсэн. Өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбартай холбоотой асуудлаар хяналт, шалгалт хийж байна. Тэгэхдээ зөвхөн цэнхэр, ягаан тасалбар гэлгүй СЗХ-той хамтарч үнэт цаасны зах зээлд хяналт шалгалт хийж эхэлсэн.
-Энэ хяналт шалгалтын үр дүн хэзээ гарах вэ?
-Одоо нууцын зэрэглэлтэй зарим материалтай танилцах, судлах, үзэх шаардлага гарсан. Ингээд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу тагнуулын байгууллагаас зөвшөөрөл авах, СЗХ-той зөвшилцөх асуудлууд гараад байгаа. Хяналт шалгалтын ажил дуусахаар тодорхой мэдээллийг олон нийтэд хүргэнэ.
-Монгол Улсад шударга өрсөлдөөн алга гэдэг асуудал яригддаг. Учир нь эдийн засаг, бизнесийг бүхий л салбрыг гарын хуруунд багтах хэдхэн том компани атгадаг. Монополь тогтсон учраас шинээр бизнес эрхлэх боломж алга гэдэг. Тэгэхээр Өрсөлдөөний тухай хууль амьдралд хэр нийцдэг юм бэ?
-Манай агентлаг өнөөдөр Өрсөлдөөний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулаад явж байна. Нэмэлт, өөрчлөлтөөр есөн бүлэг 45 зүйлтэй болно. Одоо мөрдөж байгаа хууль нь таван бүлэг 27 зүйлтэй. Тэгээд зөвхөн өрсөлдөөнтэй холбоотой нийтлэг үндэслэлүүдийг л тусгаж өгсөн байдаг. Ийм учраас хуулийн шинэчилсэн найруулгад өрсөлдөөний болон монополийн зохицуулалт, өрсөлдөөнийг хязгаарласан хэлцлийг хориглох процессын талаар зүйл заалт оруулж байгаа. Бид өнөөдөр мэдээлэл технологийн эрин зуунд амьдарч байна. Үүнтэй холбоотой маш олон зүйл өөрчлөгдсөн. Ийм үед өрсөлдөөн, зах зээлээ хэрхэн тооцох вэ гэдэг асуудал бий. Тэгэхээр Өрсөлдөөний тухай хуулийн төслийг боловсруулахдаа өнөөдөр болон ирээдүйд гарах үр дагварыг сайтар тооцоолж 15, 20 жилээр харж хийх ёстой юм.
-Манай улсад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн ч эргээд буудаггүй асуудал бий. Үнэ нэмсэн шалтгаанаа олон улсын зах зээлээ дагаад ийм байдалд хүрсэн гэж тайлбарладаг. Гэтэл олон улсын зах зах зээлд үнэ буурсан байхад манайд нэмэгдсэн чигтээ тогтчихдог. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой юм бэ?
-ШӨХТГ үнэ тогтоодог байгууллага биш. Үнийн хөөрөгдөл болон, бараа бүтээгдэхүүний хомсдол гарвал хяналт шалгалт хийж тодорхой арга хэмжээ авдаг. Үгсэн хуйвалдсан процесс гарвал хэрэглэгчийн эрхэд халдсан гэж үзнэ. Гэтэл манайд шүдэнз, 00 цаасны үнэ нэмэгдлээ гэсэн гомдол нэлээд ирсэн.
Энэ асуудлаар ШӨХТГ хууль эрх зүй, чиг үүргийн хүрээнд орж ажиллах шаардлаггүй. Харин бид Засгийн газар, УОК-ын тогтоолоор хүнсний бараа бүтээгдэхүүний үнэд хяналт тавин ажиллаж байна. Дээрх асуудлаар нэг жишээ татъя. Шүдэнз үйлдвэрлэдэг, импортоор оруулж ирдэг 10 компани байлаа гэж бодъё. Тэд хоорондоо ярилцаад үнэ нэмсэн, тогтоосон бол үгсэн хуйвалдсан гэж үзнэ. Ийм тохиолдолд манайх оролцож тодорхой хязгаарлалт хийдэг л процесс юм. Өрсөлдөөний тухай хуулиар үнэ өссөн гэхээс илүүтэй хэр зэрэг буулгаж байна вэ гэдэгт хяналт тавьдаг. Учир нь тухайн бараа бүтээгдэхүүний зардал өртөгт өөрчлөлт ороогүй байхад яагаад үнэ буурав гэдэгт анхаарна. Нэг ёсондоо тухайн бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хэт доогуур үнээр худалдан борлуулах явдал гардаг. Энэ нь монполи тогтоох зорилгоор тухайн зах зээл дээрх өрсөлдөгч компаниудыг шахах үйл явц болж байна уу, үгүй гэдэгт хяналт шалгалт тавьж байна гэсэн үг. ШӨХТГ ердөө л ийм чиг үүрэг хүлээсэн байгууллага.
-Тэгвэл үгсэн хуйвалдсан асуудал манай улсад хэр зэрэг гарч байна вэ?
-Хатуу хөл хорио тогтоосон үед өндөг худалдан борлуулдаг компаниуд хоорондоо ярилцаж үнэ тогтоох гээд тохиролгүй зах зээлийн зарчмаар явна гэсэн асуудал үүсгэсэн. Энэ үед өндөг худалдаж буй томоохон супер маркет, хайпермаркет, мини маркет хоорондоо ярилцаад үнэ тогтоосон асуудал гарсан. Энэ нь үгсэн хуйвалдаж байгаа процес юм. Иймд ШӨХТГ тэдэнд торгуулийн арга хэмжээ авсан. Мөн махны худалдаанд бас үүнтэй адил зөрчил гарсан. Тэгээд манай газрыг баахан торгууль тавилаа гэсэн хэл ам гарсан шүү дээ. Бусад худалдааны төв, салбартай харьцуулахад хатуу хөл хорионы үед хүнсний худалдаа эрхлэгчид ажиллаж байсан. Энэ нь давуу тал. Гэтэл үүнийгээ ашиглаж үнэ тогтоож болохгүй. Үгсэн хуйвалдах үйл явц гэдэг нь ердөө л үүнийг хэлээд байгаа юм.
-Таны ярианаас дүгнэхэд хэрэгжүүлэх хуулиуд нь шинэчлэгдээд бас ШӨХТГ-ын хариуцах ажлын цар хүрээ тэлж байгаа юм байна. Гэтэл танай байгууллагын ажилтнуудын ажлын ачаалал, боловсон хүчний асуудал ямар хэмжээнд байна вэ?
-Манай ажилтнуудын тоог 2008 онд 36 гэж тогтоож өгсөн байдаг. Сонгуулийн үед Сонгуулийн тухай хуулиар хяналт тавих чиг үүрэгтэй учраас гэрээт албан хаагчид авч ажиллуулдаг. Засгийн газар хэдхэн хоногийн өмнө аймгуудын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээгээ байгуулсан. Энэ гэрээд орон нутагт ШӨХТГ-ын нэг байцаагч ажиллах орон тоог оруулж өгсөн. Иймд дөрөвдүгээр сарын 1 гэхэд аймаг бүрт ШӨХТГ-ын нэг байцаагч ажиллаж эхэлнэ гэсэн үг. Мөн Улаанбаатар хотод нийслэлийн ШӨХТГ газар байгуулах талаар нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын даргатай ярилцсан. Манай байгууллага 13 жилийн өмнө гурван хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байсан. Тэгвэл өнөөдөр найман хуулийн хэрэгжилтэд нь хяналт тавих болсон.
Эх сурвалж : “Монголын Мэдээ” Сонин
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм12 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм18 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм17 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр19 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм20 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм20 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм14 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг19 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо