Нийгэм
Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хурал боллоо
Чунчин хот бол БНХАУ-ын төвд захирагдах дөрвөн хотын нэг, машин үйлдвэрлэл, технологи, санхүүгийн томоохон төв болон хөгжиж буй.
Тус хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, энэ чиглэлд шинэ гарц, боломжуудыг бий болгохоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын албан томилолттой холбогдуулан Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хамтарсан хурлыг зохион байгууллаа.
Хоёр хотын эдийн засаг, худалдаа, бизнесийн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотын удирдлагууд болон Чунчин хотын Засаг даргын орлогч Зан Гуожи, Чунчин хотын Төрийн өмчийн хяналт, удирдлагын орлогч захирал Ли Шинчян, Чунчин хотын худалдааны комиссын орлогч захирал Фэн Зимин болон тус хотын харьяа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хурлын үеэр “Хоёр хотын аж ахуйн нэгжүүд, компаниудын түншлэлийг шинэ түвшинд гаргахаар энэхүү хурлыг зохион байгуулж буй. Бидний цаашдын ажиллагаа харилцан ашигтай, найрсаг, хоёр талдаа хожих зарчмаар явах, шинэ боломж, гарцуудыг нээх нь тодорхой болж байна. Улаанбаатарын хувьд Чунчин хотын тэргүүн туршлага, техник технологийн ололтууд, нөү-хауг нутагшуулах замаар тулгамдаж буй асуудлуудаа шийдэх, зам, нийтийн тээврийн салбарт хамтран ажиллахад онцгой анхаарал хандуулна” хэмээн онцолсон юм.
Мөн энэ үеэр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар, энэ хүрээнд хийх бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн тухай “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мишээлт танилцууллаа. Тухайлбал, хотын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг сайжруулахад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэ тойрог зам, тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төслүүдийн талаар онцолсон юм.
Тэрбээр “Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хамтарсан хурал нь манай хоёр хотын хамтын ажиллагааны гүүр болж, дэд бүтцийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалтаас эхлээд хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, технологи нэвтрүүлэх гээд бүхий л шатанд хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх суурийг тавьж байна” хэмээлээ.
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Чунчин хотын хувьд технологийн бүтээгдэхүүн, машины үйлдвэрлэл маш сайн хөгжсөн, эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын том төвийн хувьд хамтын ажиллагааны олон боломж харагдаж байна. Улаанбаатарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхэд энэ хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ. Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хамтарсан хурлын хүрээнд ярьсан ажлуудыг шуурхайлах, тусгай төслүүдийн талаар уулзалтууд хийхээр төлөвлөж байна. Ирэх гуравдугаар сард болох Улаанбаатарын эдийн засгийн чуулганаар хамтын ажиллагааны эдгээр яриа, хэлэлцээрүүдийг мөн үргэлжлүүлнэ” хэмээн ярилаа.
Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хамтарсан хуралд тус хотын зам тээвэр, барилга, хөрөнгө оруулалт, гадаад эдийн засаг, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй аж ахуйн нэгж оролцож, хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм. Хурлын төгсгөлд Улаанбаатар хотын удирдлагууд Чунчин хотын аж ахуйн нэгжүүдтэй чөлөөт уулзалт хийн, хамтарч ажиллах боломж, нөхцөлөө хэлэлцлээ.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм22 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм24 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр24 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм24 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно