Нийгэм
Мордохын хазгай буюу Тавантолгой-Зүүнбаян төмөр замын түүх
-Монголд хууль засагладаг уу, хүн засагладаг уу гэдгийг Дээд шүүх хянана-
Яг оноод хэлчихсэн үгс бас байх юм. Жишээ нь, улсын комисс хүлээж аваагүй байхад л вагон онхолддог Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд бол “Мордохын хазгай” гэж үг яв цав тохирно. Эхнээсээ л энэ төмөр замын ажил Монголд мөрдөгдөж байгаа бүх хууль дүрмийг зөрчсөн бөгөөд эцэстээ нээлтээ ч хийж амжилгүй эхний ослоо гаргав. Тиймээс энэ бичвэрт “Мордохын хазгай” гэх нэршлийг ашиглаж байна. Одоо тайлбарлая.
Монгол Улсын экспортын гарцыг нэмэгдүүлэх зорилготой энэ төмөр замын ажил маш олон хардлага, сэрдлэг дунд өрнөсөн. Цэргүүдээр бариулна гэх нэрийн дор төмөр замын төсөвт өртгийг нуухаас эхлээд Засгийн газар хуульгүй мэт хүчилсээр дуусгаж байгаа төсөл. Алх барьсан хүнд бүгд хадаас шиг харагддаг гэдэг. Тэгвэл Засгийн газар эрх мэдэлдээ эрдэж, жирийн бизнес эрхлэгчдийг чимээгүй “хадсаар” Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг дуусгаж байна.
Гэвч… Төмөр замын ажил дууссан ч түүнийг барих явцад гарсан хуулийн зөрчил, алдаа завхрал цаашид ч үргэлжлэх магадлалтай юм. Зарим мэдээллээс харахад, Засгийн газрын хууль бус шийдвэрээс болж хохирсон аж ахуйн нэгжүүдийн асуудал Улсын дээд шүүхээр хянагдах хэмжээнд очоод байгаа аж. Маш олон баримт фактууд Засгийн газрын хууль бус шийдвэрүүдийг хангалттай нотолдог. Тэгэхээр Монголд хууль засагладаг уу, хүн засагладаг уу гэдгийг харах боломж бүрдэх нь…
Тавантолгой-Зүүнбаян төмөр зам бол Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлсэн төсөл. Тэгвэл Монгол Улсын хуулийг ягштал биелүүлэх үүрэгтэй гүйцэтгэх засаглал Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам дээр бол эсрэгээр нь ажилласан байдаг. Хуулийг гууль болгосон шийдвэрүүд нь бүгд цагаан дээр хараар баримттайгаа үлджээ. Цөөн жишээ дурдъя.
Монгол Улсын Засгийн газар 2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр 117 дугаар тогтоол гаргаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих эрхийг “Зүүнбаян төмөр зам” ХХК-д гурван жилийн хугацаатай олгосон. Өөрөөр хэлбэл, асар өндөр төсөвт өртөгтэй төмөр замын төслийг хэрэгжүүлэх эрхийг “Зүүнбаян төмөр зам” ХХК-д шууд өгсөн гэсэн үг. Эндээс л нөгөө мордохын хазгай гэгч нь эхэлсэн байна. Учир нь, Засгийн газар тогтоол баталж байсан есдүгээр сард Монгол Улсад “Зүүнбаян төмөр зам” гэж компани огт байгаагүй бөгөөд хожим 2020 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр л Улсын бүртгэлийн ерөнхий газарт нөхөж бүртгүүлж, албан ёсоор гэрчилгээгээ авсан байгаа юм. Тэр өдрөөс л хуулийн этгээд үүсгэн байгуулагдсан бөгөөд Засгийн газар огт байхгүй компанид, огт байгуулагдаагүй хуулийн этгээдэд төмөр замын суурь бүтэц барих эрх олгосон нь ноцтой асуудал. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчийн үлгэрээр Засгийн газар хуулийг шууд зөрчсөн нь дээрхээр батлагдаж байна.
Төмөр замын суурь бүтэц гэдэг асар том бүтээн байгуулалтын ажил. Маш олон дүрэм журам, норм стандартыг хангасан байх ёстой. Төмөр замын барилга угсралтын ажлыг тусгай зөвшөөрөл, туршлага, техникийн боломжтой байгууллага хийдэг болохоос “төрөөгүй” цаасны компани хийдэггүй юм гэдгийг энэ явдал харууллаа. Одоо будаг нь ханхалсан гэх шинэ төмөр замын осол, түүний хохирол зардлын хариуцлагыг хэн хүлээх вэ? Цаашид энэ төмөр зам ашиглалтын шаардлага хангахгүй хүний амь эрсэдвэл хэн хариуцах вэ? Ер нь зам, барилгын бүх л бүтээн байгуулалт тийм зарчимтай. Захын нэг барилга барихын тулд ямар олон зөвшөөрөл авч, ямар олон гарын үсэг цуглуулах шаардлага гардаг билээ. Зам, барилгын ажил гүйцэтгэх гэж байгаа аж ахуйн нэгжүүд эхлээд зөвшөөрөл авах, ТЭЗҮ батлуулах, Барилгын ажлын зургийг боловсруулж батлуулах, Ажлын даалгавар авах, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан болон ерөнхий үнэлгээ боловсруулах, барилгын ажил хийгдэх газрыг чөлөөлөх гэх зэрэг шат дараатай олон процесс ажиллагааг дамждаг. Энэ бүгд өөр өөрийн дүрэм, журам, хуулиар зохицуулагддаг. Гэтэл Монгол Улсын Засгийн газар ямар ч цаасгүй, ядахнаа ТЭЗҮ ч үгүй төслийг шууд эхлүүлсэн. Ерөнхийдөө алх цохиод л ажил эхлүүлж, энэ нь эцэстээ ноцтой осол гарах хэмжээний асуудалд хүрээд байгаа юм. Товчхондоо, Засгийн газар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг хэрэгжүүлэхдээ Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм журмыг зөрчиж мэргэжлийн тооцоо судалгаагүй, холбогдох баримт бичиг болох ТЭЗҮ, барилгын зураггүй, ажлын даалгаваргүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээгүйгээр хийж хэрэгжүүлсэн. Энэ бүхэн нь бүгд баримт нотолгоотойгоо байгаа бөгөөд анхан шатны шүүхүүдээр ч тогтоогдоод байгаа юм байна.
Энд байгаль орчинд учруулсан сөрөг нөлөөллийн талаар бас дурдах ёстой. Төмөр зам барихын тулд уулыг таллаж, өм цөм ухаад авчихсан нь өдгөө ямар ч нөхөн сэргээлтгүй байж л байна. Уг нь Ашигт малтмалын тухай хуулиараа түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглахдаа байгаль орчинд нөлөөлөхөөс эхлээд бүхий л үнэлгээ, учирч болох эрсдэлийг тооцож, хууль дүрэм баримталж, эцэст нь нөхөн сэргээлтийг хийх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авч байж олборлолт явуулах учиртай. Тусгай зөвшөөрөлгүй ямар ч компани, тэр бүү хэл Төрийн өмчит Тавантолгой ч олборлолт байтугай хайгуул хийх бололцоогүй. Гэтэл төмөр зам барина гэхээр л ямар ч лицензгүй, ТЭЗҮ-гүй, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээгүй, уулын ажлын төлөвлөгөө гэх мэт хуулийн бүх шаардлагыг уландаа гишгэн уулын талыг тэслээд нүх үлдээж болох уу. Энд хариуцах эзэн байхгүй…
Тавантолгой-Зүүнбаян төмөр зам дээр энэ мэт Монголын хуулийг Монгол Улсын Засгийн газар уландаа гишгэснийг батлах баримт, факт олон бий. Тиймдээ ч Засгийн газрын хүч түрэн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшил, өмчлөлд байгаа газрыг дур мэдэн булаасан атлаа нөхөн олговрыг зөвхөн цаасан дээр хожим өгөх нэрийдлээр өнөөдрийг хүртэл бодит эрхийг сэргээхгүй байгаа нь эхнээсээ шүүхэд дуудагдсан байна.
Т.ХЭРЛЭН
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм21 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр22 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм23 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно