Нийгэм
Б.Солонго: Нэг хуурамч дуудлагын ард асар том эрсдэл гарч болно
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны олон нийттэй харилцах хэлтсийн ахлах байцаагч, хошууч Б.Солонгоос тусгай дугаарт ирж байгаа хуурамч дуудлага болон үүсэх эрсдэл, тэдгээрт ямар хариуцлага тооцдог талаар тодрууллаа.
-Мэдээлэл, шуурхай удирдлагын төв ямар ямар тусгай дугаарын утсаар иргэдэд үйлчилгээ үзүүлдэг вэ. Дуудлага, мэдээлэл хүлээн авахад хүндрэл учирдаг уу?
-ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээний, шуурхай удирдлагын төв нь гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага, мэдээллийг 101 болон 105 дугаараар, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын талаарх мэдээллийг 102, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг 103 дугаарын утсаар тус тус хүлээж авдаг. Манай төвийн 101/105, 102, 103 утсанд иргэдээс тэр дундаа ихэвчлэн бага насны хүүхдүүдээс тоглож, хуурамч дуудлага, мэдээлэл өгөх явдал нийт дуудлагын 70 орчим хувийг эзэлж байна. Энэ нь бидний хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж, зардал болон цаг хугацааны хувьд алданги гаргаж байгаа юм.
Он гарсаар өнөөдрийн байдлаар тусгай дугаарын утсуудад нийт 516 мянга 668 дуудлага ирснээс 70 орчим хувь нь андуурсан, лавласан болон тоглож залгасан хуурамч дуудлага байна. Эдгээрийг тусгай дугаар бүрээр задалж хэлбэл:
- 101, 105 дугаарт 12 мянга 137 иргэн хандсаны 94 хувь,
- 102 тусгай дугаарын утсанд 233 мянган иргэн хандсаны 58 хувь,
- 103 тусгай дугаарын утсанд 271 мянга 500 иргэн хандсанаас 75 хувийг тус тус андуурсан, лавласан, тоглосон зэрэг тохиолдлууд эзэлж байгааг судалгаагаар гаргасан. Тиймээс бид хуурамч дуудлага өгсөн этгээдийг тогтоох, тоглож залгасан хүүхдүүдийн асран хамгаалагч, эцэг эхтэй нь холбогдож анхааруулга, сануулгыг цаг тухайд нь өгч, ажиллаж байна.
-Хуурамч дуудлагын ард ямар эрсдэл үүсдэг вэ?
-Нэг хуурамч дуудлагын ард эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө гээд учирч болох асар том эрсдэл гарч болно шүү дээ. Иймд эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдээ тусгай дугааруудын утас руу тоглож залгахгүй байх талаар ойлгуулж, анхаарал хяналтаа сайжруулах хэрэгтэй байна. Хуурамч дуудлагаас болж, тусламж шаардлагатай иргэд хохирсон жишээ олон байдаг. Энэ нь гагцхүү иргэдийн ухамсарын асуудал. Яаралтай тусламжийн дээр дурдсан дугаарт хуурамч дуудлага өгсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцдог. Гэхдээ хуулийн хариуцлага хүлээх эсэх нь тухайн хүнээс л хамааралтай асуудал. Яаралтай тусламжийн байгууллагууд 24 цагийн турш иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахаар үүрэг хүлээсэн албан хаагчид ажиллаж байдаг. Тиймээс тэдгээр ажилчдын хөдөлмөрийг хүндэтгэж, цаг зав болон, түлшний илүү зардал гаргуулахгүй байх, шаардлагатай иргэдэд тусламж хэрэгтэй байдгийг хүүхэддээ тайлбарлаж ойлгуулахыг хүсэж байна.
-Зөрчлийн хуулиар хуурамч дуудлага өгсөн иргэнд ямар хариуцлага тооцдог вэ?
– Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйл.
Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх
- Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хувь хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.
Хуулийн дагуу бид хуурамч дуудлага өгсөн иргэнийг тогтоож, харьяа дүүргийн хууль хяналтын байгууллагад мэдээллийг шилжүүлэн өгдөг. Үүний дагуу хууль хяналтын байгууллага хяналт, шалгалт хийж, гэм буруутай нь тогтоогдвол тухайн хүнд хариуцлага ногдуулдаг байгаа.
Мөн иргэд тусгай дугаараас зөвлөмж, мэдээлэл авахаар холбогддог нь хуурамч дуудлагын хэлбэрт багтдаг. Энэ нь тухайн хүн үнэгүй дугаараас зөвлөмж, мэдээлэл авч болно гэсэн хандлагаас үүдэж байна. Мөн нэн шаардлагатай, яаралтай дуудлага өгсөн иргэд тусламж очих хугацааг тооцолгүй дахин дахин залгаж, дараагийн хүнд үйлчлэхэд хүндрэл үзүүлдэг. Энэ мэт тохиолдол гарахгүй бол шаардлагатай иргэдэд тусламж очих хугацаа богино байх болно.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм20 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр22 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм22 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно