Нийгэм
Нийтийн тээврийн талаар нэг шийдэлд хүрэх цаг болсон юм биш үү
Хүн бүр өөрийн гэсэн өмчтэй байх, зах зээлийн зарчим хэрэгжсэний нэг үр дүн нь хүн бүр машинтай болсон. Тэгээд ч жолооч гэдэг нь мэргэжил байхаа больж, хэрэглээ болсноор өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод 600 орчим мянган машин хөлхөлдөж замын түгжрэл, авто зогсоол гэдэг хотын удирдлагаас авхуулаад иргэн бүрийн толгойны өвчин болоод удаж байна.
Эрхбиш энэ зовлонг мэдэрсэн хотын дарга бүхэн л нэг хувилбар дэвшүүлдэг ч хэрэгжиж бүтсэн нь огт үгүй 30-аад жил болж байгаа нь энэ.
Хамгийн эхлээд л нийслэлд рейлбус буюу хөнгөн галт тэрэг аялуулж хотын баруун зүүн талыг холбон зорчуулна хэмээн буудал хүртэл байгуулсан ч хэрэгжээгүй өнөө галт тэргээ хааяа нэг орон нутагт зорчуулсаар өнөө хүрсэн. Дараа нь юу юугүй л метро байгуулих юм болоод байсан нь бас бүтээгүй, дараагийн Засаг дарга нь агаарын дүүжин тээвэр хөгжүүлнэ хэмээгээд бүр нэгийг авчирч үзүүлээд л гайхуулж байсан ч дэмий л хэдэн доллар үрж дундаас нь цавчиж, УИХ-д сонгогдсоноос хэтрээгүй. Тэгснээ бетонон хөлт төмөр зам тавьж агаарын галт тэрэг явуулах мундаг шийдэлд хүрсэн ч мөн л чимээ тасарсан. Хотын орлогч байсан нэг мангар нийтийн тээврийн автобусыг замын голоор явуулж зам дээрх гүүрэн гарцаар зорчигчдоо суулгаж байна гэж нэг хэсэг яриад төд албанаасаа огцорсон.
Одоо нийслэлийн ерөнхий архитектор нь Туул голыг салаалан хотынхоо дундуур урсгаж, урсцыг нь сайжруулаад Венец, Амстердам шиг усан тээвэр явуулна гэж сууна. Голын урсцыг сайжруулах хаалт далан барих төслийг улайран эсэргүүцэгч Б.Бат-Эрдэнэ аварга УИХ-д сууж байхад энэ төсөл мөн л хэзээ ч бүтэхгүй гэдэг нь ойлгомжтой. Ядаж байхад тэр аварга нь нэг намынх нь хүн. Тэгээд ч МАН-ын эрхэм Ми.Энхболдын “хичээл зүтгэл”-ээр хотын дундуур гол урсгах бүү хэл явган хүн явах аргагүй барилга чигжчихсэнийг энэ хүн харсан л байлтай.
Энэ бүхнээс юу бодогдож байна вэ гэхээр хотын нийтийн тээврийг сайжруулж, авто замын түгжрэл, зогсоолын асуудлыг шийдэх нэг мөрийн шийдэлд хүрэхгүй бол түр зуурын албанд томилогдох дарганцар бүрий нэг тэнэг юм ярьж, төсөл хөтөлбөр боловсруулах зураг төсөл хийлгэх гээд баахан хөрөнгө мөнгө үрээд, дундаас нь баахан мөнгө иддэг явдал үргэлжилсээр байх нь. Чухамдаа үе үеийн дарганцруудад нийтийн тээврийг сайжруулчихъя, замын түгжрэл, авто зогсоолын асуудлыг шийдчихье гэсэн сэтгэл өчүүхэн ч төдий байхгүй, гагцхүү юун түрүү олон нийтэд таалагдах, дараа нь дундаас нь мөнгө цавчих сэтгэл нь дийлчихээд байгаа нь гарцаагүй үнэн.
Үүнээс гарах хамгийн зөв арга зам нь энэ асуудлаар эрдэмтэн мэргэдийг оролцуулаад хол ойрын туршлага, сайн жишээг судалж байгаад томоохон хэлэлцүүлэг өрнүүлээд яг юу хийх, хэдий хугацаанд хийхээ шийдээд яг тогтчих явдал. Тэгээд жил бүрийн төсөвтөө тодорхой хөрөнгө мөнгө тусгаад аль намын хэнбугай нь ч Нийслэлийн Засаг дарга, хотын захирагч болсон түүнийг л хийгээд явдаг бол хэзээ нэгэн цагт бодит ажил болж хэрэгжих нь лавтай.
Эс тэгвээс хэн нэгэн даргын цүнх барьж гүйж байгаад дарга болсон нэг нь хотынхоо иргэдийг бүгдийг нь нисдэг, далавчтай болгоё ч гэж мэдэх нь. Үгүй юм аа гэхэд нийтийн тээврийг шийдэх өөр олон /гэхдээ манайд хэзээ ч бүтэхгүй/ арга замуудаас нэрлээд байвал дуусахгүй, хот ч нийтийн тээврээ шийдэж чадахгүй. Одоо удахгүй дараагийн алба авах нэг мангар нь бага оврын онгоц, нисдэг такси, агаарын бөмбөлөг, пуужин гээд санаанд орсон, шөнө зүүдэлсэн, кино сайтаас олж харснаа яриад, эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед баахан мөнгө үрэх нь.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм15 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм19 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм23 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм17 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг22 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо