Нийгэм
Хүүхэд томчуудын тоглоом биш
Арван сар хэвлийдээ тээсэн үрээ “Амьдралын эрхээр” гэсэн өчүүхэн шалтгаар эсвэл гэр бүлийн таарамжгүй харилцаанаас, бүр архинд толгойгоо мэдүүлснээс жишим ч үгүй гудамжид хаячихдаг болжээ. Гурван хүүхдээ санаатайгаар хоёр ч удаа төөрүүлж, хаясан харамсалтай хэрэг оны өмнөхөн гарсан. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн харьяат, иргэн Б гурав, тав, есөн настай хүүхдүүдээ эзэнгүй айлд төөрүүлж орхиод явсныг цагдаагийнхан илрүүлсэн бол үүнээс өмнө буюу өнгөрсөн хавар мөн ийм байдлаар хүүхдүүдээ хаяж байжээ. Тухайн үед цагдаагийн байгууллагаас ээж нь болох Б-г Сэлэнгэ аймгийн харьяат болохыг тогтоон хүүхдүүдийг хүлээлгэн өгч байсан юм. Эдгээр гурван хүүхдийн эцэг, эх Сэлэнгэ аймагт амьдардаг бөгөөд тэндээс Улаанбаатарт ирж хүүхдүүдээ төөрүүлчихээд нутаг руугаа зугтсан аж. Хүүхдүүдийн бие нь өвдсөн тул асрамжийн газарт хүлээлгэн өгөх боломжгүйг холбогдох албаныхан тодотгож байлаа. Мөн өнгөрсөн сард цагдаагийн байгууллагын алба хаагчид автобусны буудлаас хоёр орчим настай хүүхэд олсон.
Хорвоод мэндлээд удаагүй бяцхан хүүхдээ орцонд, автобусны буудал, айлын үүдэнд, хашаанд, тэр ч бүү хэл зочид буудалд хүртэл хаяж, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулдаг харамсалтай тохиолдол ч олон гардаг. Тухайлбал, өнгөрсөн оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн XVI хорооны нэгэн зочид буудлын өрөөнд 14 хоногтой нярайг үлдээж явсан хэрэг гарч байв. Тухайн үед Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид очиход хүүхдийг өлгийдөн үлдээсэн байсан аж. Буудлын ажилтнуудын хэлж буйгаар 25-30 орчим насны эмэгтэй 15.00 цагийн орчимд орж ирээд “Өнөөдөр буудалд хонох шаардлага гарлаа” хэмээн өрөө авсан. Удалгүй гарч ирээд “Машинаас мөнгө аваад ирье” гэж гараад ирээгүй аж. Тээж төрүүлсэн хүүхдээ тэвэрч өсгөж чаддаггүй эхчүүдийн нэгэн жишээ энэ.
Тэд ямар шалтгаанаар хүүхдээ төөрүүлдэг вэ
Хүүхдээ гологдсон бараа мэт гудамж талбайд хаячихаж буй эцэг, эхчүүдээс “Яагаад хүүхдээ төөрүүлж, хаясан юм бэ” хэмээн асуухад тэд “Ажилгүй тул тэжээж чадахгүй байна”, “Сайхан амьдрахад минь садаа болж байгаа учраас ийм шийдэлд хүрсэн”, “Эцэггүй хүүхдээр яадаг юм”, “Өвчтэй болохоор эмчлүүлж чадахгүй байна” гэх мэтээр хариулдаг.
Эцэг, эхчүүдийн хээв нэг хэлэх энэ хатуу үгийн цаана бүхэл бүтэн хүний амь нас, улс орны ирээдүй оршиж буй. Ид хийж бүтээх 20-оос дээш насны залуус ажил олдохгүй, мөнгөгүй учраас хүүхдээ тэжээж чадахгүй гэх шалтгааныг хэлж суух нь эмгэнэл. Хэрвээ хүн өөрөө хичээл, зүтгэлтэй байж, ямар ч ажлыг голохгүй хийвэл ажлын байр хангалттай бий.
Барилгын туслах, цайны газрын угаач, үйлчлэгч, туслахаас өгсүүлээд аль нэгэн албан байгууллагын харуул, манаач, гэрийн үйлчлэгч, асрагч гэх мэтээр төрөл бүрийн ажлын байр эзнээ хүлээсээр л байдаг. Гэтэл тийм, ийм ажил хийхгүй гэсээр үр хүүхдээ хоосон хонуулж, эцэст нь золионд гаргахад хүрдэг. Тиймээс ийм өчүүхэн шалтаг хэлж, төрсөн үр хүүхдээ төөрүүлж буй эцэг, эхчүүдэд ногдуулах хариуцлагыг чангатгах нь зүйтэй. Ялангуяа санаатайгаар, удаа дараа үйлдэж буй тохиолдолд хүндхэн ял ногдуулах хэрэгтэй.
Хүүхдээ хаясан эцэг, эхэд ногдуулж буй ял хөнгөддөг үү
Бага насны хүүхдийг хаяж төөрүүлэх нь хүүхдийн амь насанд шууд заналхийлж буй гэмт хэрэг учраас хуулийн хариуцлага хүлээлгэх учиртай. Одоогийн дагаж мөрдөж буй Эрүүгийн хуульд зааснаар эх, нярай хүүхдээ хаяcан бол эрүүл мэндэд учирсан хохирлоос хамааран яллах аж. Тодруулбал, тус хуулийн 16.3 дугаар зүйл буюу хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх бүлгийн нэгт “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн бол хоёрт “Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Түүнчлэн Эрүүгийн хуулиар мөн Зөрчлийн тухай хуулийн 6.20.9 дэх хэсэгт “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван
Эцэг эхийн ухамсраас бүх зүйл шалтгаална
Гэхдээ асран хамгаалагчийг шоронд хорилоо гээд хүүхдийн амьдралд өөрчлөлт гарахгүй. Тиймээс албадан сургалтад хамруулж хүүхдээ хайрлахад сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх хэрэгтэй болов уу. Амьдралын хар бараан дундаас хүүхэд гэдэг гэрэл гэгээг олж харахад сэтгэлзүй тусална гэдгийг мэргэжлийнхэн сануулдаг. Статистик судалгаанаас харахад хүүхдээ төөрүүлж, хаясан тохиолдлын дийлэнх нь Улаанбаатар хотод бүртгэгддэг аж. Орон нутагт маш бага. Энэ нь Улаанбаатар хот дахь иргэдийн амьдралын түвшин орон нутгийнхаас хүнд, хэцүү байдагтай холбоотой гэж тайлбарладаг ч ийм хэрэг үйлдэх эсэх нь тухайн эцэг, эхийн ухамсраас шалтгаалах нь мэдээж.
Монгол Улсын Үндсэн хуульд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн хэмээн заасан байдаг. Анхнаас нь үр хүүхдээ гологдсон бараа мэт хаях эцэг, эхчүүдийг хатуухан ялаар шийтгэвэл дараа дараагийн хүмүүст сургамж болохоос гадна дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй байх хөшүүрэг болох биз ээ.
Хүүхэд эцэг, эхээ сонгож төрдөггүй. Эцэг, эхийн нэр зүүсэн мунхгууд бяцхан үрийнхээ аюулгүй орчинд амьдрах, хайр, энхрийлэл дунд өсч бойжих, боловсрох эзэмших зэрэг олон эрхийг зөрчиж буй гэмт хэрэг дахин битгий гараасай. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхгүй байх боломж томчуудад, аав, ээжүүдэд бий.
Нийгэм
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Энэ оны 11 дүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038 тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.
Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.
Тодруулбал, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн
- 3.7 зүйлд Жолоочид дараах зүйлийг хориглоно: Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;
- 27.2.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлага хангаагүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсвэл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, мөн энэ дүрмийн 3-р хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэж заасан байдаг.
Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ. Энэ нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг.
Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрсэн. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам хоёр сая хүртэх тооцоолол гараад буй. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд таван км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.
Нийгэм
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
-
Улс төр23 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Нийгэм1 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм4 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм4 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг3 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Нийгэм4 цаг өмнө
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
-
Улс төр3 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ