Нийгэм
Хүүхэлдэйн киноны баатрыг урлагч бялуучин ээж
Шинэ жил, төрсөн өдөр, хүүхдийн баяр гээд бид бүхний хүсэн хүлээдэг баяр бүхнийг амтат бялуугүй төсөөлөхийн аргагүй. Элдэв янзын чимэглэлтэй, идэх хүсэл төрж, арааны шүлс асгартал урладаг Ж.Тамирыг “Бүтээлч ээж” цувралдаа онцоллоо. Тэрээр зургаан сартай нярайгаас зургаан нас хүртэлх хоёр охин, хоёр хүүтэй залуухан бас завгүй ээж. Тэрбээр зургаан жилийн дотор дөрвөн сайхан үрийн зулай үнэрлэж, Алдарт эхийн хоёрдугаар одонгийн болзол хангасан нэгэн.
Сонирхолдоо хөтлөгдөн бялуу хийж сурснаар хүн бүхний арааны шүлсийг асгаруулдаг амттан хийх сэдлийг төрүүлсэн гэдгийг тэрээр онцолж байв. Анх youtube-ээс бялуу хэрхэн хийх бичлэгийг үзэж, орц найрлагыг нь судалж, зааврын дагуу материалаа худалдан авч гэрийнхнээ дайлсан нь амттай гэх үнэлгээг авчирсан үргэлжлүүлэх сэдлийг өгчээ. Урмын сайхан үгэнд хөтлөгдөж, уйгагүй хийсээр ур дүй, амт чанар нь өдрөөс өдөрт сайжирсан байна. Олон хүүхэдтэй ээжийн хувьд орлого олж, амьдрал ахуйдаа нэмэрлэх үүрэгтэй. Тиймдээ ч ур чадвар нэмэгдэх болсон тэр үеэс бялууны захиалга авч эхэлжээ. Цаг хугацаа өнгөрсөөр, Тамирын үйлчлүүлэгчид олширсоор байв.
Хүний амьдралын баяр хөөртэй нандин мөчид ширээний гол чимэг болдог бялууг, бялуу урлаачид өнгө үзэмж, загвар хийцийн өргөн сонголттойгоор өнөө үед хийдэг болсон. Бяцхан багачуудын үзэх дуртай “Пороро” хүүхэлдэйн киноны баатруудын дүрсийг л гэхэд нэг бүрчлэн хийдэг гэнэ. Хоол хүнс гэхээсээ илүү урлаг болтлоо хөгжсөн бялууг хийхэд гарын ур дүй, зурах авьяас мэдрэмж шаардагдах нь мэдээж. Хүмүүс бялуу хийх амархан, хэвэнд цутгаад л хийчихнэ гэж боддог байсан үе ард хоцорчээ. Бялууг хэвэнд оруулна гэсэн ойлголт байхгүй. Захиалагч ямар бялуу хийлгэхийг хүснэ, яг л хүссэн загварынх нь дагуу хугацаа алдахгүй хийж өгөх шаардлагатай. Жишээлбэл, охидын дуртай барбиг л гэхэд их бие, гар хөл, үс, нүд, хамар, ам, чих, даашинз гээд бүгдийг нь нэг бүрчлэн гараар хийдэг байна. Тухайлбал, сахилгагүй банди поророгийн дүрсийг хийхэд хоёр цаг болдог гэнэ. Эндээс үзвэл поророгийн бүх найзууд болон бялуугаа хийж дуусгахад нэлээд хугацаа шаардлагатай нь дамжиггүй. Мэдээж ямар бялуу захиалснаас шалтгаалж үнэ нь харилцан адилгүй.
Өнөөдрийн байдлаар залуухан завгүй ээж маань 500 гаруй бялуу урлажээ. “Би бялуу урлаад гурван жил болж байна. Хийж сурахын тулд тусгай сургалтад суугаагүй. Интернэтээс л харж байгаад сурчихсан. Маш олон удаа бүтэлгүйтэж байж л дөртэй болсон. “Оролдлого сайт оройд нь” гэгчээр олон туршилт хийсний эцэст амт чанар, үзэмж сайтай бялуу хийж сурсан даа” гээд тэрбээр инээмсэглэсэн. Тамирыг гэрээр бялууны захиалга авдаг гэхээр ариун цэврийн шаардлагад нийцсэн газар хийдэг болов уу, ямар орц найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэдэг бол гэх зэрэг асуулт урган гарч ирэх нь лавтай. Энэ талаар түүнээс тодруулахад, “Ариун цэврийг маш сайн сахидаг. Учир нь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой шүү дээ. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, хувь хүн МХЕГ-аас шинжилгээний болон ариун цэврийн бичиг авах ёстой. Миний хувьд дүүргийнхээ МХЕГ-т бялууныхаа дээжийг шинжилгээ хийлгэж, бичиг авдаг” гэлээ.
Бялуу урлаач бүсгүй эмч мэргэжилтэй
Залуу хосууд хамтын амьдралаа хадмынхаа гэрээс эхлүүлжээ. Том охиноо төрөөд дөнгөж, хоёр сартай байхад нь Сонгинохайрхан дүүргийн Тахилт дахь буйдхан хэрнээ зэлүүд газарт гэр барьж, өрх тусгаарласан байна. “Тухайн үед Тахилтад цөөхөн айл байдаг байсан. Нялх хүүхэдтэй ч гэсэн хашаагүй газар гэрээ бариад хамтын амьдралаа эхлүүлсэн болохоор аз жаргалаар дүүрэн байлаа. Удалгүй өөрсдөө хашаагаа барьж, байшинтай ч болсон” гэж инээж ирээд хуучлах сэтгэлд их санагдсан. Амьдралаа тэгээс эхлүүлж, бүхнийг өөрсдийн гараар босгох тусмаа амттай үнэ цэнтэй байдаг гэдэг үг үнэн ажээ.
Түүний хань том машины инженер буюу засварчин мэргэжилтэй. Ажлаа хийхийн хажуугаар машин худалдан авч халтуур хийж эхэлсэн нь тэдний амьдралд эергээр нөлөөлж, өөдлөн дэвших үүдийг нээжээ. Хүн бүхэн хотын төвд өөрийн гэсэн орон сууцтай болохыг хүсдэг. Тэд ч мөн адил хашаа байшингаа зарж, таньдаг хүнээсээ лизингээр орон сууц худалдан авч, бусдын адил сайн сайхан амьдралын төлөө хөдөлмөрлөж байна. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд бялуу урлаач бүсгүй маань үе мөчний эмч мэргэжилтэй. Хүн ардынхаа эрүүл мэндэд анхаарал тавьж, ажиллаж яваад урт хугацааны амралт аваад багагүй хугацаа өнгөрүүлж буй. “Хүүхдүүдээ том болохоор мэргэжлээрээ ажиллана даа” гэж инээмсэглэн хэлэх түүнээс эх хүний хайр халамж, эмч хүний үүргээ биелүүлэх чин сэтгэл тодоос тод харагдсан юм.
Завгүй залуухан ээжийн гэр бүлийн журмыг бяцхан үрс нь ч мөрддөг
Зургаан сартайгаас зургаан нас хүртэлх дөрвөн хүүхэдтэй ээжийн нэг өдөр тун ч завгүй өнгөрнө. Өглөөний 06.00 цагаас тэдний нэг өдрийн амьдрал эхэлдэг гэнэ. Хүүхдүүдийнхээ ариун цэврийг сахиулж, хооллож, хувцаслаад аав нь том охиноо 07.30 цагт сургуульд нь хүргэж өгчихөөд буцаж ирнэ. Ингээд цэцэрлэгийн хоёроо аваад эргээд гарна. Энэ зуур Ж.Тамир бүсгүй бага хүүгээ хооллож, хуурайлан, гэрээ цэвэрлэж, өглөөний цайгаа уудаг аж. Гэрийн эзэгтэйн ажил ар араасаа ундарч, эмхэлж цэгцэлсээр, хийж бүтээсээр байтал нэг л мэдэхэд цагийн зүү 11.00 цагийг заах аж. Том охины хичээл тарахаас өмнө бага хүүгээ хооллож, унтуулах ёстой. Тэгж байж д байрны зэргэлдээ байрлах сургууль рүү гүйж очиод охиноо авчихаад ирэхэд унтаахай жаал сэрж таардаг аж. Том охиныхоо хичээлийн даалгаврыг нь хийлгэж, хүүгээ харахын зэрэгцээ гэрийнхээ ажла амжуулж байтал цэцэрлэгийн хоёр нь тарах цаг болчихно. Ингээд том охиндоо дүүгээ харах үүрэг өгөөд цэцэрлэг рүү “жороолно”.
Тайван алхаж явах үе түүнд бараг л байдаггүй гэж хөгжилтэйгөөр инээх юм билээ. Арга ч үгүй биз. Олон нялх хүүхдийг харж, халамжилж, хайрлаж, хүмүүжүүлнэ гэдэг хариуцлагатай ажил. Хүүхдүүд аланаас ирсэн тэр үеэс ажил ид ундарна. Оройн хоолоо хийх, маргааш өмсөх хувцас хунарыг бэлтгэх гээд ажил мундахгүй их. Оройн хоол бэлэн болох тэр үед хань хаалга сэв хийтэл нээгээд орж ирнэ. Хүүхдүүд ч том багагүй шуугилдсаар аавдаа тэврүүлж, үнсүүлснээр ширээ тойрон суух нь тэр. Хоолоо идэж, подойтол цадсан хүүхдүүд 21.30 цаг хүртэл телевизор үзчихээд ор орондоо шургална. Ингэж л тэдний нэг өдөр өндөрлөдөг байна. Аз жаргал, инээд хөөрөөр гэр бүлээ дүүргэж амьдарч яваа завгүй залуухан ээж Ж.Тамир гэрт гар утас хэрэглэхгүй байх хатуу дүрэмтэй. Түүний энэ дүрмийг бяцхан гишүүд бүгд мөрддөг. Тэр ч бүү хэл, хүүхэлдэйн кино үзэх цагийн хуваарийг нарийвчлан гаргадаг байна. Тэрбээр “Хүүхэддээ гар утсаа өгч тоглуулах нь түүний ирээдүй, эрүүл мэндийг сүйтгэж байгаа хэрэг. Гар утас олон өвчний үндсийг тавьдаг. Хүүхдийн эд эсийг гэмтээнэ. Тиймээс эцэг, эхчүүд гар утасны хэрэглээндээ цагийн хуваарь гаргах хэрэгтэй. Гэртээ байхдаа утас хэрэглэхээ болих хэрэгтэй. Хүүхэдтэйгээ ярилцаж, хамт тоглох нь оюун ухаан болоод биеийн хөгжилд нь хэрэгтэй. Дээр нь хүүхэдтэйгээ ойр дотно байж, харилцан ойлголцох замын эхлэл юм шүү дээ” гэсэн юм.
Тийм ээ, Ж.Тамир бол Монголын мянга мянган ээжүүдийн нэг. Түүн шиг олон ээж олон байгаасай гэж чин сэтгэлээсээ хүссэн. Учир нь тэрбээр хүүхдийнхээ эрүүл мэндийн хамгаалахын тулд гар утас хэрэглэхгүй хатуу дүрмийг хэрэгжүүлэхийн тулд өөрөө ч гэсэн дүрмээ хатуу баримталдаг. Дээр нь бялуу урлах, хоол хийх, гэрээ цэвэрлэх гээд бүх л зүйлээ хүүхдийнхээ хамт хийдэг. Ингэхдээ инээж, хөгжилдөж байгааг нь хараад өөрийн эрхгүй цагаан атаархал төрсөн юм.
С.Ичинхорлоо
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Нийгэм
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр22 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Дэлхий дахинд24 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм23 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент22 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм23 цаг өмнө
ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
-
Нийгэм1 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна