Нийгэм
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг НЭМҮТ-д ажиллав
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг салбарын байгууллагууддаа ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцахын хамт тулгамдаж буй асуудлуудыг нь сонсож шийдэх гарц гаргалгааны талаар санал солилцож байна.
Сайдын алба хүлээж авснаас хойш Хэнтий аймаг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажилласан тэрбээр өчигдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлага, судлаач эрдэмтдийн төлөөлөлтэй уулзлаа.
Монгол хүний бие бялдрын өвөрмөц онцлог, амьдралын чанар, эрүүл мэндэд нөлөөлж буй нийгэм, эдийн засаг, удамшлын эрсдэлт хүчин зүйлийг судлах, нотолгоонд суурилсан бодлогыг хөгжүүлж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрэгжүүлдэг бүх шатны байгууллагыг мэргэжил арга зүйгээр хангах, иргэдэд эрүүл амьдрах дадал хэвшил, зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, дэмжлэгт орчинг бий болгох зорилго, чиглэлийг баримтлан ажиллаж буй тус төв 130 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдгийн 60 хувь нь эрдэм шинжилгээний ажилтан судлаачид. Ажиллагсдын 20 нь гэрээт ажилтан. Тиймээс төвийн бүтцийг нэн даруй шинэчлэн баталж гэрээт ажиллагсдынхаа асуудлыг шийдэх шаардлага байгаа болон нийгмийн эрүүл мэндийн хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүйг хэлж байв. Түүнчлэн санхүүжилт хангалтгүйгээс нэн шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах, иргэдэд мэдээлэл сурталчилгааг хүргэхэд хүндрэл учирч буйг танилцуулж дэмжлэг хүслээ.
Мөн Монгол Улсад ганцхан байгаа вакцин, биобэлдмэлийн үндэсний үйлдвэрийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP шаардлагад нийцсэн, өндөр технологижсон үйлдвэрийн байр, цогцолбортой болгоход анхаарал тавихыг Эрүүл мэндийн сайдаас хүслээ. Биобэлдмэлийн үйлдвэрт түшиглэн биотехнологийн судалгаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, биотехнологийн үйлдвэрлэлээр мэргэшсэн, дээд, дунд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах шаардлага байгааг ч дуулгасан. Түүнчлэн Вакцины хяналтын лабораторийн барилгын санхүүжилтийг шийдүүлэх шаардлага ч байгаа юм билээ.
С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарт нэн тэргүүнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр онцгой анхаарч эрүүл мэндийн салбарын анхдагч суурь хууль болох Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг боловсруулан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж буй тул хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг эрдэмтэн судлаачдын санал чухал гэдгийг онцолсон.
Эрүүл мэндийн сайдын хувьд иргэдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын дадал хэвшлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарах байр суурь барьж буйгаа танилцуулсан. Энэ ажилд НЭМҮТ-ийн үүрэг оролцоо их гэдгийг ч хэлж байлаа.
Тэрбээр санхүүжилттэй холбоотой асуудлаар “Манай улсын эрүүл мэндийн нийт зардлын 11 орчим хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулж байгаа нь ДЭМБ, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын хөгжлийн агентлагуудын зөвлөмж болгож буй 30-аас доошгүй хувьд хүргэх зорилтоос гурав дахин бага үзүүлэлт төдийгүй энэхүү зардлын дийлэнх хувийг олон улсын зээл тусламж эзэлж байна. Эрүүл мэндийн анхан шатны тусламжид чухам ямар үйлчилгээг оруулбал зохих тухай Дэлхийн банк, ДЭМБ хамтран 1990-ээд оны дунд үед эдийн засгийн тооцоо, судалгаа хийсэн байдаг. Үүгээр нэг иргэнд жилд үзүүлж болох тусламж, үйлчилгээний багцын өртөг зардлыг тооцоод нэн буурай хөгжилтэй орнуудад 12 ам.доллар, дундаж хөгжилтэй орнуудад 21.5 ам.доллар хэмээн гаргасан байдаг. Харин манайд өнөө хэр ийм тооцоолол хийгдээгүй байдаг юм билээ” хэмээгээд манай улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөлд зарцуулж буй төсвийн хуваарилалт дэлхий нийтийн чиг хандлагаас эрс ялгаатай, эмнэлгийн тусламж үйлчилгээг шүтсэн хэлбэр рүү явж буйд шүүмжлэлтэй ханддагаа хэлсэн. Учир нь олон улсад нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн суурь тусламж үйлчилгээ эрүүл мэндийн нийт тусламж үйлчилгээний 21-100 хувийг эзэлдэг бөгөөд нийт санхүүжилтийнхээ 58 хувийг энэ чиглэлд зарцуулдаг. Гэтэл манайд нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн суурь тусламж үйлчилгээ эрүүл мэндийн нийт тусламж үйлчилгээний 49 хувийг эзэлдэг атлаа санхүүжилтийнх нь 19.5 хувь оногддог байна. Түүнээс гадна эрүүл салбарт хэрэгжиж эхлээд хоёр жилийн нүүр үзэж буй гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэхэд тохиромжтой эсэхийг үнэлэх шаардлагатай гэв.
С.Чинзориг сайд НЭҮТ-д хийсэн уулзалтын үеэр онцолсон бас нэг сэдэв нь Эрүүл мэндийг дэмжих сантай холбоотой байсан юм. Сайдын хэлж буйгаар ЭМДэмС-д хуулиар төвлөрүүлэх ёстой хөрөнгийг гүйцэтгэлээр нь бүрэн авахад жилдээ 11-12 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой. Гэвч Сангийн яамнаас тус санд жилдээ 2-3 тэрбумыг хуваарилдаг. Энэ жишгийг өөрчилж гүйцэтгэлээр нь бүрэн төвлөрүүлж байх талаар холбогдох сайд нартай ярилцаж шийдэлд хүрсэн учраас Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулан ЭМДэмС-гийн журмыг шинэчилнэ. Ингэхдээ тус санд төвлөрсөн хөрөнгөөс нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, судалгаа шинжилгээнээс гадна эмнэлгийн тусламж үйлчилгээ бүр тодруулбал, Монголдоо эмчилж чадахгүй байгаа 26 төрлийн өвчнийг эмчлэх арга, эмнэл зүй, технологи, тоног төхөөрөмжийг оруулж ирэх, нутагшуулах зардал болон эдгээр өвчнөөр шаналж буй иргэдийг гадагшаа явж эмчлүүлэхэд үзүүлдэг дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлэхэд зарцуулах зохицуулалтыг хийнэ гэдгээ хэлсэн.
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг судлаачид эрдэмтдийг дэмжихэд ч анхаарах бөгөөд судалгааны ажлыг санхүүжүүлэх, үр дүнг нэвтрүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдэх ажлыг ЭМДэмС-гаас гадна Шинжлэх ухаан технологийн сантай хамтран хэрэгжүүлэх боломжтой гэсэн юм.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.