Улс төр
С.ЭРДЭНЭБОЛД: ГАДАГШАА ЧИГЛЭСЭН ХАМТЫН ЗОРИЛГОГҮЙ БОЛ ДОТООД БИЧИЛ АСУУДАЛДАА ИДЭГДДЭГ
АН даргаа сонгох сунгаа эхлүүлээд байгаа юм. Иймд тус намын даргад залуусын төлөөлөл болон нэр дэвшиж буй С.Эрдэнэболдтой ярилцлаа.
-АН дотоод зөрчлөө шийдэж учир зүйгээ олоод даргаа сонгох ажил эхэллээ. Энэ бол зөвхөн нэг тал нь. Нөгөө талаас намын даргын энэ сунгааг хүлээн зөвшөөрөхгүй асуудал үүсэх вий гэсэн болгоомжлол АН-ын гишүүдэд байх шиг байна?
-АН өнөөдөр даргаа сонгосноор үүссэн хагарал, намын удирдлага, дүрэм журам зөрчсөн, сөрөг хүчний байр суурьт хүчтэй гарч ирэх асуудал шийдэгдэнэ. Монголын улс төрд томоохон ачаа үүрч ирсэн АН-ын алдаа, оноо ард түмний нүдэнд ил тод байгаа. АН-ын давуу тал нь юугаа ч хэнээс ч нуудаггүй явдал. Ийм учраас хувь хүмүүсийн байр суурь, зөрчил тэмцэл гэхээс илүүтэй хууль дүрмээ баримталж тэр цэгтээ нэгдэж чадвал АН хүчтэй байж чадна гэж би үздэг. Хүний нөөцийн хувьд чадалтай, бодлогын хувьд тогтвортой, засаглах чадамжтай байж чадах улс төрийн хүчин. Үүнийгээ харуулах нь цаг хугацааны асуудал болоод байна. Гэхдээ цаг хугацааны асуудал гээд ажиглаад суух нь зохимжгүй. Санаа зовж буй хүн бүр гар, бие оролцож үйл ажиллагааны илэрхийлсэн нээлттэй үзэл бодлын үр дүнд өнөөгийн энэ эргэлзээ төрүүлсэн үйл ойлголцлоос АН гарах болно.
-Монголын улс төрд АН жин дардаг том намын нэг. Гэтэл энэ дотоод зөрчил хагарал тэмцэл, хэзээ, юунаас, яагаад үүссэн гэж та үзэж байна вэ?
-Маш ойлгомжтой гурван шалтгаан бий. Нэгдүгээрт эрх ашгийн эрэмбэ алдагдсан, хоёрдугаарт дүрмээ эс биелүүлсэн, эс хэрэгжүүлсэн байдал, гуравдугаарт ашиг сонирхлын зөрчил нөлөөлсөн. Үүнийг даван туулах аргачлал нь энэ гурван зүйлийг хөрвүүлээд бодвол гараад ирж байгаа юм. Эрх ашгийн эрэмбэ гэдгийг аваад үзье. Улс үндэстэн, институц, хувь хүмүүсийн эрх ашигт бид өнөөдөр нэгдэх ёстой. Мөн дүрмээ биелүүлэх учиртай. Хувь хүний хүсэл эрмэлзэл дүрмийн дээр гишгэх юм бол эвлэрэх боломжгүй. Эв нэгдэл өнөөдөр бидэнд маш их хэрэгтэй байна. Хиймэл, зохиомол эв нэгдэл биш жинхэнэ бодит эв нэгдэл АН-д өнөөдөр туйлын хэрэгтэй.
-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Намын даргаа сонгоод энэ сонгуульд амжиж оролцох цаг хугацаа хэр үлдсэн гэж та харж байна вэ?
-Миний бодож буйгаар намын даргын сунгаа энэ сарын 28-нд дуусах байх. Тэгээд намын онц их хурал зарлагдана. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд талуудтай уулзсан байна лээ. Иймд эвлэрэл, ойлголцол, харилцан зөвшилцлийн, шийдлийн үйл явц өрнөж байна гэж харж байгаа. Тэгэхээр хугацаандаа амжиж асуудлаа шийдэх боломжтой юм.
-Танай намын дотоод асуудалд МАН-ынхан хутгалдан оролцож байна гэсэн байр суурийг зарим хүмүүс илэрхийлж байсан. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Миний хувьд нүдээр харсан, тодорхой баримттай зүйл алга. Гэвч үйл явдлын өрнөл, түүний цаадах дэс дарааллын логикийг харах хэрэгтэй юм. Улс төрийн томоохон хүчний хувьд АН-ыг энэ оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах уу үгүй юу, эсвэл хагалан хуваах уу гэсэн ашиг сонирхол оролцож буйг үгүйсгэх аргагүй л дээ. Яагаад гэвэл хууль хяналт, шүүх, улсын бүртгэлээс гарч буй шийдвэрүүд маш хурдтай байна. Мөн шүүхээс ойлгомжгүй байдал, шийдвэр гарч байгаа. Өнөөдөр иргэд хууль, шүүхэд итгэхээ больсон. Жишээ нь шүүхээс гаргасан шийдвэрт улс төрийн нөлөө орсон гэдэг зарим хүмүүс бүрэн итгэсэн. Тэгээд улс төрийн намуудтай холбоотой голлох шийдвэр гаргахдаа хуулийн байгууллагууд улс төржөөд байна гэсэн хардлага маш их гарах болсон. Үүнийг бид үгүйсгэж чадахгүй.
-Тэгэхээр хууль хяналт, шүүхийн байгууллага эрх баригч намын талд үйлчилж байна гэж ойлгож болох уу?
-Өнгөрсөн онд манан бүлэглэлийн эсрэг шударга таван гишүүн гээд жагсаал болсон. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хонгилын тухай их ярьдаг. Хонгил гэж улс төрийн өрсөлдөгчөө ялахын тулд хууль шүүхийн байгууллагыг системээр нь, цогцоор хөдөлгөдөг хоолойг хэлээд байх шиг. Өнөөдөр хонгил устсан уу, хонгилын эзэд шинээр тодорсон уу, түлхүүрээ булаацалдаад байгаа юм уу гэдэг асуудал яригдах болсон. Иргэд улс төрийг хууль шүүхийн байгууллагаас ангид авч үзэхэд маш ээдрээтэй болсон байна. Ийм учраас Энэ асуудлыг нухацтай авч үзэж асуудлыг олон талаас нь дүгнэж цэгнэх ёстой.
-АН-ын шинэ дарга сонгогдоод хамгийн түрүүнд ямар ажил хийх ёстой гэж та харж байна вэ?
-Маш яаралтай гурван ажил хийх шаардлагатай. Нэгдүгээрт, эв нэгдлийг сахиулахад эрс шийдэмгий үйлдэл хийх ёстой. Эв нэгдлийг хангахын тулд шинэ дүрэм батлахын төлөө ажиллах шаардлага бий. Нэг хүн ганцаар ноёрхдог биш хамтын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх нь чухал. Орон нутгийн лидерүүдээ дэмждэг, олонхоор зөвлөлдөж шийдвэр гаргадаг процессыг шинэ дүрэмдээ оруулах ёстой. Өөрөөр хэлбэл би гээд хүчээ өөртөө хуримтлуулдаг биш бид гээд чадавхиа жигд тараадаг хамт олны нам болох учиртай юм. АН ардчиллыг өмчилдөг биш ард түмний үнэт зүйл гэж суурь эрхийн зарчим дээрээ хатуу зогсдог байх ёстой. Бие холдвол сэтгэл холдоно гэдэг. Ийм учраас өнгөрсөн 30 жилийн хугацаанд АН-ыг удирдаж байсан хүмүүсийг цуглуулж ярилцах нь зүйтэй. Нийгмийн сүлжээгээр хэрэлдэхээс илүүтэй тойрч суугаад асуудлаа ярьдаг зарчимтай болох шаардлага байна. Өнгөрсөн хугацаанд АН-ын даргаар ажиллаж байсан хүмүүсийн зарим нь хар будаг цацуулсан, нөгөө хэсэг нь нийгмийн шүүмжлэлийн гол төвд байдаг. Тэднийг цуглуулж ярилцах хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл АН эв нэгдлээ хангахын тулд бүхий л аргыг ашиглах хэрэгтэй.
Хоёрдугаарт, бодлогын нам руу шилжих учиртай. Бодлого гэдэг бол тодорхой судалгаа, үндэслэл, хэрэгжих цаг хугацаан график байдаг. Үүнд түүнийг хэрэгжүүлэх нөөц, эрсдэл гээд бүхий л зүйлийг гаргаж тавих ёстой. Бид бодлого яриад завгүй байвал хоорондоо хэрүүл хийгээд толхилцоод байх нь багасна. Гадагшаа чиглэсэн хамтын зорилгогүй бол дотоод бичил асуудалдаа идэгддэг, зарчимгүй болдог. Иймд бодлогын сөрөг хүчний ажил руу давших ёстой. Ялангуяа МАН-ын тэргүүлж байгаа Засгийн газрын хийж буй ажил, гаргасан шийдвэрүүдэд дүгнэлт хийж илүү сайн шийдлийн төлөө санал гаргадаг, бодлогын мэтгэлцээнд дууддаг байх ёстой. Тухайлбал, дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед улс орны эдийн засаг, ард иргэдийн аж амьдрал ямар байгааг тодорхойлох учиртай. Арай өөрөөр менежмент хийсэн, иргэдийн эрхийг илүүтэй хүндэлсэн, эдийн засаг сайн байсан бол гэдэг байдлаар бид ажиллах шаардлага бий. Өнгөрсөн жилийн төсвийн алдагдал 3.8 их наяд төгрөгт хүрлээ. Гурван улирал дараалж эдийн засаг хурдтай унасан. Энэ нь манай улсын сүүлийн 30 жилийн түүхэнд байгаагүй ухралт болсон. Тэгвэл эдийн засгийн ийм хэмжээний уналт зайлшгүй байсан уу гэвэл үгүй. Чухал зүйлд мөнгө зараагүй. Эрх баригчид өөрсдийн пиар, сурталчилгаа, улс төржилтөд маш их зардал гаргасан. Байгаа хэдэн төгрөгөө улс орны язгуур эрх ашиг сонирхол, иргэдийн орлого амьжиргааг дэмжих, ажлын байрыг алдуулахгүй байхын төлөө зарцуулж чадаагүй юм. Энэ бол эрх баригчдын бодлогын маш том алдаа. Иймд АН сөрөг хүчний ажлаа хүчтэй хийх ёстой гэж бодож байна. Гуравдугаарт, улс төрийн нам сонгуульд ялсны дараа бодлогын төлөө ажиллах ёстой. Тэгэхээр АН Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын 2024 оны сонгуульд ялалт байгуулахын тулд тогтвортой, судалгаатай, чин эрмэлзэлтэй мөрийн хөтөлбөр хэрэгтэй байна. Өнөөдөр АН-ыг сонгуульд ялуулах зайлшгүй шаардлага нь зөвхөн манай дотоод асуудал биш болсон. Монгол Улсад ардчилал, хувийн өмч байх уу, үгүй юу гээд маш олон асуудал холбогдож байгаа юм. Учир нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Монгол Улсад чөлөөт эдийн засаг байхгүй” гэж УИХ-ын индэр дээрээс мэдэгдсэн шүү дээ. Энэ бүх зүйл дээр бид маш зоригтойгоор байр сууриа илэрхийлдэг байх ёстой гэж бодож байна.
-АН-ын дотоод хагарал тэмцлийн талаар цахим сүлжээнд янз бүрийн байр суурь явах боллоо. Тухайлбал, Монголын ардчилал 30 нас л хүрэх байж. Өнөөдөр ардчиллаар овоглосон намынхан өөрсдийгөө улс төрийн тавцангаас арчиж байна. Монголд Ардчилал “нүд аниж” байна гэсэн үг өгүүлбэр гарах нь элбэгшсэн. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Би гурван зүйлийг онцлон хэлмээр байна. Хүний эрх, эрх чөлөө, парламентын тогтолцоо Монголын ардчиллын амин сүнс юм. Хүний эрх ойлгомжтой. Монголд ардчилсан хувьсгал ялаад 30 жил өнгөрсөн ч өнөөдөр хүний эрх маш олон байдлаар зөрчигдсөөр л байна. Төрийн хатуу хахир шийдвэрийн улмаас амь насаа алдаж буй иргэд, эд хөрөнгөөрөө хохирч байгаа хүмүүсийн тоо маш их боллоо. Энэ нь төрийн бодлого, хандлагын алдааг хэлж байгаа юм. Үүнээс гадна иргэн бизнес эрхлээд явахад төр нь саад болохгүй байх ёстой. Гэтэл төрийн эрх баригчид нь жижиг дунд үйлдвэр эрхлэх зээлийг нь дээрэмдэж аваад боломжийг нь хулгайлаад байхаар иргэдэд хөгжих эрх чөлөө алга. Өнөөдөр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь бас хумигдаж байна.
Манай өвөг дээдэс “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, Бүлээн усаар угаавал буртаггүй” гэж хэлдэг. Аливаа шийдвэрийг гаргахын өмнө эв нэгдлийг баримталж хамтран хэлэлцэх нь оновчтой. Өнөөдөр Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх биш богино хугацааны популизм хийж асуудлыг нийгмийн сүлжээгээр давалгаалдаг болсон. Үүнд нь бухимдалтай, орлого бага, ажилгүй иргэд хялбархан автаад байна л даа. Эрх баригчид өнөөдөр бодлогын судалгааны төвд хийх ажлаа эрэмбэлэн тогтоохоос илүүтэйгээр цахим орчинд улс төрийн өрсөлдөгчөө яаж намнах, хэнийг яаж харлуулах вэ гэдэгт асар их мөнгө төлөөд байна. Энэ нь хандлагын маш том сүйрэл гэж би боддог.
-АН-ыг өнөөдөр тарж бутрах замдаа орлоо. Ардчилал нэртэй тус тусдаа нам байгуулаад явах нь гэсэн яриа гарч байна л даа. Энэ талаар юу хэлэх вэ?
-Миний хувьд ард түмэн АН-ыг “Хайр нь дотроо, Хал нь гаднаа” гэж хардаг гэж бодож байна. Харин АН иргэдийн итгэл үнэмшилд тэнцэж ирсэн үе бий. Бас итгэл алдсан үе ч байгаа. Иймд бид иргэдийн итгэл үнэмшлийг эргүүлж авахын тулд хичээх ёстой. Үүнд гаслаад, толгой салаавчлаад суух хэрэггүй. Улс төрийн нам нэг бүхэл организм тул мандан бадрах, уруудан доройтох үе байдаг. Гэхдээ энэ намыг хүчирхэг байхад нь тал талаас шавдаг биш, уруудаж гундаж явахад нь хүрч ирээд дэмжиж туслаж явдаг хүмүүс хэрэгтэй. Өнөөдөр намын даргад нэр дэвшиж буй хүмүүс улс төрийн ийм зориг гаргаж байна гэж бодож байгаа.
-УИХ-д АН 11 суудалтай. Эрх баригчид олонхоор түрий барьж сөрөг хүчний санал бодол аливаа шийдвэр гаргахад нөлөөлж чадахгүй байна гэдэг?
-УИХ-д суугаа 11 гишүүний ард нь байгаа АН институцийн чадавхтай болж авах хэрэгтэй байна. Ингэж байж гишүүдийн тооноос илүү үзэл санаа, бодлогын хувьд ялагч байх ёстой гэж хардаг. Ийм учраас АН-ын даргын сунгаанд оролцохдоо гагцхүү бодлого, зарчмын асуудал ярьж байгаа юм.
-Зарим хүн АН-ыг боловсон хүчин муутай. Нэр хүнд, улс төрийн карьер нь унасан хэдэн хүн хоорондоо толхилцоод байж байдаг нам гэж яриад байдаг шүү дээ?
-Өнөөдөр АН-ын даргад нэр дэвшиж байгаа хүмүүс удирдлагын төвшинд ажиллаж байгаа залуучууд. Нэг зүйлийг ойлгоосой гэж хүсч байна. Цахим ертөнцөд гарч буй цөөн хэдэн хүнээр АН-ыг харж болохгүй. Олон нийтийн өмнө гардаггүй ч ардчиллын төлөө зүрх сэтгэлтэй мянга мянган залуу, ахмад настны төлөөлөл 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт байгаа шүү дээ. Тэр дунд мэдлэг чадвартай боловсон хүчин маш олон бий. АН бол хэдэн хүний дундах тамганы зодоон биш. Монголд ардчилал авч ирсэн, иргэдийн дэмжлэг авч чаддаг институц юм. Өнөөдөр 200 мянган гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг хүлээж дахин босох ёстой гэж харж байна.
-Тэгвэл та АН-ын даргын сунгаанд оролцож буй мөрийн хөтөлбөрөөсөө танилцуулахгүй юу?
-АН-ыг 2024 оны УИХ-ын сонгуульд ялуулна. Үүнд гурван зорилго тавьсан. Нэгдүгээрт, эв нэгдэлтэй бодлогын нам болно. Хоёрдугаарт, 2024 он хүртэл аливаа зүйлийг шүүмжилж муучлахаас илүү бодлого ярьдаг хүчирхэг сөрөг хүчин байх ёстой. Гуравдугаарт, 2024 онд ялна гэсэн асуудал дэвшүүлж байгаа. Энэ нь ерөнхий уриа юм шиг боловч дотроо маш олон салаа болж нарийвчлан задарсан асуудал бий. Үүнээс гадна сонгуулийн луйврын асуудалд анхаарах хэрэгтэй. Манай гэрийн хаяг дээр хүн бүртгэсэн, миний өмнөөс санал өгсөн гэдэг асуудал олон удаа давтагдсан. Мөн иргэдэд буруу мэдээлэл өгч турхирдаг. Иргэдийн сонгох эрхэд халдаж буруу мэдээлэл өгч вакумжуулах нь сонгуулийн луйврын нэг хэлбэр юм. Гэтэл үүнийг хүмүүс пиар гэж бодоод байдаг. Энэ бүгдтэй өнөөдөр бид тэмцэх ёстой. Бас яагаад сонгуульд ялагдаад байна гэдэгт дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Иргэдийн дэмжлэг хүлээж чадалгүй ялагдаж буй бол өөр хэрэг. Иргэд дэмжээд байхад сонгуулиа луйвардуулаад байвал бас өөр асуудал. Эдгээрийг маш нухацтай авч үзэх шаардлага байгаа юм. Бид олон юм яриад дэвшүүлээд байх нь чухал биш. Хамгийн гол тов тодорхой зорилго тавих хэрэгтэй. Өнөөдөр Монголын ард түмний дундаж давхаргын амьжиргааг дэмжих шаардлага тулгарч байна. Жишээ нь баян хоосны ялгаа асар зөрүүтэй болж эхэлсэн. Төр засгийн арчаагүй байдал, “Ковид-19” цар тахлын улмаас боловсролын систем, эрүүл мэндийн тогтолцоо унах боллоо. Жилд хагас сая жуулчин хүлээж авдаг, эдийн засгийн гол тулгуурын нэг аялал жуулчлал бүр таг зогслоо. Үндсэндээ нийгмийн салбарууд тэр чигтээ нурж байна. Энэ бүхнийг хэвийн хэмжээнд хүргэн босгож ирэхэд асар цаг хугацаа, хөрөнгө мөнгө орно. Иймд дундаж давхаргад илүү чиглэсэн бодлого зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдарлаа залгуулж буй хүмүүст чиглэсэн бодлого үнэхээр дутагдаж байна. Хэрэв би АН-ын даргаар сонгогдвол маргааш нь бодлого боловсруулах ажилд шууд ороод явна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Гурвансайхан суманд хэрэгжсэн Шинэ сум төслийг бүх сумдад хүргэхийн төлөө ажиллана. Үүнээс гадна Улаанбаатар хотын гэр хороололд Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх асар их зөрчигдөж байгаа. Хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй шүү дээ. Гэтэл 21-р зуун гарчихаад байхад 100 жилийн өмнөх орчинд, хашаа байшиндаа амьдарч байгаа нь харамсалтай. Үүнийг өөрчлөхийн тулд гэр хорооллын төвлөрөл ихтэй газруудад АН-ын төсөл хөтөлбөрийн төвүүдийг хямд төсөр байдлаар байгуулан ажиллана. Энэ төвүүдэд гэр хороололд амьдарч буй хүмүүсийн насны бүлэгт тохирсон хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ. Уг төвүүд жилдээ ядаж нэг сая хүнд үйлчилдэг байх ёстой гэж тооцож байгаа. Түүнээс хотын төвд асар өндөр барилга бариад түүндээ төвхнөөд суудаг, харагдах байдалдаа анхаардаг АН хэрэггүй. Иргэдэд ойр, тэдний үзэл бодол, санал санаачилгыг сонсч чаддаг улс төрийн хүчин бидэнд хэрэгтэй. Ийм учраас АН-ыг төсөр, шилэн ил тод байгаасай гэж бодож байна. Иргэдэд ойр байвал хүнд төвлөрсөн, зөв бодлого шийдэл олох боломжтой болно. Бодлогын гол цөмөө зөв авбал тэлэлт нь зөв явна гэж боддог. Түүнээс биш хоорондоо уялдахгүй олон бодлого зарладаг. Тэр нь популизмтай холилдоод учир нь олдохгүй байдаг байж таарахгүй. Муур хар, цагаан өнгөтэй байх нь хамаагүй гагцхүү хулгана барьдаг байх нь чухал гэдэг үг бий шүү дээ. АН өнөөдөр байр сав, тамга тэмдэгтэй байхаас илүү иргэдээ дэмждэг, тэднийхээ дэмжлэгийг авдаг байх нь чухал. Энэ бидний ялалтад хүрэх гол философи юм. Түүнээс биш ямар нэг уриа гаргаад, хэдэн дарга тэврэлдээд явах чухал биш. Миний бодлоор энэ үйл ойлголцол, харилцаа хандлагаа өөрчлөхийн тулд шинэ залуус, арга барил, зарчим, хүмүүс зоригтой гарч ирэх ёстой.
#МонголынМэдээСонин #ЯрилцахТанхим
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм12 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм17 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм16 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр19 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм20 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм20 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм13 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг19 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо