Улс төр
Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өнөөг хүртэл намынхаа нөмөр нөөлгөөр улстөрд дараалан сонгогдож сангийн сайдаар хүртэл ажиллаж үзсэн нэгэн. Төрд шударга зүтгэсэн үү гэвэл бас үгүй. Байнга хэл ам дагуулж байдаг өөрийн хувийн компанидаа төсвөөс 19 тэрбум төгрөгийг авахаар 2019 оны төсөвт суулгуулсан явдал ашиг сонирхолын зөрчил дагуулж байна.
Тодруулбал нийслэл дэх ашигтай байршилтай газруудыг өөрийн болгож дээр нь барилга байшин барьж хөрөнгөжсөн гэлцдэг эрхэм гишүүний Баянгол дүүргийн нарны хорооллын цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилга ирэх оны төсвөөс 19 тэрбум төгрөгийг авахаар болж байгаа юм.
Уг нь бол ийм хэмжээний цэцэрлэг,сургуулийн цогцолбор дунджаар 10 тэрбум орчим төгрөгт багтдаг аж. Гэтэл Б.Чойжилсүрэн гишүүн Сангийн сайд байхдаа өөрийнхөө бизнест давуу эрх олгож 15 тэрбум төгрөг гэж үнэлжээ. Сайдын албанаас буумагцаа Төсвийн байнгын хорооны даргын суудалд сууж 19 тэрбум орчим төгрөг болгосон баримт байна.
Нарны хороололд байр худалдан авсан 5700 орчим иргэнд улсын сургууль, цэцэрлэгтэй хотхон хэмээн сурталчилж зарчихаад, дараа нь болохоор энэ бол төлбөртэй сургууль, цэцэрлэг хэмээн хулхиджээ. Тус хорооллын иргэд “Бид сургууль, цэцэрлэгтэй гэсэн учир өндөр үнэтэй байр худалдаж авсан. Тиймээс бид хувийн төлбөртэй, цэцэрлэг, сургуульд хүүхдээ явуулж чадахгүй. Иймд тус цэцэрлэг, сургуулийг улс авна уу” гэсэн хүсэлт тавьсан учир хуулийн дагуу санал боловсруулагдсан байгаа юм.
Ингээд Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Хурд” группын барьсан “Нарны хороолол” дахь сургууль, цэцэрлэгийн барилгыг төрд авах шийдвэрийг гаргажээ. Одоогийн Сангийн яамны ажлын хэсэг удаа дараа үнэ буулгах санал хүргүүлсэн ч Б.Чойжилсүрэн гишүүн үнэтэй материалаар барьсан,газраа 2 тэрбум төгрөгөөр авсан гэж тас гүрийсэн байдаг. Хувийн хэвшлийн барьсан барилгыг төр хэт өндөр үнээр авах гэж байна гэсэн шүүмжлэл нэг хэсэг өрнөсөн ч эцэст нь Б.Чойжилсүрэн гишүүн хүслээ гүйцээсэн. Өөрөөр хэлбэл тэрээр дунджаар 10 орчим тэрбум төгрөгт баригдах барилгыг 19 тэрбум төгрөгт хүргэж 2019 оны төсөвт суулгаж чадлаа. Татвар төлөгчдийн мөнгөнөөс тэрээр 9 тэрбум төгрөг шамшигдууллаа. Гишүүн гэх сэтэр зүүсэн хичнээн хүн энэ мэтээр биднээс хулгай хийсээр байх вэ…

Улс төр
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2025.03.27/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр нь Монгол Улсын Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд төмөр замын бүтээн байгуулалтыг 2027 онд багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн асуултад хариулахдаа, “Монгол Улс БНХАУ-тай 1955 онд анхны хоёр боомт холбогдох гэрээг хийж байсан нь Замын-Үүд-Эрээний боомт юм. Өнөөдөр бид УИХ-аар хоёр улсын Засгийн газар хооронд албан ёсоор хэлэлцээр хийсэн хоёр дахь боомтыг 70 жилийн дараа батлах гэж байна. Энэ бол манай экспортын гол боомт болох Гашуунсухайт-Ганцмод боомт холбогдох юм. Монгол Улсын Засгийн газрын яам, БНХАУ -ын Хөгжил шинэтгэлийн хороотой Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан анхны тохиолдол энэ юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээр өнөөдөр батлагдсанаар гурав дахь боомт буюу Шивээхүрэн боомттой хамтын ажиллагааг эхлүүлэх эрх зүйн орчин нээгдэж байгаа гэсэн үг юм” хэмээн онцолж байлаа.
Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 165 сая тоннд хүрч, нүүрсний борлуулалтын жилийн орлого 1.5 тэрбум ам доллароор нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Түүнчлэн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын дараагийн төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэх юм.
Улс төр
Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2025 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоолоор “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээг баталж, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” 58 дугаар тогтоолыг баталсан юм.
Мөн Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээрийн төслийг хэлэлцүүлж, УИХ-ын холбогдох Байнгын хороогоор зөвшилцөх шийдвэрийг гаргасан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон билээ.
Улсын Их Хурлын 58 дугаар тогтоолыг баримтлан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо гарын үсэг зурсан хэмээн сайд Ц.Туваан танилцуулав.
Монгол, Хятадын талын Ажлын хэсгийн хамтарсан хуралдаанаар Талууд үндсэн гурван шатны баримт бичиг байгуулахаар тохиролцжээ.
Хятадын талаас дээрх гэрээнүүдийн төслийг тохиролцох асуудлыг хэлэлцэх саналыг тавьж байгаа бол Монголын талаас Засгийн газар хоорондын гэрээг байгуулснаар бусад гэрээг хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн гэлээ.
Хэлэлцээрийн хувьд Монголын талаас:
1/ төмөр замын царигийн өөр өөрийн стандарт, дүрэм журмыг мөрдөх, төмөр зам ашиглалтад орсны дараа гуравдагч талын ачаа мөн тээвэрлэнэ,
2/ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг нэг зурагтай, нэг гүйцэтгэгчээр хийлгэнэ,
3/ суурь үнийг хамгийн сүүлд баталгаажсан үнээр тогтооно гэсэн зарчмын саналыг Хятадын талд хүргүүлсэн гэж сайд мэдээлсэн.
Хятадын талаас эхний санал буюу өөр өөрийн царигийн стандарт, дүрэм журмыг баримтална гэдэг саналыг хүлээн авч, нүүрсний анхны үнийг “урт хугацааны гэрээний хамгийн өрсөлдөхүйц үнэ”-ээр тогтоох саналыг ирүүлсэн байна.
Хоёрдахь санал буюу барилга угсралтын ажлыг нэг гүйцэтгэгчээр хийлгэх асуудлыг Хятадын тал хүлээн аваагүй тул ойрын үед Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу барилгын ажлын гүйцэтгэгчийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт тендер зарлаж сонгон шалгаруулахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг сайд өгөв.
Хил дамнасан төмөр замын өртгийг бууруулах зорилгоор Зам, тээврийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 дүгээр тушаалын хүрээнд БНХАУ-ын гүүр, төмөр замын барилга угсралтын төрийн өмчит томоохон 2 /CRCC, CREC/ компанитай уулзалт зохион байгуулж тус бүтээн байгуулалтын ажлын өртөг, барилга угсралтын хугацааг бууруулах чиглэлээр хэлэлцэж 270 сая ам.доллараас 220 сая ам.доллар болгон 50 сая ам.доллароор, барилга угсралтын ажлыг 30 сар байсныг 22-24 сар болгон тус тус бууруулсан гэлээ.
Сайд Ц.Туваан, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдсанаар Монгол-Хятадын бусад 3 боомтыг төмөр замаар холбох, Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ гэж үзэж байна хэмээн танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, Гашуунсухайт-Ганцмод боомт орчмын бүс нутагт тулгарч буй том асуудал нь устай холбоотой. Хүн амьдрах, үйл ажиллагаа явуулахад ус хамгаас чухал. Энэ газарт усны суурь судалгаа хийгдсэн үү, хэзээ хэрэглээний цэвэр устай хэзээ болох вэ хэмээн асуусан. Мөн төмөр замын хил холболт хийгдсэнээр төмөр замын тариф, авто тээврийн тариф хэрхэн өөрчлөгдөхийг тодруулаад, нүүрс тээвэрт явж буй 10 гаруй мянган тээврийн хэрэгсэл, үүнд хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг лавласан.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Усны асуудал хүндрэлтэй байгаа. Маш гүнзгий өрөмдөөд ус гарч ирдэггүй. Зөөврийн ус хэрэглэж байна. Ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллах үеэр энэ асуудлыг боомтын захиргаа болон холбогдох албан тушаалтнуудтай ярилцаж, төсөв хөрөнгө гарган боомтын усан хангамжийн асуудлыг ойрын хугацаанд цогц байдлаар шийднэ гэж тогтсон.
Төмөр замын тээвэр нэг зүтгүүрээр олон угсраа вагоныг чирч явдаг гэдэг утгаараа өрсөлдөхүйц байдаг бөгөөд үнэ тарифын хувьд зайнаасаа шалтгаалж өөр өөр. Төмөр зам ашиглалтад орсноор 30 сая тонн нүүрсийг тээвэрлэж гаргах боломж бүрдэнэ. Төмөр замын тээвэр ашиглалтад орсон ч авто тээврийн ачаалал буурахгүй хэвээрээ байна. Нүүрсний экспортын өсөлт байгаа учир авто замаар нүүрс тээвэрлэгчдийн асуудал бага хөндөгдөнө. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, монголын жолооч нараар тээврийг гүйцэтгүүлэх асуудлыг Хятадын талтай ярилцсан гэж хариуллаа.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Орон нутагтай харилцах чиглэлээр ажиллах нэгж “Эрдэнэс тавантолгой” компанид байгаа эсэх, ямар ажил хийхээр төлөвлөснийг тодруулсан. Мөн Гашуунсухайт боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох асуудал яригдсан эсэхийг лавласан.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал, Компани орон нутгийн удирдлага болон холбогдох нэгжүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хоёр талаас бүрдсэн ажлын хэсэг асуудлаа хурлаараа хэлэлцэн шийдвэрлэж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн тухай хуулийн дагуу жил болгон гэрээнийхээ хүрээнд 3-5 тэрбум төгрөгийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн ажиллаж байна. 2025 онд ямар ажил хийх талаарх хурлаараа шийдвэрээ манай компанид ирүүлнэ гэж орон нутгийн удирдлага мэдэгдсэн гэсэн хариулт өгсөн.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Гашуун сухайт-Ганц мод боомтын статустай холбоотой асуудлаар сүүлийн 10 гаруй жил Гадаад харилцааны яамнаас дипломат шугамаар Хятадын талтай ярьж хүсэлт тавьж ирсэн. Боомтын асуудлыг хоёр улсын хилийн боомтын асуудлыг зохицуулах 2004 оны хэлэлцээрээр шийдвэрлэдэг. Хятадын тал хоёр талын гэдэг статусыг хадгалах байр сууриа тууштай илэрхийлээд явж байгаа ч хоёр тал дипломат шугамаар санал солилцоод гуравдагч улсын иргэдийг нэвтрүүлэх зохицуулалтуудыг сүүлийн жилүүдэд тусгаад явж байгаа. 2020 онд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчлахад дөрвөн боомтыг төмөр замаар холбохоор шийдвэрлэсний нэг нь Гашуунсухайт-Ганцмод боомт болоод байна гэлээ.
Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр харилцан ашигтай байх, Монголын талын эрх ашгийг хангуулах асуудлыг гишүүд онцолж байгааг тодотгосон. Тэрбээр, авто зам болоод тээвэр боомтын орчин нөхцөл, орон нутгийн хөгжил, үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоотой холбоотой асуудлуудыг онцгойлон анхаарч ажиллахыг захьсан.
Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэрлэлтийн мэдэгдлийг “И-Монгол” системээр иргэнд хүргэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох асуудлыг Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлэх, зөвшөөрөл олголтын шат дамжлагыг багасгах, хуульд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг баталж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн байгууллагад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Хүсэлт хүлээн авах, хавсаргасан баримт бичгийг магадлан шалгах, шийдвэр гаргахад төрийн мэдээлэл солилцооны “Хур” системийг ашиглах, зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг цахим төлбөрийн баримтын системээр шалгах, шийдвэрлэлтийн мэдэгдлийг “И-Монгол” цахим системээр дамжуулан иргэнд хүргэх, Төрийн үйлчилгээний “e-business.mn” системд нэгтгэх арга хэмжээг ирэх тавдугаар сарын 01-ний дотор багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, тус системд холбогдох байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг “Санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ, “И-Монгол” УТҮГ-т даалгалаа.
Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлснээр 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар “license.mn”-ээр 76, “e-business.mn”-ээр 43, эрх бүхий байгууллага өөрийн системээр 116 тусгай зөвшөөрөл олгож, зөвшөөрлийн нэгдсэн санд 151746 нэгж зөвшөөрлийн мэдээлэл бүртгэгдсэн байна. Үлдсэн 73 тусгай зөвшөөрлийг хүн, хуулийн этгээд уламжлалт аргаар буюу цаасаар харилцах байдлаар олгосон хэвээр байна.
-
Нийгэм12 цаг өмнө
Менингоккокт халдвар авсан хүүхэд нас баржээ
-
Нийгэм12 цаг өмнө
Виз авсан иргэдийг хил дээрээс буцаахгүй байхыг хүсжээ
-
Нийгэм12 цаг өмнө
“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын зөвлөгөөн эхэллээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улаанбаатар метро төслийн зөвлөх багууд тендерийн баримт бичгийн сургалт зохион байгуулав
-
Нийгэм12 цаг өмнө
Б.Мөнхнар, Б.Отгонтуяа, Э.Дэлгэрмаа нар Ази тивээс хүрэл медаль хүртлээ