Нийгэм
Т.Цэрэндолгор: Октябрийн САА маань улсын хоёр удаагийн аварга, миний хариуцсан үтрэм улсын гурван удаагийн аварга, нэг удаа аймгийн аварга, хадлангийн бригад маань дөрвөн удаа улсын аварга болсон
М.ДАВАА
“Арц богд хайрханыхаа нугачаа бүрийг ээжийнхээ дээлийн хормой хэмээн санааширч, тэргүүн юуг нь энгэртэй нь зүйрлэн санах. Илүү дотночлон ойртуулан бодохуйд Жавчрангийн хүүш хэмээх их хайрханы өвөр бэл, харц уруудуулахуйд жижигхэн, жижигхэн бор толгод, түүнийг чимэх хадан цохионууд, завсар зайгаар нь богширгоны нисэлтээр найган ганхах өндөр, өндөр дэрсүүд байх. Говийн энэхэн үзэсгэлэнт хангайд өндөр дээд эцэг өвгөдийн үнэт өв болсон тоонотын буурь цайранхан угтах. Миний ижий, аав ийм л ариун дагшин газарт гал голомтоо бадраасан учраас эгч нь ихэд бэлгэшээн , дурсах төдийд нулимс цийлэлзэн нутаг нүдэнд харагдах юм гээч. Амьдрал шалгарлын замд ашиддаа тэмцэлтэй байхуйн тухай эргэцүүлэх шалтгаан нутаг л байдаг юм байна. Харин миний амьдралын зам, тэмцэл зүтгэл, сэтгэлийн хат, чин үнэн, хүсэл тэмүүллийн хөлгөн далай бол ажил амьдралынхаа гарааг эхлүүлсэн Төв аймгийн Угтаалын САА. Өөрийгөө олж, үр хүүхдээ өсгөсөн, эдүгээ миний тоонот минь буй Октябрийн САА эдүгээ Сүмбэр сум” хэмээн өгүүлэх эрхэм бол Монгол Улсын шилдэг агрономич, уран хатгамалч Тогоочийн Цэрэндолгор гуай.
Идэр насныхаа, эгшиглэнт гоо сайхан ахуйнхаа, сэтгэл хийморийнхоо бал дээжийнхээ хүртээмжээр ажиллаж, үр хүүхдүүддээ эрхэм хүмүүн байхуйг хэнд боловч чамлагдахааргүй зааж сургасан ижий бурхан гэж нот итгэгддэг нь үрсийнх нь хайр энэрлээс харагдаж байлаа. Ил шулуун зантай, хэлэхээ хэлсэн шиг хэлж, хэнээс ч аюун ширвээдэх огтын улбаагүй. Үнэн байх, үнэн орших, мөн хэрээр хүн хүнтэй нэгэн үзүүрт тосот сэтгэлээр ойлголцон бэхэждэг харилцаа, хүн ёсны хандлага бол Т.Цэрэндолгор агрономичийн зарчим ажээ. Тэрбээр ХААДС-ийг 1972 онд агрономич мэргэжлээр төгссөн аж. Тариа будааг хэрхэн зөв, сайхан ургуулах мэдлэг бол түүний сурсан зүйл. Хүний залуу нас мэдээж гоё. Альбомдоо нямбай гээч хадгалж, цэгцэлсэн оюутан ахуй үеийн зургууд нь янзтай. Амьдрал үргэлжлэхийн дэлгэцэд он жилүүд урсч ертөнцийн жамаар намба суун үрээ танихгүй болтлоо өнөржжээ. Тэртээ далаад оны зургууд үлэмжийн сайхан, үлэмжийн энхрий явсныг нь гэрчилнэ. Хэн ч харсан үнэхээр гоо төржээ. Бас арц богдын цагаан дэрс шигээ уяхан, туяхан явжээ.
Амьдралд чигч шулуун, туйлбартай явсаар насыг элээж буй нь харваас илт. “Хүнийг илүү үзсэнгүй, хүнд илүү үзэгдсэнгүй. Хүнээс илүү байх гэж хүсдэггүй. Хүнээс дутуу байхыг боддоггүй. Олныхоо дунд нэр бүтэн, зүс бүрэн хүндтэй явж ирлээ”хэмээн өнөөдөр тэрбээр бардам өгүүлж сууна. Энэ нь хань ижлээ тэтгэн түшиж, тулхтай бодь явсны улбаа лундаа гэж ойлгогдохоор. Орчлон дээр үр хүүхдийнхээ төлөө өнгөө үл өөрчлөх ганцхан зүйл бол ээжийн сэтгэл. Түүнээс бусад ертөнцийн тоосон дунд бүгд л хувирч өөрчлөгддөг үнэнийг хэн хүнгүй мэднэ. Нөгөөтэйгүүр, Т.Цэрэндолгор агрономичийн оюун санааны эрчим, зөн бэлгийн оршихуй нь дорвитой юм билээ. Аливаа юмны утга учир, чинадын нөхцөлдлийг чинагш ойлгож мэдэрдэг. Тэр нь сайн сайхны зөн уриаг лимбэдэн урих дотоод сэтгэлийнх нь тэнхлэг байж мэднэ. Мөнх тэнгэр ч түүнд хайрлах бүхнээ харамгүй хайрлажээ. Хариуд нь мань хүн “Их эзэн” иш хөрөг, “Эр хоёр загал”-аас авахуулаад баян Намсрай, Ногоон дарь эхийг амьсгаагаа үл шингээн туурвиж, хойч үедээ үлдээмүй. Ийм л нэгэн буурайн амар мэндийг эрэх завшаан Эмэгтэйчүүдийн баярын өдөр тохиов.
-Аятай сайхан хаваржиж байна уу. Хаврын эхэн сар талаасаа өнгөрлөө. Хаврын тариалалтдаа гарах юмсан гэхээс хоног өнгөрөхгүй яарч сууна уу, та?
-Сайхан хаваржиж байна аа, Хүүхдүүд минь аятай сайхан хаваржиж байна уу. Нас нь дээр гарсан тариаланчийг зорьж ирж уулзаж байгаад талархаж сууна. Цагаан сарын золголт энэ тэр гэсээр юу юугүй гуравдугаар сар гарчихлаа шүү. Тариаланчид маань хаврын тэргүүн сарын шинийн 15- тай зэрэгцээд л тракторуудаа засч сэлбэн, тариалалтдаа гарахад бэлдээд эхэлдэг юм. Миний хувьд 1972 оноос тариан талбайд тавин нэгэн хаврыг угтаж, тавин намрыг үдсэн байна. Ажил амьдралын минь утга учир тариан талбай болохоор уяа сойлго нь таарсан адуу шиг л гэртээ тогтохгүй болно гээч. Тариаланч хүний жаргал юу байдаг гээч дөнгөж соёолсон нялх буудайг харах тэр л агшин байдаг юм шүү дээ. -Аграномич бол эмэгтэй хүнд ахадсан хүнд мэргэжил. Таныг ид ажиллаж байх үед БНМАУ-д Атрын I,II аян эхэлчихсэн. Шинэ шинэ САА-нууд ар араасаа байгуулагдаж, залуучууд намын илгээлт өвөртөлж байсан цаг үе? -Тийм ээ, ХААИС-ийн аграномийн ангийн XII төгсөлтийн хүүхдүүд шүү дээ, бид. 1972 он. Миний хувьд сургууль дөнгөж төгссөн жаахан охин атрын анхны сангийн аж ахуй болох / улсад хамгийн томд тооцогдох/ Төв аймгийн Угтаалын САА-д хуваарилагдаж, тэндээс ажил амьдралын гарааг эхэлж байлаа. САА-даа арав гаруй жил ажиллаад Октябрийн САА-д шилжин ирж ажилласнаас хойш дөч шахам жил өнгөрсөн байна. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжих үед Октябрь САА маань ААН-үүд болж задарч Сүмбэр сум болсон юм шүү дээ. Энэ үед “Ивээлт” хувиараа эрхлэх аж ахуй байгуулж , үйл ажиллагаагаа өргөтгөн ХАА, МАА хосолсон “Хэнз хүү” ХХК байгуулан өнөөдрийг хүртэл зүтгэсээр буй.
-Танд “их хүнд намар болсон шүү” гэх ч юм уу, “тэр жилийн намрын ургац гайхалтай шүү ” гээд он жилүүдийг эргэн дурсвал өгүүлэх түүх өчнөөн бий байх шүү?
-Намайг 1972 онд Угтаалын САА-д ирэхэд маш хөдөлмөрч, бүтээлч, нөр их хөдөлмөр өрнөсөн хамт олон угтсан. Тэднээс сурч мэдсэн зүйлээрээ өнөөдөр ч хоолоо олж идсээр явна, эгч нь. Газар тариалангийн салбарт тасралтгүй 50 жил зүтгэсэн ч ийн амжилттай яваагийн цаад мөн чанар, суурь нь Угтаалын САА-н буян юм шүү дээ. Монгол Улсын шилдэг агрономич хэмээн индэр дээрээс нэрээ дуудуулах тэр агшинд энэ л бодол тархинд минь орж ирсэн. Угтаалчуудад би сэтгэлийн өртэй хүн. Нөгөөтэйгүүр, эзэмшсэн мэргэжлийнхээ шимийг хүртэнэ гэдэг энэ болов уу. Намайг ажлаа хүлээж аваад удаагүй байхад тухайн үеийн ХААЯ-ны шийдвэрээр Угтаалын САА-д улсын хэмжээний үрийн аж ахуйг байгуулж, салаа гэзэгтэй жаахан охинд өндөр итгэл хүлээлгэн САА-н механикжсан үтрэм, хадлан бригад, тэжээлийн үйлдвэрийг хариуцуулсан. Манай үтрэм 800-1200 тонн үр тариа хадгална, хадлангийн бригад маань 4000-7800 тонн өвс бэлтгэж, тэжээлийн үйлдвэр 5000 тонн багсармал, хорголжин тэжээл үйлдвэрлэж байлаа. Угтаалын САА маань 1975 онд /атрын анхны САА байгуулагдсанас хойших хугацаанд/ анхны “Алтан цом” –ыг авсан гайхалтай тэр өдрийг би ердөө мартдаггүй юм. Тэр намар га-с 20-28 центнер ургац хураасан. Манайх 34 мянган эргэлтийн га талбайтай, гурван тасаг, 12 бригад, механикжсан үтрэмтэйгээ нийлээд дөрвөн үтрэм ажилладаг маш том САА байсан. Алтан цом хүртэхэд энэ бүх нэгжүүдийн амжилт, үүрэг оролцоог үнэлсэн хэрэг.
Хадлангийн бригадыг хариуцан ажиллаж байхдаа хадлангийн талбайн үржил шимийг нь сайжруулах зорилгоор улсын хэмжээнд анх удаа /1973 он/ хадлангийн талбайг бордсон. Ажил маань амжиллтай болж улс даяар миний туршлагыг нэвтрүүлсэн юмдаг. Энэ тухай 1975 онд хуралдсан аймгийн III бүгд хурал дээр АИХын Тэргүүлэгчдийн дарга, НТХ-ны Нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал даргын илтгэлд тэмдэглэгдсэн байдаг. Сургуулиа төгсөөд удаагүй байсан надад энэ бүхэн маш их урам өгч байсныг тэмдэглэн хэлэхийг хүсч бана. Мөн 1979 онд атрын 20 жилийн ойг тохиолдуулан улсын хэмжээний атрын анхдагчууд /илгээлтийн эзэд/ манай САА-д хүрэлцэн ирж спорт, хурдан морь, гар бөмбөг, сагсан бөмбөг гээд спортын бүх төрлийн тэмцээнийг хамтарч зохион байгуулж билээ. Тэр үед манай САА-хан амрах завгүй ажиллан гадна дотноос ирсэн төлөөлөгч, тамирчдад үйлчилж, их ажлын ард гарч байлаа. Аймгийн удирдлагууд Угтаалын САА –хан маш сайн зохион байгуулсан гэж дүгнэсэн шүү.
-Хүмүүс таны мэргэжлийг тэр бүр ойлгодоггүй юм билээ. Хэн дуртай нь л хүссэн газраа хагалаад л үрийн будаа цацаж орхиод л намар нь комбайнаар хурааж авдаг юм шиг санадаг. Шинжлэх ухаан, технологи, хөгжил энэ зэрэгцэж явдаг гэдгийг танаар хэлүүлмээр байна?
– Магадгүй ээ. ХАА бол сэтгэлээ өгч байж үр шимийг нь хүртдэг салбар. Би гэхэд л олон арван тариаланч нөхдөөсөө суралцаж байж л энэ дайны яваа агрономич. Миний ажил, амьдралын багш нар бол Төв аймгийн гавъяат аграномич Галаа, Магвандорж гэх их хүмүүн. Энэ хоёр багшаасаа их зүйл сурсан. Мөн Октябрийн САА-н Норжин даргын гэр бүл Зина агротехникчийг нэрлэх байна. Үнэхээр гайхалтай эмэгтэй. Октябрийн САА-с манайх 10 тонн элит үр авахаар болж, би явсан юм. Норжин дарга биднийг гэртээ урьлаа. Тэгтэл гэр бүлийнх нь хүн бригад яваад ирлээ гэсээр орж ирэв. Тэр эмэгтэй хөдөө, бригад явсан шинжгүй цав цагаан алчууртай. Тэр хүнээс би “ Агротехник хүн ингэж цэвэрхэн цэмцгэр ажиллаж болж байхад би ч мөн адил ингэж л биеэ сайхан авч явах ёстой” юм байна гэх ухаарлыг олж авсан. Нөгөөтэйгүүр, ХАА тэр дундаа газар тариалангийн салбарын ажил эмэгтэй хүнд ахдах нь бий. Гэхдээ ажлын амтанд орвол ч үзүүлээд өгч болох цорын ганц салбар шүү. Эгч нь ингэж л боддог.
-Төв аймаг ургацаараа улсад хоёр удаа “аваргалж ” түрүүлсэн амжилттай. Үүнд Цэрэндолгор аграномичийн гаргасан амжилт нөлөөлсөн хэмээх урмын үгийг Монгол Улсын “Шилдэг аграномич” цол хүртээх үеэр хөтлөгч онцолж байна лээ?
-Манай аймаг 1973,1974,1975 онуудад арвин их ургац хурааж, амжилтаараа улсад тэргүүлсэн. Тэр үед би төвийн механикжсан үтрэмийг, хадлан бригадтай нь хариуцаж байлаа. Тэр он жилүүдэд Угтаалын САА гэхэд 1000 машины цуваа гаргаж, нэг машин хоёр рейс хийнэ гэж төлөвлөн ажилласан. Энэ нь хоёр мянган рейс болох төдийгүй тэр нь дан тэвш биш нэг машин 1-2 чиргүүл чирж байсан гээд бод доо. Ажил хөдөлмөр ундарсан тэр намар тээвэрчид, механикжуулагчид, мэргэжилтнүүд, оюутан сурагчид гээд бүх хүн цаг наргүй, үтрэм гэхэд 24 цагаар ажиллаж байсан жишээтэй. Тэр бүү хэл, манай САА гэхэд л 54- 58 мянган тонн үр тариа хураан авч, үтрэмүүдэд багтахгүй, айлын хашааны зай завсар бүрт буулгаж байсан, хотод төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотно талбайд буулган хатааж байлаа.
Манай САА улсын хоёр удаагийн аварга болж байв. Миний хариуцсан үтрэм гэхэд гурван удаа улсын аварга, нэг удаа аймгийн аварга, хадлангийн бригад маань ч дөрвөн удаа улсын аварга болж байлаа. Харин сумын Тэжээлийн үйлдвэр системийнхээ байгууллагуудаас хоёр удаа түрүүлж, нэг удаа дэд байранд орсон. Үнэхээр онцлохгүй байхын аргагүй сайхан амжилт байгаа биз. Ийм амжилтын эздэд унтаж, амрах эрх байгаагүй. Бидний амжилт бол тэнд ажиллаж байсан бүх хүний хүчин зүтгэл, ажлын ур чадвараас бүрэн хамааралтай. Сүмбэр сумын хувьд манай “Хэнз хүү” ХХК маань будаагаа “Улаанбаатар” гурилын үйлдвэрт тушаадаг ба үр тарианыхаа чанарын үзүүлэлтээр хоёр удаа улсад тэргүүн байр эзэлсэн амжилттай яваа.
-Зах зээлийн нийгмийн үед /1990-ээд он/ хамгийн их хэлмэгдэж сөхөрсөн салбар бол ХАА, тэр дундаа газар тариалан. Тэр он жилүүдийг та яаж туулсан бэ, сонирхохгүй өнгөрч боломгүй санагдаад?
-Атрын III аян эхлэхээс өмнө газар тариалангийн салбар маш их уналтад орсон. Том том САА задарч жижиг ААН болсон. Тэгээд зогсохгүй жижиг ААНүүдэд нь мэргэжлийн хүн байхгүй, дуртай нь ААН байгуулж, газар нутаг, талбайгаа хуваагаад авчихсан, ийм дүр зурагтай овоо хэдэн жилийн нүүр үзсэн. Дур дураараа тариалалт эрхэлдэг болсноор МАА ч уналтад орж, тариалалт ч уналтад орсон. Харин атрын III аян эхэлснээс хойш манай салбар илт сэргэсэн. Өнөөдрийн байдлаар газар тариалангийн салбар боломжийн хэмжээнд яваа гэж хэлэх арай болоогүй байна. Гэхдээ яах вэ нэг үеэ бодвол хөлөө олох л гэж байна даа. Гайгүй үйлдвэрлэлүүд ч бий болсон.
-Ярианы сэдвээ бага зэрэг өөрчилье. Нөр их ажлын хажуугаар үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэв. Үр хүүхэд, ач зээ нарынхаа тухайд?
-Миний хань Рагчаабазар гэж ХААИС-ийн малын эмчийн ангийг онц дүнтэй төгссөн малын их эмч хүн байсан. Сургуулиа төгсөөд Гадаад худалдааны яаманд хуваарилагдсан ч эрдэм шинжилгээний ажлыг үйлдвэрлэл дээр хийнэ гээд саналаараа хөдөө явсан хүн. Бид хоёр оюутны дотуур байранд гэр бүл болсон ч 1972 онд Угтаалын САА-д гал голомтоо бадраасан. Манайх таван хүүхэдтэй, тэр үеийхэн хүүхдээ төрүүлээд 45 хоноод л ажилдаа ордог байв. Ээж маань манай хүүхдүүдийг хүн болгосон доо. Ээжийнхээ хүчинд л нөр их ажлын ард гарснаа нуугаад яах вэ. Миний ээж Дулам нь Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул. Хань бид хоёр хавар, намрын ид ажлын үеэр уулзалдахгүй 7-10 хонох нь юу ч биш. Ийм дүр зураг миний амьдралд зөндөө бий. Би эдүгээ өндөр эмээ болсон. Өнөр өтгөн сайхан л аж төрж явна. Одоо 12 ач зээтэй, тэд минь гэрлэж үр хүүхэд төрүүлсөн байна. Манай хамгийн том хүү Сүмбэр суманд найман жил засагласан. Одоо хувиараа бизнес эрхэлдэг Р.Билэгсайхан гэж 50 гарч яваа залуу бий. Удаах нь Баярсайхан. БНСУ-д ажиллаж амьдарч байгаад ажил дээрээ зүрх нь хаагдаад өөд болсон. Гэхдээ хүүгийн маань эхнэр, хоёр хүүхэд нь бий. Харин гурав дахь нь Р.Гэрэлсайхан. Сүмбэр сумын ЕБС-ийн захирлаар арав гаруй жил ажилласан, монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй.
Түүний дараах нь Р.Өнөрсайхан гээд УИХ-д ажилладаг, хуульч мэргэжилтэй. Хамгийн бага хүү Р.Эрдэнэсайхан маань ХХААХҮЯ-д ажиллаж байсан одоо миний мэргэжлийн дагуу газар тариалангийн аж ахуй эрхлээд явж байна. Том охины маань нэг хүү агромененжментийн анги төгсөөд одоо Австралид ажиллаж буй. Том хүүгийн охин БНХАУ-д олон улсын харилцааны чиглэлээр сургууль төгсөөд Германд тээвэр ложистикийн компанид гаалийн ахлах мэргэжилтэн. Бас нэг охины маань охин БНТУ-д олон улсын худалдаа эдийн засгийн чиглэлээр төгсч ирээд Улаанбаатарт олон улсын байгууллагад ажилладаг. Хүүхдүүдийн маань хүүхдүүд их, дээд сургууль төгсөөд гадаадад голдуу ажиллаж , амьдарч байна.
-Үр хүүхэд, ач зээ нар сайн яваа нь эцэг, эхийн зам мөр сайн байсных гэж манай өвөг дээдэс хэлдэг. Та хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлсэн бэ?
-Бүгд л цэцэрлэг, яслиар дамжсан. Хоёр ой өнгөрөөгөөд л яслид явуулдаг, тэгээд цэцэрлэгээр дамжаад, сургуульд ордог. Сургуульд нь дандаа л би хүргэж өгдөг, хөгшинд маань зав гарахгүй. Ээж настай хүн болохоор тэр бүр угааж цэвэрлэж чадахгүй, тиймээс шөнө орой болсон ч ажлаасаа ирээд л хувцсыг нь угааж, нойтноор нь уур савсуулаад индүүддэг байлаа. Ер нь хүүхдүүдийг өсөх өндийхөд, ээж маань л их үүрэг гүйцэтгэсэн. Ээжийнхээ насан дээр ирээд л ээжийгээ бүрэн ойлгож, өрөвддөг юм байна шүү.
-Та уран хатгамлыг хэнээс анх сурав. Олны хүртээл болсон ямар , ямар бүтээл байна вэ?
-Төв аймгийн IX арван жилийн сургуульд сурч байхад манай сургуульд ганган Дулмаа гэж их сайхан багш эмэгтэй байдаг байлаа. Тэр багш маань нэг өдөр намайг ангидаа дуудаад Төв аймгийн “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс эмэгтэй сурагчдын дунд гар урлалын уралдаан зарласан. Чи түүнд оролц хэмээсэн. Би хариуд нь “Багшаа би зүү утас барихаас цаашгүй шүү дээ” гэхэд багш “Чи тахир зүү, мантуу утсаар малгай, бээлий сайн нэхэж байгаа харагдсан, багш нь чамд заагаад өгье” гэсэн. Тэр үед “Эвлэлийн XV” их хуралд манай ангийн эвлэлийн үүрийн дарга н.Доржготов маань тэр их хуралд оролцож, тэмдэг зүүсээр ангидаа ирсэн. Зүүсэн тэмдэг нь миний нүдэнд шууд л туссан. н.Доржготовоороо тэр тэмдгийг нь шугам зургийн дэвтрийн хэмжээтэй зуруулаад Дулмаа багш дээрээ бариад очсон. Багш тэгэхэд “ Чамд зүү ороохыг зааж өгнө” гэсэн. Ингээд багшаараа зүү ороохыг заалгаад би өөрөө хонин холбоо бас бус хатгамлыг мэддэг байсан нь аз болсон. Нэг ёсондоо миний хамгийн анхны гар хатгамлын захиалга орж ирсэн хэрэг. Мэдээж даалгавар авсан хүн чинь шууд л ажилдаа орсон.
Тэмдэг учраас зарим товгор хэсэг дээр нь хөөмөл утсаар оёж, дотор талын нимгэн талыг нь хонин холбоо, задгай хатгамал зэргийг хослуулж оёсоор нэг л мэдэхэд хатгамал маань бэлэн болж, бүтээлээ аймгийн гар урлалд явуулсан. Хавар нь манай ангийнхан хаврын тариалалтад туслахаар ангийн багш н.Шадавын хамтаар явсан. Тэгсэн н.Шадав багш “За хүүхдүүдээ та нар дор бүрнээ ажлаа амжуулаад байж байгаараа, би хурдхан шиг сумын төв орчихоод ирье гэсэн. Бид ажлаа хийгээд байж байтал багш ч сумын төвөөс ирлээ. Ангийнхныг дуудаад надад тухайн үед 30 төгрөгийн үнэтэй сэрүүлэгтэй цаг, урт цагаан ороолт, сайшаалын үнэмлэхийн хамтаар уран хатгамал оёсны шагнал хэмээн өгсөн. Сайшаалын үнэмлэх нь гадуураа шар хавтастай, дотор талдаа миний нэрийг бичсэн байсан. Тэр үнэмлэх нь зөвхөн шагналт байранд орсон хүүхдүүдэд өгсөн юм билээ. Харин тэр цагаан ороолтыг манай хүн ихэд нандигнан, хөдөө явах бүртээ ороодог байсан.
-Үүнээс хойш та олон бүтээл туурвисан байх?
-Тэгэлгүй яах вэ, анхны бүтээлээсээ шагнал авсан болохоор их л урамшиж гар урлалын тэмцээн болгонд оролцох болсон. Ихэвчлэн “Чагтан” оёогоор бүтээлүүдээ урлана. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах болсноос хойш гар урлалаасаа багагүй хугацаанд завсарласан. Харин 1994 оноос хойш яг гар урлалаараа дагнаж олон бүтээл туурвисан даа. Сумынхаа 20 жил, Өвөрхангай аймгийн Богд сумын 90 жил, Сэлэнгэ аймгийн хөгжимт драмын театрыг анх нээгдэхэд 5х7 харьцаатай урлагийн Янжинлхам бурхныг зээгт наамлаар хатган дурсгаж байлаа. Чингис хаан, “Эр хоёр загал”,” Бардам туулай”, “Ховдог гахай” гэх мэтчилэн олон бүтээл урлаж дээ, эргээд бодоход. Мөн аймгийн Намын хороо, Эмэгтэйчүүдийн зөвлөлд олон сайхан гар урлалын бүтээл хийж өгч байсан.
-Уран хамтгамлын өнгө, түүний бүх зүйлийг бодит мэт харагдуулна гэдэг хатгамалч хүнээс ихээхэн урнаар сэтгэхийг шаардах байх шүү?
-Уран хатгамал гэдэг бол тосон будгийг, торгоор л урлана гэсэн үг шүү дээ. Хатгамал гээд дан ганц даавуу утас бариад суухыг хэлэхгүй. Эхлээд зургаа сонгоод тэрийг ямар байдлаар, яг ямар өнгөн дээр хатгах вэ гэдгээс бүх зүйл эхэлнэ. Тэгээд зургаа сонгосны дараа гараараа зурна. Ингээд бодоход зураач, оёдолчин, эсгүүрчин гээд өөр олон мэргэжлийг нэг дор цогцлоож гэмээн уран хатгамал болно. Гар урлал бол нүд, сэтгэл, гарын ураа шингээж гэмээнэ амилдаг бүтээл. Мөн гар урлал хийж байгаа хүн зүү, утсаа газар тавихгүй, зүү утсаа учигтай хонуулахгүй, хайчин дээгүүрээ гишгэдэггүй ёстой. Энэ бүхнийг цээрлэдэг. Оёж хатгасан бүх л зүйлээ цэвэр цэмцгэр, дээдэлж явдаг даа. Хийсэн бүтээлээ эргээд харахад заримдаа өө олох нь бий.
-Танай хүүхдүүдийн гэрт таны бүтээлээд бий юу?
-Байлгүй яах вэ. Том хүүгийнд маань сэлэм зэвсгээ агссан Чингис хааны зээгт наамал хөрөг, бага охиныд маань зүү ороож оёсон Чингис хааны иш хөрөг, өөрийн маань гэрт “Ногоон дарь эх”, “Бурхан багш” хатирч яваа морь гэхчлэн олон сайхан бүтээлүүд маань бий.
-Таныг заримдаа үг холбогдог хэмээн охин тань шивнэсэн?
-Сэтгэлийн үг юм шүү дээ. Тариан талбайдаа очих үед минь: Үеэлзэн найгах тариан талбайгаасаа Үргэлжлэн шаргалтах Сүмбэр нутгаасаа Сүлд хиймороо даатган мөргөе Сүүн цацлаа өргөн залбирья гэсэн дөрвөн мөрт орж ирэх жишээний.
-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлбэл?
-Миний бие Төв сайхан нутгаар овоглож, Төв сайхан нутгийн хамт олон дунд ажиллаж, тэр нутгаас энэ нутагт 50 жил амьдарчээ. Төв сайхан нутаг минь өгөөж хишгээ хайрлаж, миний таван хүүхдийг үргэлж ивээж явдаг. Манай гэр бүлийн ажил амьдралын бүх л ололт амжилт Төв сайхан нутагтай минь салшгүй холбоотой, тийм ч учраас Төв нутгийнхаа хөрс шороог дээдэлж шүтэж явдаг. Хамт ажиллаж байсан хамт олон, одоо ажиллаж байгаа хамт олон, Цаашид ажиллах ирээдүй залуу үеийнхэндээ хөдөлмөрч, өөриймсөг, эх орондоо ихийг бүтээж, хүний дээдтэй нөхөрлөж, ажлын дээдийг хийж, сайн сайхны дээдийг амсаж эдлэж яваарай гэж хүсэн ерөөе. Миний охидууд үнэхээр хөдөлмөрч. Ижий нь та бүхнээрээ үргэлж бахархдаг. Ингээд охидууддаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм12 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм18 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм17 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр19 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм21 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм20 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм14 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг20 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо