Нийгэм
Долоон байршилд зам тавьж, дөрвөн байршилд нүхэн гарц хийнэ
Нийслэлийн хэмжээнд авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 2023 онд хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ерөнхий инженер Я.Өнөртүвшингээс тодрууллаа.
-Авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 2023 онд ямар ажлууд хийх вэ?
-Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр зам, замын байгууламжийн долоон ажлыг 2022-2023 онд хийж гүйцэтгэнэ. Үүнд дөрвөн байршилд гол гудамж зам, гурван байршилд туслах гудамж зам тавих ажил багтаж байна. Байршлуудын талаар онцолбол, Ард Аюушийн өргөн чөлөөг баруун тийш Толгойттой холбох 2.4 километр, Гачууртын замыг Шар хадны автобусны эцсийн зогсоолтой холбох замууд байна. Түүнчлэн Яармаг болон Сонсголонгийн гүүрний дунд буюу Туул голын салаа дээр барьж буй гурван гүүрний барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ. Мөн Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх авто зам, Зайсангийн гүүрийг шинэчлэх, дэргэд нь шинээр гүүр барьж хос болгох ажлууд бий. Дунд голын ар буюу “Алтай” хотхоны урд хэсгийн авто замыг баруун тийш холбох 750 метр урттай зам тавина.
Нүхэн гарцыг нэмэгдүүлэх чиглэлд дөрвөн байршил буюу Таван шар, Геологийн төв лаборатори, “Hermes”-ийн орчим, Дүнжингарав дахь төмөр замын гармууд дээр нүхэн гарц хийхээр төлөвлөөд зураг төслийг гаргаад явж байна.
Он дамжсан долоон ажлын хувьд барилга угсралтын ажил нь үргэлжилж байгаа. Харин нүхэн гарцуудын хувьд зураг төслийн шатандаа явж байна, энэ зунаас хоёр байршилд барилгын ажил эхэлнэ.
-Өнгөрсөн онд ямар ажлуудыг гүйцэтгэсэн бэ?
-Авто замын байгууламжийг нэмэгдүүлэх, түгжрэл бууруулах чиглэлд өнгөрсөн онд 22 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд нийтдээ 25.94 километр зам, 963.7 метр гүүрний ажил багтаж буй. Эдгээрээс дөрвөн байршилд замыг ашиглалтад оруулсан, 11 байршилд хийх ажлын төсөв тодотголоор хассан. Тэгэхээр үүнээс үлдсэн долоон ажлыг энэ онд хийж гүйцэтгэх юм.
-Бүтээн байгуулалтын ажлын явц хэр байна вэ?
-Эдгээр долоон ажлыг энэ ондоо багтааж дуусгана. Явцын тухайд, Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөө рүү холбох ажил 25 хувь, Гачууртаас Шар хадны эцсийн зогсоол хүртэл тавих 4.27 километр замын гүйцэтгэл 40 хувьтай байна. Зайсангийн гүүрийг өргөтгөж шинэчлэх, мөн шинээр гүүр барих ажлын бэлтгэлийг хангасан.
Толгойтын замыг Ард Аюушийн чөлөөтэй холбох, олон түвшний огтлолцолтой 2.4 километр замын хувьд гүйцэтгэгч компани талбай дээрээ бэлтгэлээ хангаад, шугам сүлжээний тодруулгуудаа хийж эхэлсэн. Тухайн байршилд газар чөлөөлөх ажлын явц 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
Гурван туслах замын хувьд Чингисийн өргөн чөлөөг Баруун үйлдвэрийн гудамжтай холбох 0.23 километр замын ажлын гүйцэтгэл 40 хувьтай, “Алтай” хотхоны урд хэсгийн 750 метр туслах замын ажлын бэлтгэлийг хангаж байна.
Энэ долоон замын хувьд трассын дагуу авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугам сүлжээ гээд цогц байдлаар тохижуулахаар төлөвлөсөн. Мөн зураг төсөл, барилга угсралтын явцад мөрдөх стандарт, шаардлагыг хангахад хяналт тавиад ажиллана.
-Зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтыг хийхдээ байршлуудыг хэрхэн сонгож байна вэ?
-Улаанбаатар хотын авто замын түгжрэлд гол нөлөө үзүүлэх замын ажлуудын хүрээнд Нийслэлийн Замын хөгжлийн газартай зөвшилцөөд 90 байршлыг тодорхойлсон байдаг. Эдгээр байршлыг тодорхойлоод иргэдийн зорчилт хөдөлгөөнийг тодорхойлох судалгааг 2022 онд хийсэн. Өөрөөр хэлбэл, энэ 90 байршил нь гол гудамж замууд дээрх иргэдийн зорчих хөдөлгөөний урсгалд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг судалсан гэсэн үг. Энэхүү судалгаан дээр үндэслээд ач холбогдол, нөлөө нь өндөр байршлууд дээр эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа юм. Ер нь энэ 90 байршлын ажлыг хийж гүйцэтгэснээр хотын гол гудамж замуудын ачаалал 20 хувиар буурна гэсэн тооцоолол бий.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм11 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм17 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм16 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр18 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм19 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм19 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм13 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг19 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо