Нийгэм
Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нөлөөллийн аян үргэлжилж байна
Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээгээр улсын хэмжээнд сүүлийн 10 жилд зам тээврийн ослын улмаас 4593 хүн амиа алдаж, 42489 хүн гэмтсэн байна. Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар 10129 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1382 нэгжээр буюу 15.8 хувиар өсөж, нийт ослын 8796 буюу 86.8 хувь нийслэлд, 1333 буюу 13.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 195 хүн амь насаа алдаж, 1087 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэнээс орон нутагт 157 хүн амь насаа алдаж, 416 хүн гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад амь насаа алдсан хүний тоо 69 нэгжээр буюу 78.4 хувиар, гэмтсэн хүний тоо 125 нэгжээр буюу 43.0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс орон нутагт мотоциклтой холбоотой 105 зам тээврийн ослын улмаас 40 хүн амь насаа алдаж, 63 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэн, хүүхэд өртсөн 123 зам тээврийн ослын улмаас 23 хүүхэд амь насаа алдаж, 127 хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн харамсалтай тоон үзүүлэлттэй байгаа нь өмнөх оны мөн үеэс 1382 нэгжээр буюу 15.8 хувиар өсөж, нийт ослын 8796 буюу 86.8 хувь нийслэлд, 1333 буюу 13.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна гэдгийг тээврийн цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдээд байна.
Дээрх ноцтой тоо баримтуудыг бий болгож буй гол шалтгаан нь иргэд, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлдэг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооддог, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй гэх мэт олон хүчил зүйл, зөрчил дутагдалтай холбоотой. Иймээс замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөх талаар иргэдийн мэдлэг ойлголтыг сайжруулах, Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн цагдаагийн албанаас , “Яараад яахав дээ”, “Дураараа биш дүрмээрээ” зэрэг нөлөөллийн аяныг өрнүүлж байсан. Энэ удаа харин “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нөлөөллийн аяныг хэрэгжүүлж эхлээд байна.
Уг нөлөөллийн аян зургадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл буюу гурван сарын хугацаанд үргэлжлэх юм байна. Энэ хүрээнд ямар ажил явагдаж байгаа талаар сонирхон Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Гүнтэд байрлах цагдаагийн шалган нэвтрүүлэх цэгийг зорилоо. Улаанбаатар хотоос гарах хойд чиглэлийн зам ашиглалтад ороогүй, явахад шавар, шорооноос эхлээд бартаа саад ихтэй. Түүнээс улбаатай осол аваар их, машин тэргээ эвдлэх цаашлаад хүний амь нас ч эрсдэж байгаа энэ үед хойд чиглэлийн Гүнтийн цагдаагийн цэг автомашины хөл хөдөлгөөн ихтэй байна. Хойд зүгийг чиглэх иргэд болон зусландаа очихоор яваа иргэдийн хөдөлгөөн тасралтгүй үргэлжилнэ. Тэнд Чингэлтэй дүүргийн цагдаа нар иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих, аялах нөхцлийг бүрдүүлэхээр шалгалт, зөвлөгөө, зөвлөмж өгч байхтай тааралдлаа. Хэдийгээр гадаа халууны хэм +31 градус зааж байвч тэд үүнийг үл ажрана. Ёстой л халуунд халж, хүйтэнд хөрч байдаг хэцүү ажил, мэргэжилтэй хүмүүс юм даа гэх бодол тээсээр… “Тээврийн цагдаа нарын хувьд халуун, хүйтнийг ялгалгүй иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тэдэнд мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлдэг буянтай ажил хийдэг гэж боддог. Жил бүр цагдаагийн байгууллагаас аян зохион байгуулдаг бөгөөд энэ удаа эхлүүлсэн “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аян ч мөн л иргэдийнхээ аюулгүй зорчих эрхийг л хамгаалж байгаа юм.
Тэр хүрээндээ бид хоёр иргэд жолооч нарт “Итгэлийн захиа”-гаа гардуулаад заавар, зөвлөгөөгөө өгөөд ажлаа хийгээд байж байна. Жолооч нартаа замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна” хэмээн Цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч С.Адъяабазар, Б.Мөнхбаяр нар хэллээ.
Харин жолооч Б.Ганзориг “Жил бүр л аян өрнүүлж байгаа нь маш их таалагддаг. Яагаад гэхээр аяныхаа хүрээнд жолооч нар дүрэм, журмаа сайн баримталдаг. Ийм аян зохион байгуулж байгаа нь их зөв гэж хардаг. Харин энэ жилийн хувьд “ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” уриан дор хэрэгжиж “Итгэлийн захиа” гардуулж байгаа ажиллагаа өвөрмөц, урьд өмнө харж байгаагүй сайхан ажил болж гэж бодож байна. Уриалганы үг ч яг манай орны нөхцөлд тохирсон юм шиг ээ. Ер нь зам харгуй муу, ийм нөхцөлд машин жолоодох нь тоглоом биш, гэр бүл үр хүүхдээ бид л аюулгүй авч явах, хариуцлагатай байх ёстой.
Анхааралтай байхыг хэн хэндээ сануулан, аян замдаа гарч байгаа нь аяны маань үр дүнгийн эхний илэрхийлэл юм
“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нөлөөллийн аяны талаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Золжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Цагдаагийн байгууллагаас жил бүр аян өрнүүлдэг. Энэ жилийн хувьд “ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” уриан дор хэрэгжиж байгаа. Нээлтийн ажиллагаанд олон өнгийн бөмбөлөг/шаар/ өлгөсөн байсан. Энэ ямар утга учиртай байв?
-Тухайн өнгийн бөмбөлгүүд тус тусдаа утга агуулсан. Улаан өнгийн бөмбөлөг нь зам тээврийн осолд өртөн амиа алдсан иргэдийн тоо, харин шар бөмбөлөг нь одоо хөдөө орон нутгийн замд зорчиж байгаа иргэдийн тоог илэрхийлсэн. Хүмүүс тоон мэдээлэл харсаар байгаад нүдэнд нь дасал болчихож. Тиймээс бодит харагдахуйц, анхаарал татах шинэ шийдэл болсон.
-“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” аянд дүүрэг бүрийн цагдаагийн алба өөр өөрийн үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ жилийн, энэ арга хэмжээний гол зорилго нь юу вэ?
-Урин дулаан цаг ирж байна. 2020,2021 онуудад цар тахлын улмаас ард иргэд маань гэр орон, нутаг усандаа очиж чадалгүй байнгын хориотой байсан. Мөн энэ жил ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэхтэй холбоотой ард иргэд маань хөдөө, орон нутагт ихээр зорчих болсон. Тэгэхээр иргэдийг холын замд аюулгүй зорчуулах, анхаарал сэрэмжтэй байлгах үүднээс “ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” уриан дор арга хэмжээг эхлүүлж байгаа юм.
-Цагдаагийн байгууллага болон Тээврийн цагдаагийн албанаас өрнүүлж буй аяны үр дүн, хийж буй ажлын талаар мэдээлэл өгөөч?
-Орон нутгийн зам харьцангуй сайжирсан. Жолооч нар маань хурд хэтрүүлэх тохиолдол ихээр гарч байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор бид энэхүү аяныг дэвшүүлж, машин дээр уриалга дэвшүүлсэн наалт, стикерүүдийг байрлуулж байна. Мөн иргэд жолооч нартаа итгэлцлийн захиа гэдэг зүйл түгээж байна. Дэлгүүр худалдааны төвүүд болон хүн хөл ихтэй газар, үйлчилгээний төвүүдэд иргэдэд сурталчилгаа мэдээлэл өгч байгаа.
-Иргэд жил болгон л нэг төрлийн аян явуулж байдаг гэдэг утгаар хүлээн авч сайн мэдээгүй, сонирхохгүй байх шиг харагдаж байна. Тэгэхээр аянын үр дүнг иргэдэд мэдээллэж байх хэрэгтэй санагдлаа?
-Энэ жилийн аян эхэлснээс хойш Улаанбаатар хотод, орон нутагт ч бай үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага, сонин сайтууд бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Мөн урлаг соёлын болон интернет орчинд олон дагагчидтай олны танил хүмүүс манай аянд сайн дураараа нэгдэн үндэсний хэмжээний аян болсон.
-Улаанбаатар хотоос орох гарах чиглэлүүдэд байрлаж байгаа тээврийн товчоодод анхааруулах самбар байршуулсан байгаа байх. Энэхүү аяныг танилцуулах самбараас гадна тухайн нөхцөлд ажиллаж байгаа цагдаа нар хэрхэн иргэдэд хүргэж байгаа вэ?
-Цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн, алба хаагч нар Монгол улсын хэмжээнд өөрсдийн хариуцсан харъяаллын дагуу аянаа сурталчлах зорилгоор бүгд л эрвийх, дэрвийхээрээ ажиллаж байгаа. Хотоос орох гарах товчоод дээр нэмэлтээр алба хаагчдыг гарган хотоос гарч байгаа тээврийн хэрэгсэл бүрийн жолооч нарт анхааруулга, заавар, зөвлөмж, зөвлөгөөг өгч байна.
-Итгэлцлийн захиа хүлээн авсан жолооч нарын хандлага хэр байна. Хэрхэн хүлээж авч байна вэ?
-Одоогоор аян маань эхлээд долоо орчим хоног л болж байна. Эхний нэг хоёр хоног залуучууд бол мэдээлэлгүй, үл оошоосон байдалтай байсан. Ахимаг насныхан их сонирхож “ӨӨ энэ чинь ямар хэрэгтэй чухал зүйл вэ” гээд кабин дотроо явж байгаа зорчигчдод уншиж өгөх , зорчигч нар нь мөн жолоочдоо анхааралтай байхыг сануулж байгаа ажиглагдсан. Анхааралтай байхыг хэн хэндээ сануулан, аян замдаа гарч байгаа нь үр дүнгийн эхний илэрхийлэл юм.
-Цагдаа нар ямар нэгэн өө хайж, зөрчил илрүүлж торгохоо л урьтал болгодог гэж иргэд их ярьдаг л даа. Зарим тохиолдолд заавар, зөвлөгөө өгөөд явуулж болдоггүй юм уу?
-Цагдаагийн байгууллагыг буруушааж ярьж байгаа хүмүүс ихэвчлэн өөрсдөө буруутай, дүрэм журмаа баримтлаагүй хүмүүс байдаг л даа. Алдаагаа ухамсарлахгүй мэдэн будилж тиймэрхүү хандлага гаргаж байгаа нь ажиглагддаг. Манай байгууллагын хувьд иргэдтэй харьцахаас эхлээд бүгд үйл ажиллагааны код, журмаараа заагаад өгсөн байдаг.
-Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт юу хэлэх вэ?
-Хөдөө орон нутаг явж байгаа иргэд хамгийн эхэнд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, жолооч болон зорчигч хамгаалах бүсээ зүүх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, аяны хүрээнд хурдаа тохируулж замын хөдөлгөөндөө соёлтой оролцож явбал эрдэнэт хүний амь нас эрсдэхгүй, аваар осол гарахгүй гэдгийг онцгойлон хэлмээр байна.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм8 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр10 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм11 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Эдийн засаг11 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр8 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Нийгэм11 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо