Нийгэм
Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан
Ажилсаг хүнийг бурхан шагнаж, амжилтынх нь замыг нээдэг гэдэгт итгэдэг. Аливаа зүйлийг хийхэд мэдлэг чухал ч мэрийлтгүй бол хүн юу ч хийж бүтээж чадахгүй. Хичээл зүтгэлийг эрхэм болгож хийж бүтээх чин хүсэлтэй С.Ганчулуун бүсгүйг “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цуврал нийтлэлдээ онцолж байна.
Түүний ээж насаараа оёдолчин хийсэн хөдөлмөрч буурал. Ээжийн оёж хатгах, урлаж шаглах үйлс үр хүүхдүүдэд нь өвлөгдөн үлдэж, өнөөг хүртэл уран чадварын үргэлжилсээр яваагийн нэг нь С.Ганчулуун. Тэрээр 20 жилийн турш өөрөө өөртөө багшилж өнөөгийн өндөрлөгт хүрчээ. “Хөндлөн хөх зүү барьж чадахгүй. Оёж сур” гэж ээж нь хэлэхэд хэнэггүй хандсандаа одоо ч битүүхэндээ харамсдаг гэдгээ тэрээр нуусангүй. Арван жилийн сургуулиа төгсөөд амьдралын далайд хөл тавихдаа сэлүүрээ тэрээр зөв сонгосон. Түүний сэлүүр оёж, мэтгэх. “Би л хийж чадна” гэж өөртөө байнга хэлж зоригжуулдаг тэрээр оёдлын сургалтад ч сууж үзээгүй. Оёж сурах хүсэлдээ хөтлөгдөн Нарантуул захаас 200 мянган төгрөгийн материал авсан нь инээдтэй ч гэлээ ирээдүйг нь гэрэлтүүлж чаджээ. Учир нь 100 ширхэг хувцас оёх материалаар нэгийг ч оёж чадаагүй нь өнөөдөр түүний амьдралд дурсамж болон үлджээ. “Өөрөө эсгүүр гаргаад өдөр шөнөгүй оёсон ч хүн өмсөх ганц хувцас гараагүй ээ. Гэхдээ шулуун оёдлын машин сайн оёж сурсан. Аргагүй л дээ. Тийм их материалаар оёсон юм чинь сурах нь дамжиггүй. Тэр үеэс өөрийгөө оёж чадахыг мэдэрсэн. Тэгээд л оёх ажилдаа ханцуй шамлан орсон юм. Анхны бүтээл маань шуба байсан. Тухайн үед 38 мянган төгрөгөөр зарж, хүмүүсээс урмын сайхан үгсийг их сонссон” гэв.
Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэвэл хүн юуг ч хийж чаддагийг С.Ганчулуун үйлдлээрээ харуулж яваа бүтээлч нэгэн. Мэргэжлийн сургуульд сураагүй ч мэдрэмжээрээ оёж сурсан. “Тэгж оёно шүү” гэж түүнд хэн ч заагаагүй. Өөрөө л оролдож, оёж, ханзалж, янзалсаар өнөөдөр төрөл бүрийн хувцсыг урлаж, түмэн олноо гоёж явна. Мэргэжлийн гэх тодотголтой өөрийгөө өргөмжилдөг хэн нэгнээс илүү гэхэд бараг л хилсдэхгүй. Энэ талаараа “Мэргэжлийн сургууль төгсөөгүй ч мэдлэгээ тэлээд явж байна. Олон хүнээс их юм сурсан. Одоо ч суралцаж явна. Өөрийнхөө хэмжээнд загвар зохион бүтээнэ. Зохион бүтээсэн загвараа өөрөө эсгээд, оёдог. Оёх тусам л хүний чадвар сайжирна. Тэгэхээр хүн хийж байгаа ажилдаа тууштай л хандах хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт сурна. Хамгийн гол нь зүтгэлтэй хүний итгэлийг алдахгүй сэтгэлийг сэвтээхгүй л амьдрах учиртай” гэсэн юм. Шөнөжин сууж оёсон хувцсаа өглөө нь Нарантуул зах дээр очиж зардаг худалдагчийн ажлыг давхар хэдэн турш хийжээ. Халуунд халж, хүйтэнд хөрдөг гэж тэрээр шантраагүй ч харшил гэх өвчтэй болсноо халаглан ярьж байсан юм. Ажил хийвэл ам тосдоно гэдэг үгээсээ няцаж, цуцах эрх түүнд байгаагүй. Урлах болон унтах цагийн хувиараа ч гаргадаг байжээ. Түүний хэлж буй үг бүрээс аливаа зүйлд сэтгэлтэй ханд гэдгийг ойлгож болно.
Ээжийнхээ эгэлгүй хайрынхан ачийг бага ч гэсэн хариулахсан
Зориод ирсэн үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцтэл урлаж шаглах уран ажлаа хийдэг С.Ганчулуун “ГОО-ЦАЦАА” хувцас загварын урлантай. Түүний урлангаас гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хэн нэгнээ хайрлах халамжлах, хамтарч ажиллахын сайхныг мэдэрнэ. Гэр бүлийн тэр дундаа хадам талынхаа хайрыг хүртсэн бичил бизнес гэхэд бараг л хилсдэхгүй. Өнөөгийн нийгэмд аливаа зүйлийг хийж эхлүүлэхэд хэн нэгний дэм заавал хэрэг болдог. С.Ганчулуун ч энэ замналыг тойроогүй дайраад гарсан. Бизнес эхлүүлэхэд санхүүжилтийн асуудал тулгарах нь мэдээж. Гэрээрээ болон хувцас загварын салонд ажиллаж байсан түүнд өөрийн гэсэн урлантай болоход хадам дүү нь дөрвөн сая төгрөгийн цалингийн зээл авч өгсөн гэдэг. Урлан ажиллуулахад ажлын байрны асуудлыг хадам ах нь ажлынхаа нэг өрөөг суллаж өгч түүнд тусалсан нь тав тухтай орчинд ажлаа хийх боломжийг бүрдүүлж өгчээ. Ханийнх нь хоёр охин дүү нь эгчдээ тусалж, хамтын бизнесээ эхлүүлээд нэг сарын хугацаанд зээлээ төлсөн байна. Өөрөө загвараа зохион бүтээж, фэйсбүүк хуудастаа зураг байршуулснаар сар шинийн загварын монгол цамцны захиалга авчээ. Олон захиалга авсан тэд өдөр шөнөгүй оёж, ажлын байрандаа хэсэг байрлажээ. Хайраар дүүрэн газрыг л гэр бүл гэдэг бол “ГОО-ЦАЦАА” хайраас бүтсэн урлан гэж хэлж болохоор. Хань нь түүний арын албыг хариуцаж, гадаа гарч эр, гэрт орж эм болдог ажилсаг нэгэн, төрийн албанд нэр төртэй ажиллаж, түмэн олныхоо төлөө ажил үүргээ биелүүлж яваад харамсалтайгаар бэртэл авсан тангараг өргөсөн цагдаа. Ханийгаа үргэлж дэмжиж, хөөрхөн охиноо харах үүргээ сайн биелүүлдэг гэдэг нь С.Ганчулууны ярианаас мэдрэгдэж байв. Хийсэн бүтээлийг минь магтаж, шүүмжилдэг ганц хүн гэдгийг тэрээр онцолсон юм. Хамтдаа хөтлөлцөөд оёсон хувцсаа зарах гээд хотын зах, худалдааны төвүүдээр явж байсан үе ч тэдэнд бий. Бие давхар байхдаа оёсон 20 ширхэг нэхий малгайгаа зарах гэж хотын нэг захаас нөгөө зах хүртэл ханьтайгаа хамт алхаж, худалдагч бүрээс малгай авах уу хэмээн асууж явсан нь тэдний амьдралын сайхан түүх. Бүх мөнгөөрөө материал авч, шөнөжин сууж оёсон малгайнуудаа зарагдахгүй бол яанаа гэж айж явсан хоёр бүх малгайгаа таван мянгад зараад харьсан гэдэг. Хөдөлмөрч хүний хөлс дусалж, хийсэн бүтээлийнхээ шагналыг авна гэдэг л энэ биз.
Нийгэм
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Нийгэм37 мин өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм3 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм3 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг2 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ
-
Нийгэм3 цаг өмнө
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ