Улс төр
2021.06.09 – СОНГОХ ӨДӨР | СОНГУУЛЬ ӨГӨХДӨӨ ТА ЮУ МЭДЭЖ БАЙХ ЁСТОЙ ВЭ?
ИРГЭДИЙН СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХ ЧӨЛӨӨ
Ард түмэн засгийн эрхээ барих, түүнийгээ төлөөлөх байгууллагаараа уламжлан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагаас урган гардаг ойлголт бол сонгууль юм. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг. Сонгуульд оролцож, саналаа өгнө гэдэг нь төрийн эрх барих эрх, эрх чөлөөгөө эдэлж буй хэрэг. Монгол Улсын иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, төлөөллийн байгууллагыг өөрсдөө бүрдүүлж байгаа үндсэн арга нь сонгууль. Бидний өдөр тутмын амьдрал эдгээр сонгуулиар бий болдог төр засгийн байгууллагууд болон тэдний гаргадаг бодлого, шийдвэрээс ямагт хамааралтай байдаг. сонгуульд оролцоно гэдэг нь бид бүхэн өөрсдийн санаа бодол, хүсэл зоригийг төрийн бодлого, шийдвэрт тусгуулах гол алхам бөгөөд өөрсдөдөө ээлтэй ирээдүйг бий болгож, хүсч байгаа сайхан амьдралаа бүтээхийн тулд сонгогч идэвх, оролцоогоо нэмэгдүүлэхээс эхэлнэ. өөрөөр хэлбэл, сонгуульд оролцож, саналаа өгөхгүй бол таны хүсэл зориг төрийн бодлого, шийдвэрт тусгалаа олж чадахгүй юм.
Тиймээс сонгуульд оролцож байгаа нам, нэр дэвшигчийн бодлого, мөрийн хөтөлбөрийг судалж, харьцуулж, сонгуулийн үйл явцад идэвхтэй оролцож, саналаа өгөх нь бид өөрсдийнхөө төлөө хийж байгаа хамгийн хариуцлагатай алхмын нэг болно. сонгуулийн эрх бүхий иргэн бүр төрийн үйл хэрэгт оролцох эрхээ эдэлж, сонгуульд идэвхтэй хандаж, саналаа өгч, хувь нэмрээ өгөх чухал ач холбогдолтой үе ирээд байна. Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 8 дахь удаагаа зохион байгуулахаар бэлтгэл зохион байгуулалтын ажлыг хангаж ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны 6 дугаар сарын 09-ний Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэлж, 22:00 цагт дуусна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад амьдарч, ажиллаж буй монгол иргэд саналаа өгөх эрхтэй байдаг бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд дэлхийн 30 улсаас 7394 хүн саналаа өгөхөөр бүртгүүлж, сонгуульд оролцов.
СОНГУУЛЬД ХЭРХЭН МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛТЭЙ ОРОЛЦОХ ВЭ?
Сонгуулийн тухай хууль тогтоомжоор сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигч сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байдаг.
Сонгогчид мөрийн хөтөлбөрийг нь судалж үзэж байж сонголтоо хийдэг. Өөрөөр хэлбэл, ямар асуудал дэвшүүлэв, түүнийг хэрхэн сайжруулна гэж амлав, тэр нь үнэхээр хэрэгжих боломжтой, бодит байдалд нийцэж байна уу гэдгийг судлах хэрэгтэй.
Сонгогч дараах хууль бус сурталчилгааг ялгаж таних нь хууль бус сурталчилгаанд автахгүй байх боломжийг олгоно.
СОНГОГЧ САНАЛАА ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?
Сонгогчдын хувьд хамгийн хариуцлагатай мөч бол сонгуулийн санал авах өдөр сонгуульд оролцож саналаа өгөх явдал юм. Саналаа өгөх үйл явц гаднаас нь харахад нарийн төвөгтэй мэт харагдавч бодит байдал дээр тийм биш. Сонгуульд оролцож саналаа хэрхэн өгөх, юу анхаарах талаар сонгуулийн байгууллагууд, сонгогчдын боловсролын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд сонгогчдод хандан мэдээлэл, лавлагаа хүргэж ажилладаг тул санал авах байранд очихоос өмнө эдгээр байгууллагад хандан мэдээлэл, туслалцаа авч болно.
Сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амрах өдөр байдаг. хэрвээ сонгуулийн санал авах өдөр ажиллаж байгаа сонгогч байвал байгууллагынх нь захиргаа чөлөө олгож, саналаа өгөх боломжоор хангах үүрэг хүлээдэг. сонгуулийн санал авах өдөр саналаа өгөх боломжгүй зарим сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авдаг тусгай журам бий. Тухайлбал, эрүүл мэндийн байдлын улмаас санал авах өдөр санал авах байранд биечлэн очиж саналаа өгөх боломжгүй сонгогч сонгуулийн хэсгийн хороонд хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргаж саналаа өгөх боломжтой.
САНАЛ АВАХ БАЙРАНД ОЧИЖ, САНАЛАА ӨГӨХ
Сонгогч саналаа өгөх дарааллыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зохицуулсан байдаг. Санал авах ажиллагаа 2021 он 06 дугаар сарын 09-ний өдөр улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгөх ёстой. Улсын бүртгэлийн ерөнхий газрын www. election.burtgel.gov.mn цахим хуудсаас өөрийн бүртгэл болон санал өгөх байрны хаяг, байршлыг харах боломжтой.
Санал авах байранд иргэний үнэмлэхтэй ирж, саналаа биечлэн өгөх бөгөөд сонгогч саналын хуудсанд бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийж саналаа өгнө. Гарын хурууны хээгээр нь сонгогчийг баталгаажуулж, саналын хуудас олгох бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна. Хэрэв гарын хурууны хээгээр нь сонгогчийг таних боломжгүй бол сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж, сонгогчийн бүртгэлийн хуудас олгох юм. Сонгогч санал бэлтгэх бүхээгт нууцаар саналаа тэмдэглэнэ. Хэсгийн хорооны дарга, гишүүд болон холбогдох бусад этгээд сонгогчийн саналын нууцлалыг алдагдуулахыг хориглодог. Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтас хэрэглэж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийнэ. Ингэснээр сонгогчид саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээг хэсгийн хорооны ажилтан хийж өгнө. Бэхэн тэмдэглэгээг зөвхөн нэг удаа хийх бөгөөд сонгогч тэмдэглэгээ хийх заавартай танилцах боломжтой. Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж, буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа өгч болно. Мөн санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч, саналаа өгч болно. Санал авах өдрийн 22:00 цагт сонгогчийн бүртгэл зогсох бөгөөд бүртгэлийн хуудсаа 22:00 цагаас өмнө авсан бол сонгогч саналаа өгөх боломжтой.
Мөн санал авах байрыг бэлтгэхдээ харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, санал тэмдэглэх зориулалттай брайль үсэг бүхий хавтас санал авах байр бүрт байхаар зохицуулсан. санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хэсэг дэх сонгогчийн тооноос хамааран хоёроос доошгүй тооны санал бэлтгэх бүхээг байх бөгөөд санал авах байр бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож, бэлтгэсэн байх шаардлагатай. санал авах байр нь тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байна. мөн санал авах байранд хяналтын камерыг сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулахгүйгээр байрлуулна. эдгээр зохицуулалт нь сонгогчийн саналаа нууцаар өгөх боломжийг хангах юм.
ЗӨӨВРИЙН ХАЙРЦГААР САНАЛАА ӨГӨХ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаанд эрх зүйн шинэ зохицуулалтыг бий болгож, коронавируст халдвар /ковид-19/-ын улмаас эмчлүүлэгчид болон тусгаарлагдсан иргэд, дайчлагдан ажиллаж буй алба хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд, бусад этгээдийг зөөврийг битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах зохион байгуулалтыг хийж байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 09:00-20:00 цагт орон даяар зохион байгуулна. гэрийн ажиглалтын түр журмын дагуу тусгаарлагдсан сонгогч нь 2021 оны 6 дугаар сарын 05-ны дотор өөрийн харьяа хэсгийн хороонд хүсэлтээ гаргах боломжтой.
СОНГОГЧДОД САНАЛАА ӨГӨХӨД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ХОРИГЛОДОГ.
- Тухайн санал авах байранд санал өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх;
- Өөр хүний бичиг баримт, хуурамч баримт бичиг ашиглаж санал өгөх, саналаа өгөхийг оролдох;
- Тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудас ашиглах;
- Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, эсвэл авч гарах;
- Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах үйлдэл хийх;
- Саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх;
- аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсвэл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.
САНАЛ АВАХ БАЙРАНД ХУУЛИАР ХОРИГЛОСОН ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТ:
- Санал авах байранд нэр дэвшигч болон зөвшөөрөлгүй бусад этгээд саналаа өгөхөөс бусад тохиолдолд байхыг хориглоно.
- Сонгогч саналын хуудаст саналаа тэмдэглэх үед тухайн сонгогчийн дэргэд өөр хүн байхыг хориглоно. гэхдээ эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл болон боловсролын түвшнээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн хүнээс туслалцаа авч саналаа өгөх боломжтой.
Сонгогч зайлшгүй мэдэх бас нэг чухал зүйл бол саналын хуудас. Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүн гаргах үндсэн баримт бичиг болдог. өөрөөр хэлбэл, саналын хуудас нь сонгогчид өгч саналыг тэмдэглүүлээд, саналын хайрцагт хийлгүүлээд, түүнийг нь тоолоод хэн ялсныг нь тооцдог, сонгуулийн дараа тодорхой хугацаагаар хадгаладаг чухал баримт бичиг юм.
Саналын хуудас нь агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчоос саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой байх бөгөөд саналаа хэрхэн тэмдэглэх тухай заавар агуулсан байдаг. Тиймээс саналын хуудсанд тэмдэглэл хийхийн өмнө энэ заавартай сайтар, нямбай танилцаж, ямар нэг алдаа мадаггүй саналаа өгөх боломжтой. хэрвээ сонгогч алдаа гаргавал тухайн саналын хуудсаа хэсгийн хороонд буцааж өгөөд дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгөх боломжийг хуулиар олгодог.
Түүнчлэн сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө саналаа өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн саналыг тоолохгүй боловч тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолно. гэхдээ энэ саналын хуудас нь хүчинтэй саналын хуудаст тооцогддог. энэ нь сонгуулийн саналаа чөлөөтэй илэрхийлэх зарчимд хамаарах юм.
Батлагдсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудас нь хүчингүй байх бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглодог юм шүү. Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглодог.
Сонгогч та Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан эрх, эрх чөлөөгөө эдэлж, сонгуульд идэвхтэй оролцон саналаа өгөөрэй.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм7 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр9 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм10 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Эдийн засаг10 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр7 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Нийгэм10 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо