Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг гурван настай охинд буруу эмчилгээ хийснээс болж амиа алдсан талаар охины аав өнөөдөр /2023.04.07/ мэдээлэл хийж байна.
Иргэн Г.ЭНХБИЛЭГ:
-Өнгөрсөн нэгдүгээр сарын 7-нд Баянгол дүүргийн эмнэлэгт хэвтэж, найм хоног эмчлүүлж байсан охинд минь буруу эмчилгээ хийсний улмаас харамсалтайгаар нас барсан. Эмч нар охины хатгалгааг буруу оношилж, эмчилгээ хийснээс ийм нөхцөл байдал үүсээд байна. Тодруулбал, уушгины хатгалгаа биш гэдэсний ханиад гээд хүүхдийг тусгаарлан тасагт хэвтэж, буруу эмчилгээ хийсэн. Миний хувьд Баянгол дүүргийн эмнэлгийн эмч нарт маш гомдолтой байна. Хүүхдийн бие муудаад, тухайн үед эмчээс тусламж хүсэхэд ээлжийн эмч нь байхгүй байсан. Тэгээд арга буюу н.Мөнхзул гээд тасгийн эрхлэгчийг нь дуудаж байж эмч ирж, хүүхдийг маань чагнаад “Зүгээр байна” гээд явсан.
Тухайн үед эмч нарт хүүхдийн бие хавантай, муу байна гэдгийг удаа дараа хэлж байсан. Гэтэл эмч нар мэдэж байгаа, эмчилгээ хийж байна шүү дээ л гэдэг хариу өгсөн.
Нэгдүгээр сарын 14-нд дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар хуралдаж, ярилцаад явсан. Охины маань бие тэр шөнө сайжраагүй. Улмаар маргааш нь хүүхдэд антибиотик хийх боломжгүй талаар эмч хэлсэн. Тэгээд 15-ны өдөр амилуулах эмчилгээ хийж чадалгүйгээр охиноо бид алдсан. Түүгээр ч зогсохгүй нэгдүгээр сарын 16-ны өдөр охинд минь ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авалгүй задлан шинжилгээ хийсэн байсан.
Тиймээс бидний зүгээс цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан. Хариуцлагагүй эмч, ажилчдад маш их гомдолтой байгаа учраас цаашид хандах боломжтой бүх газарт гомдол гаргаж, хариуцлага тооцох хүртэл явах болно.