Улс төр
Э.Ганбат: Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэж чадах зүтгэлтэй удирдлага хэрэгтэй байна
Улаанбаатар хотын хөгжил, тулгамдсан асуудлуудын шийдлийн талаар Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбаттай ярилцлаа.
-Улаанбаатар хотын нэн тэргүүний тулгамдаж байгаа асуудал нь авто замын түгжрэл. Хүн бүр л дор бүрнээ хэлэлцэж түгжрэлийн талаар гарц, гаргалгаа хайж байна. Таны хувьд түгжрэлийг яаж бууруулах боломжтой гэж харж байгаа вэ?
– Шууд түгжрэл гэж ярихаасаа илүүтэй эхлээд хүн амын төвлөрөл, өсөлтийн асуудлыг ярих хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотод маань байнгын оршин сууж буй болон байнга ирж, очиж байдаг иргэд нийлээд 1.7 сая хүн ам амьдарч байна гэсэн судалгаа байгаа. Тэгвэл энэ байдлаараа 2040 он хүртэл үргэлжилбэл 2.4 сая хүн Улаанбаатар хотод амьдрахаар дүр зураг харагдаж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн асуудал түгжрэлд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа. Тухайлбал, Манай Сүхбаатар дүүрэгт одоогийн байдлаар ерөнхий боловсролын сургууль гэхэд төрийн 23, төрийн бус 25, цэцэрлэгийн тухайд төрийн 38, хувийн 31 цэцэрлэг байдаг. Мөн одоогийн байдлаар 150 мянга гаруй оюутан залуус суралцаж байна.Тэгвэл эдгээр сургууль цэцэрлэг төв дүүрэгт байна гэдэг нь хүн амын нягтрал бий болоход том нөлөө үзүүлж байгаа юм. Энэ хүн амын хэт төвлөрөл чинь түгжрэлийн гол шалтгаан. Тэгвэл бид энэ мэт асуудлуудад бэлтгэлтэй байж цаашид хүн амын төвлөрөлтийг задалж чадвал 10, 20 жилийн дараа түгжрэлийг шийдэж чадна.
-Хүн амын төвлөрлийн тухай ярихаар Улаанбаатар хотын төлөвлөлттэй холбоотой асуудал руу зайлшгүй орох гээд байна. Тэгэхээр ингээд л нэг дороо шаваараад байх уу. Дагуул хот байгуулах зэргээр хүн амын нягтралыг бууруулах боломж байгаа болов уу. Энэ асуудлыг та юу гэж хардаг вэ?
-Нэг түүхийг ярихад 1937 онд Афин хотод дэлхийн алдартай архитектуруудын том уулзалт болж хот дахин төлөвлөлтийн тухай анх хэлэлцэж байсан байгаа юм. Гэхэд манайд 1954 онд анхны ерөнхий төлөвлөгөөг орос ах нарын тусламжтайгаар хийсэн бөгөөд Улаанбаатар хотод 130 мянган хүн амьдрахаар тооцсон байдаг. Өнөөдөр хот түр оршин суугчидтайгаа нийлээд 1.7 сая хүн амтай болсон. 2040 онд 2.4 сая хүн амтай болох гээд байна. Иймд ухаалаг хотын дахин төлөвлөлтийг нэн даруй хийх хэрэгтэй байна.. Тиймээс хүн амын төвлөрөлтийг сааруулах боломжит гарцуудыг судлаад, хэрэгжүүлэх нь чухал байна. Тухайлбал, худалдаа үйлчилгээг гэхэд хүргэлтийн системд нэвтрүүлэх, техник технологи хөгжчихсөн энэ үед онлайн худалдааг дэлгэрүүлэх зэргээр шийдэж боломж байгаа.
Манай Сүхбаатар дүүрэгт байрладаг 100 айлын барилгын материалын худалдаа үе үе асуудал үүсгэдэг. Гэтэл тэдгээрийг нүүлгэх, нүүлгэхгүй гэхээсээ илүү смарт ухаалаг шийдлүүдийг гаргах хэрэгтэй. Ер нь товчхондоо бидэнд Улаанбаатар хотын энэ мэт асуудлыг шийдэж чадахаар хийж бүтээх чин сэтгэлтэй, зөв хандлагатай удирдлага л хэрэгтэй байна. Ганцхан жишээ хэлэхэд, ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байгаагаас болж тохижилтын ажил дөнгөж хийгээд дуусахад, дулааны шугам сүлжээг нь янзлах гээд тохижилтын ажлыг сүйтгээд ухаж, төнгөчөөд өмнөх ажлыг үнэгүйдүүлэх зэрэг асуудал их гардаг. Энэ мэтээр нийслэлийн салбар бүрийн асуудлыг судалж, уялдуулж ажиллаж чаддаг бүтэн Улаанбаатарыг бий болгох л шаардлагатай байна.
-Жил бүрийн намар оюутан залуус цуглах, цэцэрлэг, сургууль орох үеэр түгжрэлийг хэсэг яриад өнгөрдөг. Түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн асуудлыг хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй гээд байгаа. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Нийтийн тээврийн үйлчилгээгээ сайжруулаад түгжрэлийнхээ асуудлыг шийдэж чадсан туршлага дэлхийн улс орнуудад олон байдаг. Тиймээс бид нийтийн тээврийн үйлчилгээгээ сайжруулах нь хамгийн чухал. Хэрвээ нийтийн тээврээр зорчиход тохитой тухтай байдаг бол иргэд тус тусдаа нэг, нэг машинд суугаад авто зам дээрээ түгжрээд цаг хугацаа алдахыг хүсэхгүй нь лавтай. Тиймээс нийтийн тээврийн асуудлыг нэн даруй шийдэх ёстой. Өөр нэг шийдэл нь сургуулийн автобусыг бүрэн нэвтрүүлэх хэрэгтэй байна. Нэвтрүүлж чадвал хүүхдүүдийн сургуульдаа явах,ирэх үеийн аюулгүй байдал бүрэн хангагдана. Тэгээд ч нэг ангийн 40 сурагч нэг автобусанд суугаад явах нь дээр үү, 40 эцэг, эх хүүхдээ сургуульд нь хүргэхээр 40 машин унаад авто зам дээр түгжрээд зогсож байх нь зөв үү, бодох л асуудал. Мөн хот руу орж ирж байгаа цэгүүд дээр нийтийн зогсоол хийж орон нутгаас орж ирж буй иргэд машинаа тэнд тавиад нийтийн унаагаар хотын төв орох боломжийг бүрдүүлж өгвөл хотын төвийн түгжрэл багасна гэж боддог. Өөр хэлбэл орон нутгийн машинууд төв рүү орохгүй богино эргэлт хийнэ гэсэн үг.
-Та нийслэлчүүдийн цагийн менежментийн хувьд юу гэж хэлэх үү. Бараг бүх байгууллага өглөө 09:00 цагт цуглаад орой 18:00 цагт тарж байна. Тэгвэл ажил цуглах, тарах цагийг зөрүүлэх хэлбэрээр түгжрэлийг багасгах боломж байна уу?
– Цагийг зөрүүлэхээсээ илүү дахиад л сургууль, цэцэрлэгийн байдлаа ярих хэрэгтэй.Тухайлбал,хүүхдийнх нь цэцэрлэг Баянзүрх дүүрэгт байдаг байхад ээж, аавынх нь ажил Сүхбаатар дүүрэгт байдгаас болж л нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү хүүхдээ зөөдөг асуудал нь авто замын түгжрэлд томоохон хувь нэмэр оруулж байгаа. Тиймээс байгууллагуудын хажууд цэцэрлэг байгуулах нь оновчтой шийдэл болно. Жишээ нь, Манай Сүхбаатар дүүрэг гэхэд албан хаагчид нь яг хажууд байгаа цэцэрлэгтээ хүүхдээ өглөө өгчхөөд, ажлаа хийгээд, орой ажлаа тараад хүүхдээ аваад гэртээ харивал ямар байх уу.
-Сургуулийн болоод дүүргийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх чиглэлээр танай дүүрэг хэр ахицтай ажиллаж байна?
-Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын хувьд энэ асуудал дээр бүрэлдэхүүнтэйгээ хамтдаа ажиллаж байгаа. Иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хүүхэд багачуудыг бусдад уруу татагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлд манай салбар зөвлөл цөөнгүй ажил хийлээ. Тухайлбал, хүүхэд холбогдсон гэмт хэргийн гаралт, давтамжийг цагдаа, тагнуултай хамтран судлаад тэр судалгаандаа үндэслэж “Сурагчийн аюулгүй байдал” гэж ном гаргасан. Энэ номонд юу орсон бэ гэхээр, хүүхэд гэртээ байхдаа маш их хүчирхийлэлд өртдөг шүү дээ. Тухайлбал, хүүхэд хаалга тогшиход очоод “хэн бэ” гэж асуулаа гэж бодъё. Хаалганы цаанаас “ээж нь байна аа” гэхэд шууд л онгойлгочихдог. Гэтэл ээжтэй нь адилхан дуутай, эсвэл дууг нь бичээд авчихсан байвал яах вэ. Тэгэхээр энэ тохиолдолд хүүхэд өөрийгөө хэрхэн хамгаалах вэ гэх мэтээр нийт 75 тохиолдлыг номонд тусгаж өгсөн. Сүхбаатар дүүргийн ЕБС-иудад тарааж өгөхөөс гадна уншлага зохион байгуулдаг. Манай ном нийслэлийн зургаан дүүрэгт тараагдсан. Мөн сайн зан чанар, төлөвшлийг бий болгох үүднээс “Сайн зан чанарыг төлөвшүүлье” гэсэн номыг агуулга, утга санааны хувьд зөвлөгөө өгч хүнээр бичүүлж ажилласан. Нийгэмд бий болж буй цагаан тахал буюу хар тамхины эсрэг ч чамгүй олон ажил хийлээ. Дүүргийнхээ хүүхдүүдэд хар тамхины эсрэг хор хөнөөлийг таниулсан зөвлөмжийг мөн тарааж өгсөн. Эдгээрийг зөвхөн өгөөд орхих бус уншуулах, хор хөнөөлийг нь мэдрүүлэхийн тулд “Дэвжээ” тэмцээн хэлбэрээр зохион байгуулах гэх мэтээр цаашдаа ч олон ажил хийнэ. Мөн баруун гарын дүрэм буюу цацруулагчтай ханцуйвч хүүхдүүдэд зүүлгэснээр замаар явж буй автомашин хүүхэд явж байгааг холоос харах, бугуйвчаар нь хүн зам гарч байгааг мэдэх боломжтой. Ингэснээр хүүхэд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Мөн дүүргийнхээ Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах ажлыг хийж байна. Цаашдаа ч Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл маань олон ажлыг гишүүн байгууллагуудтайгаа хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа.
-Бид бүхэн гэр хорооллын дэд бүтцийн инженерчлэлийн асуудалд бэлэн байж чадаж байгаа болов уу. Цаашдаа ер нь юу хийх ёстой вэ?
-Энэ хүрээнд бид 2012 онд Сэлбэ, Баян хошуу дэд төв гээд долоон дэд төвийн үйл ажиллагааг эхлүүлж байсан. Сэлбэ дэд төвийн тухайд ярихад нэг метрийн өргөнтэй бохирын хоолой татсан, цэвэр ус, дулааны гээд инженерийн байгууламжийг нь хийгээд өгчихсөн. Тиймээс тэнд дахин төлөвлөлт буюу шинэчилсэн газар зохион байгуулалтыг хийх нь чухал болсон. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд бид богино, дунд, урт хугацааны хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлэх нь зөв.
-Гэр хорооллын иргэд хашаандаа сайхан амьдрах ёстой, газрын үнэ цэнэ нэмэгдэх ёстой гэж та үзэж байна уу ?
-Тэгэлгүй яахав. Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн хувьд хашаа нь нийтийн биш өөрийн эзэмшил. Тиймээс хашаандаа мод, жимс жимсгэнэ тариад тохитой, тухтай амьдарч болж байна. Мөн хүүхдүүддээ тоглох сайхан тоглоомын талбай хийгээд өгчиж болно. Гэвч тэнд хөрсний бохирдол гэх том асуудал байна. Учир нь манай нийслэлийн хөрс 80 хувийн бохирдолтой болчихсон. Тэгэхээр энэ бохирдлын асуудлыг бид иргэд болон аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч шийдэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, төр хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаас гадна иргэдтэйгээ хамтраад эрх зүйн орчинг бий болгох зохион байгуулалтыг хийж чадвал бид энэ асуудлаас гарч чадна.
– Энэ бүх тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нийслэлд том төсөв хэрэгтэй, төсөв бүрдүүлэлтийн талаар таньд сайн шийдэл байна уу?
Төсөв бүрдүүлэхдээ аж ахуйн нэгжүүдийг татвараар дарамтлах биш, харин татварыг бууруулж, бизнэс эрхлэх хүнд сурталыг багасгаж, эрх зүйн орчин, санхүүгийн дэмжлэг үзүүлвэл татвар төлөгчдийн тоо өсөж энэ чинээгээр төсөвийн бүрдүүлэлт сайжирна гэж боддог.
Эцэст нь хэлэхэд нийслэлд чин сэтгэлтэй, зөв хандлагатай, зүтгэлтэй удирдлага л хэрэгтэй байна
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.
Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.
Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.
Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.
Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.
Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.
Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.
Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.
Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.
Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.
Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.
Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.
Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.
Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.
Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.
Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.
Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.
Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.
Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.
Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.
Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.
Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.
Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.
Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна.
Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.
Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.
Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.
Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.
Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.
Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.
Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.
Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.
Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.
Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.
Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.
Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.
Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.
Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.
Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
-
Улс төр23 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Нийгэм2 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм4 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Эдийн засаг3 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Нийгэм4 цаг өмнө
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
-
Улс төр3 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ