Улс төр
Д.Пүрэвдаваа: АН гишүүд, иргэд төвтэй болж орчин үетэй хөл нийлэн өөрчлөгдөн, шинэчлэгдэх ёстой
АН-ын даргад нэр дэвшин өрсөлдөж буй Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Пүрэвдаваатай ярилцлаа.
-АН дотоод зөрчилдөө цэг тавьж, намын даргаа сонгох сонгууль руу бүхий л анхаарлаа хандуулж байна гэж олон нийт харах болсон. Нөгөө талдаа энэ сунгааг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал гарах вий гэдэг болгоомжлол бас төрж байх шиг байна?
-АН-ын даргын сонгуульд нэр дэшин өрсөлдөх улс төрийн эр зориг гарган явж байгаа дөрвөн хүний нэг нь би. АН-ын Дотоод сонгуулийн хороо яг Сонгуулийн ерөнхий хороо шиг байгууллага. Ийм нэр хүнд бүхий том байгууллага сонгууль зарласан учир нэрээ дэвшүүлсэн. Нийгэмд асуудлыг бүрэн ойлгохгүй хүн мэр сэр байх шиг байна. АН-аас салж явсан нөхдүүд даргаа сонгох гээд сонгууль зарласан гэж ойлгосон ганц нэг хүнтэй таарлаа. АН-ын Дотоод сонгуулийн хороо өмнөх бүх сонгуулийг явуулж ирсэн. Өнөөдөр ч энэ зарчмаар явна. Тэгэхээр И.Мөнхжаргал даргатай АН-ын Дотоод сонгуулийн хорооноос явуулж буй намын даргын сонгууль хүчинтэй. Үүнд эргэлзэх хэрэггүй. Бүх зүйл хуулийн дагуу явж байгаа.
-Тэгвэл АН хэдэн сарын хэдний өдөр даргатай болох вэ?
-Энэ сарын сарын 28 -нд намын даргын сонгуулийн сурталчилгаа дуусна. Ингээд АН-ын дарга хэн болох вэ, хэн хамгийн олон гишүүний саналыг авсан бэ гэдэг нь тодорхой болох ёстой. АН-ын даргын сонгуульд дөрвөн хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа шүү дээ. Ер нь бол АН-ын гишүүд даргаа сонгох нь их ажлын эхлэл гэж ойлгох хэрэгтэй.
-Танаас шууд асууя. Ерөнхийлөгчийн сонгуульд АН амжиж оролцож чадах болов уу. Эрх баригч нам гараанаас хэдийнэ ухасхийж?
-Ерөнхийлөгчийн сонгууль өмнө нь дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагдаж ирсэн. Эл сонгуульд УИХ-д суудалтай нам нэр дэвшигчээ тодруулан сойдог учиртай. АН-ын тухайд эхлээд намын даргаа сонгож их хурлаараа зарлана. Дараа нь анх удаа зургаан жилийн хугацаатай Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулна. Намын дүрэм журам ийм юм.
-Таны мөрийн хөтөлбөрийн онцлог юу вэ. Та намын дарга болсноор юуг өөрчилж, ямар чиг шугамаар явах юм?
-Миний хувьд “Зогсолтгүй урагшилж, Тогтвортой хөгжье” гэсэн уриа бүхий “Тогтвортой хөгжил” мөрийн хөтөлбөрөө гишүүд дэмжигчиддээ танилцуулж буй. Богино, дунд, урт хугацааны бодлогыг тодорхойлж, энэ дагуу хийх ажлаа эрэмбэлсэн. Богино хугацаа гэх тодотголд өнөөдөр үүсээд буй талцлыг шийдвэрлэх асуудал багтана. Ялангуяа, намын дарга төвтэй бодлогоос, гишүүн төвтэй бодлого руу шилжих ёстой гэж үзсэн. Өмнө нь намын дарга гишүүн хасах, нэмэх зэрэг асуудлыг дангаар шийддэг байсан. Тэгвэл миний мөрийн хөтөлбөрт тусгагдсанаар бол намын гишүүд хамтаар шийдвэр гаргадаг байгууллага болох ёстой. Үнэндээ бол намын талцал эрх баригчдад боломж олгох болсон шүү дээ. Энэ бүхнийг нийгэм тэр чигээрээ харж, мэдэрч, бухимдах боллоо. Дунд хугацаанд гэх тухайд, УИХ-ын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг өнөөдрөөс маш сайн боловсруулж, 76 нэр дэвшигчийг бэлдэхдээ иргэдийн дунд нэр хүндтэй хүмүүсээс сонгох ёстой гэж тодорхойлсон. Эдүгээ нийт сонгогчдын 44 хувийн саналыг авсан нам парламентын 80 хувийг бүрдүүлж буй. Тиймээс энэ асуудлыг дунд хугацаанд шийдвэрлэнэ. Урт хугацаанд юуг шийдэх ёстой вэ гэвэл зарим оронд хүсээд ч олдохгүй байгаа ардчиллыг Монгол Улс “тордож” авч явна.
-Намын эв нэгдлийг хангаж, шинэчлэх асуудлыг нэр дэвшигчид онцолж байна. Харин ямар байдлаар гэдэг нь хэн хүний сонирхол татаж буй. Таны тухайд?
-Үүсээд буй хагарлыг хэлэлцээрийн шугамаар шийднэ. Сулбагар биш, доривтой эрс шинэчлэл хийх хэрэгтэй байна. Цаг үе нь ч ингэж таарлаа. Эрс шинэчлэл хийж байж бид нийгмийн өмнө алдсан нэр хүнд итгэлийг эргүүлэн олж авна шүү дээ. Эрх нь зөрчигдсөн асуудлаар иргэд АН-д ханддаг, хандсаар ч ирсэн. Гэвч сүүлийн хоёр сонгуульд дараалсан ялагдал хүлээсэн АН-д иргэдийн итгэх итгэл нь буурсан. Өмнө нь бид хөдөө суманд, баг дээр эрх нь зөрчигдөж, хохирсон иргэнийхээ төлөө дуугардаг байсан бол өнөөдөр бидний дуу хоолойг сонсох төр үгүй болсон байна. Өнөөдөр намын удирдлага данхайж хөл рүүгээ харахгүй шахам болсон байна. АН дарга төвтэй болсон байна. Үүнийг өөрчилж гишүүд төвтэй нам болгож, олон нийтэд үйлчилдэг байх ёстой хэмээн үзэж энэ үүднээс үзэл бодлоо илэрхийлж ирсэн. Тэр байтугай санал бодлоо илэрхийлж жагсаал цуглаан хүртэл хийж байсныг гишүүд дэмжигчид маань сайн мэднэ. Ийм учраас би АН-ын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Ардчилал, ардчилсан нийгэм бидний ирээдүй, дүү нар, үр хүүхдүүдэд маань хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр цэцэрхэж суухаас илүүтэй өөрсдөө оройлон оролцож, АН-д доривтой өөрчлөлт хийе гэсэн зорилгыг өмнөө тавьсан. Үүнийхээ төлөө ажиллаж байна.
-УИХ-ын сонгуульд дараалан өвдөг шороодсон явдалд АН-ын удирдлага, бүтэц хэт данхайсан асуудал нөлөөлсөн гэж үзэж болох нь ээ дээ?
-АН УИХ-ын сонгуульд хоёр удаа ялагдал хүлээсэн явдал нь маш олон шалтгаантай. Таны харж буй өнцөг бол зөвхөн нэг шалтгаан юм. Тухайлбал, хувь хүний нөлөөлөл, намын бүтцийн буруу зохион байгуулалт, хандлага, дэг журам, дэд бүтэц, эмх замбараагүй байдал гээд маш олон зүйл нөлөөлсөн гэж харж байгаа. Дэлхий ертөнц, нийгэм журам маш хурдан хувьсан өөрчлөгдөж байгаатай зэрэгцэн Монгол Улс, монгол хүний хандлага, ахуй амьдрал ч хувьсан өөрчлөгдөж буй. Ийм учраас АН ч ялгаагүй шинэчлэгдэн, өөрчлөгдөх учиртай юм. Түүнээс өнгөрсөндөө үлдэж өөр хоорондоо толхилцоод байж таарахгүй гэдгийг АН-д үүсээд байгаа нөхцөл байдал, алдаа эндэгдэл нь тод хэлээд өглөө шүү дээ. Тиймээс бид урагшаа харж, өнгөрснийг ардаа орхиод цоо шинэ ирээдүй рүү оновчтой шийдэмгийгээр хөдлөх цаг нь болсон.
-Та АН-ын удирдлага данхайж хөл рүүгээ харж чадахгүй болсон. Үүнийг нь хэлж тэмцэж ирсэн гэлээ ?
-АН-ын шинэчлэлийг бүтцээс нь эхлэх хэрэгтэй. Намын удирдлагын бүтцийн толгой хэт данхайсан учраас жирийн гишүүдийнхээ үгийг сонсохгүй болсон. Сонгуульд нэр дэвших болохоор өндөр босго бүхий мөнгөөр асуудлыг гаргаж тавьдаг. Үүний илрэл гэж муу үр дагавар бол сонгууль болохоос сарын өмнө огт танихгүй хүнийг орон нутагт нэрийг нь дэвшүүлдэг болсон явдал. Энэ мэтчилэн олон асуудлыг эрс өөрчлөх тухай яриад байгаа юм. Угтаа бол ядаж суманд, аймагтаа сонгогдож үзсэн хүн УИХ-д нэр дэвших ёстой шүү дээ. Намын даргын өрөөгөөр гүйлдэж нэр дэвших мандат олж авдаг асуудлыг эцэслэх хэрэгтэй. Мөнгөний босго тавьдаг учраас эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд аливаа сонгуульд оролцох бололцоо нь хаагдмал байдаг. Үүнийг халах цаг болсон. Дэлхий дахинд аливаа зүйлийг мөнгөөр хэмжихээ больсон байхад АН-д цэцэглэж байж болохгүй биз дээ. Мэдлэгт, технологийн хөгжилд суурилсан нам болох ёстой. Энэ хөгжил дэвшлийг улс төрчид бус хөгжил дэвшлийг техник инновац авчирдаг. Өнөөдөр бүх зүйл технологийн хөгжлөөр илэрхийлэгдэж байна. Тэгэхэд АН 1990 оныхоороо сэтгээд гүйгээд байвал сонгуульд яаж ялах юм бэ. Орчин үед гарч ирж буй хөгжил дэвшилтэй уялдаж АН хөгжин өөрчлөгдөх учиртай. АН орчин үетэй хөл нийлүүлж технологи инновац, судалгаа дээрээс нь хөгжлийн хөтөлбөртэйгээ энэ бүхнийг уяж гэмээнэ хөгжинө. Намдаа итгэдэг, аливаа зүйлд тууштай гишүүдээ үргээж орхисон. Энэ алдаагаа эргэн харж, тэднийхээ дэм тусаар намаа босгож авах ёстой. Үүнийг би эхний ээлжинд хийх эрс шинэчлэлийн эхлэл гэж харж байна.
-АН-ын дотоод асуудалд МАН нам хөндлөнгөөс оролцож байна гэх зүйлийг намын гишүүд ярьж байгаа. Энэ үнэн үү?
-Үүнийг нотлох нотолгоо, гаргаж ирээд үзүүлэх баримт алга. Гэхдээ өнөөдөр МАН засаглаж байгаа шүү дээ. Төрийн байгууллагууд АН-ыг хагалах, хуваахыг оролдож буйг анзаарч сууна. Жишээ нь тамга тэмдэгний асуудлыг шууд шийдээд өгсөн. Энгийн хүн тамга тэмдэг алдахад хамгийн багадаа 14 хоног дунджаар нэг сар явж байж нөхөж авдаг. Гэтэл өнөөдөр АН-ын дарга гээд хүсэлт өгсний маргааш өдөр нь бэлэн болсон байх жишээний. Төрийн үйлчилгээ өнөөдөр тийм түргэн шуурхай болсон байна уу гэхээр үгүй. Ийм учраас эрх баригчид оролцож байна гэсэн эргэлзээ төрүүлээд байгаа хэрэг. МАН-ын засаглаж байгаа төрийн байгууллагууд, албан тушаалд томилогдож байгаа дарга болоод албан хаагчид нь нэг талд тодруулбал, АН-ын цөөнхийн төлөө үйлчилж байгаа нь харагдсан учраас “хардаад” байгаа юм.
#МонголынМэдээСонин #ЯрилцахТанхим
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм10 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм15 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм14 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр17 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм18 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм18 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм12 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг17 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо