Нийгэм
Ургац хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгахаар тооцжээ
Намрын налгар өдрүүд айлчлан ирсэн эдгээр өдрүүдэд ирэх өвөлдөө бэлддэг их ажлын дарааллууд хөвөрдөг. Тэгвэл энэ жилийн хувьд хэр хэмжээний ургац, хүнсний ногоо, өвс малын тэжээл хурааж авах талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр энэ онд улсын хэмжээгээр 378.1 мянган га-д үр тариа, үүнээс 353.1 мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ нийтдээ 588.5 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байна. Үүнээс 2022 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 49.0 мянган тонн улаанбуудайн үр нөөцлөх бөгөөд үрийн зориулалтаар 10.3 мянган тонн, тэжээлд 36.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 11.1 мянган тонныг тус тус зарцуулахаар санал ирүүлснээр гурил үйлдвэрлэлд нийтдээ 334.7 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байгааг дурдаад урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байгаа бөгөөд хүнсний ногооны үйлдвэрэлэл өнгөрсөн жилийнхээс арав гаруй хувиар өсөхөөр байна гэж байлаа. Мөн тэрбээр, байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, мөндрийн улмаас 13.2 мянган га талбай ургац алдаж, болц дутуугаас 11.4 мянган га талбай ногоон тэжээлд шилжсэнээр, нийтдээ 24.6 мянган га талбайн ургац балансад тусгагдаагүй болно. Гэхдээ энэ жилийн хувьд таримлын болц харьцангуй жигд, урьд жилүүдээс 5-7 орчим хоногийн өмнө буюу есдүгээр сарын 10-ны орчим ургац хураалтын ажил эхлэхээр байгаа тул хураан авах ургацын хэмжээ, чанарт эерэгээр нөлөөлөхөөр байна. Засгийн газрын 2022 оны 276 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр хамтран ажиллаж өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүдэд 1522 оюутан, сонсогч гэрээгээр ажиллаж байна гэв.
Түүнчлэн ургац хураалтад нийтдээ 1095 комбайн, 620 ширхэг жатка, 230 гаруй үтрэм, 1035 ширхэг үр тариа цэвэрлэх, сортлох, ачих машин, 75 ширхэг төмс хураах комбайн, 510 ширхэг төмс ухагч, ангилах сортлох машин ажиллах бөгөөд техник засварын ажил 80 гаруй хувьтай байна. Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн үр дүнд диллер аж ахуйн нэгжүүд өндөр хүчин чадлын 40 гаруй комбайныг ургац хураалтын өмнө нийлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд техникийн иж бүрдлээр тооцоход ургац хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдэж байна. Улсын хэмжээнд үр тариа хадгалах 550.2 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 186.0 мянган тонн, хувийн хэвшилд 364.2 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж буудай хүлээн авахад бэлэн болоод байна. Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран есөн дүүргийн 31 байршилд томоохон хэмжээний төвлөрсөн цэг байгуулан ажиллуулж байгааг З.Мэндсайхан сайд мэдээлэлдээ дурдсан.
Ташрамд дурдахад хөрш орнуудад үүссэн дайны нөхцөл байдал, ковидын цар тахлаас шалтгаалж газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүх орцын үнэ 30-35 хувь өссөн байна. Тиймээс тариаланчдын гол төлөөлөл болсон Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран үйлдвэрлэлийн бодит үнэ өртөг болон дэлхийн зах зээл дээрх үнэ ханш зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж, энэ жилийн буудайн үнийг тогтоожээ. Тодруулбал Хөдөө аж ахуйг дэмжих санд: 1-р ангиллын улаанбуудай нэг тонн-нэг сая төгрөг, 2-р ангиллын улаанбуудай нэг тонн-970,000 төгрөг, 3-р ангиллын улаанбуудай нэг тонн-940,000 төгрөг, 4-р ангиллын улаанбуудай нэг тонн-880,000 төгрөгөөр тооцож хүлээн авахаар боллоо.
Бэлчээрийн мал аж ахуйг байгалийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өвөл хаврын улирлыг өнтэй даван туулах зорилгоор орон нутагт отрын нөөц нутгийг байгуулан, хил заагийг баталгаажуулж хамгаалалтад авч ажиллах тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд аймгуудын Засаг дарга нартай байгуулсан 2022 оны гүйцэтгэлийн гэрээнд тусган ажиллаж байна. Отрын бүс нутгуудыг зүй зохистой ашиглах, бэлчээрийн даацад тохируулах, мал эмнэлгийн үзлэг оношлогоог заавал хийх чиглэлээр үүрэг чиглэлүүдийг өгөөд байгааг дурдаад аймаг, орон нутгаас авсан судалгааны үр дүнгээр одоо ашиглалтгүй байгаа болон бага ашиглалттай бэлчээрийг эргэлтэд оруулах зорилгоор улсын төсөв, олон улсын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр 21 аймаг, отрын бүс нутагт инженерийн хийцтэй 240 гаруй худаг шинээр барьж байгуулах ажлын хайгуул, өрөмдлөгийн ажлыг эхлүүлсэн. Ажлын үр дүнд 280 мянга орчим малыг усаар хангах боломжийг бүрдүүлнэ. Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулдаг үлийн цагаан огтонотой тэмцэх 2022 оны хаврын ажлыг 250 мянган га-д гүйцэтгэсний зэрэгцээ намрын ажлыг 300 мянган га-д хийхээр төлөвлөж байна. Ингэснээр мал аж ахуйн үйлдвэрлэлд 550 мянган га бэлчээрийг эргэлтэд оруулах болно. Энэ онд 22-24 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ жил малчдын түвшинд өвс 1.2 сая, сүрэл 1.8 мянга, ногоон тэжээл 18.6 мянга, үйлдвэрийн тэжээл 73.1 мянга, гар тэжээл 82.6 мянга, дарш 1.1 мянга, давс, хужир 99.4 мянган тонн бэлтгэхээр төлөвлөсөн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 25.3 мянга, тэжээл 12.5 мянган тонн бэлтгэх үүрэг өгсөн. Өнөөдрийн байдлаар зарим нутгаар бороо хур элбэг байгаатай холбогдуулан хадлан бэлтгэлийн ажил удаашралттай, малчдын түвшинд 16.7 мянган тонн өвс, 1.2 мянган тонн гар тэжээл, 0.5 мянган тонн хужир, шүү бэлтгээд байна. Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн нөөцөд 0.3 мянган тонн өвс, 0.1 мянган тонн тэжээл бэлтгээд байна.
Өнгөрөгч өдрүүдэд улсын ургацын комиссын анхны хуралдаан болж ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын үеийн цаг агаарын ерөнхий төлөв, тариалангийн талбай дахь хөнөөлт организмын тархалт судалгааны дүн, тэмцэх арга зөвлөмжийн талаар мэдээлэл өгч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын албан даалгаврыг танилцуулсан аж. Энэ жил хүнсний ногоочдоо дэмжих зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн үр дүнд хүнсний ногооны тариалалт 1500 га-гаар нэмэгджээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахал болон хөрш орнуудад үүссэн дайны нөхцөл байдлын улмаас импортын бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хүндрэл учирч байгаа энэ хүнд цаг үед үндсэн нэр төрлийн таримлын тариалалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр төрөөс олон чухал шийдвэрүүдийг гаргаж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Жишээ нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд арилжааны долоон банкаар дамжуулан Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 450 аж ахуйн нэгж, иргэнд 70.4 тэрбум, Төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 970 иргэн, аж ахуйн нэгжид 27,4 тэрбум, нийтдээ тариалан бүхий 1420 иргэн, аж ахуйн нэгжид 97.8 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээлийг олгож тариалангийн салбарт хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэв.
Нийтлэлийнхээ төгсгөлд цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэхэд наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын дунд арав хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тунадас нойтон цас орж цочир хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологийг боловсруулж тариалачдад хүргэх, төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог ХХААХҮЯ болоод холбогдох албаны газрууд ханган ажиллаж байна.
Нийгэм
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Нийгэм45 мин өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм3 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм3 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг3 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ
-
Дэлхий дахинд3 цаг өмнө
Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ