Улс төр
УЛААНБААТАРЫН ХӨГЖЛИЙГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАХ ШИНЭ ХУУЛЬ МЭНДЭЛЛЭЭ
Монгол Улсын хүн амын тэн хагас нь төвлөрөн суурьшсан Улаанбаатар хот агуулга, хэлбэр аль аль талаасаа хөгжиж, дэвжиж, өнгө засах тусам улс оронд тулгамдсан олон асуудлууд сууриараа шийдэгдэх боломж, гарцууд томоор нээгдэнэ гэдгийг эхэнд тодотгоё.
Улаанбаатарын эрх зүйн үндэс, хотын Үндсэн хууль хэмээн тодорхойлж болох Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ сарын 7-ны өдөр УИХ-ын гишүүдийн 58.2 хувийн саналаар эцэслэн баталлаа. Мөн тус хуультай хамт өргөн мэдүүлсэн 19 хууль, тогтоолын төсөлд санал хурааж, гишүүдийн олонхын саналаар батлаад байна.
Хүлээлт дагуулсан уг хуулийн төслийн шинэчилсэн найруулга хуульчлагдан батлагдсанаар, Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан байдал, эрх зүйн чадамжийг бодитоор бий болгох, засаг захиргааны реформ хийх бололцоо нээгдэж буйг Хотын захирагч Д.Сумъяабазар тодотгосон.
Үе үеийн хотын дарга нарын мөрөөдлөөс хэтрээгүй эрх зүйн орчны их өөрчлөлт Д.Сумъяабазарын үед ийнхүү хийгдэж чадлаа.
Чуулганаар хуулийн төслийг хэлэлцэн батлах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хороо, НЗДТГ, ажлын хэсгийнхэн богино хугацаанд сайн ажиллаж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, түүнийг дагалдуулан санаачилсан 19 хуулийг баталлаа. Хуулийг хэрэгжүүлэхэд НЗДТГ, НИТХ, УИХ-ын гишүүд, Засгийн газрын холбогдох яамд идэвхтэй ажиллах нь зүйтэй. Орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх том эхлэл, суурь тавигдаж байгаа. Нийслэл, дүүрэг нийгэм, эдийн засгийн хувьд хөгжиж, биеэ даах боломжийг бүрдүүлсэн анхны том шинэчлэлийг хийж чадлаа. 27 жилийн дараа энэ хуульд өөрчлөлт орж байгаа. Маш том шинэчлэл болсон гэдэгт итгэлтэй байна. Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах, төсвийн бие даасан байдлыг хангах, татварын эрхтэй болгох, талцал хуваагдлыг эцэс болгоход энэ хууль ихээхэн хувь нэмэр оруулна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
1994 онд батлагдсанаасаа хойш ганц л удаа өөрчлөлт орж байсан уг хуульд ийнхүү тохоохон өөрчлөлт оруулснаар, Улаанбаатар хотын хөгжлийг чөдөрлөж, гацааж байсан олон асуудлууд шийдэгдэх эрх зүйн орчин бүрэн дүүрэн шийдэгдэж буй гэдгийг талууд онцолж байна.
Өнгөрсөн олон жилүүдэд Улаанбаатар хотод үйлчилж, өнөөдрийг хүрсэн 150 гаруй хууль тогтоомж өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан байдаг. Тиймээс Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд нийслэл хотын онцлог, цаашдын хөгжлийн загвар, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, төрийн бусад байгууллагатай харилцах зэрэг асуудлаар бусад орны жишгийг судалж, нэвтрүүлэх талаар олон судалгаа, практик ажилтнуудын санал, зөвлөмж талуудаас гарч байлаа.
Тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх, дээр дурдсан бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж боловсруулсан. Хуулийн төсөл нь нийт долоон бүлэг, 51 зүйлээс бүрдэж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хотын хөгжлийг шинэ шатанд аваачих шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор /PhD/ Д.Ганзориг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор /PhD/, дэд профессор А.Бямбажаргал нарын хамтаар хэлэлцүүлэг өрнүүлж байсан билээ.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн гол үзэл санааг Д.Ганзориг доктор тайлбарлахдаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль анх 1992 онд батлагдсан. Төр, орон нутаг юу хийх вэ, ажил, үүргийн зааг юу байх вэ, хөрөнгө мөнгөө яаж босгох вэ, хэрхэн, яаж хуваарилах вэ, юуг бие даана гэж үзэх вэ, юуг хяналттай байлгах вэ гэдэг олон суурь зарчмууд дээр яах аргагүй Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх ёстой юм байна гэсэн дүгнэлт гарч, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийг шинэчлэн найруулъя гэсэн санаа гарсан юм. Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлт нь нутгийн удирдлагын хуулийн шинэчлэлийг хийхэд маш их түлхэц болсон. Бид нийслэл хотын асуудлыг яах вэ гэж бараг 30-аад жил ярьсан. Үүнд нэг шийдэл гаргаж өглөө. Жишээлбэл, нийслэл, аймаг хоёрыг адилтгаж үзэх үү, аймгуудын хөгжил, эдийн засгийн байдлуудыг байнга тэгшитгэж байх уу, алийг нь бие даалгах чиглэл барих вэ, алийг нь улс дэмжих вэ гэдэг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлан гаргах эрх зүйн хөрс, суурь болсон. Нийслэл бол аймгаас өөр. Газар нутгаас авахуулаад хүмүүсийн харилцаа, шийдвэр гаргалт, иргэдэд хүрэх байдал зэрэг онцлог зүйл их байна. Нийслэлийг аймагтай адилтгаж болохгүй. Нийслэлд өөрийн гүйцэтгэх үндсэн үүрэг гэж бий. Тийм учраас нийслэлийн эрх зүйн байдлыг тусгайлан зохицуулах нь зөв гэж үзэн, нэгжийн хуулийн 9.2-т тусгайлан зааж өгсөн. Түүнээс гадна орон нутгийн чиг үүрэг гэж тодорхой зүйл, заалтууд орсон. Мөн нийслэл ямар тусгай чиг үүрэгтэй байх вэ гэдгийг тусдаа хуулиараа зохицуул гэж нэгжийн хуулийн тодорхой шаардлага тавьж, хуулийг боловсруулах ажлыг хийж байна” гэсэн юм.
Дэд профессор А.Бямбажаргал хэлэхдээ “Нийслэлийн эрх зүйн байдлыг зохицуулж байгаа одоогийн хууль батлагдахад нийслэл 530 мянга орчим хүн амтай байсан. Гэтэл одоо 1.5 сая хүн амтай болсон байна. Мөн эдийн засгийн нөхцөл байдлын хувьд харьцуулшгүй байдалтай байгаа. 1992 оны Үндсэн хуульд аймаг, нийслэл, сум дүүрэг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэгтэй гэдэг үг байсан. Гэтэл энэ үг өнгөрсөн 30 жилийн хугацаанд огт хэрэглэгдээгүй. Мөн нийгэм, эдийн засгийн цогцолбор байна гэж заасан. Гэтэл 1993, 2006 оны нэгжийн хууль, 1994 оны Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиуд чиг үүрэг гэдгийг төдийлөн хөндөөгүй. Тиймээс хэн нь юу хариуцах вэ гэдэг асуудал орхигдсоноос болж бүгд оролцоотой болсон. Яам өөрөө бодлогын байх ёстой гэж олон жил ярьж байгаа. Бодит байдал дээр яам нь улсын хэмжээний бодлогыг харах ёстой байтал байрлаж байгаа газар буюу нийслэлийн төлөвлөлтөд оролцоод эхэлсэн. Тиймээс нийслэлийн удирдлагын хариуцах ажил нь тодорхойгүй болсон. 1940 оны Монгол Улсын Үндсэн хуулиас эхлээд нийслэл хот гэдэг ойлголт байдаг. Нийтлэг зүйлүүд нь нэгжийнхээ хуулиар зохицуулагдаад, бие даасан тусдаа хуулиараа хотынх нь асуудал зохицуулагдаж, нийлээд цогц болдог хотууд байна. Иргэд Хотын даргаа яагаад сонгож болдоггүй вэ гэдэг. Үндсэн хуульд Хотын дарга хэн байх вэ гэдгийг заасан байдаг. Зөв төлөвлөлт бий болгож байж, хувийн хэвшилд хөрөнгө оруулж, түүнээс хот иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг хардаг. 1994 оны нийслэлийн хуулийн хэд хэдэн зүйл бодит байдал дээр огт хэрэгжээгүй. Үүний нэг нь нийслэлийн татварын асуудал. Нийслэлийн татвартай холбоотой сүүлд гаргасан хууль бол үйлчилгээ талаасаа гаргасан хууль. Бүсчлэлийн асуудлыг бид зохиогоод байгаа зүйл огт биш. Энэ бол дэлхий нийтэд байгаа зүйл. Гэтэл энэ бодит байдал дээр ерөөсөө амилаагүй. Хоёрдугаарт, 1994 оны хуульд дагуул хот гэдэг ойлголт байсан боловч бусад хуульд ямар ч зохицуулалт ороогүй, зөвхөн бодлогын зарим баримт бичгүүдэд байдаг. Дэлхий нийтийн нийслэл хотын удирдлагын онцлог нь Засгийн газартайгаа маш ойр ажилладаг. Нийслэл нь тухайн улсын нүүр царай байдаг. Тодорхой асуудлуудыг Засгийн газрын түвшинд шийдүүлж болдог механизмыг хотын хуульдаа зааж өгсөн байдаг. Нийслэлийн хөгжлийн бодлогоо улсын бодлоготойгоо уялдуулж байж, цаашид хөгжих боломж нээгддэг” гэж байв.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэлэхдээ “Нэгжийн тухай хуулийн 8.1-д Улаанбаатар хотын удирдах зарчим гэдэгт нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн захиргааны удирдлагатай хослуулан эдийн засаг, нийгмийн амьдралыг бие даан, удирдан зохион байгуулна гэж заасан. Гэсэн хэдий ч нийгмийн олон асуудлыг бие даан шийдвэрлэх эдийн засгийн боломж, бололцоо, эрх чөлөөг төдийлөн олгоогүй. Харин нэгжийн тухай хуулиар үүнийг зохицуулах үүд хаалгыг нээж өгсөн. Гадаадын ихэнх орон ганц нэгжийн тухай хуулиар нийслэлийнхээ эрх зүйн асуудлыг шийддэггүй. Тусдаа өөрийн гэсэн статустай, өөр зарчим үйлчилдэг, хууль, эрх зүйн маш их эрх мэдэлтэй байдаг. 2021 оны хотын төсвийн нийт орлого 820 тэрбум төгрөг. 2021 оны хотын хөрөнгө оруулалт 44 тэрбум төгрөг. Гэтэл 1.5 сая хүн ам амьдарч байгаа энэ хотод утаанаас авахуулаад засвар, үйлчилгээний хөрөнгө оруулалт маш их шаардлагатай байгаа.
Жишээлбэл, дэд бүтэц тааруу Баянзүрх дүүргийн иргэн хамгийн их дэд бүтэц хөгжсөн дүүргийн иргэнтэй адил татвар төлж байна. Гэтэл гаднын улсуудад олон хүүхэдтэй айл татвар өндөр ч гэлээ татварын орлого нь боловсрол, хүүхдийн парк зэрэгт зарцуулагдаж байгаа газар амьдрахыг зөвшөөрч байна. Тэтгэвэрт гарч байгаа иргэд бага татвартай хороо, дүүрэгт амьдрахыг хүсдэг. Үүнийг бид бодолцож үзэх хэрэгтэй. Хотод төвлөрч байгаа татваруудын хувь, хэмжээ бага байна. Үл хөдлөх хөрөнгийн татвар 0.6-1 хувь байдаг. Улаанбаатар хотыг бүсчлээд хамгийн өндөр татвартай хэсэг нь нэг хувийн татвар байна. Бусад улсад үл хөдлөх хөрөнгийн татвар нийт татварын орлогын 10 хувийг бүрдүүлдэг бол манайд нэг хувийг ч бүрдүүлж чадахгүй. Улаанбаатар хотын татварын хэмжээ маш бага хэрнээ иргэдийн хүсэн хүлээж байгаа үйлчилгээ маш их. Европын улсад хэн, юугаа санхүүжүүлэх вэ гэдэг нь маш тодорхой байдаг” гэхчлэн талууд байр сууриа илэрхийлж байсан.
Харин Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Энэ хууль нийслэлийн нийгэм, эдийн засагт томоохон өөрчлөлт авчирна гэж бодож байна.
Улаанбаатар хот хөгжихгүй байгаа шалтгаан нь хотын эдийн засаг, төлөвлөлт, хот байгуулалт, хотын хөгжлийн асуудал сул явж ирсэнтэй холбоотой. Хотод яамдаас эхлээд олон оролцогч байдаг. Гэвч сүүлд нь хариуцагч байхгүй болдог. Шийдвэр гүйцэтгэл дээр хяналт, мониторинг хийж чаддаггүй, хариуцлага ярих гэхээр эзэнгүй болчихдог. Эцэст нь нийслэлийн удирдлагууд тааруу ажилласан гэсэн дүгнэлтэд хүрэх магадлал их өндөр байдаг. Нэгжийн хууль болон холбогдох хуулиудад үүнийг анхаарч оруулсан нь эерэг үр дүн авч ирэх алхам боллоо гэж бодож байгаа…
Энэ хууль бол нийслэлчүүдэд хөгжил, дэвшил авч ирсэн, ямар нэгэн чөдөр тушаа байхгүй, хөгжлийг өргөн хүрээнд бий болгосон шинэ хууль болно гэдэгт хотын даргын хувьд маш их талархалтай байгаа. “Гаднын хөрөнгө оруулагчдыг бурхны элч мэт хүлээж авдаг газар хөгждөг” гэдэг үг байдаг. Би Улаанбаатар хотыг тийм газар байгаасай гэж боддог. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нарт ээлтэй, хөгжлийг уухайлж гаргаж ирсэн Азийн цагаан дагина байгаасай гэж боддог. Энэ хууль ирээдүйн Улаанбаатарын 30 жилийн хөгжлийн суурийг зөв татсан, Улаанбаатар хотыг дэлхийн хот, баялгийн сан, хуримтлалын сан болгосон хууль болно гэдэгт эргэлзэхгүй байна…
Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийг зохицуулах, төрийн захиргааны төв байгууллага, дүүрэг, орон нутгийн хоорондын харилцаа, холбоо, уялдааг улам сайжруулах талаар хүн болгон ярьдаг. Үе үеийн Засаг дарга нар хотын хөгжлийг шинэ түвшинд гаргахын төлөө хотоо хөгжүүлэх, түгжрэлгүй, утаагүй болгох гэж чармайж ажилладаг. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд хамгийн чухал зүйл бол эдийн засгийн бие даасан байдал. Энэ хуулийн зорилго ч үүнд оршиж байгаа. Нийслэлд улсын нийт хүн амын 50-иас дээш хувь нь амьдардаг. Гэтэл хотод бие даасан эдийн засаг байхгүй учраас дүүргүүд, хороод хогны асуудлаа шийдэж чаддаггүй.
Энэ хууль бол нийслэлчүүдэд хөгжил, дэвшил авч ирсэн, ямар нэгэн чөдөр тушаа байхгүй, хөгжлийг өргөн хүрээнд бий болгосон шинэ хууль болно гэдэгт хотын даргын хувьд маш их талархалтай байгаа. “Гаднын хөрөнгө оруулагчдыг бурхны элч мэт хүлээж авдаг газар хөгждөг” гэдэг үг байдаг. Би Улаанбаатар хотыг тийм газар байгаасай гэж боддог. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нарт ээлтэй, хөгжлийг уухайлж гаргаж ирсэн Азийн цагаан дагина байгаасай гэж боддог. Энэ хууль ирээдүйн Улаанбаатарын 30 жилийн хөгжлийн суурийг зөв татсан, Улаанбаатар хотыг дэлхийн хот, баялгийн сан, хуримтлалын сан болгосон хууль болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэж байсан юм.
Төгсгөлд нь тодотгоход, өнгөрсөн гуч шахам жилийн хугацаанд дорвитой өөрчлөлт оролгүй, цаг үедээ гологдоод байсан хууль ийнхүү реформын шинжтэй агуулгын тохоохон өөрчлөлттэйгөөр дахин мэндэллээ. Хотын даргын хэлсэнчлэн ирээдүйн Улаанбаатарын 30 жилийн хөгжлийн суурийг зөв татсан, хөгжлийн олон шинэ боломжуудыг дагуулсан, том зургаараа Монгол Улсынхаа хөгжлийн цогц бодлоготой бүрэн дүүрэн нийцсэн, маш чухал ач холбогдолтой хууль батлагдлаа.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.
Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.
Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.
Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.
Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.
Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.
Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.
Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.
Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.
Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.
Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.
Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.
Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.
Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.
Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.
Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.
Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.
Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.
Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.
Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.
Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.
Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.
Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.
Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна.
Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.
Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.
Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.
Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.
Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.
Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.
Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.
Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.
Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.
Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.
Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.
Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.
Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.
Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.
Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Улс төр
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Нийгэм28 мин өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм3 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм3 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг2 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ