Нийгэм
ЭМЯ: Үйлдвэрчний эвлэлтэй нийгмийн түншлэлийн зарчмаар нягт хамтарч ажиллана
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээж авч уулзан, эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбоотой асуудлаар санал солилцлоо.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа болон тус холбооны төлөөлөл салбарын ажиллагсдын суурь цалинг нэмэгдүүлэх асуудлыг нэн тэргүүнд анхаарахыг Эрүүл мэндийн сайдаас хүсч гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор лавлагаа шатны том эмнэлгүүдээс бусад дүүрэг, аймаг, сумын эмнэлгүүдэд үндсэн цалинг нэмэх боломж олдохгүй байгаа нь хүний нөөц ялангуяа сувилагч, тусгай мэргэжилтэн хомсдоход хүргэж буйг хэлсэн. Мөн ЭМД-аас санхүүждэггүй эмнэлгүүдийн цалин хөлс, ажлын ачаалал, үнэлэмж, ур чадварын үнэлгээ, эмч бэлтгэх сургалтын чанар, эмнэлгийн ажилтнуудын нормын хувцасны хангалт, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх боломж зэргээс гадна эрүүл мэндийн салбарт орхигдсон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд ч анхаарах шаардлага байгаа гэв. Түүнчлэн салбарын хамтын хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотой зарим нэг асуудлыг эргэж харах хэрэгтэй байгааг дурдаад Үйлдвэрчний байгууллагын зүгээс ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцуулсан.
С.Чинзориг сайд ЭМЯ, Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо аль аль нь салбарын хөгжил, эмч, ажиллагсдынхаа төлөө нэг сэтгэлээр зүтгэж хүн ардад үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах том зорилгод нэгдэж буй тул тулгамдаж буй асуудлаа ярьж хэлэлцэх замаар хамтарч шийддэг байх нийгмийн түншлэлийн зарчмаар эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх аливаа асуудалд Үйлдвэрчний эвлэлийн дэмжлэгийг авч, оролцоог хангаж ажиллах нь зөв гэдэг байр суурьтай байгаагаа онцлоод цаашид хийхээр төлөвлөж буй бодлогын шинжтэй томоохон ажлуудынхаа талаар товч танилцуулсан.
Ялангуяа иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн байгууллагад үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн үйлчилгээг бий болгоход анхаарах зайлшгүй шаардлага байгааг хэлсэн. Салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг шинээр боловсруулж, Эмийн тухай, Тамхины хяналтын тухай зэрэг хэд хэдэн хуулийг шинэчлэхээр ажиллаж буйгаа дуулгав. Мөн эрүүл мэндийн салбарт хэрэгжиж эхлээд хоёр жилийн нүүр үзэж буй гүйцэтгэлийн санхүүжилтэд тодорхой тохируулгыг хийх замаар эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг тэнцвэржүүлэх, хүн амд үзүүлж буй анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, зарим төрлийн оношлогоо, эмчилгээний өртгийн тооцооллыг дахин хийхээс гадна шинэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд гэрээний хугацаанд баригдалгүйгээр санхүүжилтийг олгодог байх зэргээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж эхлээд байгаа юм.
Эрүүл мэндийн сайд салбарын ажиллагсдын цалин хөлсийг нэмэх асуудлаар Үйлдвэрчний байгууллагатай хамтарч ажиллах боломжтойгоос гадна эрүүл мэндийн салбарын эмч, ажиллагсдыг Эрсдэлийн даатгалд хамруулдаг тогтолцоог бий болгох, Хариуцлагын даатгалыг эрүүл мэндийн салбарт оруулж ирэхээр ажиллаж буйгаа ч хэлсэн.
Мөн сайд ямар ч асуудлыг яриа хэлэлцээний журмаар шийдэх нь зөв гэж үздэг учраас Үйлдвэрчний байгууллагынхныг яамтай ойр нягт хамтран ажиллахыг дэмжихээ илэрхийлээд ойрын үед Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран салбарын ажиллагсдын төлөөлөлтэй нэгдсэн уулзалт зохион байгуулахаар товоо тогтов.
Түүнчлэн энэ удаагийн уулзалтаар салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргасан саналуудыг шийдвэрлэх зорилгоор хоёр талаас хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргахаар боллоо.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм16 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм20 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр23 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм17 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг23 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр20 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ