Нийгэм
Бүх төрлийн орлогод нийгмийн даатгалын шимтгэл оногдуулахгүй
Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн дэмжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Мөн багц хуулийн төслийг 1 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж хэлэлцэх эсэхийг дэмжсэн.
Өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд даатгуулагч, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо зөвхөн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олсон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хамааруулахаар тусгасан.
Өөрөөр хэлбэл одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүний хамрах хүрээг нэмэгдүүлээгүй, мөн ажил олгогч, ажилтны хөдөлмөр эрхлэлттэй холбоогүй олсон орлого тухайлбал, ажил олгогчийн олсон бүх төрлийн орлого, ажилтны байр, машин, гар утас зарсан зэрэг орлогод шимтгэл ногдуулахгүй юм. Түүнчлэн ажил олгогч, ажилтны төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдээгүй, цаашид ч нэмэхгүй болно.
Та бүхэн https://d.parliament.mn/ цахим хаягаар хандаж:
-Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл,
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл,
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл,
-Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл,
-Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй танилцаж санал өгөх боломжтой.
Эх сурвалж: ХНХЯ
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм22 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм23 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр23 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм23 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно