Нийгэм
Мөнгө үнэртсэн булан тохой ба нийтийн “ОО”
Т.Эрдмаа
Хүний тав тухтай амьдрал хамгийн энгийн зүйлээс эхэлдэг. Ийм ч учраас цахим орчинд “Амьд байхад нэг их юм хэрэггүй дээ” гэсэн үг хэрэн хэсч явдаг юм шиг санагдана. Тэгвэл энд хүний өдөр тутмын бас байнгын нэг чухал хэрэгцээний тухай цухас өгүүлэх гэсэн юм. Цас ханзарч зуны амьсгал цухалзаад хүн бүрийн сэтгэлд “За энэ зун хаана очиж яаж амрах билээ.
Зардал мөнгө нь ч юу байна” гэсэн бодол эргэлдэнэ. Энэ бол бас л хүний хэрэгцээ, гэгээн сайхан бодол. Үүний зэрэгцээ түм түжгэнэж, бум бужигнасан их хотын амьдрал өнөө л замын түгжрэл, үнийн өсөлт, хоногийн хоолоо яасхийж залгуулах вэ гэсэн сэтгэлийн түгшүүртэй өрнөнө. За энэ ч яахав гэж бодъё. Их хотын элдэв асуудлын яах аргагүй хөндөх нэг сэдэв бий. Хаврын хаварт гэр хороолол, хотын төв ч ялгаагүй камергүй булан тохойн хажуугаар өнгөрөхөд хамар сэтлэм үнэр хан хийх нь гаслантай. Жаахан салхи сэвэлзэж сэвлэг хөдлөх төдийд тэндээс боссон тоос бидний уушгинд төвөггүй “гулсаад” л орно. Ийм ч учраас цас ханзрахтай зэрэгцээд наад зах нь халдварт томуу, томуу төст өвчин дэлгэрдэг гэхэд хилсдэхгүй байх.
Энэ өвчний дэгдэлт дуусав уу үгүй юу шарилж, ургамлын харшил залгаад авна. Их хотын амьдралын энгийн жишээ л энэ. Үүнтэй холбоотой асуудал яах араггүй нийтийн “ОО” юм шүү дээ. Хүний тэвчиж, барьж чадахгүй удаан гүрийж болдоггүй биологийн хэрэгцээ бол бие засах. Хөгшин, залуу, хүүхэд, эр, эм гэлтгүй хэнд ч зайлшгүй хэрэгцээ гарахад “ОО”-ын хаалгаа цэлийтэл нээгээд “Та орж болно” гэж хэлэх байгууллага тэр бүр байхгүй. Учраа хэлээд гуйхад дуртай, дургүй “ОО”-ынхоо зүгийг зааж өгнө. Яг энэ үед дотор гэрэл асах мэт болж “Маш их баярлалаа” гэж хэлээд 500 төгрөг өгөх нь жам ёсны зүйл. Гэхдээ ийм тохиолдол ховорхон доо. Ихэнх нь “Гадны хүн оруулахгүй” гэж хэлдэг. Төлбөрийг төлөөд “ОО”-д чинь орж болох уу гэж хэлээд ч нэмэргүй. Хариугүй юу яах шахам явж байхад энэ үг хэчнээн хахир хатуу сонсогддог гэдэгт санал зөрөх хүн бараг үгүй л болов уу. Нөгөө талдаа сайхан сэтгэл гаргаад “ОО”-доо оруулахад гадуур нь бие засах, ашигласан цаас, ариун цэврийн хэрэглэлээ суултуурт хийж бөглөхөөс өгсүүлээд зовлон бий. Ямар сайндаа албан байгууллагуудын “ОО”-д “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэсэн үг бичээстэй байхав дээ. Энд монголчуудын хэлдгээр “Гээндээ ч бий. Гоондоо ч бий” гэдэг үг тохирно.
Өнөөдөр Улаанбаатар хот 1.6 хүн амтай болж метрополис хотын хэмжээнд хүрсэн гэдэг. Гэтэл хүний хамгийн наад захын биологийн хэрэгцээ болох бие засаг газар алга. Алга ч гэж дээ уг нь бий. Ажиллахаасаа ажиллахгүй хаалга үүд нь түгжээтэй 13 ширхэг “00”-той гэсэн тоо байдаг. Тэгэхээр хэн нэгэн албан байгууллага, хувь хүний ухамсарт найдахаас илүүтэй нийтийн “ОО” олныг байгуулах хэрэгцээ шаардлага байна. Энд бас нэг үг дайя. Хэрэв нийтийн “ОО” байгуулах юм бол өндөр суултуур хэрэггүй шүү. Хөлийн хоёр булчин дээрээ суучихдаг нь тохирно. Цэвэрлэсэн ч амар. Тэнд орж бие зассан хүнд ч элдэв сэжиг төрөхгүй. Үүнээс гадна хотын төв, зах зайдуу газар гэлтгүй “Био ОО” гээчийг хаа сайгүй байрлуулна гэж яриад олон жил өнгөрлөө. Өнөөдөр сураг байтугай зураг нь ч алга болж.
Тэгэхээр их хотын шийдэх ёстой олон асуудлын тэргүүн эгнээнд яах араггүй нийтийн “ОО” орж байгаа юм. Үүнийг шийдээд өгчихвөл мөн ч их хэрэгтэй байна даа. Ядаж л хаврын хаварт хамар сэтлэх шахам үнэр энд тэндэхийн булан тохойноос хан хийхгүй болох байх шүү. Хотын захиргаанаас хөрөнгө гаргаад нийтийн “ОО” байгуулахаас илүү ийм төрлийн бизнес эрхлэх санал, төслийг ямар нэг байдлаар дэмжээд өгвөл аандаа болчих боломжтой юм. Аливаа асуудалд сэтгэлээсээ хандаад шийдье гээд зоривол гарц гаргалгаа олон байдаг даа. Биологийн араггүй хэрэгцээ гарсан хэн ч гэсэн хяналтын камер, элдэв булан тохой бараадаж хялам, хялам хийхгүй тогтсон тарифаар нь мөнгө төлөөд тав тухай учраа олох боломжийг бүрдүүлж өгөөд олон нийтэд танилцуулаад “ОО”-ын бизнест уриалан дуудаач хотын удирдлагуудаа. Тэгвэл овжин ухаантай, бизнес сэтгэлгээтэй нэгэн гарч ирээд нийтийн “ОО” энд тэнд байгуулаад ажлын байр бий болгож ашиг орлого олох нь тодорхой. Өөрөөр хэлбэл тэр хамар сэтэлчих гээд цоргиулаад байгаа булан тохойгоос мөнгө л үнэртээд байх шиг ээ.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм19 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм24 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Нийгэм21 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр24 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Улс төр21 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм21 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно