Нийгэм
“Амар байна уу” үзэсгэлэн худалдаагаар 48.9 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас Сар шинийн баярт зориулан “Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны цогц арга хэмжээ зохион байгуулсан. Тус үзэсгэлэн худалдаа нэг сарын турш үргэлжилж, борлуулалтын үр дүнгээ /2023.02.19/ танилцууллаа.
Монголчууд уламжлалт Сар шинийн баяраар 1.3 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авдаг. Улсын хэмжээний 940,000 өрх гадаадаас гарын бэлэг авахгүйгээр, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, гадагш урсдаг нэг их наяд орчим төгрөгийг дотооддоо үлдээх учиртай гэх Хотын даргын санаачилгыг ийнхүү ажил хэрэг болгосон юм.
Тус арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үндэсний хувцас урлаач 371, бэлэг дурсгал үйлдвэрлэгч 190, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 453 буюу нийт 1000 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч оролцож, түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр бүтээгдэхүүнээ борлууллаа. Ийнхүү 45,000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэж, 230,000 гаруй иргэнд үйлчилсэн байна. Тодруулбал, үндэсний хувцасны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг жижиг, дунд бизнес эрхлэгчид 13.8 тэрбум төгрөг, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 10.6 тэрбум төгрөг, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 24.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготойгоор “Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо. Нэгдсэн дүнгээр нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийн, ийм хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чаджээ.
“Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Уг арга хэмжээг нийслэлийн харьяа 12 байгууллагын 510 алба хаагч хамтран зохион байгуулж, үндэсний үнэнч хэрэглэгчийг бий болгох санаачилгыг дэмжин ажилласан. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны уулзалт, арга хэмжээний үеэр топ 37 аж ахуйн нэгж оролцсоноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гурван тэрбум төгрөгийн гэрээг 21 аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хийн, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны арга хэмжээг манлайллаа” хэмээв.
Мөн үзэсгэлэнд дэлгэсэн бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээг Shoppy.mn, Ardshop.mn-тэй хамтран нэвтрүүлсэн бөгөөд тус цахим платформуудад 50 гаруй жижиг дунд, бизнес эрхлэгчийн 400 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг байршуулан, 250 сая төгрөгийн борлуулалтыг хийжээ.
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын 70 орчим хувь буюу 43,286 нь нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг. Тус салбарт 675 мянга гаруй хүн ажиллаж буй. Нийслэлд төдийгүй орон нутагт бизнес эрхэлж буй жижиг, дунд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжихээр нийслэлийн удирдлагууд зорьсон нь ийнхүү үр дүнгээ өглөө.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм20 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм22 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно