Нийгэм
Хүсээгүй тавилан
Хэвлийд бяцхан зүрх цохилов… Аз жаргал, тунирхал хосолсон хамгийн нандин хугацаа бол жирэмсэн байх. Д. Мөнхзаяа ч мөн адил энхрий үртэйгээ уулзах өдрийг тэсэн ядан хүлээж, ээж болох хариуцлагатай хамгийн сайхан албаныхаа бэлтгэлийг базааж байв. Өрхийн эмчдээ үзүүлж, шинжилгээнүүдээ өгөв. Шинжилгээний хариу сайн гарах бүрт баярлана. Төрөх хугацаа дөхөж ЭХО-д үзүүлж хүүхдийнхээ хүйсийг тодорхойлуулав. Орчлонг гэрэлтүүлэх охинтой болохоо мэдэж хадам ээжтэйгээ хамт баярлаж явсан үе түүний амьдралын хамгийн сайхан мөч. Нөхөр нь дөрвөн хүүтэй айлд өссөн болоод ч тэрүү “Анхны ач охин” хэмээн гэр бүлээрээ баярлаж байсан гэдэг. Гэтэл тэдний хүлээлт тэс өөрөөр эргэжээ…
2011 оны хоёрдугаар сарын 28-ны тэр нэгэн өдөр Хоёрдугаар төрөхөд очсон байна. Анхны төрөлт учраас Д.Мөнхзаяа хэрхэн дүлж, амьсгалаа зөв хуваарилахаа мэдэхгүй. Өвдөлтөндөө сульдсан тэрээр эмчээс хийсвэр хагалгаагаар төрүүлэхийг аврал эрэн гуйсан боловч тоолгүй “Өөрөөр чинь төрүүлнэ. Эсвэл хүүхдийг чинь татаж гаргалаа шүү” хэмээн зандарчээ. Магадгүй тэр эмч эх хүний нинжин сэтгэл гаргаж 27 насандаа буюу хожуу төрж байгаа түүнд амьсгалаа зөв хуваарилахаас эхлээд чин сэтгэлийн зөвлөгөөг өгсөн бол охин нь эрүүл саруул өсч, торних байлаа. Гэвч дүлэх ч тэнхэлгүй болсон түүний хүүхдийг “татаж” авсан байна.
Охиноо амлуулчихаад төрөх орноос буухдаа ухаан алдаж унасан учраас төрөхийн дараах үйл явцын талаар юу ч мэдээгүй гэнэ. Удалгүй эмнэлгээс гарч шинэ ээжийн хариуцлагатай албандаа оржээ. Өрхийн эмч нь нярайг ирж үзээд, заавар зөвлөгөө өгч нэг л мэдэхэд бяцхан охин нь найман сар хүрэв. Энэ үеэс охин уйлж, инээхгүй, хөлд орохгүй ямар нэгэн сэтгэлийн хөөрөлгүй байгааг анзаарч ЭХЭМҮТ-ийн эмчид үзүүлэхэд тархиндаа цус харвалт өгснийг дуулгажээ. Алагхан үрийнхээ тухай ийм мэдээ сонсох нь ямар ч эмэгтэй, ээж хүний хувьд хамгийн хүнд цохилт болох нь мэдээж. Эмнэлгийн хонгилоор уйлж явсан тэрээр мэдрэлийн эмчид зургийг нь харуулахад “Цус харвалт биш байна. Санаа зоволтгүй. Тархины судасны хатуурал, нарийсал байна. Тариулаад зүгээр болчихно” гэжээ.
Мэргэжлийн эмчийн амнаас “зүгээр” гэх үгийг сонсоод Д.Мөнхзаяагийн сэтгэл тайвширч, эмчлүүлээд хэвийн болчихно хэмээн бодсон нь даанч эндүүрэл байжээ. Хөдөө очиж, хүүхдээ цэвэр агаарт байлгаж байтал охин нь гэнэт таталт өгч хот руу яаралтай иржээ.
Хувийн нэгэн мэдрэлийн эмнэлэгт үзүүлэхэд эмч “Төрөхдөө тархиндаа цус харвалт өгчихсөн байна. Ийм хүүхдэд хамаагүй эм өгч, тариа тарихаар таталт өгч байгаа юм. Одоо насаараа асаргааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болно” гэх үгийг сонсоноос хойш сэтгэлийн дарамттай амьдарч яваа аж.
Ийнхүү түүний амьдрал орвонгоороо эргэжээ. Хайрлаж дурлаж, хамтын амьдралаа эхлүүлсэн хань нь түүнийг хаяад явсан байна. Үхтэл үр харам гэж эхийн сэтгэлээр хөгжлийн бэрхшээлтэй охиноо ганцаараа асарч, өсгөх сонголттой нүүр тулав. Өдөр, шөнөгүй үргэлж асрах үүрэг түүнд ногдсон байна. Хүсэн хүлээж байсан үрээ эмчийн буруутай үйлдлээс болж хүсээгүй тавилангаар амьдруулж байгаадаа тэрээр сэтгэлээр унаж, амьдралд цөхөрч, уйлж явсан өдрүүд олон. Хэлэх гэсэн үг бүрээ ээждээ харцаараа ойлгуулдаг хатуу тавиланд амьдарч байгаа үрээ хайрлаж, хамгаалж, халамжлах үүргээ тэрээр умартсангүй.
II
Ө.Цолмон охин өнөөдөр найман настай. Явж, ярьж чадахгүй ч хүний хэлж байгаа бүх үгийг ойлгодог. Баярлаж, гомдож, өлсч цангаж байгаагаа үйлдлээрээ илэрхийлдэг. Өдөр бүр цаг тутамд эм ууна. Байнгын таталт, хөхрөлт өгнө. Хэзээ, хаана хэдэн цагт таталт өгөхийг хэн ч мэдэхгүй. Тэр бүрт эмнэлгийн тусламжийг эмч биш ээж нь л үзүүлнэ. Энэ бол тэдний хувьд өдөр бүр магадгүй цаг тутамд хийх ёстой “ажил”.
Гадуур түрээд явахад хүртэл таталт өгдөг. Тэрэгнээс нь буулгаад тэвэрч суугаад тайвшруулж, эмчилгээ хийхээс өөр аргагүй. Төрөөс түүнд үзүүлдэг тусламж ердөө л уудаг эмэнд зориулсан 155 мянган төгрөг. Хүүхэд асаргааны мөнгө гэж ээжид нь сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэмж олгодог байна. “Охин минь байнгын асаргаанд байдаг. Өдөр бүр эм уух шаардлагатай. Гадуур гарах бүртээ живх хэрэглэдэг. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд таарах том размертай живх байдаггүй. Хүүхэд өсөх тусам асуудал их болж байна. Гадны улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан бодлоготой юм билээ. Гэтэл манайд ийм төрлийн өвчтэй хүүхдийг хүний тооноос хасчихсан юм шиг санагддаг. Хэрвээ эмч миний хүсэлтийг хүлээж аваад хийсвэр хагалгаа хийсэн, эсвэл эмнэлгээс гарахад хүүхдээ зулайн ЭХО-д үзүүл гээд зөвлөсөн бол миний охин эрүүл саруул өсөх байсан гэж бодож явдаг”… хэмээн хоолой зангируулан хоёр нүдэндээ нулимстай хэлэх эхийг харахад өөрийн эрхгүй өр өвдөж, зүрх шимширнэ.
Хүмүүний амьдралын тавиланг эмч хүсээгүй болтол нь ийн өөрчилжээ. Хатуухан тавиланд амьдарч буй энэ ээж охиноо хэзээ таталт өгчих бол гээд шөнө бүр сэрүүн, дэрэн дээрээ өнчин нулимстай хонодог нь даанч харамсмаар. Охин нь шөнө дөлөөр таталт өгөхөд өөр өрөөнд унтаж байсан хүргэн ах, эгч хоёр нь сандран босч өөрсдийн хэмжээнд эмнэлгийн тусламж үзүүлсээр найман жил өнгөрчээ.
Хөхрөлт өгч амьсгалгүй болно. Энэ үе бол манай гэр бүлийн хувьд хамгийн аймшигтай мөч. Бүгд айж сандарч, уйлаад их хэцүү. Манай эгч бол одоо ч үүнтэй нь эвлэрч чаддаггүй. Бурхан өршөөг… гээд уйлаад залбираад байдаг хэмээн Д.Мөнхзаяа ярилаа.
III
Ө.Цолмон охин даашинз өмсч, гоёж гангалах дуртай. Хоолондоо сайн ч бүхэл зүйл идэж чаддаггүй гэнэ. Энэ нь зажилж чаддаггүйтэй нь холбоотой. Дуртай хоол нь цуйван. Аяганд хийгээд өгөхөд өөрөө эвээ олоод идчихдэг. Зурагтай ном үзэх сонирхолтой. Хөгжим сонсч элдвийг эргэцүүлэн бодож суух өдрүүд түүнд олон. Тэрээр юу бодож, юу хүсдэг нь сонин. Эрээн өнгийн даашинз өмсөөд ээж ээ гэж дуудаад гараас нь хөтлөөд гадуур явах юмсан гэж боддог ч байж магадгүй. Ээж нь охиноо хэвлийд байх үеэс нь төгөлдөр хуур тоглуулж, бүжигчин болгоно гэж хүсдэг байжээ. Ээжийнхээ нэг ч гэсэн хүслийг биелүүлэх гэсэн шиг охин одоо хааяа нэг хөгжим тоглож, хөөрхий ээждээ баяр баясал авчрах нь баярламаар.
Ээж болгон хүүхдээ сургуульд сургаж, боловсрол мэдлэгтэй хүн болгоно гэж боддог. Түүний адилаар Д.Мөнхзаяа ч охиноо Оюуны бэрхшээлтэй хүүхдийн 25 дугаар сургуульд 14 хоногийн турш суралцуулаад аргагүйн эрхэнд гаргажээ. Байнгын асаргаанд байдаг хүүхдийн хажууд асран хамгаалагч нь байхгүй бол элдэв янзын эрсдэл гардаг учраас ийм шийдвэр гаргасан тухайгаа Д.Мөнхзаяа ярьсан. “Сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн олонхи нь ярьж явдаг. Өөрийгөө тодорхой хэмжээнд илэрхийлж чаддаг хүүхдүүд сурдаг. Миний охин ярьж, явж өөрийгөө илэрхийлэх ямар ч чадамжгүй. Ядаж живхийг нь солиод өгдөггүй юм билээ. Тийм орчин нөхцөлтэй газар охиноо байлгахыг хүсээгүй” гэлээ.
Охиноо үзүүлэх гээд Улсын эмнэлэгт цаг авна. Дор хаяж 14 хоног хүлээх шаардлагатай. Эмнэлэгт үзүүлж эмчийг зорих нь тэр бүр олдохгүй учраас дугаараа хүлээж, өдөр хоногийг тоолох нь энүүхэнд. Хяналтын мэдрэлийн эмчид үзүүлэх бол 2-3 сар хүлээнэ. Охины бие муудвал хяналтынхаа эмч рүү залгаж, зөвлөгөө авна. Болохгүй бол очиж үзүүлнэ. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд таталын эмчилгээ хийдэг газар одоохондоо байхгүй. Харин Хөх хотод бий, мэдээж төлбөр нь өндөр. Надад тийм их хэмжээний мөнгө байхгүй. Хэрвээ 20 сая төгрөг байвал охиноо эмчлүүлнэ. Таталт өгөхөөр тархины эсэд нь үхжилт явагдаж насжилт нь богиносдог гэсэн хэмээн ярилаа.
Хайртай охиноо хорвоог хэзээ орхичих бол гэж бодохоор бүтэн нойртой хонодог шөнө ховор. Хэсэг хором байтугай хэдхэн секунд ч холдох, анхаарал сарних төдийд юу болох бол гэдэг нь түүний хувьд төсөөлшгүй аймшигтай санагддаг гэх.
Ө.Цолмон охин ээжтэйгээ хамт жилийн дөрвөн улирлыг ажралгүй жижигхэн төмөр тэрэгтэйгээ хотын нэг захаас нөгөө зах хүртэл явдаг. Автобус, таксинд суух “эрх” тэдэнд байхгүй. Суух гээд очиход зарим жолооч хэдхэн секунд хүлээх тэвчээр байдаггүй байна. Хаалгандаа хавчуулж, хэд хэдэн удаа охиныг уйлуулж айлгасан тохиолдол гарчээ. Охин гадуур ээжтэйгээ явах дуртай. Хувь болон хувьсгалынм ажлыг үргэлж хамт амжуулна. Хүүхдээ түрээд явахад нь хүмүүс хоорондоо шивэр авир хийх, хүүхдүүд хэд хэдээрээ гарч ирээд охиныг мэдрэл муутай гэж дуудах энүүхэнд.
IV
Д.Мөнхзаяа Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны ангийг төгссөн ч мэргэжлээрээ ажиллах ямар ч боломжгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хүнийг ойлгоод, ажиллуулах газар манай улсад л лав байхгүй бололтой. Тэглээ гээд зүгээр суусангүй. Өөрийнхөө хумс хурууг янзалж чаддаггүй байсан тэрээр хүүхдийнхээ төлөө зүтгэсээр өдгөө хэнээс ч дутахааргүй сайн манекурчин болжээ. Үрээ гэсэн эх хүний сэтгэл эндээс тодоос тод харагдана. Охинтойгоо хамт хүний хумс янзална гэдэг хэцүү. Гэнэт таталт, хөхрөлт өгвөл үйлчлүүлэгчээсээ уучлалт гуйгаад охиндоо яаралтай тусламж үзүүлнэ. Ойлгодог нэгэн байхад омгорхож, эгдүүцэх нэгэн ч бий.
“Нөхрөөсөө салаад таван жил болж байна. Салахаас өөр арга байгаагүй. Хүүхэд өвчтэй байхад анхаарал халамж тавьдаггүй байсан. Эцэг хүн хайр халамжаа хүүхдэдээ зориулах ёстой. Гэтэл тэгдэггүй байсан. Зугаа цэнгэл хөөдөг нь сэтгэлийг минь улам эмзэглүүлдэг. Тэгээд л хоёр тийш болсон” гэж хэлж буй түүнээс эх, эцгийн хайрыг тэнцүү өгөх гэж хичээж яваа нь харагдаж байлаа.
Хүмүүний амьдрал олон өнгөтэй. Д.Мөнхзаяа бүсгүй түүний бяцхан охин Ө.Цолмонг хорвоогийн хамгийн сайхан гэрэл гэгээтэй, цав цагаан өнгөтэй зүйрлэж болохоор. Эх хүний нинжин сэтгэл, үүрэг хариуцлагыг ганцаараа үүрч яваа түүнийг харахаар хайр хүрэх, хаяад явсан ханийг бодохоор харуусал төрж байлаа. Эрүүл саруул хүүхдээ хаяад, голоод явдаг “ээж” гэх алдар хүндэдсэн эмэгтэйчүүд олширч байгаа энэ үед хүсээгүй тавилангаар амьдарч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэдээ бүхнээ зориулж байгаа түүнийг хайрламаар…
“Хэзээ нэгэн цагт охин чинь чамайг орхиод л явна шүү” гэж анхааруулсан байдалтай хэлдэг хатуухан үгэнд тэрээр шаналж явдгаа нуусангүй. Охины бие хоёр удаа муудаж, ухаангүй эмнэлэгт хүргэгдэхэд эмч “Охинтойгоо уулзуулах хүн байвал уулзуулаарай. Одоо сэргэхэд хэцүү шүү” гэж хэлж байсан гэдэг. Харин азаар охины бие сайжирч ээжтэйгээ хамт байх заяа нь түшжээ.
“Орчлонд би ганцаараа үлдэж, охингүй амьдарч чадахгүй” гэж уйлах түүнийг харахаар эмч “хийсвэр” хагалгаа хийчихсэн бол Ө.Цолмон охин өнөөдөр эрүүл саруул, ээж аавын хайранд элэг бүтэн амьдрах боломж байжээ.
Биднийг ийн хөөрөлдөх зуур Ө.Цолмон охин инээж, уцаарлаж, ээжтэйгээ харцаараа ярилцаж хамт хэсэг хормыг өнгөрөөсөн юм. Аавынхан талаар ярихад гар хөлөө хөдөлгөж, авиа гаргаж анхаарал татах гэж оролдсон тэрээр ээждээ “Та хоёр юу яриад байгаа юм бэ” гэж бодлогошронгуй хэлж байгааг Д.Мөнхзаяа тайлбарлалаа. Одоо ч охин аавыгаа хайрлаж, харуулдсаар байгаа нь энэ байв.
Хүн бүхний хүсэл мөрөөдөл өөр өөр. Гэхдээ бүгд л сайн сайхан зүйлийг хүсдэг. Харин Д.Мөнхзаяагийн хүсэл биднийхээс тэс өөр. Тэрээр нэг удаа ч гэсэн охиноо хөтлөөд гудамжаар алхах.. Бусдын адил инээж, хөөрч баясан дэргэдээ алхах охиноороо ЭЭЖЭЭ гэж дуудуулах…
Нийгэм
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Энэ оны 11 дүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038 тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.
Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.
Тодруулбал, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн
- 3.7 зүйлд Жолоочид дараах зүйлийг хориглоно: Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;
- 27.2.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлага хангаагүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсвэл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, мөн энэ дүрмийн 3-р хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэж заасан байдаг.
Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ. Энэ нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг.
Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрсэн. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам хоёр сая хүртэх тооцоолол гараад буй. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд таван км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.
Нийгэм
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
-
Улс төр23 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Нийгэм1 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм4 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм4 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг3 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр3 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ
-
Дэлхий дахинд3 цаг өмнө
Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ