Нийгэм
Л.Мандахнаран: “Молонго 1, 2” төслийн барилга угсралтын ажлыг 2023 оны II улиралд эхлүүлнэ
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй“Солонго 1, 2”орон сууцны төслийн талаар “ТОСК” ТӨХХК-ийн Төслийн хэрэгжилт, хяналтын хэлтсийн дарга Л.Мандахнарантай ярилцлаа.
Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150 мянган өрх, айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлж, орон сууцны хорооллыг барих ажлыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан үе шаттай эхлүүлнэ хэмээн тусгасан. Энэ хүрээнд “ТОСК” ТӨХХК нь ямар төслүүд дээр ажиллаж байна вэ?
-“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөр, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд төрөөс “Залуус 1, 2, 3” хорооллыг барихаар төлөвлөөд байгаа. Мөн Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж төвлөрлийг сааруулах замаар шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх хүрээнд ажлын байртай уялдсан иргэдийн орлогод нийцсэн орон сууцаар хангах “Солонго 1, 2”, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Эко Яармаг-1” зэрэг төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
“Залуус-1” төслийн ажлыг эрчимжүүлэх тухай “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан. Ажлын явц ямар шатандаа яваа вэ?
-Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутагт баригдах залуу гэр бүлд зориулсан 5,616 айлын орон сууцны “Залуус-1” цогцолбор хорооллыг байгуулах Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 43 дугаар захирамжаар байгуулж, тус Ажлын хэсэг 2021 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр “Залуус-1” хорооллыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Морингийн даваа, “ТОСК” ТӨХХК-ийн эзэмшлийн 57 га талбайд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Төслийн хэмжээнд нийт 5,616 айлын 94 блок орон сууц, 240 хүүхдийн цэцэрлэг 6, 1250 хүүхдийн сургууль 2, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 1, өрхийн эмнэлэг 5, 2-р шатлалын эмнэлэг, бизнес төв, худалдаа үйлчилгээний барилга байгууламж, төрийн байгууллагууд, зочид буудал, дата төв, их дээд сургуулийг бүрдүүлсэн 150 гаруй барилга байгууламжийг хамарсан цогцолбор хороолол босох юм. Ингэснээр Улаанбаатар хотын хүн амын нягтаршил саарах, иргэдийн орон сууцны хангамж, залуучуудын эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл нэмэгдэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ суурьшлын бүс үүсгэж дагуул хотыг бий болгоно. Төсөл хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд нэгдүгээр үе шат 2021-2023, хоёрдугаар үе шат 2023-2025 онд хэрэгжихээр тооцсон. Төслийн нийт өртөг ТЭЗҮ-ээр орон сууцны барилгад 916.0, олон нийтийн барилгад 311.8, инженерийн шугам сүлжээнд 258.5, нийгмийн үйлчилгээний барилгад 114.2, авто замд 31.0 тэрбум нийт 1.6 их наяд төгрөг шаардагдахаар тооцоолол гарсан. Төслийн бэлтгэл ажлын хүрээнд 2021 оны зургаадугаар сард ТЭЗҮ болон эскиз зураг, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зургийг Хот байгуулалт хөгжлийн газраар батлуулж, орон сууцны барилга, сургууль цэцэрлэгийн барилга, гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл 2022 оны тавдугаар сард магадлалаар батлагдан гарсан. Төслийн гадна инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэгч байгууллагыг 2022 оны гуравдугаар сард БХБЯ тендер зарлан шалгаруулж, 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс төслийн талбайд гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажлууд хийгдэж эхэлсэн. Гүйцэтгэгч байгууллагаар “Одкон Холдинг”, “Алтайн Үндэс Констракшн”, “Биг Монголиа Бюлдинг”, “БиЭсБи Энержи” компаниуд шалгаран ажиллаж байна. Төслийн эхний ээлжийн 936 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг 2023 оны нэгдүгээр улиралд эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
“Солонго 1, 2” төслийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ гэсэн мэдээлэл байна. Үүнийг тодруулаач?
-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий бага, дунд орлоготой иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төсөл бол “Солонго 1, 2”. Тус төслийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.Энэхүү төсөл маань Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу “Буянт-Ухаа 2” хорооллын баруун, зүүн талд байршиж байна.
Төслийн хүрээнд хэчнээн айлын орон сууц, ямар хугацаанд баригдах бол. Одоогоор төслийн явц ямар шатандаа яваа вэ?
-“Солонго 1, 2” төслийн хүрээнд нийт 5,002 айлын орон сууцыг 5 жилийн дотор барьж ашиглалтад оруулна. Төслийн орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах, барилгын менежментийн ажлыг гүйцэтгэх, албан хаагчдыг сургалт, чадавхжуулалтын хөтөлбөрт хамруулах зэрэг зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “SAMOO” түншлэл 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн үзүүлж байна. Төслийн ерөнхий төлөвлөгөөний загвар зураг 2021 оны аравдугаар сард батлагдаж, гадна инженерийн нэгдүгээр хэлхээний шугам сүлжээний зураг төсөл, төсөв боловсруулах ажлыг Монгол Улсын зураг төслийн компаниудын түншлэл гүйцэтгэж байна. Дэлхий даяар тархсан Коронавирусийн цар тахлын улмаас үүссэн барилгын материалын үнэ болон тээврийн зардлын өсөлт нь төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрээр батлагдсан төсөвт өртгийг нэмэгдүүлэх хандлагатай байгаа тул зөвлөх “SAMOO” түншлэл нь төслийн ерөнхий төлөвлөлтөд хэсэгчилсэн байдлаар өөрчлөлт оруулан дараагийн шатны ажлын зураг төслийг боловсруулж, 2022 оны долоодугаар сард магадлалаар батлуулан бэлэн болгосон.
Орон сууцны барилга угсралтын ажил хэдэн сараас эхлэх вэ?
-Төслийн барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг 2022 оны III-IV улиралд зохион байгуулж, төслийн барилга угсралтын ажил 2023 оны II улиралд эхэлнэ. “ТОСК” ТӨХХК нь уг төслийг хэрэгжүүлэх нэгжийн үүргийг гүйцэтгэн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах ажилд хяналт тавьж, төслийн талбайг бэлтгэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
“Солонго 1, 2” орон сууцны хорооллын онцлог давуу тал юу байх бол?
-Энэ төсөл маань Монгол Улсын Засгийн газраас баримталж буй тэргүүлэх зорилтууд болох иргэдийн орлогод нийцсэн орон сууцаар хангах, агаар,орчны бохирдлыг бууруулах, иргэдийг ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой. Төслийн хүрээнд ухаалаг дэвшилтэт технологийг шингээсэн, ногоон хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон, эрчим хүчний хэмнэлттэй 5,002 айлын орон сууцны цогц хороолол ашиглалтад орох юм.
“Солонго 1, 2” хороолол ашиглалтад орохоор тэнд “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжих үү?
-Мэдээж “Түрээсийн орон сууц” хөтөлбөр цаашид ч үргэлжилнэ гэж бодож байна. Засгийн газар, Барилга хот байгуулалтын яамны бодлого чиглэлийн дагуу “ТОСК” ТӨХХК-ийн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд “Түрээсийн орон сууцны сан”-г тогтмол нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн иргэдийнхээ орон сууцны нөхцөл, хангамжийг сайжруулах зорилгоор эрчимтэй ажиллана. Төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүд маань амжилттай хэрэгжээд тэрхүү төсөл хөтөлбөрөөс Засгийн газрын тогтоолоор тодорхой тооны орон сууцаар “Түрээсийн орон сууцны сан”-г нэмэгдүүлнэ.
Хэрэв зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад оруулахаар бол хэзээнээс бүртгэх вэ. Энэ талаарх мэдээллийг хэрхэн хүргэх вэ?
-Одоогоор манайд бэлэн орон сууц байхгүй бөгөөд шинэ төслүүд маань хэрэгжиж, ашиглалтад орж, бэлэн болсон үед холбогдох журам батлагдаж, түүний хүрээнд шаардлага хангасан иргэдээ хамруулах тухай мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон компанийн www.tosk.gov.mn вэб сайт, олон нийтийн сүлжээний хуудсаар иргэддээ нээлттэй мэдээллийг шуурхай хүргэнэ.
Сүүлийн үед “ТОСК” ТӨХХК-ийн нэрийг барьж, байранд оруулж өгнө, бүртгэлд багтаана гэх зэргээр иргэдийг залилан мэхлэх асуудал их гарч байгаа талаар танайхаас сэрэмжлүүлэг гаргасан байсан. Энэ талаар та мэдээлэл өгөөч?
-Иргэдийн орон сууцтай болох хүсэл дээр дөрөөлөн хөнгөлөлттэй үнээр орон сууцад оруулна гэж иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний мөнгө авч, залилсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар мэдээлэл ирсэн. Эдгээр хүмүүс нь “Төрийн орон сууцад хамруулж өгнө. Таньдаг хүн байгаа” гэх мэтээр иргэдийн итгэлийг олж, удаа дараа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Тэгэхээр иргэд та бүхнийг энэ мэтчилэн байгууллагын нэр ашиглан, худал амлаж буй этгээдүүдэд итгэж, мөнгө өгч хохирохоос сэрэмжлүүлж байна. Мөн бүртгэл болон орон сууцтай холбоотой мэдээллийг манай албан ёсны цахим хуудас болон вэб сайтаас авах боломжтой. Үүнээс гадна ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд биеэр ирж, холбогдох ажилтантай уулзах, 11-313898, 70113155 дугаарт хандаж мэдээлэл авах, өгөх боломжтойг дуулгая. Цаашид энэ мэтчилэн байгууллагын нэр хүндэд халдсан, албан хаагчдын нэр барьж, иргэдээс мөнгө төгрөг нэхэх, залилах үйлдлийг таслан зогсоож, хууль хяналтын байгууллагад тухай бүрд нь шалгуулж, тогтоолгох болно.Дашрамд дурдахад, энэ мэтээр залилангийн гэмт хэргийн хохирогч болсон иргэд ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны Залилан мэхлэх гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өргөдлөө өгч, шалгуулахыг сануулж байна.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Нийгэм
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр23 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм24 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм2 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм2 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг1 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр56 мин өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ