Улс төр
У.Хүрэлсүх: Цэргийн алба бол эр хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллаж, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв.
Тэрээр, Миний ажил, амьдралын гараа энэ салбараас эхтэй. Монгол Улсын Зэвсэгт хүчин цаг ямагт эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа нь болж, Монгол төрийн бат түшиг тулгуур нь байдаг. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүн, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдаад удаагүй байна. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газартаа, өөрийн кабинетдаа тухайн салбартаа бүх шатны албан тушаал хашсан дадлага, туршлагатай, салбараа сайн мэддэг, салбартаа нэр хүндтэй тийм л хүмүүсийг сайдаар томилсон. Түүний нэг нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр.
Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлон, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар батлуулаад байна. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжлийг дэмжихэд чиглэсэн тодорхой зорилтуудыг тусгасан байгаа.
Дэлхийн улс орнуудад энх тайван найрамдлыг тогтоох үйл хэрэгт Монгол цэргүүд мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэлээр үлгэр жишээ оролцсоор буйг НҮБ-аас нотлодог. Нөхцөл байдалтай 2019 онд Өмнөд Судан Улсад ажлын айлчлал хийх үеэр танилцсандаа сэтгэл хангалуун байна гэлээ.
Цэргийн алба бол эр хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба. Хүүхэд, залуучуудыг төлөвшүүлэх, эх оронч үзэлтэй иргэн болгон хүмүүжүүлэхэд анхаарч ажиллаарай гээд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Би батлан хамгаалах салбараа үргэлж дэмжиж ажиллахаа илэрхийлье” гэсэн юм.
Зэвсэгт хүчний тухай хуулийг шинэчилснээр Тусгай хүчний цэрэг, Кибер аюулгүй байдлын цэрэг, барилга-инженерийн цэргийн ангиудыг байгуулах боломжтой болсон. Иймд Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зэвсэгт хүчний бүтцэд Тусгай хүчний цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Кибер аюулгүй байдлын цэргийн командлалыг байгуулахаар шийдвэрлээд байна. Мөн дайчилгаатай тактикийн хээрийн сургуулийг жил бүр явуулж, эх орноо хамгаалах бэлтгэлтэй иргэдийн тоо, чанарыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас анхаарч байна.
Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих зэрэг стратегийн бүтээн байгуулалтын томоохон ажлуудад цэрэг дайчдыг татан оролцуулж байгаа нь тус салбарт хийгдэж буй бас нэг том ажил бөгөөд олон талын үр дүнг харуулж байна.
2020 оны 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтыг “Зэвсэгт хүчний стратегийн зорилт ба цэргийн сургалт бэлтгэл” сэдвээр явуулж байна. Зэвсэгт хүчний сургалт, бэлтгэлийн тогтолцоог мэргэжлийн цэргийн жишигт нийцүүлэх, сургалтын агуулга, арга зүйг шинэчлэх, цэргийн алба хаагчддад тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох талаар хэлэлцэж байгаа аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.
Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.
Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.
Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.
Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.
Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.
Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.
Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.
Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.
Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.
Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.
Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.
Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.
Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.
Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.
Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.
Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.
Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.
Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.
Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.
Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.
Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.
Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.
Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна.
Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.
Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.
Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.
Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.
Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.
Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.
Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.
Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.
Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.
Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.
Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.
Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.
Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.
Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.
Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Улс төр
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Нийгэм41 мин өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм3 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм3 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг3 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ
-
Нийгэм3 цаг өмнө
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана