Улс төр
Н.ЧАДРААБАЛ: ЦЭЦ ЦЭГЦЭРЧ ЧАДААГҮЙ БАЙГУУЛЛАГА
“Шударга төрийн төлөө” ТББ-ын Тэргүүн, Монгол Улсын гавьяат хуульч Н.Чадраабалтай ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх тайлбар болон Цэц тойрсон асуудлууд хэвлэл мэдээллээр сүүлийн үед их гарах боллоо. Та олон жил хуулийн салбарт ажилласан хүний хувьд энэ асуудлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
– Нийгмийг бухимдуулж, хагаралдуулсан энэ сэдэв олны анхаарлын хүрээнд байна. Монгол төрийн нэр хүндийг бууруулж, төрийн тогтвортой байдлыг алдагдуулсан энэ байдлыг хараад учир мэддэг хүмүүс дуугүй суух арга алга. Уг нь би энэ сэдвээр өмнө нь ч ярилцлага өгч, сэтгэгдлээ илэрхийлж байсан. Монголын төрд шударга ёс тогтож, төр нь түвшин, түмэн нь амгалан байгаасай гэсэн зорилтын дор би 2007 оноос хойш “Шударга төрийн төлөө” нэртэй ТББ байгуулан ажиллаж байна. Бидний зорилго бол төр төмбөгөр, ёс ёмбогор байж, төрөлх газар шороон дээрээ ард түмэн маань эрх чөлөө, аз жаргалтай амьдраасай гэсэн сэтгэлийн үүднээс төр засгийн бодлого шийдвэртэй холбогдуулж, төрд дэмжлэг үзүүлэх зорилгын үүднээс энэ байгууллагыг ажиллуулдаг юм. Гэтэл сүүлийн үед дээдсүүд эрх мэдэл, ширээ сандлын төлөө тэмцэлдэж, Монгол Улс төргүй болж байгаа юм шиг хандлага харагдах боллоо. Ялангуяа Төрийн тэргүүнийхээ эрх мэдэлд халдаж, улмаар хууль, шударга ёсыг гажуудуулах нь хэвийн мэт үзэгдэл болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг албан тушаалтан улс орноо гадаад, дотоодод бүрэн төлөөлж, үндэсний эв нэгдлийг илэрхийлэх чиг үүрэг бүхий хамгийн өндөр түвшний албан хаагч. Энэ албан тушаалд монгол ээжийн охин, аавын хүү хэн ч очиж болох бөгөөд гагцхүү бүх ард түмний санал, сонголтын үндсэн дээр очиж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч гэдэг хууль ёсны баталгаагаар хангагдсан, тодорхой эрх дархаар хамгаалагдсан хүн байх учиртай. Гэтэл Ерөнхийлөгчөө тал бүрээс нь бүүрлэж, гүтгэлэг, хавчлага, шахалт үзүүлээд байгаа нь үнэхээр ёс бус үйл ажиллагаа. Би Х.Баттулга гэдэг хүнийг хамгаалаад байгаа юм биш. Монгол Улсын Төрийн тэргүүнийх нь хувьд энэ албан тушаалтныг ажлаа хэвийн явуулах бололцоог нь хангаж өгөөсэй, эрх мэдлийг нь бүрэн эдлүүлээсэй гэсэндээ энэ үгийг хэлж байгаа юм. Үндсэн хуулийн цэц Монгол Улсын төрийн тогтвортой байлгах, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын үйл ажиллагаанд дүгнэлт гаргах, ердийн хууль тогтоомжуудыг Үндсэн хуультай нийцүүлэх зэрэг өргөн эрх эдэлсэн байгууллага. Гэвч хэтэрхий улс төржиж, Төрийн тэргүүн рүүгээ элдэв шахалт үзүүлж, хэл аманд орооцолдуулаад байгаа нь шударга иргэн хэний ч болов сэтгэлд нийцэхгүй байна. Төрийн тэргүүн бол бүх ард түмнээс сонгогддог. Ийм учраас энэ хүнийг сонгох эсэхийг сонгогч олон мэдэх болохоос биш аль нэг нам, улс төрийн хүчин, хэн нэгэн эрх бүхий этгээд Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг шийдэхгүй. Гэтэл Ерөнхийлөгчийн эрх мэдэлд хууль тогтоох байгууллага болон ҮХЦ нэгдэж, илтэд халдаад эхэлсэн нь цаанаа улс төрийн захиалгат, төрийн ширээ сандал булаацалдан өрсөлдөгчөө “намнах” гэсэн үйл ажиллагаа гэдэг нь шууд харагдаж байна. Энэ нь Монголын төрийг муухай харагдуулна. Улмаар төрийг хүчгүйдүүлнэ, шударга ёсыг гажуудуулна. “Улс төржлөө” гэж юуг хэлээд байна вэ гэхээр хэрэв Ерөнхийлөгч олонхийн намын хүн байсан бол энэ асуудал яригдахгүй. Харин бүр Гончигдоржийн хэлээд байгаагаар сонгуулийг нь 2023 он болгож хойшлуулж ч мэдэх байх шүү. Ийм үйл ажиллагаа цаашид даамжирвал дараагийн сонгуулиар гарч ирсэн олонх Ерөнхийлөгчөөрөө оролддог жишиг тогтоно л доо. Ерөнхийлөгч дахин нэр дэвших үү гэдэг асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Ерөнхийлөгчийн тухай хуулийг хэлэлцэж, батлагдахад огт яригдаж байгаагүй сэдэв. Энэ ингэж яригдах ч ёсгүй.
-ҮХЦ-д хандаж байсан Ерөнхийлөгч асан П.Очирбат гуайн кейс, одоогийн Ерөнхийлөгчийн кейсүүд ижил үү? Өөр үү?
-Нөхцөл нь яг адилхан. Яагаад гэхээр парламентын засаглал бүхий шинэ тогтолцоонд шилжсэн. Энэ завсар Ардын Их Хурлын Дарга гэдэг албан тушаалд П.Очирбат гуай ажиллаж байсан. 1992 онд Шинэ Үндсэн хууль мөрдөгдөж эхлэхээр бүрэн эрхийн хугацааны тухай яриа гарч болох байсан шүү дээ. Тэр үед ямар ч яриа гараагүй. Мөн П.Очирбат гуай Цэцийн гишүүнээр 70 гартлаа ажилласан байсан. Тэр жишгээр л Цэц асуудалд хандаж болохоос биш ижил асуудлаар П. Очирбат Ерөнхийлөгчид нэг шийдвэр, Х.Баттулгад өөр шийдвэр гаргавал энэ нь улайм цайм цэцийн гажуудал завхрал болно. Олонх нь төрийн эрх мэдэл авахаар өөрсдийн сэтгэл санааны хүсэлд нийцсэн хууль гаргаад байж болохгүй шүү дээ. ҮХЦ нь тодорхой нэг хүнд зориулсан шийдвэр гаргаж бүр ч болохгүй. Үүний цаана юу харагдаад байна гэхээр нөгөө л албан тушаалын төлөөх улайрал тэмцэл. Ингэснээр төрийн өндөр, дээд албан тушаалтнууд зөрчилдөж, үндэсний эв нэгдлийг алдагдуулснаараа түүхэнд үлдэх гажуудал болно.
-Яагаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад тухайн үед энэ асуудлаа тусгаагүй юм бол. Тусгасан бол ийм завхрал үүсэхгүй байсан уу?
– Хууль тогтоогчийн нэрийн өмнөөс би хариулж чадахгүй. Ямар ч байсан бүрэн шийдэж чадалгүй “нүх” гаргаж, үүн дээрээ дөрөөлж, энэ ажиллагаа явагдаж байна. Цэц, УИХ-ынхан үүнийг сайн нягтлахгүй бол маш том алдаа болно. Үнэхээр Цэц нь улс төрийн хүчнээс шууд хамааралтай шийдвэр гаргах юм бол Ерөнхийлөгчийн албан тушаал тогтворгүй болно. Ерөнхийлөгч тогтвортой байж чадахгүй бол Монголын төр тэргүүнгүй болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн олон эрхийг хассан. Үндсэн хуулийг өөрчлөх журмын тухай хууль гэж 2010 онд батлагдсан хууль бий. Тэр хуулийн 8,9,10 дугаар зүйлүүдэд нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж болохгүй, УИХ-ын гишүүний тоо, хугацааг нэмж болохгүй, Засгийн газрын бүрэн эрхийг хязгаарлаж болохгүй, нэмж болохгүй, шүүх эрх мэдлийн байгууллагын хүрээнд халдаж болохгүй гээд хатуу заачихсан байсан. Мөн энэ хуульд Үндсэн хуулийн 3 дугаар зүйлээр баталгаажсан байсан төрийн эрх барих дээд байгууллагуудын тогтвортой ажиллах баталгааг хангасан байсан заалтуудыг 2017 онд батлагдсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль гэгчээр хассан. Үүнээс үндэслээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсан заалтууд болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн заалтууд Үндсэн хуультайгаа зөрчилдөж эхэлсэн юм.
-Цэц таны хэлж байгаагаар улс төрийн зорилгоор “намналт” хийлээ гэж байна. Ер нь Цэц улс төрийн намаас хараат ажиллаж болдог юм уу? Та Цэцэд 9-10 удаа хандаж байсан хуульч хүний хувьд Цэц ер нь ажиллах ёстой хэм хэмжээ, зарчмынхаа хүрээнд ажиллаж байна уу?
-Цэц улс төржсөн байгууллага болсон гэдгийг өнгөрсөн он жилүүдэд би бүрэн ойлгож, мэдэрсэн. 1997 оноос хойш миний бие ҮХЦ-д 10 шахам удаа өргөдөл гаргаж, хандсан. Тухай бүрт нь Цэц эзэддээ үйлчилж, асуудлыг шийдэхгүй чирэгдүүлж байсан юм. Уг нь Цэц бол бие дааж, хараат бусаар ажиллах ёстой бөгөөд зөвхөн Үндсэн хуульд захирагдах ёстой байгууллага. Үүнийг Үндсэн хуульд өөрт нь Үндсэн хуулийн хэрэгжилтэд дээд хяналт тавих байгууллага нь ҮХЦ гээд заасан. Гэтэл Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал бүү хэл ердийн хууль зөрчиж байгаа асуудалд хүртэл Цэц орооцолдоод, захиалгаар үйлчилдэг боллоо гэж олон хуульчид шүүмжилдэг юм. Өнгөрсөн оны есдүгээр сард УИХ, Засгийн газрынхан хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, өөрсдөдөө өндөр цалин хангамж тогтоолоо гэж би ҮХЦ-д хандсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдээгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурор, ХЭҮК, Төрийн албаны зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Сонгуулийн Ерөнхий хороо зэрэг байгууллагуудын ажилтнууд УИХ, Засгийн газрын ажилтнуудтай адилхан ангилал зэрэглэлд байдаг учраас цалин нь адил түвшинд байх ёстой. Эндээс ялгаварлан гадуурхдаг, алагчлан үздэг байдал тод харагдаж, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн ашиг сонирхлын зөрчилтэй болох нь илэрхий байна.
-Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх процесс УИХ дээр өрнөснийг та хуульч хүний хувьд хэрхэн дүгнэж байна.
-Эндээс ч хууль гажуудуулсан байдал харагддаг юм. Цэцийн гишүүнийг сонгож байгаа арга нь хэтэрхий итгэл үнэмшил муутай харагддаг. Энэ удаад Цэцийн хоёр гишүүн шүүх эрх мэдлийн байгууллагыг төлөөлж очих ёстой юм билээ. Гэтэл нэгийг нь дэмжээд, нөгөө гишүүнийг нь дутуу орхигдуулж байгаа нь Шүүхийн тухай багц хуультай ч холбоотой гэж үзэж байна. Тухайлбал, Улсын дээд шүүхийн нийт гишүүдийн хурлыг гуравны хоёроос дээш ирцтэй бол хүчинтэй гэж үзнэ гэж заачихаад олонхийн санал авсан гэдгийг нийт 25 гишүүдийн тоонд хувааж үзээд өөрөөр хэлбэл хуралд оролцоогүй гишүүдийн саналыг олонхийн саналд оруулж тооцоод байгаа нь буруу. Мөн Дээд шүүхийн хуралдаанаар хэнийх нь оронд хэнийг томилох вэ гэдгийг тодорхой зааж өгөөгүй. Маргаан үүнээс үүдэлтэй. Ерөнхийлөгчийн хоригийн хувьд шударга ёсыг барьж, хуулиа зөв хэрэгжүүлээч ээ гэсэн санаа нь үндэслэлтэй.
-Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөгдсөн Ш.Цогтоо гишүүн Цэцийн Бага суудлын хуралдаанд оролцож байх хугацаанд нь түүнийг чөлөөлснийг та хэрхэн харж байна?
-Би хэн нэгэн хүнийг өмөөрч, буруутгаж зөвтгөж чадахгүй. Гэвч болж байгаа үйл явдал талаас нь дүгнэвэл шүүн таслах үйл ажиллагаа тасралтгүй явах зарчимтай. Цэц бол шүүх шүү дээ. Тийм учраас процессын хуульд захирагдаж, тэр хүрээнд асуудлыг шийдэх ёстой. Цэцийн хуралдаан дуусаагүй байгаа тохиолдолд тэр хүнийг татаж авч байгаа бол үзэл бодлын шахалт, хавчилт гэж үзэж байна.
-Цэц нэгэнт гажуудалд орчихлоо гэж та үздэг юм байна. Харин одоо Шүүх тогтолцоо цаашид хараат бус ажиллаж чадах уу? Та Шүүхийн тухай хуульд орсон өөрчлөлтийг анхааралтай ажигласан байх.
-Эрх мэдэлтнүүд шүүхийг гартаа авчихсан. Шүүхэд шударга ёс тогтоож байгаа нэрээр эрх мэдэлтнүүд эзэрхийлж эхэллээ. Одоо бол шүүх нэг намынх болсон. Энэ асуудлаар би ҮХЦ-д ч хандсан, хэвлэл мэдээллээр ч олон удаа санал бодлоо илэрхийлсэн.
-Та ҮХЦ улс төрчдөөс хамааралтай, хууль тогтоох байгууллагын бодлого шийдвэр хэт нэг талын эрх ашгийг төлөөлдөг энэ бол тогтолцооны гажуудал гэж ярьсан. Энэ гажуудлыг засахын тулд яах ёстой вэ?
-Үнэхээр би ингэж бодож явдаг. Манай хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудад хяналт байхгүй. Хариуцлагын тогтолцоо бүрэн алдагдсан учраас шударга ёс зөрчигдөж, хууль дээдлэх зарчим гажуудаж, үндэсний эв нэгдэл зөрчилдөж, ард түмэн төрөлх газар шороон дээрээ эзний ёсоор амьдрах боломжгүй болоод байгаа юм. Хэрэв Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд заасанчлан Төр засгийн эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн зарчим хэрэгждэг байсан бол өнөөдрийн энэ бусармаг байдал гарахгүй байсан. Тийм учраас албан тушаалтнууд болон төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт, хариуцлагын тогтолцоог зайлшгүй бүрдүүлж өгөх шаардлагатай. Үүний тулд хоёр танхимтай парламенттай байж, өөрсдийгөө “хууль” гэж боддог хүмүүст хуулийн хүрээнд даруулга өгч, хариуцлага тооцох ёстой гэж би бодож явдаг.
– Эцэст нь Та Үндсэн Хуулийн Цэц болон Шүүхийн тухай асуудлаар нэгтгэн дүгнэж хэлээч гэвэл юу гэх вэ.
– Би чөмгөө дундартал монгол төрийн төлөө зүтгэсэн хүний хувьд өөрийн бодолтой явдаг. Монголын хуулийг 50 жил эргүүлж төрийн хэргийг хөтлөх чадвар эзэмшиж төр засгийн бодлого зорилго зохион байгуулалтын үйл ажиллагааг мэдэрсэн нэгэн учраас санал бодлоо хэлье л дээ. Ер нь аль ч ажлыг хүн л хийж гүйцэтгэдэг болохоор тухайн албаны үр дүнг хүнтэй л холбож тооцно шүү дээ. Энэ нийгмийн төлөө сэтгэл зүрхээ чилээж төр түшилцэж явдаг эрүүл саруул ухаантай хүмүүс “Цэцийг цэгцлэх цаг” болсон гэдгийг ил тод ярьцгааж байгаа. Би ч энэ шаардлагыг ойлгож дэмждэг юм. Яагаад гэвэл би Цэцтэй хамтарч “Үндсэн хууль”-ийг маналцах иргэнлэг сэтгэлгээнд хөтлөгдөн 1997 оноос хойш олон удаа хандсан боловч тухай бүрт нь хад мөргөж байсан тул энэ байгууллага хүмүүсийн тарийг бүрэн таньсан юм. Цэц гэдэг эрхэмсэг нэртэй өндөр сэнтийд залран суучихаад Монголын ард түмний оюуны хамтын үнэт бүтээл /төр иргэн хоёрын дунд байгуулсан дээд хүчинтэй гэрээ болох/,”Үндсэн хууль”-иа хамгаалж зөв хэрэгжүүлж чадахгүй байгаа энэ бүтцийг өөрчлөн шинэчилэх шаардлага байгаа юм. Цэцийн үйл ажиллагаа захиалгат хэлбэрт бүрэн шилжиж өөрсдөө Үндсэн хуулин дээрээ гишгэдэг. Гишүүд нь улс төрийн шалгуураар томилж чөлөөлөгддөг. Эрх баригчдын таалалд нийцсэн зарим нэг хүмүүсээ 20 гаруй жил ажиллуулж болдог, хянан хэлэлцэж буй ижил маргааныг өөр өөрөөр шийдвэрлэдэг, иргэдийн мэдээллийг аваад хариу өгдөггүй, маргаан үүсгэчихээд шийдвэрлэхгүй дарж бугшуулдаг. Нотлох баримтыг бүрдүүлэх, үнэлэх,хууль хэрэглэх чадвар бүрэн эзэмшээгүй байж цэцэрхэн мэдэмхийрч суудаг хүмүүсээр төрийн жолоо залуулах нь яавч сайн үр дүнд хүрэхгүй. Хэрэв манай эрхэм Цэцчүүд миний дүгнэлттэй маргалдмаар байвал надад хангалттай баримтууд бий. Харин шүүхийн тухайд бол би өмнө нь олон удаа байр сууриа илэрхийлж байсан тул ганцхан өгүүлбэрээр саналаа илэрхийлье гэвэл: Шүүх засаглал бие дааж хараат бусаар ажиллах чадвараа бүрэн алдаж ёстой л өнөөх чонын амнаас гараад барын аманд очлоо гэгч л болсон доо хөөрхий. Тэгэхээр үнэнд итгэж шударга ёсонд найдаж явдаг хүмүүст өнөөдөр тэнгэр хол газар хатуу болсон шүү дээ.
Бэсүт овогт Намжилдоогийн Чадраабал
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм8 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм13 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр15 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм16 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг15 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр13 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ