Дэлхий дахинд
Турк улс Финлянд, Шведийг НАТО-д элсэхийг дэмжинэ
Мадридад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Турк, Финлянд, Швед улсууд аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээр хийсний дүнд Турк улс энэ хоёр улсыг Умард Атлантын эвсэлд элсэхийг дэмжихээ илэрхийллээ гэж Финляндын Ерөнхийлөгч Саули Ниинистё мэдэгдлээ. “Мадридад НАТО-гийн дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнө Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссонтой НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн оролцоотойгоор чухал уулзалт хийлээ. Энэ уулзалтын дүнд Турк улс Мадридын дээд хэмжээний уулзалт дээр Финлянд, Шведийг Умард Атлантын эвсэлд нэгдэхийг дэмжихээ илэрхийлсэн гурван талт санамж бичигт манай Гадаад хэргийн сайд нар гарын үсэг зурсан” гэж Ниинистё хэлсэн байна.
“Турк, Швед, Финлянд улсууд Мадридад хийсэн хэлэлцээрийн дүнд аюулгүй байдлын хэлэлцээрт гарын үсэг зурж умардын энэ хоёр улсыг эвсэлд нэгдэхийг дэмжихээр болсон” гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Столтенберг бас НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид лхагва гарагт энэ хоёр орныг эвслийн гишүүн болгохоор урина гэсэн байна. “НАТО-гийн орнуудын удирдагчид маргааш Швед, Финлянд улсыг НАТО-д элсэхийг урих шийдвэр гаргана. Дараа нь энэ шийдвэрийг баталгаажуулах үйл явц энэ хоёр орны нийслэлд эхэлнэ” гэж тэр мэдээлжээ.
Швед, Финляндын НАТО-д элсүүлэх үйл явц нь Умард Атлантын эвслийн түүхэнд хамгийн түргэн болно гэж Столтенберг онцолсон байна. “Энэ бол бидний түүхэнд хамгийн түргэн үйл явц” гэж тэр хэлсэн байна.
Столтенбергийн хэлснээр бол Швед, Финлянд улсууд НАТО-д элсэх нь умард атлантын эвслийн хувьд чухал явдлаас гадна “балтийн бүс нутагт илүү их ач холбогдолтой” гэнэ.