Нийгэм
Малчдын нийгмийн даатгалын талаарх анхан шатны ойлголт дутмаг байгаагаас нийгмийн даатгалд хамрагдалт бага байна
Малчдын бизнес санал санаачлага, хоршооны үйл ажиллагааг дэмжих замаар тэдний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлж, малчин өрхийг байгалийн гамшиг, цочролд бэлэн байдлыг сайжруулан цочролын дараах нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах зорилготой хэрэгжүүлсэн “Малчдын нийгмийн даатгалыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төсөл дуусч байгаа юм байна. Үүнтэй холбоотой НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сангийн санхүүжилттэй “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтарсан хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн судалгааг ХНХЯ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Маастрихтын их сургууль, Хараат бус судалгааны хүрээлэн хамтран 2020-2022 онд хийжээ. Тэд судалгааны тухайд хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт ХНХЯ, ЭМЯ, НДЕГ, ЭМДЕГ, олон улс, нийгмийн түнш, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцлоо. Мөн ОУХБ-ын Ази, Номхон далайн Нийгмийн хамгааллын мэргэжилтэн Нуно Куна, Маастрихтын их сургуулийн нийгмийн хамгааллын судлаач эрдэмтэд оролцохоор хүрэлцэн иржээ.
ҮСХ-ны мэдээгээр 2020 оны байдлаар 298,798 малчин байгаа нь манай улсын нийт хүн амын 8.7 хувийг эзэлж байна. Тэдний 58.3 хувь нь эрэгтэйчүүд. Харамсалтай нь залуу малчдын тоо 2010-2020 онд 28.9 мянгаар буюу 8.8 хувиар буурчээ. “Малчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын талаарх зан үйл” судалгаанд 21 аймгаас наймыг нь сонгон, 4000 малчныг хамруулжээ. Тэдний 55 хувь нь эрэгтэй, 45 хувь нь эмэгтэй малчин байв. Мөн олонх нь 35-44 настай (39 хувь), харин 25-34 болон 45-54 насны (27- 28 хувь) оролцогч байжээ. Судалгаанд хамрагдсан малчдын өрхийн жилийн орлого дунджаар 15,278,807.0 төгрөг байгаа нь ҮСХ-ноос гаргасан өрхийн дундаж орлоготой ойролцоо байгаа аж. Эрүүл мэндийн даатгалд хамрагдалт нь хүйс, насны бүлгээс хамаарч ялгаатай байна. Гурван малчин тутмын 2 нь (66 хувь) эрүүл мэндийн даатгалд хамрагджээ. Малчдын эрүүл мэндийн даатгалд хамрагдах шалтгаан малчдын наснаас хамааран харилцан адилгүй байна. Нийт судалгаанд оролцсон малчдын 39 хувь нь НДШ төлж байгаа бөгөөд 29 хувь нь сайн дураар, 9хувь нь албан журмаар хамрагджээ. Судалгаагаар малчид ирээдүйд тэтгэвэр авах сонирхол их байгаа ч, малчдын дунд НДШ төлж буй хувь маш бага байна. Нийт малчдын 81 хувь нь ирээдүйд тэтгэвэр авахаар сонирхож, төлөвлөж байна. Малчдын нийгмийн даатгалын талаарх анхан шатны ойлголт дутмаг байгаагаас нийгмийн даатгалд хамрагдахгүй, шимтгэлээ тогтмол төлөхгүй, төлөхөө зогсоох эсвэл даатгалын тэтгэмжээ авах эрхтэй байсан ч нэхэмжлэхгүй байхад хүргэж байна. Чанарын ярилцлагаас харахад монголчууд уламжлалынхаа хувьд ирээдүйн үр өгөөж гэхээсээ илүүтэй одоогийн болон ойрын асуудалд илүү ач холбогдол өгдөг. Энэ хандлага нь малчдын нийгмийн даатгалд хандах хандлагад сөргөөр нөлөөлж байна. Хэлэцүүлэгт оролцогсдын ихэнх нь нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлөх нь хувь хүн өөртөө оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг малчдад сайн ойлгуулах нь зөв гэдэгт санал нийлж байв. Хэлэлцүүлэгт оролцогсдоос зарим зүйлийг тодрууллаа.
ХААИС-ийн зөвлөх Проффесор Д.Далхжав: Даатгал гэдэг нь өөрөө аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж даатгуулдаг болохоос эрсдэл өнгөрсний дараагаар нөхөж даатгадаг зүйл биш шүү дээ.
-Эрүүл мэнд нийгмийн даатгалын төлөлт малчдын дунд хэрхэн явагддаг вэ, хоцрогдоод байгаа шалтгаан нь юу байгаа вэ. Иргэдийн дунд нэг шүүмжлэл явдаг. Эрүүл мэнд, нийгмийн даатгал маш бага төлдөг хэрнээ эргээд халамж үйлчилгээнд хамрагдах нөхцөл өндөр байдаг гэх мэтчлэн. Энэ асуудлыг сайжруулахын тулд ямар гаргалгаа гаргаж байгаа вэ?
-Олон улсын хөдөлмөрийн байгууллагын санаачлагаар малчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын хамрагдалтын талаар нэгэн судалгааны ажил явагдаж би зөвлөхөөр нь ажиллалаа. Монгол улсын 3.4 сая хүний 10 орчим хувь нь буюу 300 гаруй мянган малчин байна. Эндээс нийгмийн даатгалд хамрагдвал зохих гэвэл 260-270 мянган малчин байгаагаас 16.7 хувь нь л даатгалд хамрагдаж байгаа. Тэгэхээр энэ нь юу хэлж байна гэхээр олон хүн нийгмийн хамгааллын цаана үлдэж байна. Ирээдүйд хүн өөрөө өтлөнө хөгширнө, малаа маллаж чадахаа болино тэр үед эдгээр хүмүүсийн нийгмийн хамгааллын баталгааг хэн хангах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Нийгмийн даатгалд харагдахгүй байна гэдэг нь өөрөө төрийн нуруун дээр ирэх ачааг ихэсгэнэ гэсэн үг. Тийм учраас энэ асуудалд анхаарлаа хандуулж нийгмийн даатгалд хамрагдахад нь онцгой ач холбогдол өгөх ёстой гэсэн үндсэн дээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам энэхүү судалгааны ажлыг зохион байгуулсан. Малчид нийгмийн даатгалд хамрагдахгүй байгаа гурван үндсэн багц шалтгаан байна.
Нэгдүгээрт: уламжлалт зан үйлийн талын юм нөлөөлөөд байна. Өнөөгийн хэрэгцээг илүүд үздэг ирээдүйгээ хойш нь тавьдаг.
Хоёрдугаарт: Эдийн засгийн хүчин зүйл. Орлого зарлагынхаа боломжоос хамаараад.
Гуравдугаарт: Хуулинд бас нэг гажуудал байна. Малчдыг нийгмийн даатгалд хамрагдах асуудлаа өөрөө сайн дураар шийд гээд орхичихсон. Тийм учраас малчид нийгмийн даатгалаас гадуур үлдчихээд байна. Тэгэхээр малчин хүн гэдэг өөрөө хөрөнгөтэй, орлоготой учир нийгмийн даатгалд албан журмаар хамрагдах асуудлыг хууль эрхзүйн хувьд зохицуулж өгөх хэрэгтэй, нэмэлт хүчин зүйлүүд ч байгаа.
-Даатгалын санд 16.7 хувь нь малчдаас төвлөрүүлж буй мөнгө. Хэмжээ нь хэд байгаа вэ. Эргээд хүртэж байгаа халамж үйлчилгээ нь түүнээс давсан байдалтай байдаг гэж хараад байна
-Нийгмийн даатгал нь өөрөө хамтын буюу олонхоос цуглуулсан хөрөнгөөр цөөнхид тохиолдсон эрсдэлийг нөхдөг зарчимтай. Тухайн хүн өөрийн сонирхсон боломжит орлогын хүрээнээсээ л шимтгэлийг төлнө. Манай тухайд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс л төлж байгаа. Малчдын тухайд тэтгэвэрийн даатгал, тэтгэмжийн даатгал, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал гэсэн гурван төрлийн даатгалыг багцаар нь сонгож даатгуулах ёстой. Энэ гурван даатгалд 14,5 хувь нь даатгуулахаар байгаа. Тэгэхээр 420 мянган төгрөгөөс тэр хувиар даатгуулвал сардаа 40 орчим мянган төгрөг, жилдээ бол 500-д мянган төгрөг төлнө гэсэн үг. Ирээдүйд тэтгэвэр тогтоолгоход тэтгэврийн доод хэмжээ 500 мянга гээд аваад үзвэл хүртэх хувь нь их гэхдээ түрүүн хэлсэн даатгалын үзэл санааны нэгдлийн зарчим дээр явж байгаа учраас энэ бол өөрөө заавал малчдыг ахиу өндөр төлүүлж байж тэтгэвэр тогтооно гэсэн ойлголт биш л дээ. Нийтлэг журмынхаа дагуу л явж байгаа зүйл.
– Хамрагдалтийг нэмэгдүүлэхийн тулд системийг яаж өөрчлөх ёстой вэ?
-Хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд юун түрүүнд эхлээд хууль эрх зүйн орчноо сайжруулах ёстой. Малчдыг нийгмийн даатгалд албан журмаар даатгаж болох асуудлыг хуулиар зохицуулах тухай нийгмийн даатгалын тухай хуулийн 4.5 дээр нэг заалт байдаг. Тэр заалтынхаа дагуу хууль эрхзүйн орчныг бүрдүүлээд өгөх хэрэгтэй. Мөн малчдын шимтгэл төлөх нөхцөл боломжинд нь таарсан уян хатан зохицуулалтыг хийж өгөх ёстой. Түүнчлэн малчдад мэдээлэл сурталчилгааг сайн өгөх хэрэгтэй. Төвөөс алслагдмал байдалтай суурьшиж байгаа иргэд энэ талаар мэдлэг хомс байна. Малчдын боловсролын түвшин харьцангуй доогуур байгаа. Дараагийн нэг асуудал гэвэл манайд хийгддэг нэг болчимгүй үйл ажиллагаа бол нөхөн даатгалд хамруулдаг асуудал. “Ажилласан жил тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” гэсэн хууль гарч мөрдүүлсэн. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд нөхөн хамруулах тухай хууль гарсан. Энэ асуудлууд нь малчдад их муугаар нөлөөлж байна. Бид одоо заавал төлөх гээд яахав, хэсэг хүлээвэл тодорхой хугацааны дараа ахиад нэг хууль гарч магадгүй гэсэн нэг хүлээлтийг үүсгээд байна. Нөхөн даатгал гэгч нь дэлхийн практикт байдаггүй зүйл. Даатгал гэдэг нь өөрөө аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж даатгуулдаг болохоос эрсдэл өнгөрсний дараагаар нөхөж даатгадаг зүйл биш шүү дээ. Энэ асуудлыг миний зүгээс улс төрчид малчдаас санал авах л гэсэн арга гэж харж байгаа.
-Даатгалыг нөхөн хийснээр нийгмийн даатгалын санд ирэх ачаалал нь хэрхэн нэмэгддэг вэ.
-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулиар нэг жил нь 60-аад мянган төгрөг л төлөгдсөн. Үүнийг 10 жилээр тооцоод, 10 жилийн хагасыг нь 60 мянга гэж тооцоод үлдсэнийг нь нэг төгрөг ч авалгүй нөхөөд өгчихсөн. Иймэрхүү байдал чинь өөрөө малчдын буруу зуршлыг, хүлээлт хандлагыг төрүүлээд байгаа юм.
-Эдийн засгийн нөлөө байдаг бол түүнийг нь сар, улирлаар нь гэхгүй малчдын орлоготой болох хаврын улирлаар нь гэдэг ч юмуу нэгтгээд авч болох боломж байдаг юм болов уу?
-Болно. Үүнд хуулийн зохицуулалт л хэрэгтэй байна. Тухайн жилдээ багтаад өөрийн боломжит үедээ жилийн шимтгэлээ төлнө гэх ч юмуу. Жилээр нь гаргаад ирэхэд л малчид ноолуурын үедээ юм уу, бусад үедээ боломжгүй бол намрын мах, мал борлуулалтаасаа төлчихөд болно. Тэр л боломжийг нь нээгээд өгөх хэрэгтэй. Нүүдлийн мал аж ахуй гэдэг өөрөө зөвхөн монгол оронд байгаа зүйл шүү дээ.
-Эрүүл мэндийн даатгалын төлөлт байхгүйтэй холбоотой эрсдэл юу байгаа вэ. Эмнэлэгт очиход тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байна гээд яриад байдаг. Гэтэл даатгал, үйлчилгээгээ өөрсдөө төлөөгүй асуудал байгаад байдаг
-Аргагүйн эрхэнд эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд нөхөөд төлж байна л даа. Хөдөө суманд л гэхэд эмнэлэгт хэвтэх гээд очиход, эмнэлэг хүлээж авдаггүй. Даатгалаар хүлээж авдаггүй болохоор арга буюу нийгмийн даатгалын байцаагч нар дээр очоод өмнөх хоёр жилээ нөхөн төлөөд эрүүл мэндийн үйлчилгээгээ авч байгаа. Малчдын даатгалд хамрагдах үйл ажиллагаанд эдийн засгийн хөшүүрэг оруулж өгөх хэрэгтэй. Жишээлбэл төрөөс ноос ноолуурын урамшуулал өгч байна. Энэ урамшууллын хэмжээг олгохдоо нийгмийн хариуцлагаа хэрхэн хүлээж даатгал, шимтгэлдээ хамрагдаж байгааг харгалзан үздэг нийгмийн уялдаа холбоог оруулж өгөх хэрэгтэй. Нэмээд хэлэхэд манайд халамжийн хууль гэж энэрэнгүй сайхан хууль байна. Энэ өөрөө нийгмийн даатгалд хамрагдахгүй байж байгаад халамжруу орчих энэ нөхцөл байдлыг бүрдүүлээд байна. Малчин хүн өөрөө хамгийн эрсдэлтэй орчинд амьдардаг учраас нас ахих үед суурь өвчтэй болдог. Суурь өвчтэй болоод ирэхээрээ группт орж хүнд, хөнгөн зэрэг тогтоолгоод халамжинд хамрагдаж эхэлдэг. Ийм учраас нийгмийн халамжийн багц хууль, нийгмийн даатгалын багц хуулийг хооронд нь уялдуулж бодлогын шинж чанартай байлгахгүй бол тус тусдаа чигээ харсан энэ хуулиуд чинь эргээд төрийн нуруун дээрх ачааг нэмэгдүүлээд байна.
Малчин хүн гэдэг хөрөнгөтэй. Хөрөнгөтэй байна гэдэг нь орлоготой гэсэн үг. Ноос ноолуур, цагаан идээгээр орлого олж байна гэсэн үг. Тэгэхээр орлого байгаа учраас тэр хүн амьдраад байна. Орлого олж байгаа тийм хүнийг даатгалд албан журмаар хамруулах ёстой. Гэтэл төсвийн байгуулагад ажилладаг үйлчилгээний ажилтан ч юмуу бага тушаалын хүн бага цалингаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж ажиллаж байгаа хэрнээ албан журмаар даатгуулаад л байгаа шдээ. Тэд ч бас орлого нь хүрэхтэй үгүйтэй байдаг хэрнээ шимтгэл даатгалаа төлдөг. Гэтэл хэд дахин илүү орлоготой малчид ч байгаа
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Судалгааны хэлтсийн дарга Б.Эрхэмбаяр: 2021 оны жилийн эцсийн байдлаар 49.4 мянган малчин сайн дурын даатгалд хамрагдсан
-Монгол Улсад мал маллаж байгаа малчин 304.5 мянга гэсэн тоо байгаа ч үүнээс 238 мянган малчин нь нийгмийн даатгалд хамрагдах боломжтой. 2021 оны жилийн эцсийн байдлаар 49.4 мянга нь сайн дурын даатгалд хамрагдсан байгаа. Малчдын орлого тогтмол бус, газар зүйн байршлаасаа хамаарна, нийгмийн даатгалын байцаагч тэр болгон хүрч ажиллаж боломж нь хомс байсан. Манай байгууллагаас 2020-2021 онд олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран ажиллаж малчдыг нийгмийн даатгалд хамруулах тал дээр тодорхой арга хэмжээ авсан. Цахимаар үйлчилгээ хүргэх талаар сурталчилж, энэ тал дээр ажлууд зохион байгуулж байна. Харин 2022 оноос хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт орж туслах малчдыг сайн дурын даатгалд хамруулахаар заалт орж ирсэн. Сургалт, сурталчилгааг малчдад ойлгомжтойгоор хүргэх мөн цахимаар нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэх, малчдад хүрэх боломж зэрэгт илүү анхаарч ажиллах шаардлагатай байна.
Завхан аймгийн Малчин сумын аварга малчин Л.Ганбаатар: Нийгмийн даатгалаа тухай бүрт нь төлж байгаарай
– Миний хувьд сүүлийн 10-аад жил хамрагдаж, сайн дурын даатгал төлж байна. Нийгмийн даатгал төлснөөр тэтгэвэрт гарахад л хэрэгтэй гэж бодож байгаа. Сүүлийн үед малчид нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь харьцангуй ихэссэн гэж бодож байна. Манай гэр бүлийн хүн шимтгэлээ бүрэн гүйцэд төлөөд гавьяаны амралтдаа суусан. Малчиддаа хандаж хэлэхэд нийгмийн даатгалаа тухай бүрт нь төлж байгаарай л гэж хэлье дээ.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм13 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм17 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг16 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр13 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ