Нийгэм
Махны өргөтгөсөн худалдаа гарч, иргэд идэштэйгээ залгаж байна
“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж, иргэдийг идэштэй нь залгуулсаар байна. Уг өргөтгөсөн худалдаа нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар гэсэн гурван дүүрэгт буюу “Сансар”, “Саруул” худалдааны төв болон Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрийн урд талбайд болж байгаа юм. Энэ сарын 5-нд эхэсэн, 20-ныг хүртэл үргэлжлэх өргөтгөсөн худалдаанд Булган, Дорноговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай зэрэг 11 аймгийн малчид оролцож байна. Эдгээр аймгийн малчид үхрийн мах 6600-7000, адууных 5800, хониных 5500-6000, ямааных 4500 төгрөгөөр борлуулж байна. Ингэхдээ махыг жижиглэнгээр бус зөвхөн бүтэн болон өрөөлөөр нь борлуулах юм. Зарим цэгт борлуулж буй мах өдөртөө дуусч байгаа талаар иргэд ярьж байлаа. Иймд Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрийн урд талбайд болж буй “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдааг сурвалжиллаа.
Тус талбайд том, жижиг арав орчим мах ачсан машин зогсч байлаа. Өглөөгүүр буюу 11.00 цаг гэхэд хөл хөдөлгөөн ихтэй байв. Хүмүүсийн зарим нь мах худалдан авч, нэг хэсэг нь үнэ ханш сонирхож байлаа. Тухайн хэсэгт Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай аймгийн малчид махаа борлуулах бөгөөд дийлэнх нь Сүхбаатар аймгийнхан махаа худалдаалж байсан юм. Махны үнэ тарган, туранхай буюу том, жижгээсээ хамаарч, дээр дурдсанчлан харилцан адилгүй байлаа. Хэдий харилцан адилгүй үнэтэй ч томоохон зах, худалдааны төвд худалдаалж буй махнаас хамаагүй хямд байгаад иргэд сэтгэл хангалуун байсан юм. Бусад цэгт мах болон дайвар бүтээгдэхүүн худалдаалж байсан бол тухайн хэсэгт зөвхөн гулууз болон өрөөл махыг зарж байв.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас өнөө өглөө /өчигдөр/ таван тонн махтай ирсэн Ж.Амаржаргал үхрийн махаа кг-ийг нь 7200 төгрөгөөр зарж байлаа. Худалдан авалт сайтай байгаа тул 20-ноос өмнө дахиж мах авч ирэхээр төлөвлөсөн байна. Шинжилгээ, гарал үүслийн бичигтэйгээ ирсэн тул ямар нэгэн асуудал байхгүйг хэллээ. Тэрбээр хэрэв ийм нэгдсэн арга хэмжээ зохион байгуулаагүй бол захуудад л хямдхан үнээр бөөндөж өгөх байсан тухай ярилаа.
“Хүмүүс мал биш мах гэдэг утгаар нь хардаг учраас хямд зарахыг шаарддаг”
Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 285 дугаар тогтоол гарсан байдаг. Энэ хүрээнд 2019-2020 онд өвөлжих болон хэрэгцээлэх малын тоог аймаг, орон нутгийн мэдээлэл, судалгаанд тулгуурлан гаргасан. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар бэлчээрт 84.2 сая толгой мал байгаагаас 16.5 саяыг хэрэгцээлэх, 67.7 саяыг өвөлжүүлэх тооцоо гаргажээ. Тиймээс төв суурин газрын хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш” арга хэмжээг зохион байгуулж буй нь энэ юм. Зах зээлийн үнийн тухайд яамны зүгээс оролцох боломжгүй ч орон нутгийн удирдлагуудаас авсан тоон мэдээгээр үхрийн мах 7500, хонины мах 6000 төгрөгөөс илүүгүй байхаар тооцсон нь хол зөрсөнгүй. Гол нь нийслэлийн иргэдийн хөдөө явж идэш бэлтгэх цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэж малчдын гараас ямар нэгэн зуучлагчаар дамжуулалгүй, аль болох бөөний үнээр хэрэглэгчдийн гарт хүргэж буй. Мал эмнэлгийн байгууллагын үзлэг шинжилгээнд хамруулсан, гарал үүсэл тодорхой, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан цэгт бэлтгэсэн, зохих савлагаа бүхий мах худалдаалж буй тул худалдан авалт ч сайтай байгааг малчид тодотгож байсан юм. Харин үнэ ханшийн хувьд иргэдийн дийлэнх нь ам сайтай байдаг бол зарим нэг нь шүүмжлэлтэй хаддаг байна. Энэ тухайд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын малчин А.Амаржаргал “Бид тэмээ, үхэр, хонь, адууны хоёр тонн махтай ирсэн. Гурав хонож байна. Үхрийн мах кг нь 7200, хониных 5500-6000, адууных 5500-5800 төгрөгийн үнэтэй байгаа. Зарим хүн махаа хотноосоо авч ирж байж хямд зарсангүй гэх юм. Хүмүүс мал биш мах гэдэг утгаар нь хардаг. Махныхаа үнийг тогтоохдоо зөвхөн замын зардлаа тооцохоос гадна хамгийн гол хөдөлмөрийн бүтээмж чухал. Малыг өсгөж, үржүүлнэ гэдэг тийм ч амар ажил биш. Жилийн дөрвөн улиралд халуунд халж, хүйтэнд хөрж хэдэн малаа хариулж, борлуулж ашиг олох хэмжээнд хүргэдэг. Хэрэв бид махаа ченжүүдэд зарвал үүнээс ч хямдхан өгнө. Тэд бидний үнэ дээр дураараа нэмж, иргэдэд худалдаалдаг. Тиймээс энэ арга хэмжээ аль алинд нь олон давуу талыг олгож байна. Бид анх удаа ийм арга хэмжээнд оролцож байгаа учраас туршлага дутах тохиолдол гарч байна. Тэмээний махыг гар дээрээс иргэдэд зарахгүй учраас “Хүчит шонхор” захын худалдаачдад бөөндөж өгсөн. Тиймээс тэд нар гарал үүслийн бичгийг авч, түүний оронд өөрсдөө хурааж авсан тухай бичиг өгдөг юм билээ. Гэтэл тухайн дүүргийн байцаагчид гарал үүслийн бичиг заавал байх ёстой гэж шаардаж байна” гэсэн юм.
Л.Энхцэцэг: Бүгд гарал үүслийн бичигтэй байна
Махыг хотноосоо иргэдийн гарч хүргэж буй малчдын сэтгэгдлийг ийн сонсох үеэр Баянзүрх дүүргийн Мал эмнэлгийн байцаагч Л.Энхцэцэг гарал үүслийн бичиг шалгаж явсан юм. Энэ хэсэгт борлуулж буй малчдын хувьд гарал үүслийн бичгийн тухайд дээр дурдснаас гадна ямар нэгэн асуудал байхгүйг тус байцаагч хэллээ. Тэрбээр “Гарал үүслийн бичгийг цахимаар авдаг болсон. Сум, дүүргийн малын эмч нь бичиж, байцаагч нь баталгаажуулдаг. Тиймээс тухайн махыг аль аймгийн хэн гэдэг малчны хотноос авч ирж байна вэ гэдгийг харах бүрэн боломжтой. Мах зарж буй тухайн хүний овог, нэр, регистрийн дугаарыг нь хийгээд л дээрх мэдээллийг харчихдаг юм. Эрүүл ахуй талыг нь мэргэжлийн хяналтын байгууллага шалгадаг. Мөн цагдаа хүртэл энэ арга хэмжээнд хяналт тавьж байгаа” гэлээ.
ХХААХҮЯ-наас өнгөрсөн аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл махны өргөтгөсөн худалдаа болох “Гулууз” арга хэмжээг нийслэлд зохион байгуулсан. Харин энэ удаад “Өвлийн идэш” арга хэмжээг зохион байгуулаад байгаа нь энэ. Гэхдээ энэ мэт арга хэмжээг цаашид хэд хэдэн цэгт гаргах нь зүйтэйг дамжуулж байсан юм.
“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаанаас өвлийн идшээ бэлтгэж буй иргэдийн сэтгэгдлийг сонслоо.
Нүдээ олсон арга хэмжээ байна
С.Чимэдбалдир: Махны өргөтгөсөн худалдаа болж байгаа талаар сонсоод эхнэртэйгээ наашаа ирлээ. Үнэ ханшийг нь сонирхож явна. Боломжийн үнэтэй байвал өвчүү авчих санаатай байна. Нэг кг нь 7000 төгрөг гэж байна. Үнэ ханш нь гайгүй байх үед авчихвал амар байдаг юм. Цагаан сар дөхөх үеэр үнэ нь нэмэгддэг. Малчдыг орлоготой болох, иргэдийг хэт өндөр үнэтэй биш боломжийн үнээр мах худалдан авах нөхцөлийг бүрдүүлж ийм арга хэмжээ зохион байгуулж буй нь нүдээ олжээ. Ер нь сүүлийн үед малчид, хэрэглэгчид хоёрыг холбосон төрөлжсөн өргөтгөсөн худалдаа зохион байгуулдаг болсон байна. Энэ бол маш зөв. Хэн хэнд нь ашигтай шүү дээ.
Жил бүр л махны үнэ бага багаар нэмэгдэх юм
Г.Энхцэцэг: Үхрийн мах авах бодолтой явж байна. Иргэд бид тав, арван төгрөгийн зөрүү л хардаг. Хямд газраас л авахыг илүүд үздэг. Би амралтын өдрүүдэд “Хүчит шонхор” захаар явж махны үнэ ханш судалсан. Тухайн захын үнээс эндхийнх хэдэн төгрөгөөр илүү байна. Ойролцоогоор 500-1500 төгрөгийн зөрүүтэй харагдаж байна. Үхрийн мах кг нь 6800-7500 төгрөгийн хооронд байна. Нэг үхрийн мах авахад дунджаар 800 гаруй мянган төгрөг болж байна. Үнэ тохирвол авчих санаатай. Өнгөрсөн жилүүдэд 500-600 мянган төгрөгт дундаж үхэр авдаг байлаа. Жил бүр л махны үнэ бага багаар нэмэгдэх юм. Энэ арга хэмжээ 20-ныг хүртэл үргэлжлэх юм билээ. Тэгэхээр хүн нь нэмэгдэхээр үнэ нь буурах байлгүй дээ.
Үнэ ханшийн хувьд харьцангуй хямд байна
Г.Лхагвасүрэн:-Сүхбаатар аймгийн мах амттай байдаг учраас наашаа ирж, хонины гулууз мах авлаа. 15 кг болж байна билээ. Тэгээд кг-ийг нь 5500 төгрөгөөр бодоод 82500-аар авлаа. Өөрийнхөө боломж бололцоонд тааруулж дундаж мах сонголоо. Арай том, сүүлтэй нь кг нь 6000 төгрөг гэж байна. Зах, худалдааны төвүүдтэй харьцуулахад үнэ ханшийн хувьд харьцангуй хямд байна шүү дээ. Би ихэвчлэн “Баянзүрх” захаас махаа авдаг. Над шиг тэтгэврийн хүмүүс үнийг нь дийлэхгүй шүү дээ. Хонины мах 6500-7000, үхрийнх 8000-9000 төгрөг байх жишээтэй. Адууны мах бол бүр үнэтэй. Хамгийн хямд нь тэмээний мах байдаг. Тиймээс ийм байдлаар арга хэмжээ зохион байгуулах нь бидэнд төдийгүй малчдад давуу талтай. Бид махаа хэдэн төгрөгөөр хямд авч байна. Малчид ч боломжийн ханшаар борлуулж байна шүү дээ.
Нийгэм
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Нийгэм39 мин өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм3 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм3 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг2 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ
-
Нийгэм3 цаг өмнө
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана