Нийгэм
Авьяасаа амжилт болгосон “Оюутан ээж”
Үргэлж шинэ, содон, өнгөлөг, өвөрмөц хэв маягаар хүссэн төрхөнд нь хувиргаж чаддаг нүүр будалтын урлаг, мэргэжлийн түвшинд хүртлээ дэлхий дахинд хөгжжээ. Үүнийг мэргэжлээ болгоод урлагийн хэмжээнд аваачихаар зорьж яваа бүсгүйг Х.Энхжаргал гэдэг. “Эмэгтэй хүний гоо сайханг илүү тодотгосон энгийн хэрнээ эхэмсэг будалт хийх дуртай” гэж эелдэгхэн инээмсэглэснээр бидний яриа эхэлсэн юм. Хүн бүхэн өөр өөрийн гэсэн сонирхол, авьяастай.
Тэрээр бага байхаасаа зураг зурж, будах сонирхолтой байжээ. Арван жилийн сургуулиа төгсөөд Кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангид орсноор зурж, будах авьяасаа цаасан дээр биш хүнд “хэрэгжүүлэх” шаардлага тулгарсан гэдэг. Зуны гурван сар кино зурганд гарч дадлага хийхдээ жүжигчдийн нүүр будалт, хувиргалтын ажилд туслах зайлшгүй шаардлага тулгардаг байжээ. Мэргэжлийн нүүр будагчдаас хүний төрхийг хэрхэн яаж хувиргаж, гоё сайхан харагдуулах талаар заалгаж, туршилт хийж байсан нь өнөөдөр өөрийн гэсэн салонтой болох эхлэлийг нь тавьжээ.
Үүргэвчиндээ гоо сайхны бүтээгдэхүүнээ хийгээд өглөөнөөс үдшийн бүрий хүртэл хотын нэг захаас нөгөө зах хүртэл алхаж, автобусанд сууж уйгагүй явсны хүчинд салон нээх хэмжээний мөнгө цуглуулж чадсан байна. Тэрээр мэргэжлийн хэмжээнд гоёлын болон энгийн нүүр будалт мөн кино зураг авалтын хувиргалтын будгийг хэнээс ч дутахгүй хийдгийг үйлчлүүлэгчид нь хэлж байлаа. Үйлчлүүлэгчдийнхээ амьдралын боломжид тохируулж, нүүр будалтыг 30 мянган төгрөгийн ханштай гурван жилийн турш хийж байгаа гэнэ.
Тэр бол сайн ээж
“Ээж болохоор эмэгтэй хүний амьдрал эхэлдэг юм билээ. Би ээж болоод илүү их ухаантай, тэсвэр тэвчээртэй, бүхий л зүйлийг гэгээлэг сайхнаар харж эхэлсэн. Амьдралд дэндүү хайртай болсон. Миний хүү чинь төрөх хугацаанаас хэд хоногийн өмнө гарсан. Жижигхэн 2500 грамм залуу. “Эвий минь ийм жижигхэн байхдаа яахав дээ” гээд эмч сувилагчид яриад л… Тэр үед багш маань залгахад “Би жижигхэн залуутай болсон” гээд хэлтэл над шиг биерхүү эр хүн болно. Би 2200 грамм гарсан шүү дээ” гэсэн. Одоо харахад хүү минь өсгөлүүн, үеийнхнээсээ өндөр биерхүү харагддаг” гэсэн юм. Түүний багш бол урлагынхан дундаа мангас хочит найруулагч МУСТА Ж. Өнөржаргал юм. Эмэгтэй хүн бүхэнд ээж болох мэдрэмж дахин давтагдашгүй хорвоогийн хамгийн сайхан аз жаргал билээ. Тэр тусмаа урлагийн сургуулийн оюутан ээжийн амьдрал тэс өөр. Жилийн чөлөө л аваагүй бол хичээл таслах, чөлөө авах эрхгүй. Дур мэдэн өөртөө чөлөө олговол кредитийн өрөнд орно. Тиймээс цагийн хуваарийг ягштал барьж суржээ. “Би хүүхэдтэй оюутан” гэж хэн нэгнээс өөрийгөө өмгөөлж яваагүй, өнөөдрийн цаг барих, хэлсэн үгэндээ эзэн байх дадал түүнд суужээ. Хүүхдээ өсгөж, хүссэн мэргэжлээрээ амжилттай төгсөхөд түүний хань арын албыг нь сайн хариуцсан гэдгийг Х.Энхжаргал бүсгүй хэлж байлаа. Хүний хань хүүхдийн эцэг хүнд байх бүхий л зан чанар байдаг ханьтайгаа амьдралаа тэгээс эхэлсэн тэд өнөөдөр өөрийн гэсэн бүхнийг бүрдүүлээд эхэлсэн байна.
Бусдыг гоё сайхан харагдуулах хүсэлтэй Х.Энхжаргал бүсгүй нэг жилийн турш хотын өнцөг булан бүрт дуудлагаар очиж, нүүр будалт хийж өгдөг байж. “Өвлийн хүйтэн зуны халууныг ажралгүй, гоо сайхны бүтээгдэхүүнээ том цүнхэнд хийгээд, автобусаар болон алхаж очихын зэрэгцээ захиалагчийнхаа нүүрийг гоё сайхан болгочихоод эрч хүч, эерэг сайхан энергийг мэдэрдэг. Нүүр будах урлагтаа өдрөөс өдөрт дурладаг. Хүнийг гоё сайхан болгох шиг сайхан зүйл хаана ч байхгүй шүү дээ” гэсэн. Зурах авьяасаа амьдралд хэрэгжүүлж, зураг шиг үзэсгэлэнтэй харагдтал будаж чаддаг макэ-ап арст Х.Энхжаргалаас энгийн болон гоёлын будалт, арьсаа хэрхэн хамгаалах талаар цөөн асуултад хариулт авлаа.
-Хүн бүхний нүүрний төрх өөр өөр байдаг. Тэгэхээр зурах авьяас, гоо зүйн мэдрэмжтэй хүн маке ап арстит буюу нүүр будалт хийдэг үү. Нүүр будах аргачлал, дараалалын талаар мэдээлэл өгнө үү?
-Мэдээж, зурах авъяастай шаардлагатай. Цаасан дээр зурж чадахгүй хүн бол хүний нүүрийг гоё будаж чадахгүй. Мэргэжлийн маке ап хийдэг хүн бүхэн зурж, буддаг, гоо зүйн өндөр мэдрэмжтэй байдаг. Учир нь, хүн бүхний нүүрний төрх харилцан адилгүй өөр өөр байдаг. Тэгэхээр тухайн хүнийхээ төрхөнд тохируулж будах чухал. Нүүр будах үндсэн дүрэм гэж байхгүй. Би л гэхэд эхлээд хүний нүдийг буддаг. Тэгэхээр нүүр нь илүү тодорч харагдаад будахад амар санагддаг.
-Бид эрс тэс уур амьсгалтай оронд амьдардаг. Тэгэхээр арьсаа улирал бүрт тааруулан арчлах хэрэгтэй. Хэрхэн арчлах ёстой вэ?
-Нүүр цэвэрлэгээ маш чухал. Орой унтахдаа нүүрээ маш сайн цэвэрлэж, өөрт тохирсон бүтээгдэхүүнээ түрхээд арьсаа амраах хэрэгтэй. Монголынхоо үйлдвэрийн гаргадаг гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй юм шиг санагддаг. Яагаад гэвэл цаг уурынхаа нөхцөл байдалд тохируулан хийдэг учраас монгол хүний арьсанд илүү их тохирно. Хавар нүүр будалт хийлгэсэн бүсгүйчүүдийн нүүр хуурайшилтай. Өвөл чийглэг зөөлөн харин зун тослог бор арьстай болчихсон байдаг. Тэгэхээр цаг агаар хүний арьсанд их нөлөөлдөг. Тиймээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөе.
Ер нь ажиглаж байхад бүсгүйчүүд ихэвчлэн, АНУ, Япон, Солонгос гэх мэт улсын гоо сайхны бүтээгдэхүүнийг авч хэрэглэдэг. Солонгос гэхэд л чийглэг уур амьсгалтай орон. Тэгэхээр солонгос бүтээгдэхүүн Монгол хүний арьсанд таардаггүй. Мөн дотроосоо эрүүлжих маш чухал байдаг. Хүний ходоод эрүүл бол арьс толигор зөөлөн гоё байдаг. Миний хувьд бол буцалсан ус сайн уух хэрэгтэй гэж боддог.
-Баяр ёслолоор нүүрээ будуулах цаг авчихсан байхад маке ап арстит цагтаа ирж будсангүй гэх шүүмжлэл гардаг. Та цагийн хуваарийнхаа дагуу үйлчилгээ үзүүлж чаддаг уу?
-Би нүүр будалт хийж хоолоо олж иддэг. Тэгэхээр цагыг чандлан барьдаг. Хэрэв цагтаа үйлчилгээгээ үзүүлэхгүй бол намайг зорьж ирэх хүмүүсийн тоо багасна. Миний хувьд бол цагийн хуваарийнхаа дагуу л ажиллаж байна. Харин зарим үйлчлүүлэгч маань авсан цагтаа ирдэггүй. Хоцорч ирэх эсвэл бүр таг чиг болох тохиолдол их байдаг. Тэгэхээр хүн бүхэн цаг баримталж сурах, хэлсэн үгэндээ эзэн болох, хүний итгэлийг алдахгүй байх л хэрэгтэй.
–Нэг үеэ бодвол ээжүүд гэртээ хүүхдээ харахынхаа хажуугаар мини бизнес эрхлээд, өрхийн орлогоо нэмдэг болжээ. Та л гэхэд дуудлагаар очиж нүүр будалт хийдэг байсан?
-Сүүлийн гурван жил ээжүүдийн амьдралд хандаж хандлага, хариуцлага нэмэгдэж байгаа санагддаг. Гэртээ хүүхдээ харах хугацаандаа өөрийн гэсэн орлоготой ээжүүд олон бий. Гэртээ байх хугацаа бол өөрийгөө илүү их танин мэдэж, өөртөөгөө ярилцаж, юу хийж чаддагаа олж мэддэг үе юм шиг санагддаг. Би жилийн турш дуудлагаар очиж нүүр будалт хийсэн. Хотын нэг захаас нөгөө захад очиж будалтаа хийчихээд дахиад л нөгөө зах руу явна. Том цүнхэнд хамаг будгаа хийж үрээд алхахдаа алхаж, автобусанд суухдаа суугаад л явна. Хааяа нэг ханийгаа гуйж машинаараа хүргүүлнэ. Хүслээ биелүүлэхийн тулд хэзээч шантарч байгаагүй. Тууштай жил явсны эцэст өөрийн гэсэн салоноо нээгээд ажиллуулж байна.
-Салон нээсэн гэлээ. Сайн ажиллаж чаджээ. Танд баяр хүргэе?
-Баярлалаа. Будгаа үүрээд явдаг байсан надад тохь тухтай үйлчилгээ үзүүлж эхлэх мэдээж сайхан байлгүй яахав. Хурим найр үйлчлүүлэгч ихтэй сайхан жил болж өнгөрлөө. Түмэн олныхоо буянд өөрийн гэсэн ажлын байр, найрсаг хамт олонтой болсондоо баяртай байна.
-Та нүүр будах ганцаарчилсан сургалт явуулдаг гэсэн хэдэн төгрөгийн төлбөртэй вэ. Суралцагчид хэр сайн сурах уу?
-Сургалт 1-5 хоног үргэлжилдэг. Ганцаарчилсан сургалт учраас сайн сурдаг. Ер нь бол тухайн хүний идэвх чармайлтаас их шалтгаалдаг. Өдрийн 20 мянган төгрөгийн үнэтэй. Харин нүүр будалтын үнэ 30 мянга байдаг. Үнэ бол өөрчлөгдөхгүй. Үйлчлүүлэгчдийнхээ амьдрал ахуйтай уялдуулж үнээ тогтоосон байгаа.
–Өдөрт хэдэн хүний нүүр буддаг вэ. Таны нэг өдөр маш завгүй өнгөрдөг юм шиг санагдлаа?
-Ер нь бол маш завгүй өдрүүд өнгөрч байгаа. Залуу хүн завтай байвал эмгэнэл гэдэг үг байдаг шүү. Харин ч ажлаасаа эрч хүчийг мэдрээд, дахин давтагдашгүй илүү гоё будалт хийх хүсэл эрмэлзэлтэй болдог. Өдөр бүр өөр байдаг. Заримдаа 10 орчим хүн будна. Баяр ёслол хурим найр, хонхны баяр, шинэ жил гээд үйлчлүүлэгчид ихтэй сарууд байна. Бүр орлогог багатай сар ч байдаг.
Жил ирэх тусам будах хэв маяг өөрчлөгдөж байна. Бүсгүйчүүд нүдээ тод өнгөөр будчихсан харагдах юм. Та энэ жилийн будалтын чиг хандлагыг тодорхойлооч?
-Цаг хугацаа өнгөрөх тусам будалтын чиг хандлага хувьсан өөрчдлөгдөж байна. Нэг үеэ бодоход манайхан гоо сайхан болон нүүр, үс арчилгаандаа анхаарал хандуулдаг болсон. Нүүрээ гоё буддаг бүсгүйчүүд их болж байна. Энэ жилийн нүүр будалт нь ер нь даруухан натурал будалт л зонхилж байгаа.
Хүсэн хүлээсэн шинэ жил хэдхэн хоногийн дараа боллоо. Эмэгтэй хүн бүхэн ихэмсэг гоё сайхан харагдахын тулд нүүрээ будуулдаг. Тантай яаж холбогдож, нүүр будуулах цаг авах вэ?
-Тэгэлгүй яахав. Хүн бүхний сэтгэл догодлон хүсэн хүлээдэг баяр бол шинэ жил шүү дээ. Эмэгтэй хүн хамгийн гоё даашинзаа өмсөөд, нүрээ будуулж, үсээ засуулаад үдэшлэгийнхээ хамгийн дэгжин бүсгүй болж орохыг хүсдэг. Манайхаар үйлчлүүлэхийн тулд урд өдөр утсаар ярьж нүүрээ будуулах цаг авдаг. 94828239 дугаараар холбогдоод цаг авах боломжтой. Манай салон Хүнсний 4-ээр дэлгүүрийн ард талд байрлалтай.
С. Ичинхорлоо
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Нийгэм
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр22 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Дэлхий дахинд24 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм23 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент22 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм23 цаг өмнө
ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
-
Нийгэм1 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна