Улс төр
Л.Эрхэмбаяр: САНХҮҮЖИЛТЫН САЙН ЭХ ҮҮСВЭРТЭЙ, МЭРГЭШСЭН ХҮМҮҮС МОНГОЛЫГ МАШ ХУРДАН ХӨГЖҮҮЛНЭ
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга асан, Түмэн шувуут компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ломбын Эрхэмбаярыг “Ярилцах танхим” буландаа урилаа
-Багагүй хугацаанд нам гүм, бизнесээ эрхэлж амьдарч байна Та. Ингэхэд улс төр гэх зав зайгүй том орон зайгаас хөндийрч, тойргийн гадна гарчихаад эргэж харахад хамгийн түрүүнд хүнд юу бодогддог юм бол гэж танаас асуумаар санагдаад?
-Улс төрөөс нэлээд хөндийрсөн. Нэг зүйл хамгийн түрүүнд анзаарагддаг юм байна. Энэ бол монголчууд бид оюун санааны хувьд өөрчлөлт хийх шаардлагатай болсон байна. Хүн оюун ухаанаар адгууснаас ялгардаг. Тэр оюун ухаан заавал нэг юманд итгэж, үнэмшиж байж, өөрөөр хэлбэл, бидний өвөг дээдсийн үед аль нэг шашинд харъяалагдаж тэрэндээ баригдаж явдаг байж. Үүний дараа үед аль нэг улс төрийн намд ч юм уу итгэх болсон гэх мэтээр үргэлжилж байна. Гэтэл өнөөдөр улс төрийн намын үзэл суртал нь үндсэндээ ёс зүйгүй болоод дампуурчихлаа. Оюун санааны хувьд ямар нэгэн итгэл, тэрийгээ залж явдаг шүншиг байх ёстой нь алдагдчихсанаас өнөөдрийн монгол хүнд дутагдаад байна. Тийм учраас өнөөдөр хөдөлмөрлөхгүй байна, нэгнийгээ хууран мэхэлж байна, худлаа хэлж байна, дандаа хараар сэтгэж байна. Үндсэндээ ёс суртахууны хүмүүжилгүй, оюун санааны доройтолд орчихоод байна. Иймэрхүү л дүр зураг харагдаад байна.
Итгэл үнэмшилтэй, үнэт зүйлтэй, ёс суртахуунтай нам байхгүй болсон
-Тэгвэл улстөрийн нөхцөл байдал хэрхэн харагддаг юм байна? Та нарын хэрэгжүүлж байсан бодлого, зарим нь хэрэгжих явцдаа алдаа гарсан гэх дүр зураг харагдаж байх юм уу?
-Би Ардчилсан нам,Ардын нам гэхээсээ илүү зүүний чиглэлийн нам ч тэр, барууны чиглэлийн нам ч тэр ардчилал хүний эрхийн төлөө аль аль нь түүнийг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд бүгдээрээ яг ярьсан, ярьсандаа байхаа больчихсон нь хүмүүсийн ёс зүй, ёс суртахууны доголдол, доройтолд ороход их нөлөөллөө. Уг яриад байгаа зүйл нь хэн хэнийх нь зөв, хувилбарууд нь өөр боловч буруутгах арга байхгүй.
Гэхдээ дандаа худлаа ярьдаг. Дээр байгаа том лидерүүд нь үнэт зүйл гэдэг юмаа барьж чадахгүй. 2000 оноос хойш магадгүй, ингэж үнэт зүйлээ барихгүй болохоор л буруутаад байх шиг байна. Тэгэхээр энэ бүх юмнууд алдагдаад ёс зүйгүй , үнэт зүйлгүй болж хоосон яриа болчихлоо. Бүх л зүйлийг нь хүлээн зөвшөөрч дагахаар итгэл үнэмшилтэй, үнэт зүйлтэй, ёс суртахуунтай нам байхгүй болсон.
Би тэгж л харж байна. Тэгэхээр одоо томоохон өөрчлөлт хийх ёстой. Хамгийн түрүүнд ёс зүйн хувьд, үнэт зүйлийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхөөр тийм лидерүүдийн эрэлд монголчууд гарчихсан явж байна, цаагуураа. Энэ тухайгаа ил хэлж л чадахгүй байна. Өнөөдрийн улстөрийн байгаа төрх нэг л биш. Хэдэн талдаа нам болоод хуваагдчихсан. Тэгээд хоорондоо үзэлцээд, бие биенийгээ тэр нь ч муухай, энэ нь ч муухай, мангар, тэнэг… гээд үзэлцээд байгааг хөндлөнгөөс, гаднаас нь харахад инээдтэй, эмгэнэлтэй харагддаг болоод байна. Дэлхийн шог хошин зохиолчид хэлсэн байдаг даа. “Инээдэм, эмгэнэл хоёрын хооронд ганц хуруу зай л байдаг” гэж. Бие биенийгээ муулж байгааг нь харахад ёс зүй, үнэт зүйлийн хувьд адилхан л доройтчихсон хоёр шүү дээ.
-Улс төрд 25-40 насны залуучууд түрж орж ирж байна уу даа гэж харагдах болов. Эндээс харахад залуучуудын эрин үе ирсэн байна, 30 жилийн өмнө бүтээсэн Ардчиллын үр дүн мөн үү?
-Гурван үеийн залгамж гээд ярьдаг даа, энэ тал дээр хүн төрөлхтөн хамгийн сайн шийдчихсэн хувилбарууд байдаг. Тийм ч учраас дэлхий даяар, аль ч улс орнуудад Консерватив нам гэж байдаг. Консерватив үзэл нь дэлхийн хүн төрөлхтний улс төрийн үзлийн дотор нэлээн том тал хувийг нь эзэлж байдаг. Консерватив үзлээр үү эсвэл тэрний эсрэг бүх юмыг шинээр эхлэх ёстой юу гэдгийг яриад байна. Энэ бол аль ч нийгэмд байнга л байж байдаг, цаашдаа ч байх асуудал.
Аливаа улстөрийн нам нэг талыг хэт барьж болдоггүй юм. Ер нь бизнесийн томоохон компаниуд ч гэсэн доод залуу үеэ өөрийнхөө ирээдүйг дандаа бэлтгэж байх ёстой. Намууд ч мөн ялгаа байхгүй, харилцан тэмцэлтэй байх ёстой. Тэрнээс биш өө залуучуудад өгье биш. Дэлхийн том том улстөрчид дандаа 60-аас дээш настангууд, Путин, Абэ, Си Жинпинь, Маркель, Трамп гэх мэт. Гэтэл зарим нэг орнууд нь залуу удирдагчтай байх жишээтэй. Аль ч улсын улс төрд залгамж халаагаа бэлтгээд л залуу, ахмад, идэр үеийнхэн хамтдаа оршин тогтнож байх ёстой.
Залуу байхад дандаа л өөдрөг сэтгэлгээтэй, ахмад хүнийг сонсохоор инээдтэй гэнэн юм яриад байх шиг санагддаг аархуу үе байна. Тэр нь залуучуудад инээдтэй, жирийн зүйл мэт санагдаж болох ч үгүй юм. Ямар ч нөхцөлд идэр насныхан , ахмад насныхан балансыг нь тааруулж явах ёстой. Дандаа залуучуудынхаар явбал болохгүй, туршлага дутах зүйл маш их гарна. Ийм учраас жин банг нь тааруулж, хүмүүн төрөлхтөн оршин тогтнодог байхгүй юу. Өөрөөр хэлбэл, нэг талруугаа хэт туйлширч болохгүй гэсэн үг. Залуучууд мэдлэг муутай, туршлагагүй байж болно, харин залуучууд үнэхээр муу байгаа бол бидний л муугийнх, дараа үеэ бэлтгэж чадаагүй.
Цүнх баригчид л гээд байх юм, тэгвэл яагаад цүнх бариулсан юм, тэдэнд. Мөн үг дуугүй цүнх барихаар л дээшээ явдаг тэр шалгуурыг хэн бий болгосон юм гэдэг асуудал гарч ирж байна. Зүгээр байгаа хэн нэгнийг “чи сайн цүнх баривал илүү сайн хүн болно”, эсвэл “дээшээ сайн явна” гээд ойлгуулчихсан бол энийг бас л хэн ойлгуулаад байгаа юм. Тэгэхээр эндээс харахад энд байгаа асуудал цүнх бариулсан хүмүүст байгааг харж болохоор байгаа биз. Нөгөө талаар залуу үеэ бэлтгэж гаргаж ирэхдээ олон шалгуурыг өөрийн эрхгүй давж, тэнцэх цаг хугацааг туулдаг. Тухайн хүний уг ёс зүй нь ямар вэ, мэдлэг боловсрол нь ямар вэ, хэр сайн суралцаж байна вэ, төрийн ажил ч юм уу, бизнесийн ажил ч юмуу гэдэг нь чухал үзүүлэлт болохоос биш тэр хувцас дээрх хялгас сайн түүх, гутлын шороог нь сайн арчих, цайг нь сайн зөөх зэрэг бол нэгт дугаарлагдах ажил, асуудал биш юм.
Ардчиллыг алдаад, ардчилал нь дутагдаад, ардчилал амь тавих гээд байгаа зүйл байхгүй
-Та Ардчилсан намын Удирдах зөвлөлд ажиллаж байсан. Таныг байх үед залуу үеэ бэлтгэхэд нам яаж ажиллаж, ямар бодлого баримталж байсан бэ?
-Хоёр жил гаруй хугацаанд АН-ын Удирдах зөвлөлийн гишүүн байв. Энэ хугацаанд байнгын сургалт хийх, намын мөрийн хөтөлбөр, бодлого, бичиг баримт боловсрууллах ажил дээр түлхүү анхаарч ажиллалаа. Мэдээж, нам хүний нөөцөө яаж бүрдүүлэх үү, багийнхаа үйл ажиллагааг хэрхэн идэвхижүүлэх үү гэдэг талаас анхаарч, ажиллалаа. Харин одоо эргээд харахад, ганц манай нам ч биш бусад намууд ч хүний үнэт зүйлийн талаар, хүмүүжлийн талаар, бага ярьж байсан байна. Одоо ч гэсэн тийм байгаа байх гэж бодож байна. Хүмүүжил, уламжлал, ахмадаа хүндэтгэх, хүүхэд багачуудаа асрах гэдэг ч юм уу энэ талаасаа бидний нийгэм жоохон доголдолтой, улстөрийн намууд ч тэр.
-Монголын Ардчилал 30 жилийн хугацаанд яагаад оршин тогтнож хөл дээрээ баттай зогсож чадахгүй байна вэ. Ардчиллын үнэ цэнэ өнөөгийн байгаа байдалд олон хүмүүс сэтгэл дундуур байна?
-Аливаа зүйл ер нь үнэт зүйлээсээ л эх авдаг. Үнэт зүйл гэдэг маань эх орноо хайрлах, эх орноосоо урвахгүй байх, яг ард түмнийхээ төлөө байх. Үүнээс гадна, төрийн баялаг, ард түмний хуримтлуулсан татварын орлогыг зөв зүйтэй ариг гамтай зарцуулах, хувьдаа ашиглахгүй байх зэрэг нь ёс зүй, үнэт зүйл юм. Энийг л манай улс төрийн намуудын лидерүүд алдчихсан. Тэрнээс бол ардчиллыг алдаад, ардчилал нь дутагдаад, ардчилал амь тавих гээд байгаа зүйл байхгүй.
Монгол Улсын хөгжил энэ хэмжээнд хүрээд хариуцлага тооцдог болох гэж байна. Хүний нийгмийн хөгжил гэдэг маань хувь хүний хөгжилтэй харьцуулахад удаан, буруу гольдрилоор явсан байна. Улсын хөрөнгийг шамшигдуулах, авлига хээл хахууль цэцэглэсэн, байгалийн баялаг хэт цөөхөн хүний гарт төвлөрсөн, байгалийн баялгийг эрх мэдлээрээ далайлгаж хэдхээн хүн ийш тийш нь болгож байгааг би буруу гэж хардаг. Магадгүй, энэхүү буруу болгоныг давах ёстой, бурууг нь буруугаар нь туулах л ёстой байж. Тэгж байж энэ олон түмэн, намууд сэхээ орж ойлгож эхлэх байж. Өөрөөр хэлбэл туулах ёстой бүхнээ туулж байна. Буруу замаар будаа тээх, жоохон дордох тэгж байж л нийтээрээ, нийгмийн түвшин дээшилж, иргэд ойлгож дэвшил гарна. Хувь хүний түвшингээс нийгмийн түвшин бол 10-20 жилээр хоцорч байдаг гэж уншиж байсан. Манай түвшин доогуур байна, тэрэн дээр нь манай зарим нэг улстөрчид нэлээд сайн тоглоод авлаа. Одоо ч тоглогдож байна. Хүмүүсийг ч янз янзаар нь сонгож л байна, бидний өөрсдийн түвшин тийм болохоор тийм л хүнээ сонгоно шүү дээ.
-Удахгүй Орон нутгийн сонгууль болно. Ардчилсан нам нэлээд өөрчлөгдөж, залуучууд их орж ирж байх шиг байна?
-Аливаа намууд хүнийг өмчлөх эрхгүй. Хүн өөрөө сонголтоо чөлөөтэй хийж байх ёстой. Энэ сонгуулиар ямар нам дэмжихээ хүмүүс өөрсдөө сонгох ёстой. Би түрүүн хэлсэн, одоо давтаж хэлье, үзэл суртлын хувьд, үнэт зүйлийн хувьд манлайлж чадахуйц тийм лидер манлайлагчийн эрэлд л мордоод байна. Энийгээ л олсон тохиолдолд дэмжигчид тэртээ тэргүй байж байгаа, хүмүүс мэддэг, мэдэрдэг цаад инстиктээрээ энэ ер нь зөв юм болж байна, энэ зүгээр юм байна гэдгийг мэдрээд эхэлдэг. Тийм лидер манлайлагч хүний ноён нуруу хэзээ ч гуйвдаггүй, улааныг харж урвадаггүй, шарыг харж шарвадаггүй, яг үнэт зүйл дээрээ хатуу тийм зөв хүнээр манлайлуулж байгаа тийм нам л олонхи болж чадна гэж харж байгаа.
-Ингэхэд МАН-ын дарга У.Хүрэлсүхийг хэр зөв хүн гэж хардаг вэ?
-Өнөөдөр би яг нэг хувь хүний тухай яримааргүй байгаа учир ярихгүй. Өнөөдрийн түвшинд бол улс төрийн намууд тийм хүнийхээ эрэлд мордсон байна. Тэр дотор чинь аливаа нэгэн хүнийг хэлэхгүй гэдэг нь багтаж байгаа юм шүү дээ.
-Орон нутгийн сонгуулийн өнгө ямархуу байх шинжтэй байна?
-Ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй гэж бодлоо. Мөрөөрөө ажлаа хийгэээд явж байна. Бид ер нь нийтээрээ ёс зүйтэй баймаар байна. Дээрээ тавьдаг шүншигтэй баймаар байна. Хүлээн зөвшөөрөгдсөн тийм хүмүүстэй болмоор байна. Тэрийгээ л манай намууд хиймээр байна. Тэгж байж л гишүүд чинь ч юм уу, хүрээлэх хүмүүс чинь ч юм уу, ард иргэд хүрээлнэ.
-Манайд олон намын тогтолцоо байна уу?
-Байлгүй яахав, энэ бол их зүгээр юм байгаа юм. Тамгатай намын дарга бол гоё харагддаг. Ялангуяа одоо цагт гоё харагдсан болгон яг мөн чанар нь харагдаж байгаа шигээ байдаггүй юм байна гэдгийг энэ олон үйл явдлууд хүмүүст харуулж, хэлж өгч байгаа нь сайн юм. Хүмүүс ер нь энэ үйл явдлуудаар байнгын сургалтад сууж байна. Нэг гоё хүн гараад л ирдэг. Тэгж байгаад хамгийн муухай болчихдог, барьцгүй…
Малаа цөөлнө гэхээсээ илүү менежментдээ зохих хэмжээний өөрчлөлт оруулах хэрэгтэй
-Таныг хөдөө аж ахуйн салбарын хүн гэж мэднэ. Таныг “цөм сүргийн бүтэц”-ийн талаар ярьж, зарим нэг болж бүтэхгүй үйлдвэрлэлийн талаар газар дээр нь очиж лайв хийж байгааг харсан?
-Ер нь өөрийнхөө дуртай зүйлийг хийнэ гэдэг аз жаргал. Би залуу байхын яг хүссэн юмаа хийчихээд тэр нь бүтээд л ядарчихсан, хийсэн бүхнээ хараад ядарсан ч гэсэн эрч хүч авдаг байсан. Одоо энэ байдал маань эргээд сэргэж байна. Хийж буй ажлууд бүтээд их сайхан байна. Мөн эрч хүчээ аваад юм хийх гоё. Улс төр бол ганц надаас хамаарахгүй, миний хувьд нэг жижиг эс нь. Харин өөрийн бизнес бол надаас шууд хамаарна, үр дүн нь сайн, муу гэдэг нь шууд харагдана. Бидэнд хийх ажил зөндөө байна. Хийх ажлаа мэдчихсэн, толгойд нь бүгд орчихсон ч санхүүжилтээс үүдэж гацах хамгийн хэцүү. Бага хүүтэй, урт хугацаатай зээл тэр бүр хүмүүст олдохгүй учраас, аятайхан эх үүсвэр байхгүйгээс бизнесийн маш олон ажил гацаж, хийгдэхгүй хаягдаж байна, Монголоор дүүрэн. Санхүүжилт, мөнгөний эх үүсвэр байхгүй. Зээл авахаар банкны дааж давахгүй өндөр хүүнд сөхөрнө. Ийм байдал өнөөдөр хаа сайгүй. Монголыг хөгжүүлэх маш амархан, санхүүжилтын сайн эх үүсвэр олж ирээд чаддаг мэргэшсэн хүмүүст нь өгөхөд маш хурдан хөгжүүлнэ. Угаасаа үүнд айхтар тоо бодоод л бодлого боловсруулах хэрэггүй. Хамгийн гол нь их энгийн. Манайхан мөнгөө нэгдүгээрт тавиад хамгийн буруу зүйлдээ зарцуулдаг. Үүнээс болж үр ашиггүй зардлаас болж ажил зогсоно. Хоёрдугаарт нь буруу хүндээ зээл өгдөг. Бүтээлч, ажил хийж байгаа хүмүүс авч чаддаггүй.
-Та зоотехникч хүн. Монгол 60 сая малтай гурван сая хүн амтай. Нэг хэсэг монголоор дүүрэн мянгат малчин байсан. Одоо түүний үр дүн нь бэлчээрийн даац хэтэрсэн хүндрэл бүх нутгуудад байна. Малыг бүcчилж хөгжүүл, тариалангийн бүс нутгаас малыг гарга гэдэг шаардлагыг лав Сэлэнгэ аймгийнхан түлхүү гаргаж харагддаг?
-Малаа цөөлнө гэхээсээ илүү менежментдээ зохих хэмжээний өөрчлөлт оруулах хэрэгтэй. Малын толгой олон байж болно, гэхдээ өнөөдөр мөрдөгдөж байгаа арга барилаа өөрчлөхгүй бол удахгүй Монгол Улсын нутагт цөлжилтөд өртөөгүй газар үлдэхгүй болж, бэлчээрийн талхлалтад орно. Бидэнд өөр олон арга байгаа. Тэжээлийн тариалангаа дэмжих, малыг чанаржуулж, малын тоо толгойг хязгаарлах. Мянган адууг нэг дор байлгахад ямар ч бэлчээрийг тээрэмдээд дуусгадгийг бүгд мэднэ. Тиймээс олон толгой малаар биш чанартай малаар амьдрах зах зээлийн эргэлт бий болгох ёстой.
Гаднаас өндөр үнэтэй мал оруулж ирж байна. Тухайлбал, газар тариалангаа эрхлээд, малаа өсгөж үржүүлээд компани нь үйл ажиллагаагаа явуулаад үр ашгаа аваад явж байгаа хэдий ч тэр сумдын ард иргэдэд наалдац ерөөсөө байдаггүй. Тэгэхээр монголд тохирохгүй хиймэл үр суулгалттай үхрүүдийг, маш өндөр үнэтэй оруулж ирэхээс илүү монгол эрдэмтэд нийлээд монголдоо тохирох чиглэлийн үрийг олж, мах, сүүний чиглэлийн үүлдрийн үхэр гаргах цаг болсон гэж харж байгаа, миний хувьд.
-Монголын уламжлалт мал аж ахуй, санхүүгийн чадвартай, хүний нөөц сайтай, техник эдийн засгийн боломжтой эрчимжсэн мал аж ахуйн фермерийн үйл ажиллагааг хослуулж, хөгжүүлэх боломж хэр байдаг юм бол?
-Уламжлалт буюу бэлчээрийн мал ахуй, газар тариалан хоёр яахын аргагүй тэмцэлддэг учир нэг талд орох маш хэцүү. Жишээ нь зэрэгцүүлнэ гэдэг нь Сэлэнгэ аймаг эрчимжсэн аж ахуйг эрхлээд Баян-Өлгий, Ховд аймагт бэлчээрийн МАА эрхлээд, эсвэл аймгийн төвд сүүний эрчимжсэн аж ахуй эрхлээд гэх ч юм уу… Ер нь зэрэгцүүлнэ гэдэг маш хэцүү. Харин аймаг, сум тус бүр дотроо онцлогтой байж болно.
-Түмэн шувуут ямар байгаа вэ. Өндөг, тахианы махны зах зээл улам тэлээд өрсөлдөгчид улам олон болсоор байгаа харагддаг?
-Миний хувьд Түмэн шувуут компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга. Энэ ажлаа л хийж байна. Мэдээж бүхий л бизнест өрсөлдөгч байдаг. Өрсөлдөгч нар маш олон болж байгаа.
-Түмэн шувуутын өндөг селенжүүлсэн гэж сэт гарсан байсан. Селенжүүлэх гэж яадаг юм бэ?
-Селен нь өөрөө амьд амьтны организмд маш бага байдаг мөртлөө маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүний оюун ухааныг сайжруулдаг, зүрхний цус багадалт өвчнөөс сэргийлдэг, амин дэмтэй. Монголчуудын хувьд газар нутгийн байршлаас болоод селен маш их дутагддаг бүс. Тэгтэл далайн орнууд селений илүүдэлтэй байдаг юм байна. Тиймээс бид дэлхийн олон улсын шаардлага хангасан компаниас нь селен авч тэдний технологийг шууд хуулбарлаад эрхийг нь аваад селенжүүлсэн өндөг хийж байгаа. Лабораторийн түвшинд судалж байж энгийн өндөгнөөс ялгагддаг. Өдөрт селентэй өндөг хоёрыг идэхэд тэр өдрийнхөө селенийхээ хэрэгцээний 40 хувийг хангадаг. Гэхдээ энэ нь менежмэнт гэхээсээ илүү хүний төлөө нийгмийн хариуцлага талаасаа компаниуд хийж байх ёстой ажил юм.
-Та саяхан Увсад ажиллаж байгаа харагдсан. Ямар ажлаар явсан бэ?
-Увс аймагт газар тариалангийнхаа ажлаараа явж байгаад ирлээ. Хамгийн том усалгааны систем Увсын Баруун түрүүнд Турууны гол дээр байдаг. Тэр усалгааны системийг манай Түмэн Шувуут компани худалдаж авсан юм. Эрсдэлээс хамгаалсан усалгааны системийн байгууламжтай толгойн барилга байгууламж юм. Нийтдээ 15 сая шугам метр хиймэл нууртай 4000га газар услах хүчин чадалтай. 1990 оноос өмнө Монголын хөдөө аж ахуйд хийсэн хамгийн том бүтээн байгуулалт юм. Дөрвөн жилийн туршид 400 гаруй Орос инженер, техникийн ажилчид барьж байгуулсан ажил. Энэ бүхэн орхигдсон байсныг сэргээн, ийм том бүтээн байгуулалт байдгийг сэргээн засварлаж ашиглалтад оруулаад ажиллаж байгаа.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.
Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.
Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.
Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.
Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.
Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.
Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.
Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.
Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.
Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.
Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.
Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.
Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.
Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.
Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.
Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.
Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.
Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.
Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.
Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.
Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.
Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.
Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.
Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна.
Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.
Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.
Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.
Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.
Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.
Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.
Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.
Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.
Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.
Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.
Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.
Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.
Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.
Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.
Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
-
Улс төр23 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Нийгэм2 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм4 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм4 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг3 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Нийгэм4 цаг өмнө
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
-
Улс төр3 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ