Улс төр
Х.Баттулга: УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна
-УИХ Ерөнхийлөгчийн хоригуудыг хүлээж авсангүй-
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн өөрчлөлтүүдэд тавьсан хэсэгчилсэн хоригийг хэлэлцэв. Өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд дээрх хуулиуд шинэчлэгдээд байгаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай хуульд тавьсан хоригийг дэмжсэнгүй.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 зүйл заалтад хэсэгчлэн хориг тавьсан боловч УИХ ердөө хоёрыг нь л хүлээж авлаа. Эрх баригч МАН-ын хувьд УИХ дахь бүлгийн хуралдаанаараа шийдвэрээ гаргасан гэдгээ өмнө нь илэрхийлж байсан. Түүнийгээ л дагалаа. АН ч ялгаагүй Ерөнхийлөгчийг дэмжих байр сууриа л баримталлаа. Гэхдээ тэд ердөө 11-үүлээ юм. Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог УИХ-аас, АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог болж байгаад хориг тавьсан. Энэ эрх мэдлүүд хуулийн өөрчлөлтөөс өмнө бол Ерөнхийлөгчийнх байлаа. Түүнчлэн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд аймгийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд томилох, чөлөөлөх, хариуцлага тооцох эрх мэдэлтэй болсон. Ерөнхийлөгчийн хувьд эдгээр хуулийн өөрчлөлтүүд нь эрх баригч намд хэтэрхий их эрх мэдэл олгох, хуучин нийгмийн тогтолцооны шинж чанар руу хэлбийж, ардчилсан үзэл баримтлалыг сулруулж байна гэж үзээд байгаа. Гэвч олонх шийдвэрээ гаргалаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд тавьсан хоригийг хэлэлцэхийн өмнө чуулганы хуралдаанд үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллага маш үр дүнтэй ажилласан. Нийтийн баялгийг цөлмөж, оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хөрөнгийг илрүүлж, эхнээсээ Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Эрх мэдэлтнүүдийн гэмт үйлдлийг илрүүлсэн ганцхан тодорхой жишээ дурдахад, тодорхой албан тушаалтнуудын дөрвөн их наяд орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлээд байна. Энэ мэт гэмт хэргүүд эхнээсээ илрээд эхэлмэгц олигарх бүлэглэл хууль батлах замаар хууль хяналтын байгууллага, шүүх засаглалыг өөрийн нөлөөнд оруулж эхэллээ. Авлигатай тэмцэх газар болон шүүгчдийг сонгон шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог ялсан нам хяналтдаа авснаар цагаан захтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх боломжийг үгүй хийж, босоо удирдлагын тогтолцоонд шилжүүлэхээр бэлдэж байна. Цар тахлын үед оффшор бүсээс оруулж ирэх хууль бус хөрөнгийг өрх бүрд нэг сая төгрөгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин олгох санаачилгыг гаргамагц Сангийн сайд нь оффшор бүсээс хууль бус хөрөнгийг оруулж ирэх үйл ажиллагааг ил цагаан эсэргүүцээд байгааг ойлгох ухаан хайрлана уу. Цар тахлаас шалтгаалан ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож буй энэ үед УИХ-д өргөн барьсан өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр чуулган хаах гэж буйд үнэхээр гайхаж байна. Үүнтэй холбогдуулан би зөвхөн энэ асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно. Тиймээс би хоригийг бүхэлд нь хүлээн авч, зохих асуудлыг нухацтайгаар дахин хэлэлцэхийг УИХ-ын гишүүд та бүхэнд уриалж, бас хүсэж байна” гэсэн юм. Ингээд Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой хуралдааны үеэр гишүүд хэрхэн үг хэлж, байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэж байна.
Ч.Хүрэлбаатар:
-Оффшор дансны мөнгийг оруулаад ирснийг Сангийн сайд хэлээгүй юм шиг ойлголт өгч байна. Оффшор данснаас Төрийн сангийн Монголбанк дахь дансанд нэг ч төгрөг орж ирээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Ерөнхийлөгчийн яриад байгаа зүйлүүд бүгд худлаа. 17 тэрбум ам.доллар оруулж ирж, ард түмнийхээ өрийг дарна гэдэг амлалтад хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ амлалтад хүрэхийн тулд худлаа ярьж болохгүй.
Д.Ганбат:
-Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсны дараа АТГ-аас над руу залгасан. УИХ дээр АТГ-аас хэн ч авлигаа шалгуулахгүй байна гэж ярьсан талаар минь надаас асуусан. Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд томилогдлоо. 2018 оны ХОМ-ыг нь харсан. 112 сая төгрөг дансанд нь бэлнээр байна. 232 сая төгрөгийн орлого жилд олдог. 80 сая төгрөгийн малтай, 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хүн АТГ-ын даргыг томилох нь ээ. Гэтэл АТГ Ерөнхий сайдаа шалгаж чадах уу. Ийм зүйл дээр анхаарахгүй бол болохгүй.
С.Бямбацогт:
-Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг нь Засгийн газрын чиг үүрэг байдаг. Авлига бол гэмт хэрэг мөн. Тиймээс Ерөнхий сайд АТГ-ын даргыг УИХ-д санал болгоно. УИХ томилгооны сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно гэж оруулсан. Ерөнхийлөгч өмнө нь санал болгоод УИХ томилдог байсан бол одоо УИХ дээр томилгооны сонсгол хийнэ. УИХ томилохгүй ч байж болно.
Ж.Сүхбаатар:
-АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгоод УИХ батлах нь нэг талаасаа зөв. Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Улсынхаа тогтвортой байдлыг хангах, эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй төрийн зохистой харилцааг хангадаг хүн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэвэл юу болох вэ. Төр улс тогтворгүй болно. АТГ-тай тэмцэх ажлыг Засгийн газар үүрэх ёстой.
Б.Пүрэвдорж:
-Х.Нямбаатарын балгаар АТГ-т шалгаж байгаа нийт хэргийн 90 хувь нь хөөн хэлэлцэх хугацаагаар алга болно. Шинээр гарсан хэрэг нь Ерөнхий сайдын нөлөөллөөр гэмт хэргээс мултрах байх. Х.Нямбаатарыг хуулийн салбараас зайлуулж байж шударга ёсны тэмцэл, авлигатай тэмцэх ажилд ахиц гарна.
Н.Алтанхуяг:
-Анх АТГ-ын дэд дарга нас барсан учраас оронд нь хүн томилно гэж л энэ хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн. Түүнээс хэнийг томилох эсэх нь Ерөнхийлөгчийн мэдлийнх байсан. Орлогчийнх нь тухай ярьж явснаа томилгоог Ерөнхий сайд шийдье гэж ярьсан. Тухайн үед би дэмжиж байсан. Гэхдээ би одоо эргэлзэж байна. Яагаад гэвэл энэ сарын 19-нд юу болов. Оффшорт байгаа мөнгийг саатуулах ажил болоод хувирчихлаа даа гэж харж байна. АТГ-ын даргын томилох эрхийг Ерөнхийлөгчөөс аваад Ерөнхий сайдад өгч байгаа нь нэг намын даргад өгч байгаа хэрэг. Энэ дээр өөр гарц хайя гэж Байнгын хороон дээр ярьсан. Бид буруу л юм хийж байна даа.
Л.Мөнхбаатар:
-Бид аливаа асуудал, тодорхой хууль хэлэлцэхдээ төрийн эрх мэдэл хуваарилах зарчмаа хангаж, асуудалд хандаж байх ёстой. Одоогийн тогтолцоо бол Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, шүүх эрх мэдэлд сөргөөр нөлөөлсөн тогтолцоо. Тухайлбал, АТГ авлигын хэрэг үүсгэж шалгаж, прокурорт шилжүүлж, прокурор түүнд хяналт тавьж шүүхэд шилжүүлж, эцэслэн шийддэг. Ерөнхийлөгч бүх шатны шүүгчдийг томилдог, Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилдог. АТГ-ын даргыг санал болгодог. Ийм тогтолцоотой байхаар харилцан тэнцэл алдагдаж байгаа учраас гүйцэтгэх засаглалын тэргүүн нь АТГ-ын удирдлагыг санал болгож, Ерөнхийлөгчийн нөлөөллийг багасгах үүднээс энэ эрхийг өгөх нь зөв.
Т.Доржханд:
-Монгол Улс авлигадаа ялагдсан. АТГ-ын даргыг би томилъё, чи дэд даргыг нь томил гэж байснаа дарга нь дэд даргаа томилдог болгосноос танхим дүүрэн хэрүүл болгож байна. Орчин үед дэд дарга, дэд сайд нарын хэрэг байхгүй болсон. Хуучин цагт дарга гадагшаа явлаа гэхэд орлох хүн хэрэгтэй байсан. Одоо технологи хөгжөөд хаанаас л бол хаанаас ажиллаж болохоор болсон шүү дээ.
Х.Нямбаатар:
-Нэг хүн Шүүхийн ерөнхий зөвлөлийг томилдог тогтолцооноос ангижирч байгаа гэдгийг хэлмээр байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж маш олон жил намайг гүтгэж байна. Миний бие хувь гишүүний хувиар хөөн хэлэлцэх хугацаатай зохицуулалттай холбоотой ямар нэг санаачилга гаргаагүй болох баримтыг УИХ-ын Тамгын газраас авсан. Үүнийгээ олон нийтэд хүргэх болно. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид хандаж хэлэхэд улс төрийн оноо авч болно, гэхдээ хүнийг үндэслэлгүй гүтгэж болохгүй. Би чамайг УИХ-ын чуулганы танхимд визний наймаачин гэж хэлж байгаагүй шүү дээ.
Б.Энхбаяр:
-Шүүхийн хуулийн 44.2-т Ерөнхийлөгч хориг тавьсан. Тус заалтад “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,УИХ, Засгийн газрын гишүүд прокурор, шүүгчтэй албан ажлаар уулзах тохиолдолд заавал тэмдэглэл хөтөлж, баталгаажуулан тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд ажлын гурван өдрийн дотор өгөх үүрэгтэй” гэж заасан. Энэ заалтыг миний бие санаачлан оруулсан. Учир нь шүүхэд хамгийн их нөлөөлдөг хүмүүс улс төрд нөлөө бүхий этгээдүүд байдаг. Тэр дундаа Засгийн газар, УИХ-ын гишүүд шүүгчтэй уулзахдаа тодорхой хязгаарлалттай байх ёстой. Өөрөөр хэлбэл, уулзахдаа гэрчтэй уулзах ёстой. Гэрчгүй уулзвал өөрсдөө Цэцэд очих заалт оруулж өгсөн. Үүнд яагаад хориг тавьсан юм. Хэн шүүгчтэй гэрчгүй, тэмдэглэлгүй уулзах гээд байгаа юм.
Н.Ганибал:
-Жил болгон Засаг дарга нарт өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг өгдөг. Үүнийг бүрдүүлдэг Засаг дарга гэж байхгүй. Засгийн газрын үүргийг биелүүлээгүй хэмээн Засаг даргыг огцруулах боломж үүсч байна.
Ж.Сүхбаатар:
-Манай улсын нутгийн удирдлагын онцлог нь Засаг дарга нь Засгийн газрын үүрэг даалгаврыг биелүүлдэг. Бусад улсын хувьд салангид байдаг.
Д.Тогтохсүрэн:
-Ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа, Засгийн газрын шийдвэрүүдийг гүйцэтгэхгүй байгаа Засаг дарга нарыг огцруулдаг хуулийн зохицуулалт хийсэн. Дөрвөн жилийн хугацаанд нэг ч удаа хуралдаагүй Иргэдийн хурал байна. Ийм учраас иргэдийн хурлыг бас хариуцлагажуулах зохицуулалт хийсэн.
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм18 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм23 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм22 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Нийгэм20 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр22 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Улс төр20 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм20 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно