Нийгэм
Чингис хааны үеэс монголчуудын генд оршсон сахилга бат, эв нэгдэл энэ үед тодорч байна
Монголд аж төрж буй якут эмэгтэй өөрийн нүүр хуудсанд орос хэлээр бичсэн нийтлэл гадаадынхнаас болон монголчуудаас маш олон эерэг сэтгэгдэл, талархал хүлээн авчээ.
Монгол Улсын Их сургуульд багшилдаг, Розалия Ивановна Антонова гэдэг уг эмэгтэй коронавирусний халдвараас сэргийлэхээр Монгол Улсын Засгийн газрын явуулж буй бодлогыг туршлага болгон бичихдээ “Монголчуудын Чингис хааны үеэс генд нь оршсон сахилга бат, эв нэгдэл, тусархаг зан чанар коронавирусээс сэргийлэх хорио цээрийн энэ үед тод илэрч дэлхийн нийтийг гайхашруулах үр дүнд хүрч байна. Халдварын гол голомт болсон БНХАУ-тай хиллэдэг хэрнээ энэ оронд өвчлөлийн нэг ч тохиолдол дотоодоос гараагүй, халдвар авсан 10 хүн бүртгэгдсэн ч бүгд гадаадаас ирсэн. Эмнэлгүүдэд халдвар авсан хүмүүсийн амь амьдралын төлөө 24 цагийн турш тэмцэж байна. Нас барсан хүн одоогоор алга. Үүнд нь Монгол Улсын Засгийн газар, эмч ажилтнууд, нийслэлийн оршин суугчдад ТАЛАРХАЛ илэрхийлж магтмаар байна” хэмээн тэмдэглэжээ.
Түүний бичсэн нийтлэлийг хөрвүүлэн бүрэн эхээр нь хүргэж байна.
Өдрийн мэнд! Дэлхийн өнцөг булан бүрт суугаа анд найз нартаа зориулан бичлээ. Бид хорио цээрийн нөхцөлд аж төрөөд гурван сар болж байна. Эхлээд бүх цэцэрлэг, сургуулийг хаасан. Дараа нь 2 удаа Цагаан сар, Мартаар хотоос гарах, орох хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авсан. Харин Улаанбаатар хотод нисэж ирсэн франц иргэнээс халдвар илрэхэд бүх барааны дэлгүүр, ихэнх үйлчилгээний газруудыг долоо хоногийн хугацаагаар хаасан. Сургууль, цэцэрлэгүүдийн хориог сунгаж 4 дүгээр сарын 30-ныг хүртэл болгосон ч хүүхэд багачууд теле болон цахим хэлбэрээр суралцсаар байна.
Монголчуудын Чингис хааны үеэс генд нь орших сахилга бат, эв нэгдэл, тусархаг зан чанар (харилцан туслалцаа) хорио цээрийн энэ 3 сард тод илэрч дэлхийн нийтийг гайхашруулж байна. Монголчууд хуулиа дээдэлдэг, эв нэгдэлтэй, нийгмийн хариуцлагатай байж чаддагаа дэлхий даяар харуулж байна.
Хүмүүс гудамж талбай, дэлгүүр, албан байгууллагуудад бүгд амны хаалттай явж байна. Амны хаалтгүй бол хаа ч үйлчлэхгүй. Засгийн газар нь “амны хаалттай” хуралдаж, телевизийн хөтлөгчид, дэлгүүрийн худалдагчид гээд бүгд амны хаалттай ажиллаж байна.
Эцэстээ энэ нь ямар үр дүнд хүргэж байна гэхээр, Хятадтай улстай хөрш болов ч Монголд одоогоор өвчлөлийн НЭГ ч тохиолдол бүртгэгдээгүй байна! Халдвар авсан 10 хүн бүртгэгдсэн ч бүгд гадаадаас ирсэн. Өвчилсөн хүмүүстэй хамт нисэж ирсэн, хавьталтай бүх зорчигчдыг хатуу хяналтад оруулж, тусгаарлаад байна. Эмнэлгүүдэд халдвар авсан хүмүүсийн амь амьдралын төлөө 24 цагийн турш тэмцсээр байна. Нас барсан хүн одоогоор алга, олон хүнийг эдгээгээд байна. Үүнд нь Монгол Улсын Засгийн газар, эмч ажилтнууд, нийслэлийн оршин суугчдад ТАЛАРХАЛ илэрхийлж магтмаар байна!
Гайхалтай нь хорио цээрт эерэг талууд байдаг юм байна:
1) Одоогоор дотооддоо нэг ч хүн халдвар аваагүй.
2) Хүүхдийн өвчлөл эрс буурсан. Урьд нь өвдсөн хүүхдүүдэд ор хүрэлцдэггүй (800 ор), эмнэлгийн хонгилоор байрлуулдаг байсан бол хүүхдийн орны тал нь хоосон байна.
З) Хүн ам дархлаагаа сайжруулахын тулд эрүүл, чанарлаг хүнс хэрэглэх болж эрүүл мэнддээ илүү анхаардаг болжээ. Чацарганы шүүс, цагаан гаатай зөгийн бал, адууны мах хэрэглэж, нимбэгтэй халуун цай ууж байна. Өөрөөр хэлбэл, эрүүл хооллолтод анхаарч, энэ талын илүү өргөн мэдлэгтэй болж байна.
4). Гэмт хэрэг, тухайлбал эрх зүйн зөрчил, зам тээврийн осол, согтуугаар үйлдэх гэмт хэрэг эрс буураад байна.
5). Монголчуудын Чингис хааны үеэс генд нь орших сахилга бат, эв нэгдэл, тусархаг зан чанар (харилцан туслалцаа) хорио цээрийн энэ 3 сард тод илэрч дэлхийн нийтийг гайхашруулж байна. Гадаадын олон сэтгүүлч, эрдэмтэн судлаачид Монголд ирж монголчууд өвдөхгүй байгаа энэ гайхалтай үзэгдлийн нууцыг судалж ойлгож авахыг хичээж байна.
6) Үргэлжид шүүмжлэлд өртөж ирсэн Засгийн газар, эмч нартайгаа ард түмнийхээ төлөө нягтран өдөр шөнөгүй ажиллаж буйд иргэд нь талархаж байна. Иргэдээ гаргуунд нь хаяхгүй, онгоцны буудал нь хаагдчихаад байгаа гадаад орнуудаас тусгай нислэгээр зуу зуугаар нь эх орондоо авчирсаар байна.
7) Засгийн газар дэлгүүрийн барааны үнийг хатуу хянаж махны үнийг нэмсэн шалтгаанаар хамгийн их үйлчүүлэгчтэй 2 том супермаркетыг 20 саяар торгож бусдад сургамж болголоо.
8)
Аливаа хямрал, зовлон зүдгүүрт ард түмэн янз бүрээр л ханддаг. Харин хорио цээр нь Монгол Улсын хувьд гэр бүлүүдийг илүү дотно болгож байна. Цаг зав ихтэй болсон эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ хичээл давтаж, илүү анхаарч дархлааг нь сайжруулж байна. Өндөр настан эцэг эхчүүдээ (хүүхдүүдээс илүү) халдвар авах илүү эрсдэлтэйг ойлгон чанарлаг хүнс, амин дэмээр хангаж халамжилсаар байна. Монголчууд ахмадаа хүндэтгэн хайрлах атаархам зан чанартай үндэстэн. Үүнээс нь бусад ард түмнүүд ялангуяа европчууд суралцвал гэмгүй юм.
Одоогоор миний ажигласан зүйлс ийм байна. Миний найз нөхөд дагаж мөрдөөсэй гэсэндээ үүнийг бичлээ. Амны хаалтаа зүү, харилцаагаа хязгаарла, дархлаагаа сайжруулахын тулд чанарлаг хоол хүнс хэрэглэ, ариун цэврээ сахь, гудамжинд онцын шаардлагагүй бол бүү гар гэж захимаар байна. Та бүхэндээ эрүүл энхийг хүсье, Бурхан биднийг ивээг! гэжээ.
Розалия Ивановна Антоновагийн өчигдөр орой орос хэлээр нийтэлсэн дээрх пост, хэдхэн цагийн дараа гэхэд 1200 лайк, 642 репост, 244 коммент цуглуулжээ. Түүний бичсэн постын доор “Монгол улс мундаг байна, Чингис хааны удам шүү дээ”, “Сайн байна монголчууд” гэх мэт сэтгэгдэл хөврөхийн зэрэгцээ, өөрсдийн орныхтой харьцуулсан “Эстонид халдвар нэмэгдсээр байна. Тэгэхэд дэлгүүрт ороход гурав дөрөвхөн хүн л масктай байна”, “Италид Монголд байгаагаас бүх юм эсрэгээрээ байна” гэж мэтээр бичжээ. Түүнчлэн монголчууд ч маш олноороо сэтгэгдлээ илэрхийлсээр байна.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм21 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр22 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм22 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно