Нийгэм
“Уусан бол бүү жолоод” аянд бүгдээрээ нэгдэцгээе
Амралт зугаалгын улирал эхэлж архидан согтуурах явдал газар авсныг ганцхан жишээнээс харж болох нь. Бидний ярьж заншсанаар “Баасан гарагийн их уулт”-ын үеэр цагдаагийн байгууллагаас шөнийн хяналт хийжээ. Тодруулбал, зургадугаар сарын 10-ны өдрийн 22:00 цагаас 11-ний өглөөний 06:00 цаг хүртэлх найман цагийн хугацаанд “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар “Уусан бол бүү жолоод” арга хэмжээг улс даяар зохион байгуулсан байна.
Энэ үеэр нийт 655 жолооч согтуугаар авто машин жолоодож яваад баригдав. Архи уусан үедээ авто машинтай “жирийлгэсэн” нөхдүүд Улаанбаатар хотод 366, орон нутаг 289 байж. Ганцхан шөнө, найман цагийн хугацаанд тэднийг илрүүлж бусдын болон өөрийнх нь амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлсэн байна. Үүнээс гадна тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 63, орон нутагт 176 илэрчээ.
Зөвхөн энэ оны эхний таван сарын байдлаар Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 мянга 95 зөрчил илрүүлсэн дүн мэдээ бий. Тэгвэл улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 541 зам тээврийн осол бүртгэгдэж 43 хүний амь нас хохирсон аж.
Энэ бол аюулын харанга дэлдэж буй тоо баримт. Тайван цагт элдэв баяр ёслол тэмдэглэж яваад амь насаа алдах явдал тасрахгүй, улам нэмэгдэх шинжтэй болж буй нь харамсалтай. Өнөөдөр дайн тулаан болж буй дэлхийн халуун цэгт ч ийм олон хүн амь насаа алдсан тоо баримт тэр бүр гардаггүй.
Иймд хөдөлгөөнд оролцогч та дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийн өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг ухамсарлаж өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход таны оролцоо, хамтын ажиллагаа чухал гэдгийг анхаарна уу. Өнөөдөр монголчууд бид “цагдаа л байхгүй бол, бас таарахгүй бол болчихно” гэсэн муйхар зангаар нэг хундага архи ууснаа цагаатган бодох, тэгээд автомашин жолоодоод явдгаа болих хэрэгтэй.
Дуудлагын жолооч, такси үйлчилгээ гээд баярлаж наргисан жолооч нар минь санаа амар гэртээ хүргүүлэх боломж бишгүй дээ л бий. Дуудлагын жолоочийн үйлчилгээнд мэргэшсэн найдвартай газрууд ч олширсон. Хот дотор нэг цагийн 20 мянган төгрөгийн үйлчилгээний хөлс авдаг гэж байгаа. Бүр 30 мянга байсан ч яахав. Ганц “гожин” юмны л үнэ. Уухдаа харамлаагүй бол харихдаа бас харамлах хэрэг байна уу. Өөрийн болоод өрөөлийн амь нас, эд хөрөнгөөр дэнчин тавиад ухаан мэдрэлгүй явснаас найдвартай үйлчилгээ аваад зохих хөлсийг нь төлсөн нь дээр гэдгийг ухаарахгүй байгаа нь харамсалтай.
Уг нь заавал эрсдэл дагуулсаны дараа ойлгох асуудал биш сэн. Ууж идэх, баяр ёслол тэмдэглэх гэж байгаа бол унаа тэргээ эхнээсээ зохицуулаад явчихвал болох бус уу. Согтуу жолоочийн балагт хэргийн талаарх мэдээлэл цахим орчин, зурагт гээд бүхий л хэвлэлээр их гардаг. Гэсэн хэдий ч бид үүнд дүгнэлт хийж тэр алдааг нь давтахгүй байх чадваргүй юм гэж үү. Сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавируст цар тахлын хөл хоройны улмаас монгол түмэн наадамдаж чадаагүй. Харин энэ жил өргөн дэлгэр наадамлах шинжтэй. Аймаг сумдын тэгш ойн баярын хөтөлбөрүүд ч гараад эхэлж. Аливаа баяр, наадмын үеэр согтуу жолоочийн тарьсан балаг, хурд хэтрүүлсэнээс үүдсэн эмгэнэлт хэргийн талаарх мэдээлэл хөвөрдөг нь харамсалтай. Тэгэхээр “Уусан бол бүү жолоод” арга хэмжээг улс орон даяар цаашид тогтмол, ядаж наадам өнгөртөл хэрэгжүүлээд үзвэл түүнийг дэмжих иргэн захаас аваад буй гэдэгт эргэлзэхгүй байна. Иймд энэ бүгдэдээ дүгнэлт хийж ууж идэхээ зохицуулаад амар тайван амарч, зугаалж наадацгаая.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм11 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм17 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм16 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр18 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм19 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм19 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм13 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг19 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо