Нийгэм
Б.Насанжаргал: Автомашинтай бол тусламж үйлчилгээг илүү шуурхай хүргэнэ
Иргэдэд хамгийн ойр байрладаг, тэдэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг өгөх ёстой газар бол Өрхийн эрүүл мэндийн төв байдаг. Тиймээс тус төв хүний нөөц болон материаллаг хангамж сайтай байж хүн бүрт тусламж үйлчилгээг хүртээмжтэй, цаг алдалгүй хүргэх боломжтой. Гэтэл Баянгол дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй гэр хороолол дахь Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс ганцхан XX хорооны өрхийн эмнэлгийнхэн иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хөл дүүжлэх унаагүй зүтгэж байна. Эл болон бусад асуудлаар “Сайнчагнуур” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Насанжаргалтай ярилцлаа.
-Энэ жил томуу, томуу төст өвчний дэгдэлт ямар байна вэ?
-Өмнөх жилтэй харьцуулахад томуугийн өвчлөл харьцангуй бага байгаа. Амбулаторын үзлэгээс харахад томуу, томуу төст өвчний эзлэх хувь дүүргийн хэмжээнд 4.3 хувьтай байна. Өнгөрсөн жилийн өдийд үүнээс их байсан.
-Өдөрт танай эмнэлэгт хандаж буй хүүхдүүдийн хэд нь томуугийн шинж тэмдэгтэй байна вэ?
-Өдөрт хүүхэд болон насанд хүрэгчид нийлээд 30-40 хүн ханддаг. Тэдний арав орчим нь томуугийн шинж тэмдэгтэй байдаг.
-Вакцинжуулалтыг ямар хэмжээнд зохион байгуулсан бэ?
-Энэ жилийн хувьд зорилтот бүлгийн хүн амыг вакцинжуулах ажлыг өнгөрсөн жилийнхээс арай эрт эхлүүлсэн учраас өвчлөл харьцангуй гайгүй байгаа болов уу. Төрийн өмчийн бүх цэцэрлэгийн хүүхдүүдийг нэгдсэн журмаар вакцинд хамруулсан. Мөн өрхийн эрүүл мэндийн төвд 120 хүн тун вакцин ирсэн. Үүнийг зорилтот бүлгийн иргэд буюу цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, гэртээ байгаа хүүхэд, өндөр настан, жирэмсэн эх болон эмнэлгийн ажилчдад хийсэн. Ингэснээр хорооны хэмжээнд вакцинжуулах ажлыг хангалттай зохион байгуулсан.
-Танай эмнэлэг хэчнээн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ. Түүнээс бага насны хүүхэд нь хэд байдаг вэ?
-Манай эмнэлэг гэр хорооллын 8734 хүн амд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс 1000 гаруй нь 0-5 насны хүүхэд.
-Зарим Өрхийн эрүүл мэндийн төв гэр болон байшин хороолол хосолсон айл өрхөд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Харин танай эмнэлгийн хувьд зөвхөн гэр хорооллын хүн амд тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй зүйл гардаг уу?
-Баянгол дүүргийн хэмжээнд 23 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж, иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тэдгээрээс ганцхан манай төв автомашингүй. Хэрэв автомашинтай болчихвол тусламж үйлчилгээг иргэдэд одоогийнхоосоо илүү түргэн шуурхай, цаг алдалгүй хүргэх боломжтой болно. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд айл өрхүүдийн хаягжилт замбараагүй, задгай талбайд буюу уулын орой, энгэрт гэр барьж амьдарч байгаа нь нэлээд хүндрэлтэй байдаг. Ийм тохиолдолд эмч, мэргэжилтнүүд гэмтэж бэртэх эрсдэлтэй. Мөн айлууд руу алхаж явдаг тул цаг хугацаа алдах тал бий.
-Дүүргийн хэмжээнд яагаад ганцхан танай эмнэлэг автомашингүй байгаа юм бэ?
-Бүх хорооны өрхийн эрүүл мэндийн төвийг автомашинаар хангасан тухайн үед манайх салбар эмнэлэг гэж явдаг байсан учраас хуваарилалтад багтаж чадаагүй. Иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг илүү түргэн шуурхай болгох үүднээс автомашин хүссэн саналыг холбогдох газруудад өгсөн боловч одоогоор нааштай хариу ирээгүй л байна.
-Зорилтот бүлгийн буюу өндөр настан, дөнгөж төрсөн эх, хэвтрийн дэглэмтэй хүмүүст хэрхэн хүрч үйлчилдэг вэ?
-Дуудлага өгсөн тохиолдолд зайлшгүй очиж үздэг. Харин товлолын дагуу нярайг хоёр сар хүртэл, жирэмсэн эхийг 20, 32 долоо хоногтойд нь гэрт очиж үзэж, зөвлөгөө өгдөг. Графикын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүнийг сард нэг, тавдугаар бүлэг буюу хэвтрийн өндөр настныг 14 хоногт нэг, дөрөвдүгээр бүлгийнхийг сард нэг удаа эргэдэг.
-Хүн амын дунд халдварт болон халдварт бус ямар өвчлөл зонхилон тохиолдож байна вэ?
-Халдварт болон халдварт бус өвчний тандалтыг жил бүр хийдэг. Түүнээс харахад халдварт бус өвчлөлийн тухайд зүрх судас, бөөр шээсний замын өвчин эмгэг давамгайлж байна. Харин халдварт өвчлөлийн хувьд амьсгалын замын өвчлөл зонхилон тохиолдож байна. Үүнд ханиад томуу, гар, хөл, амны өвчин, салхин цэцэг, сүрьеэ зэрэг амьсгалын замаар халдварладаг бүх л төрлийн өвчин багтаж байгаа. Нас баралтаар нь авч үзвэл дийлэнх нь хорт хавдрын шалтгаант нас баралт байдаг. Тухайлбал, ходоод, элэгний хорт хавдраар нас барах тохиолдол бий.
-Халдварт өвчнөөс сүрьеэгийн илрүүлэлтийг хэр зэрэг хийж байна вэ?
-Энэ жилийн арван тохиолдол шинээр илэрсэн. Өнгөрсөн жил 13 байсан. Сүрьеэ амьсгалын замын халдварт өвчин учраас илрүүлэлтийг нэмэгдүүлж, эмчилгээнд хамруулах нь зүйтэй. Ингэснээр дараагийн хүнд халдвар дамжих эрсдэл багасна гэсэн үг. Сүрьеэ халдвартай, халдваргүй гэж байдаг. Халдваргүй хэлбэрийн сүрьеэг өрхийн эмнэлэг дээрээ эмчилдэг. Энэ дагуу бид жилд 3-5 хүнийг эмчилгээнд хамруулж эрүүлжүүлдэг.
-Иргэдийн дунд зүрх судас, бөөр шээсний замын өвчлөл нэлээд зонхилж байна гэлээ. Энэ нь юутай холбоотой байна. Иргэд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хангалттай хэмжээнд хамрагдаж чадаж байна уу?
-Дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвтэй хамтарч энэ жил хоёр удаа, иргэдийн цаг завд тааруулж, амралтын өдрөөр урьдчилсан сэргийлэх үзлэг шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төвийнхөө байранд зохион байгуулсан. Үүнийг жилийн өмнөөс төлөвлөж, хэзээ, хэдэн цагаас болох талаарх мэдээллийг аль эртнээс зарласан боловч хоёр удаагийн үзлгээр 200 гаруй хүн л хамрагдсан. Зүрх судас, дотор, эхо, лаборатори, сүрьеэгийн эмч нар ирж, үзлэг хийсэн. Эрүүл мэндийн байгууллагууд боломжийг нь бүрдүүлж өгөөд байхад иргэд өөрсдийнхөө төлөө хэдхэн цаг зарцуулж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай.
-Иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, анхны тусламж үйлчилгээг үзүүлэх чадвартай болгоход чиглэсэн томоохон ямар ажлыг зохион байгуулж байна вэ?
-Өрхийн эрүүл мэндийн төвийн суурь зорилго бол иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, сургалт сурталчилгаа явуулах явдал юм. Тиймээс бид сүүлийн хоёр жилийн хугацаанд долоо хоног бүрийн пүрэв гаргийн 15.00 цагт тухайлсан сэдвийн дагуу сургалт зохион байгуулж байна. Энэ тухай зар мэдээллийг хороотой хамтарч, иргэдэд хүргэдэг ч хамрагдалт бага байдаг. Он гарснаас хойш өнгөрсөн долоо хоногийн байдлаар 34 удаагийн сургалт зохион байгуулж, 1400 гаруй хүнийг хамруулаад байна.
-Тухайлбал, энэ долоо хоногт ямар сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногт тархины цус харвалтын талаар сургалт зохион байгуулсан бол энэ удаад дэлхийн ДОХ-ын эсрэг өдрийг угтан “Бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчтлан сэргийлэх” сэдвийн хүрээнд явуулахаар төлөвлөсөн. Мөн 113 дугаар сургуулийн ахлах ангийнхны дунд АХА тэмцээн зохион байгуулна.
-Иргэдийн хамрагдалт бага байгаа нь юутай холбоотой байна вэ. Танайхаас өгч буй мэдээлэл иргэдэд хүрэхгүй байна уу эсвэл тэд өөрсдөө идэвхгүй байна уу?
-Сард дөрвөн удаа сургалт зохион байгуулах учраас урьдчилсан байдлаар сэдвээ баталж, зар мэдээллээ эртнээс түгээдэг. Сэдвээсээ шалтгаалж зарим тохиолдолд хүн бүр рүү утсаар залгаж, зурвас бичиж мэдэгдээд ч ирдэггүй. Өөрөөр хэлбэл, тухайн өвчлөл аль насныханд илүү зонхилон тохиолдож байна гэдгээс хамаарч, тэр насныхныг түлхүү хамруулахыг эрмэлздэг. Гэтэл иргэд өөрсдөө ямар ч идэвх санаачилгагүй ханддаг. Уг нь тэдний эрүүл мэнд, сайн сайхны төлөө хийж буй ажил юм. Жишээлбэл, тархины цус харвалтын талаар мэдлэг мэдээлэлтэй болсноор тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлж чаддаг байх, цаг алдалгүй эмнэлэгт хандснаар ямар ач холбогдолтой зэргийг мэддэг байх нь чухал.
-Сүүлийн үед салбарын яам төдийгүй олон нийтийн санааг чилээсэн, тулгамдсан асуудал бол тэмбүүгийн өвчлөл. Хорооны хэмжээнд энэ өвчний тархалт ямар байна вэ?
-Жилийн эцсийн тандалтаас харахад 20 гаруй л тохиолдол шинээр бүртгэгдээд байна. Гэхдээ энэ бол жирэмсэн хүмүүст илрүүлэг хийсэн тохиолдлын тоо. Он гарснаас хойш энэ сарыг хүртэл 256 эх жирэмсний хяналтад орсон. Үүнээс 16 нь тэмбүүтэй гарсан. Тухайн үед нь эмчилгээнд хамруулсан учраас ураг тэмбүүтэй төрөх, зулбах зэрэг эрсдэл гараагүй.
-Тэмбүүгүй хороо болох боломж бий юү?
-Тэмбүүгүй хот, аймаг, хороо болохыг уриалж буйтай холбогдуулан манай нийгмийн ажилтан санаачлан “Эрт илрүүлье, эмчилгээнд хамруулъя” уриан дор төсөл бичиж, холбогдох газруудад хүргүүлсэн. Тэмбүү бол маш урхагтай өвчин. Тиймээс жирэмсний хяналтад орж буй эмэгтэйчүүдээс энэ төрлийн шинжилгээг заавал авдаг. Яагаад гэвэл, хэрэв тухайн эх тэмбүүтэй тохиолдолд үр зулбах, амьгүй ураг төрөх зэрэг эрсдэлтэйгээс гадна тухайн хүний зөөлөн эдийг бүхэлд нь гэмтээх аюултай. Тиймээс 15 наснаас дээш хүн амыг төсөлд хамруулахаар тооцсон. Хэрэв төслийг хэрэгжүүлэх боломж олдвол тэмбүүг эрт илрүүлж, эмчилгээнд хамруулснаар тухайн хүнд эрсдэл учрахгүй. Мөн цаашид халдвар дамжуулахаас сэргийлэх боломжтой. Харин жирэмсэн эхчүүдийн тухайд эхний гурван сар дотор эмчийн хяналтад орж, тэмбүүтэй гарсан бол эмчилгээнд хамрагдснаар цаашид ямар нэгэн эрсдэл гарахгүй. Харин таван сараас хойш хяналтад орсон тохиолдолд асуудалтай байдаг.
-Ер нь өрхийн эрүүл мэндийн төвийн жилийн төсөв хүрэлцээтэй байж чаддаг уу?
-Хүрэлцээ багатай. Өрхийн эрүүл мэндийн төсвийг тусламж үйлчилгээндээ зарцуулахаас гадна цахилгаан, дулаан, ажилчдын цалин хөлс, урсгал зардал зэрэг үйл ажиллагаандаа хуваарилж, зарцуулдаг. Тиймээс өөр бусад зүйлд зарцуулах төсөв хөрөнгө хүрэлцдэггүй. Тэмбүүгийн шинжилгээ хийх түргэвчилсэн оношлуур авахын тулд бидэнд зайлшгүй санхүүжилт хэрэгтэй. Хамгийн хямд оношлуур 1000 төгрөг байдаг. Гэхдээ энэ нь мэдрэх чанар багатай. Харин тэмбүү, ДОХ хоёрыг илрүүлдэг оношлуур 5000 төгрөгийн үнэтэй. Хорооныхоо 15-аас дээш насны 5600 гаруй иргэнийг шнжилгээнд хамруулна гэж тооцохоор яалт ч үгүй санхүүжилт шаардлагатай болж байгаа.
Нийгэм
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Нийгэм29 мин өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм3 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм3 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг2 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Нийгэм3 цаг өмнө
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ