Улс төр
Г.Занданшатар: Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгохоор УИХ, Засгийн газар хамтран ажиллаж байна
УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр “УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид оо,
Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурал анхны ээлжит чуулганаа эхлүүлж байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Анхдугаар чуулган өнгөрсөн 30 жилд байгаагүй богино хугацаанд Засгийн газраа байгуулж ажилдаа шуурхай орсон. Ээлжит бус чуулганаараа Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн Үндсэн чиглэлийг баталсан. Эдгээр баримт бичигт багтсан зорилтууд нь улс орны нийгэм, эдийн засгийг сэргэн мандлын шинэ замд гаргах, ард түмнийхээ амьдралын нөхцөл, орлогыг дэлхийн тэргүүлэх жишигт хүргэхэд чиглэгдсэн. Ийм эрс өөрчлөлт шинэчлэлт хийж, иргэнээ дээдэлсэн төр, хуулиар засагласан нийгэм, хөгжлийг тэтгэсэн эдийн засгийг тохинуулах үйл хэрэгт Засгийн газар, шинэ парламентын гишүүд ханцуй шамлан орж ажлын хэсэг, бүлгэмүүд байгуулан ажиллаж байна.
Ард түмнээ төлөөлөх, хариуцлагатай, ёс зүйтэй байхын үлгэр жишээг харуулах эрмэлзлээр манай гишүүд дүүрэн байгаа. Чухам тийм ч учраас манай бүх гишүүд завсарлагааны хугацаанд цаг завгүй ажиллаж, олон ажил амжууллаа. Сонгогдсон тойрог, орон нутагт ажиллаж, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, иргэдийнхээ санаа бодлыг сонсож, бүх Байнгын хороод хуваарийн дагуу хэлэлцүүлэг уулзалтууд зохион байгууллаа.
Хууль зүйн байнгын хороо Шүүхийн тухай хуулийн төслөөр, Эмэгтэй гишүүдийн бүлгэм Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийлээ. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд төмөр зам, уул уурхайн их бүтээн байгуулалтын талбар болсон говийн аймгууд, Дархан, Эрдэнэтийн томоохон үйлдвэрийн газруудтай танилцаж, бодлого боловсруулах чиглэлээр ажиллалаа. Инновац, цахим бодлогын байнгын хороо тоон гарын үсгийн хэрэглээ, эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, гарааны бизнес эрхлэлтийн тулгамдсан асуудал сэдвээр хэлэлцүүлэг хийж мэргэжлийн хүмүүсийн олон талын байр суурийг сонсож газар дээр нь очиж ажиллаж байгаа нь бүтээлч шинэлэг ажлууд болж байна.
Шүүхийн тухай хуулийн Ажлын хэсгийн гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөл, дүүргийн шүүхүүдэд, Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцэд ажиллаж, эмэгтэй гишүүд маань хүүхдийн хүчирхийллийн асуудлаар, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын Дэд хороо агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.
ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн парламентчдын холбооны цахим хуралд Ж.Чинбүрэн нарын гишүүд оролцлоо. “Төрийн албаны шинэтгэл-Ёс зүйн хандлага” зөвлөгөөнийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулсан.
Төсвийн байнгын хороо Үндсэн хуульд төсвийн чиглэлээр оруулсан өөрчлөлт ба төсвийн төлөвлөлтийн цаашдын чиг хандлага сэдвээр, Эрхэм гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах сэдвээр хэлэлцүүлэг хийлээ.
Энэ дашрамд Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын гишүүд зорилгоо нэгтгэж, дэлхийн боловсролын шилдэг ололтоос авахыг нь авч, өөрийнхөө боловсролын шилдэг арга барил, онцлогийг шингээсэн, дэлхийн тэргүүлэх түвшинтэй эн зэрэгцэхүйц Монгол боловсролын сайн тогтолцоог бүрдүүлэх бодлого боловсруулах чиглэлд хамтран ажиллах болсныг тэмдэглэж хэлье.
УИХ-д нэлээд хэдэн ажлын бүлэг буюу Ажлын бүлгэм байгуулагдсан. Энэ бол зөв жишиг, дэмжихүйц үйл ажиллагаа юм. Шинэ эриний гараан дээр Монголоо хөгжүүлэх, асуудлаа шийдвэрлэх арга замыг эрж хайж, хэлэлцэн ярилцаж, боломж нөхцөлийг судалж, зөв бодлого, шийдвэр гаргахыг эрмэлзэх нь бидний хамтын зорилгод нийцнэ. Харин дэгийн хуульд өөрчлөлт оруулж бүлгэмүүдийн ажиллах зарчим, журмыг тодорхой болгож журамлах хэрэгтэй байна.
Завсарлагааны хугацаанд Үндэсний ном, бичиг соёлын өдөртэй болох хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих Түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн баригдсан.
Монгол орон, монгол үндэстний тусгаар тогтнол, өнө мөнх оршихуйн дархлаа нь монгол хэл, бичиг, түүх соёл билээ.
Улсаа хөгжил дэвшилд хөтлөх, ялангуяа цар тахлын энэ үед эдийн засгаа тэтгэхэд гаднын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг нэмэгдүүлэх нь ус агаар мэт амин чухал юм. Гаднын хөрөнгө оруулалт, шинэ техник, технологийг Монголдоо татах, дэлхийн улс орнуудтай хийж буй худалдаа, экспортыг тасралтгүй нэмэгдүүлэх нь хөгжлийн нэг гарц билээ.Түр хороог санаачлагч гишүүд Гадаадын хөрөнгө оруулалтын форумыг өчигдөр зохион байгууллаа.
Цаашид уламжлал болгон намар, хаврын чуулганы өмнө хэлэлцүүлэг, нийтийн сонсголууд зохион байгуулж ард иргэд, мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг сонсдог мэргэжлийн парламент байхыг манай гишүүд эрмэлзэж байгаад ард олон талархалтай хандаж, дэмжиж байна.
Гишүүд маань хөдөө орон нутагт ажиллах үеэр иргэд сонгогчдын тавьсан саналыг судалж үзэхэд анхаарах нэг гол асуудал нь өвөлжилтийн бэлтгэл байна. Манай улсын нэлээд нутгаар, ялангуяа тал хээр, говийн бүсэд ган гачиг нүүрлэсэн нь өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй байна. Гамшгийн байдлыг газар дээр нь очиж үнэлгээ хийх, отрын нутаг бэлчээрийг одооноос зохицуулж хуваарилах, мах бэлтгэх квотыг нэмэгдүүлж, хөрш болон бусад орнуудтай мах экспортлох асуудлаар хэлэлцэх асуудлаар Засгийн газар, Улсын Онцгой Комисс шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Түүнчлэн отроор өвөлжих иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, үр хүүхдийнх нь сургууль боловсролыг тасалдуулахгүй байх болон бусад үйлчилгээг чанартай хүргэх талаар аймаг, орон нутгийн удирдлагууд хамтран ажиллах нь чухал юм.
Тиймээс өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж буй асуудлаарх Засгийн газрын мэдээллийг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсохоор төлөвлөж байна.
Эрхэм гишүүд ээ,
Намрын чуулганаар улс орны нийгэм, эдийн засгийн олон салбар, чиглэлийг хамарсан 112 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн шинжтэй томоохон хуулиуд биднийг хүлээж байна.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр чуулганы хуралдах хугацааг 75 өдөр болгож сунгасан ч бид ихээхэн ачаалалтай ажиллаж, цаг хугацаатай уралдах хэрэгтэй болж байна.
Төсөв, Төрөөс мөнгөний талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аас баталсан зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдтэй уялдаатай авч хэлэлцэнэ. УИХ-ын шийдвэр гарснаас хойш зээлийн хүү 1 хувь буурсан сайн мэдээтэй байна. Цаашдаа жил тутам дор хаяж нэг хувь буулгахаар төлөвлөж байгаа билээ.
Банкны зээлийн хүүг бууруулах бодлогын хүрээнд ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулахаар УИХ, Засгийн газар хамтран ажиллаж байна.
Монгол улс саарал жагсаалтаас гарах тайлангаа 4-р сард амжилттай хамгаалж, 6 үүрэг даалгавраас 4-ийг биелүүлсэн Үүнийг газар дээр нь хянан шалгахаар Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-аас Ажлын хэсэг ирээд байна. Яг одоо Ерөнхий сайд Ажлын хэсэгтэй хийж буй уулзалтын нээлтэд оролцож байгаа болно. Монгол Улсын төр засаг мөнгө угаахтай тэмцэх үүрэг амлалтдаа тууштай байгааг УИХ дахин нотолж байна.
Эрхэм гишүүд ээ,
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, “Эрх зүйн шинэчлэл-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь энэ чуулганы нэг гол зорилт юм.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хойшлуулж, хугацаа алдаж суумгүй байна. Энэ хуулиар эрх мэдэл орон нутагт шилжиж, төвлөрөл саарч, нутгийн удирдлагын оновчтой тогтолцоо бүрдэнэ. Аймаг, сум, нийслэл, дүүрэг бие даан хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлснээр төвлөрөл саарч, түгжрэл гацаа арилж, иргэдийн амьдралын чанарт өөрчлөлт гарна гэж үзэж байна.
Түүнчлэн хот, тосгоны болон нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг шинэчилж, аймгийн төвүүд, Дархан, Эрдэнэтийг хот болгох асуудлыг энэ чуулганаар шийдвэрлэх болно.
Хэдхэн хоногийн дараа аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт болно. Сонгуулийн үр дүнгээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бүрдүүлж, нутгийн захиргааны удирдлагыг хуулийн дагуу шуурхай томилж, ажилд нь оруулах ёстой.
Мөн Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангахын сацуу шударга шүүх, шүүгчтэй болох баталгаа болсон Шүүхийн тухай багц хуулиудыг батална. Шүүх сахилга хариуцлагын хороотой болсноор шүүхийн хяналт сайжрах учир ҮАБЗ-өөс хяналт тавих шаардлагагүй болж, уг хууль нь хүчингүй болно.
Улс төрийн тогтолцоог боловсронгуй болгох, санхүүжилтийн ил тод байдлыг бүрдүүлэх, намуудын төлөвшлийг хангах шинэчлэлийн үзэл баримтлалтай Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг шинээр батална.
Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд заасан байгалийн баялгийн зохицуулалттай холбоотой заалтыг нэг мөр хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Энэ зорилгоор Ашигт малтмалын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, Төрийн нийтийн өмчийн тухай, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулиудыг шинээр батлан мөрдүүлэхээр төлөвлөж байна.
Ингэснээр байгалийн баялаг төрийн нийтийн өмч буюу бүх ард өмч гэсэн агуулгаараа хуульчлагдаж, үндэсний баялагтаа Монгол хүн эзэн болох нөхцөл бүрдэнэ.
УИХ гишүүдээсээ эхлээд нийт төрийн алба хаагчдын ёс зүйд анхаарлаа хандуулах шаардлагатай гэж үзэж байна.
УИХ-д Ёс зүй, сахилга хариуцлагын Байнгын хороо байгуулагдсан. Уг Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүдийн ёс зүй, сахилгад хяналт тавих, хуралдааны дэг сахиулах, ирц бүрдүүлэх зэрэг асуудлаас гадна нийт төрийн алба хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудал багтаж байгаа болно.
Түүнчлэн төрийн алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзэж байгаа.
Төрийн алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага хэр байхаас төрийн нэр хүнд, иргэдийн төрд итгэх итгэл, хууль тогтоомжийг сахих, төрийн байгууллагуудын шийдвэрийг хэрэгжүүлэх асуудал шууд хамаарна.
Бид хөгжлийн шинэ ирээдүй, шударга ёс, хариуцлагатай төрийн төлөө тэмүүлж байгаа. Энэ эрхэм зорилтыг шинэ санаа, инноваци эрж хайдаг, иргэндээ чин сэтгэлээс үйлчилдэг, дэлхийн түвшний мэдлэг боловсролтой, ажлаа хэний ч оролцоогүйгээр төгс чанартай гүйцэтгэдэг, хууль, ёс зүй, хараат бус байдлаа эрхэмлэдэг төрийн түшээ л хэрэгжүүлж чадна.
Нөгөө талаар дээрээс эхэлсэн өөрчлөлт шинэчлэлийн үзэл санаа, үйл хэргийг дунд, доод шатандаа аймаг, нийслэл, сум дүүрэг бүрт хүчээ нэгтгэн, эрчлэн үргэлжлүүлэх хэрэгтэй байна.
Бурууг засаж, сайн сайханд хүрэхийг Монгол Улсын иргэн бүр хүсэж байгаа. Энэ хүсэмжлэлийг биелүүлэхэд нийт нийгмийн өргөн дэмжлэг, бүх шатны төрийн алба хаагчдын идэвхтэй оролцоо, гишүүдийн манлайлал нэн чухал байгааг зориуд тэмдэглэе.
Энэ удаагийн ээлжит чуулган Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн өдрүүдтэй давхцаж байна.
Өдгөөгөөс 30 жилийн тэртээ Монгол Улсад анх удаа ардчилсан, чөлөөт сонгууль болж, Ардын Их Хурлыг байгуулан, БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар Улсын Ерөнхийлөгчөө сонгож, танхимын зарчмаар ажиллах анхны Засгийн газрыг, байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг байгуулж байсан түүхтэй билээ.
Эрхэм гишүүд Та бүхэндээ төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага-парламентын 30 жилийн ойн мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Ойг баяр ёслол гэхээсээ илүү өнгөрсөн 30 жилээ дүгнэн цэгнэх, шинэ ирээдүйн зорилтоо тодорхойлох, энэ чиглэлээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Үндсэн хууль, парламентат ёсоо сурталчлах, төр-ард түмний хэлхээ холбоог бэхжүүлэх, цахим парламентад шилжих зэрэг арга хэмжээ зохион байгуулж, тэмдэглэх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн.
Эдгээр ажилд УИХ-ын эрхэм гишүүд Та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье” гэв.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.
Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.
Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.
Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.
Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.
Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.
Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.
Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.
Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.
Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.
Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.
Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.
Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.
Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.
Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.
Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.
Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.
Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.
Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.
Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.
Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.
Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.
Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.
Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна.
Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.
Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.
Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.
Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.
Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.
Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.
Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.
Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.
Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.
Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.
Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.
Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.
Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.
Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.
Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
-
Улс төр23 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Нийгэм1 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм4 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм4 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг3 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр3 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ
-
Дэлхий дахинд4 цаг өмнө
Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ