Дэлхий дахинд
Бен Аффлекийн хүү Самуэл ноцтой осол гаргах дөхөв
Хүүхдүүдийн сайн мэдэх Готам хотын хар нөмрөгт баатар “Батман”-ы дүрээрээ олонд танигдсан жүжигчин Бен Аффлекийн хүү, арван настай Самуэл Лос Анжелес хотод бяцхан осол гаргав. Тодруулбал, Бен Аффлек болон Женнифер Лопез нар хүүг дагуулан “777 Exotics” нэртэй тансаг машины худалдаан дээр ирэх үеэр энэ явдал болжээ. Улмаар арван настай хүүг хөдөлгүүр нь ажиллаж байсан шар өнгийн “Lamborghini” машины жолооны ард суухыг зөвшөөрснөөр асуудал эхэлсэн. Тэднийг хүүгээ түр орхин томчууд өөр машин үзэж байтал машин ухарч, ардаа байсан “BMW” машиныг мөргөжээ. “Daily mail” хуудсанд нийтэлсэн бичлэгээс харахад Самуэль хаалга нь онгорхой машины жолоочийн суудалд, Женнифер Лопез ард талд нь суусан байсан. Мөн худалдааны төлөөлөгч бололтой хоёр хүн зогсож байжээ.
Машинууд шүргэлцсэний дараа Аффлек ирж сэв зураас гарсан хэсгийг шалгаж дараа нь хүүгээ тэврэн тайвшруулж байв. Энэ үйл явдлаас болж хэн нэг нь бэртэж гэмтээгүй, холбогдох бүх талууд асуудал үүсээгүй гэдгийг “777 Exotics”-ийн ажилтан хэлжээ. Самуэл бол Бен Аффлекийн өмнөх эхнэр Женнифер Гарнераас төрсөн хамгийн бага хүүхэд юм.