Нийгэм
Б.Асралт даргаа хоёр тэрбумын үнэ бүхий хоёр чингэлэг тамхи хаачив
Гаалийнхан төрийн бусад байгууллагатай хамтран мөнгө угааж байгаа юм биш гэх хардлагыг бий болголоо. Б.Асралт даргад энэ талаар дуулгасан боловч Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх газар, хэрэг бүртгэх газрынхан мэднэ гэхээс өөрийг хариулаагүй. Харин тухайн газар нь шалгаж байгаа гэх мэдээллийг сар гаруйн өмнө өгсөн байдаг.
Асуудлыг дэлгэрүүлбэл:
2020 оны нэгдүгээр сарын эхээр Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг гэх “Платиниум Монгол ЧБ” ААН-ийн нэр дээр 20 тоннын нэг, 40 тоннын нэг нийт хоёр чингэлэг 7 болон 13 тонноор хуваасан 20 тонн тамхи оруулж ирсэн байдаг. Гэхдээ чөлөөт бүсийн хашаанд байгаа дэлгүүр нь үйл ажиллагаа явуулаагүй, нээгдээгүй байдаг. Яг чөлөөт бүс рүү оруулах үед хоёр чингэлэг бус нэг чингэлэгийг нь нэвтрүүлсэн байдаг. Ингээд хоёр чингэлэг тамхи хилээр орж ирсэн ч нэгдүгээр сарын 6-нд чөлөөт бүс рүү орсон гэх бүртгэл хийгдсэн хэрнээ нэг нь байгаагүй. Тухайн үед асуудлыг цөөнгүй хүн мэдмэгц алга болсон гэгдэж байсан чингэлэг нь Алтанбулаг гаалийн складанд “орчихсон” байсныг хоёрдугаар сарын 7-нд Тагнуулын газрын хоёр ажилтан, “Платиниум Монгол ЧБ”-ийн ажилтантай хамтдаа бүртгэсэн баримт байгаа юм. Одоо асуудал ямар шатанд яваа бол. Зөрчил шалгах, хууль хяналтынхан үүний араас орсон болов уу.
Ингээд та бүхэнд тухайн үед буюу хилээр хоёр чингэлэг тамхи орж ирснээс хойш сарын дараа холбогдох хүмүүс болон албан тушаалтнууд ямар тайлбар өгч байсныг хүргэе.
Энэ тухай асуудалд эхлээд Сэлэнгэ аймаг дахь Тагнуулын байгууллагынхан “Алтанбулаг чөлөөт бүс”-д ажиллагаа явуулснаар оролцож эхэлсэн. /Тухайн үедээ буюу нэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнийн 04:20 цагийн үед дээрх ажилтнууд нь тухайн орчинд гарсан галаас бага насны хоёр хүүхдийг ээжийнх нь хамт аварсан тухай мэдээлэл цацагдаж байсныг уншигчид санаж байгаа байх./
“Алтанбулаг чөлөөт бүс”-ийн захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Хатанбаатар
-Танай чөлөөт бүсэд “Платиниум Монгол ЧБ” гэж ААН үйл ажиллагаа явуулдаг уу?
-Байдаг. Манайд бүртгэлтэй 107 ААН бий. Тэдгээрийн 63 нь хөрөнгө оруулалт хийсэн байдаг. 30 нь зураг төслөө гаргаад байшин барилгын ажлаа эхлүүлчихсэн яваа. “Платиниум Монгол” компани 2006 онд үүсгэн байгуулагдаж, манайхтай 2019 оны зургаадугаар сарын 18-нд чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах “ЧБ буюу ЧӨЛӨӨТ БҮС”-ийн эрхээ авсан. Нэг асуудал үүсээд, тэнд тагнуулын ажиллагаа явуулж байгаа гэсэн.
Бид анх Дархан-Уул аймаг дахь Гаалийн хороонд бүрдүүлэлт хийгдсэн учраас тус хорооны даргыг орлож байсан Цолмонгоос тодруулахад: “Асуудлыг дүрэм, журмын дагуу явуулсан. Албан хүсэлт илгээгээд тодруулж болно.” гэсэн юм.
Харин дээрх чингэлэгийн эзэн болох “Платиниум Монгол ЧБ”-ийн захирал Анхбаяр “Ороогүй гэсэн асуудал байхгүй. Бүгдээрээ ороод, гаалийн мэдүүлэг нь ч байна. Худал мэдээллийн дагуу ярьж байна. Сэлэнгийн боомтод 40 тоннын чингэлэг буулгах өргөгч байгаагүй. Тиймээс бид лацтай чигээр нь задгай машинд ачиж болохгүй байсан. Орос түнш маань шууд Дархан руу хаяглачихсан байсан. Бид илүү зардал гаргаад, дахиад Дарханы гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчээр оруулаад, хоёр машинд нэг нэг чингэлэгээ ачаад, Алтанбулаг руу орсон. 20, 40 тоннын хоёр чингэлэг шүү.” гэдэг хариултыг өгч байв. /Анхбаяр нь эхлээд өргөгч байхгүйгээс Дархан-Уул аймгийн гааль руу явуулсан гэснээ түнш нь хаягласан хэмээн яриа нь зөрж эхэлдэг./
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга М.Дамдинхорлоо:
-Энэ тухай асуудлыг хяналтандаа авсан. Одоо бол тагнуул дээр л байгаа. Манайд ерөөсөө хамаагүй болчихсон. Лац, ломбоороо хяналтаас хяналтын хооронд явдаг. Орохын хувьд мэдүүлгийнхээ дагуу 20, 40 тоннын хоёр чингэлэг орсон. /2020.02.10/
Сэлэнгэ аймаг дахь Тагнуулын газрын дарга Алтангэрэл:
-“Платиниум Монгол” компанийн хоёр чингэлэг ачааны нэг нь байхгүй гэдэг асуудал яригдаж байна. Гааль бүтэн оруулсан гэж байгаа. Танайх энд ажиллагаа явуулж байгаа юм байна. Ямар шатанд яваа юм бол?
-Манайх ажиллагаа явуулсан. Чөлөөт бүсэд хууль журмынхаа дагуу тамхи нь орчихсон юм билээ. Буцаагаад хууль бусаар гаргаж зарсан байж магадгүй гээд шалгасан. Асуудалгүй байсан учраас шалгаад дууссан. /2020.02.10/
Цагдаагийн байгууллагад өгсөн гэдэг асуудал хэлдэг. Тиймээс Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга А.Энхбатаас тодруулахад “Манайд тийм асуудал байхгүй.” /2020.02.11/ гэдэг хариултыг өгч байв.
Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх газар, хэрэг бүртгэх газрын дарга Б.Онон, дэд дарга Л.Очгэрэл нартай уулзлаа. /2020.02.11/
Л.Очгэрэл: -Эзэн нь олдохгүй нэлээд юм болсон. Ямар ч байсан шалгаад, эзнийг нь олоод, тогтоогоод, тоолоод, зүгээр гарч байна гэсэн. Сэлэнгэ дэх Зөрчлийн алба хэрэг үүсгээд, шалгаад явж байгаа. Сэлэнгэ дэх байцаагчтай холбогдсон. Тэнд эзэн нь олдохгүй, ихэнхдээ хотод байдаг учраас цаг хуцааны хувьд асуудал үүсдэг. Бүгдийг нягталж дуусаад албан ёсны хариу өгнө гэсэн.
Б.Онон: -Манайх холбогдох шалгалтыг хийгээд явж байгаа. Нарийн шалга гэдэг үүргийг бид өчигдөр /II/10/ өгсөн. Үйл ажиллагаа явуулдаггүй, зөвшөөрөлгүй дэлгүүрт бараа оруулсан бол манай буруу. Зөвшөөрөлтэй хэрнээ бараа оруулчихаад зарах эсэх нь тухайн байгууллагын асуудал. Ямар ч байсан шалгаж байгаа.
Ингээд 2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр “Платиниум Монгол ЧБ”-ийн нэр дээр орж ирсэн хоёр чингэлэг тамхийг эхлээд бүс рүү бүтнээр нь, бүгдийг нь тухайн өдөр оруулсан гэж тайлбарлаж байгаа ч нэг нь гаалийн скланд байсан нь анхаарал татах асуудал биш гэж үү. Энд хэний буруутай үйл ажиллагаа яваад байна вэ? Ганц байгууллага үүнийг дураараа зохицуулаад байх боломжгүй. Б.Асралт дарга аа, түүнээс хойш энэ асуудал танай байгууллагад хэрхэн шалгагдсан бэ. Сэлэнгийн гаалийнханы алдаа энд харагдахгүй байна гэж үү.
Чөлөөт бүс рүү нэвтрүүлэхдээ бараа, бүтээгдэхүүний тоо, ширхэгийг гаалийнхан хянаж, шалгаж оруулдаг биз дээ. Тийм байтал сар гаруйн хойно мэдээлэл хүрч шалгаж эхэлж байгаа нь хардлага дагуулахгүй байна гэж үү. Үндсэндээ, бүхэл бүтэн Монгол Улсын гаалийн байгууллагын ажилтнууд, тагнуулын байгууллагуудын албан тушаалтнууд хамтран хууль бус үйлдлээр мөнгө угаагаад байгаа юм биш биз гэх хардлага дээрх үйл явцаас харагдахгүй байна гэж үү. Хил дээр бараа, бүтээгдэхүүн “өшиглөдөг” байдал алга болох биш бүр нарийн зохион байгуулалттай болчихсон юм биш үү. АТГ-ынханд энэ талаарх мэдээлэл очсон уу. Энэ талаарх мэдээллийг бид дахин Гаалийн байгууллагынхан болон АТГ-ынханаас дахин тодруулж, эргэн хүргэнэ.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм19 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм21 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно