Улс төр
А.БАТЧИМЭГ: МОНГОЛ УЛС ХИЙМЭЛ ОЮУН ХӨГЖҮҮЛЭХЭД ХУГАЦАА АЛДАЖ, ДЭМИЙ ЗҮЙЛД МӨНГӨ УРСГАСААР Л БАЙНА
Хиймэл оюун ухааны судлаач, Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны технологийн инженер А.Батчимэгтэй хиймэл оюун ухааны талаар ярилцлаа.
-Хиймэл оюун ухааны хөгжлийн түүх хэдий үеэс эхлэлтэй юм бэ?
-Хиймэл оюуны хөгжлийн түүх эртнээс эхэлсэн байдаг. Бидний сайн мэдэх Байесын теором буюу магадлалын онолын теором нь /1763 онд шүү дээ/ илүү их мэдээлэл олж авахын хэрээр дараагийн таамаглал магадлал илүү нарийвчлалтай гардаг математик арга хэрэглэдэг. Энэ аргачлалыг Machine Learning буюу Хиймэл оюуны чухал салбар болох машин суралцах аргад санаа авч ашигласан байдаг.
Ада Лавлейс бол Английн зохиолч, математикч 1842 онд Чарльз Бэббижемийн боловсруулсан анхны механик компьютер аналитик хөдөлгүүрт ашиглагдсан алгоритмыг бичихэд тусалж түүнд нь их хувь нэмрээ оруулсан анхны программист эмэгтэй юм. Энэ нь мөн л хиймэл оюуны үндсийг тавихад чухал үүрэгтэй байсан. Цаашлаад дэлхийн 2-р дайны үед Британийн математикч Алан Тюринг нь “0”, “1” гэсэн хоёрхон тоог ашиглан Тюнинг тест гэдэг анхны ухаалаг машиныг бүтээсэн. Тухайн үедээ мэдрэлийн эмч Грей Волтертой хамтарч энгийн роботуудыг бүтээсэн байдаг.
Жон Маккарти, Марвин Мински, Аллен Невел, Артур Самуэл, Херберт Саймон зэрэг эрдэмтэн багш нар 1956 онд Дартмутын Коллежид хиймэл оюуны судалгааны төвийг нээж эрчимтэй хөгжүүлсэн гэхэд болно. 1974 оноос хиймэл оюуны хөгжил хэсэг зогссон гэж зарим судлаачид үздэг ч 1980 оноос эрчимтэй хөгжсөөр 1990 оноос маш олон нээлтүүд бүтээлүүд бий болсон байдаг. Дэлхийн шатрын аварга Гарри Каспаров 1997 онд Хиймэл оюун бүхий шатарчин компьютертэй шатар тоглоод ялагдсан нь Хиймэл оюун хүнээс илүү ухаалаг сэтгэж чадахыг баталсан.
-Дэлхий нийтээр аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, хиймэл оюун ухааны эрин үе гэж ярих боллоо. Энэ яг ямар асуудлыг яриад байна вэ?
-Энэ ойлголт дэлхий дахинаа олон жилийн өмнөөс яригдаж, хөгжөөд хэрэгжээд, бодит ажил болоод явж байгаа. Дөрөвдүгээр хувьсгал гэж байгаа бол 1,2,3-р хувьсгалууд байж таарна. Товчхондоо Нэгдүгээр хувьсгал нь хүний хүч, цаг их ордог байсан хүчин зүйлсийг хөнгөвчлөх нэхмэлийн олон тэнхлэгт машин, уурын машины хөдөлгүүр, төмөр зам гэх мэт шинэ шийдлүүдийг бүтээж, бүтээмжийг нэмэгдүүлсэн. Дараагийн хувьсгал нь цахилгаан ашиглах, үйлдвэрийн дамжлагын ажлыг хөнгөвчлөх аргачлалууд хөгжсөн ба энэ үеэс чадварлаг инженер мэдлэгтэй хүмүүсийг илүү үнэлж эхэлсэн байдаг. Гурав дахь Аж Үйлдвэрийн Хувьсгалаар одоогийн бидний ашиглаж байгаа технологиудын суурь тавигдаж, компьютер, интернет, дижитал технологиуд хөгжиж ирсэн. Харин дөрөвдүгээр хувьсгалын өнөө үед Үүлэн тооцоолол /Cloud Computing/, IoT – Интернетэд холбогддог бүх зүйлс, роботууд, Хиймэл оюун ухаан /AI/ зэрэг их өгөгдөл /big data/-д суурилсан олон технологиуд бий болсон. Зарим нь бие даан хөгжиж, асуудлыг тодорхойлон, шийдэх чадвартай системүүд бөгөөд хүний ажлыг хөнгөвчилж, цаг хэмнэн, илүү ихийг оновчтойгоор ухаалгаар бүтээхэд зорих болсон юм.
-Хиймэл оюун ухаан өндөр хөгжсөнөөр хүн төрөлхтөнд ажилгүйдэл нүүрлэнэ гэдэг. Тэгэхээр ажлын байр нэмэгдүүлэх хүмүүсийн орлогыг хамгаалахын тулд яах ёстой вэ?
-Эхний ээлжид хиймэл оюуныг бүх салбарт ашиглан хөгжүүлэхэд онцгойлон анхаарч, үйлдвэрлэлийн салбарт асар их хөрөнгө оруулалт шаардаж, цаг хугацаа их орно. Ийм чадамж бүхий улс орнууд цөөн бий. Тэдэнд ажилгүйдэл бий болох эрсдэл үүснэ. Ерөнхийдөө Process Oriented task /Тогтмол нэг хэвийн давтагддаг ажил/ байнга хийгддэг салбарт автоматжуулалт хийх юм. Монгол шиг Эдийн засаг буурай, томоохон үйлдвэрлэл эрхэлдэггүй оронд энэ асуудал харьцангуй хэсэг хугацаанд яригдахгүй байх. Ер нь бол нийгмийн энэ өөрчлөлтөд хэрхэн бэлдэх вэ гэдэг нь улс орны хувьд бодлого судалгаагаар шийдэгдэх асуудал. Хувь хүний хувьд өөрийгөө ирээдүйд бэлдэх шаардлага гарч байгаа юм. Хиймэл оюун дангаараа ажиллахаас илүү хүний оролцоотой /ХО + Хүн/ хамтран ажилласнаар илүү их бүтээмжтэй ажилладаг туршлагууд их байдаг. Ирээдүйд хүүхдүүддээ ямар мэргэжил эзэмшүүлэх ёстой талаар эцэг эхчүүд бас сайн бодолцох хэрэгтэй болж байна. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага /ILO/ хөдөлмөрийг автоматжуулалтаас үүдэн ажилгүйдэл бий болох талаар олон судалгаа зөвлөмжүүдийг гаргасан байдаг. Тэндээс энэ талаар судлавал мэдээлэл их олдоно. Хамгийн зөв шийдэл бол хүн өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй талаар дурдсан байсан.
-Манай улсад хиймэл оюун ухааны хөгжил, нэвтэрч буй салбар ямар хэмжээнд байна. Хиймэл оюун ухааны эрин үед Монгол Улс бэлэн байж чадаж байна уу?
-Би 2018 онд хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлээр магистр хамгаалахдаа “Big Data ашиглан тогтвортой хөгжлийн зорилт Монгол Улсад хэрхэн хэрэгжиж байгааг үнэлэх” талаар судалгаа хийсэн юм. Монголын цахим өгөгдлийн орчин ямар байдалтай байгаа талаар судалж зураглал үнэлгээг хийсэн. Үнэндээ бол урам хугарсан. Уялдаа холбоогүй ажилладаг, мэдээллийн нэгдсэн стандарт байхгүй, энэ салбарт төрөөс дэмжлэг муу, чадварлаг инженер боловсон хүчнүүд нь гадаадад ажилладаг, мэдээлэл технологийн чиглэлийн компаниуд нэгдэж хамтардаггүй гэх мэт асуудлууд байсан. Өнөөдөр бидэнд Хиймэл оюуныг хөгжүүлэхэд ашиглаж болох нээлттэй өгөгдөл /Open Data/ дата их байдаг ч түүнийгээ ашиглахгүй цаг хугацаа алдаж, дэмий зүйлд мөнгө урсгасаар л байгаа. Эндээс дүгнэхэд энэ салбар манай улсад тун ч тааруу байна гэж хэлж болно.
Энэ салбар хөгжихийн тулд төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай. Судлаач инженерүүдтэй гадны том судалгааны төвүүдтэй хамтран ажиллаж туршилтууд хийх, мөн боловсролын тогтолцоонд өөрчлөлт хийх хэрэгтэй. Дунд ангиасаа хүүхдүүд програмчлал, инженерчлэлийн хичээл үздэг болох шаардлагатай. Цаашид бүх салбарт хиймэл оюун хавсарч явах болно. Ингэж байж л ирээдүйд бэлэн байх болов уу.
-Тэгэхээр ирээдүйд ямар мэргэжил эрэлт хэрэгцээтэй болж байна. Ерөнхий боловсролын сургууль төгсч буй хүүхдүүд мэргэжлээ хэрхэн сонгох нь энэ цаг үед тохиромжтой гэж бодож байна вэ?
-Энэ асуултад судалгаанд үндэслэн хариулт өгөх хэрэгтэй. Манай том охин одоо 16 хүрэх юм. Охинтойгоо энэ талаар ярилцаад судалсан мэдээллээ хуваалцъя.
“Алсын Хараа 2050”, “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030”, Дэлхийн Банкнаас гаргасан Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан , “Суралцахуй” (Learning) тайлан, Edelman Intelligence судалгааны группээс гаргасан Дэлхийн инновацын барометр тайлан зэрэг олон улсын судалгааны тайлан, дэлхийн хэмжээнд 2030 он хүртэл хамгийн их эрэлттэй байх, ирээдүйд хэрэгцээтэй гэж төсөөлөгдөж буй мэргэжлүүдийн судалгаанд тулгуурлан гаргасан жагсаалт” :
- Багш, сургуулийн өмнөх насны боловсрол
- Багш, бага ангийн боловсрол
- Багш, тусгай хэрэгцээт боловсрол
- Уран сайхны гэрэлтүүлэг
- Дуу, чимээний технологи
- Хөгжмийн театрын найруулга
- Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга (021506)
- Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт
- Биологи
- Хүрээлэн буй орчин судлал
- Утасгүй холбоо
- Өгөгдлийн ухаан
- Системийн аюулгүй байдал
- Хиймэл оюун ухаан
- Химийн инженерчлэл ба боловсруулалт
- Сэргээгдэх эрчим хүч
- Байгаль орчныг хамгаалах технологи
- Электроник
- Механик инженер
- Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи
- Хүнсний инженерчлэл
- Шим тэжээл судлал
- Газрын тосны инженер
- Уул уурхайн ашиглалтын технологи
- Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи
- Хаягдал боловсруулах технологи
- Биотехнологи
- Био-инженерчлэл
- Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл
- Мал аж ахуй (зоотехник, мал зүйч)
- Газар тариалангийн аж ахуй (агрономи)
- Хөрс судлал, агрохими
- Ойн инженер
- Мал эмнэл зүй
- Сувилахуй
- Био-анагаах ухаан
- Нийгмийн эрүүл мэнд
-Хиймэл оюун ухаанаас хүмүүс жийрхэж айдастай байна. Энэ тийм айдас дагуулсан хөгжил мөн үү?
-Айдас дагуулсан хөгжил огт биш. Сөрөг талаасаа илүү ололт, амжилт, давуу тал маш их гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсч байна. Хүн их цаг зарцуулан хийх ажлыг богино хугацаанд гүйцэтгэх, хялбарчлах, илүү бүтээлч байх, цаг хугацааг хэмнэх, эрүүл мэнд, амь насанд халгүй зэрэг давуу талууд бий гэдгийг анхаарах нь зөв. Хүн + Хиймэл оюун = Ололт, Амжилт. Хүн, “Хиймэл оюун” бүхий төхөөрөмж хоёрын хамтын ажиллагаа нь хамгийн сайн шийдэл гэж харж болно. Аль ч улс орон Хиймэл оюунд суурилан хөгжиж чадвал асар их давуу талууд бий болно.
-Та хиймэл оюун айдас дагуулсан хөгжил биш гэлээ. Гэтэл сүүлийн үед хиймэл оюун ухааны аюулыг тодорхойлсон асуудлууд яригдах болсон. Тухайлбал, эзнээ хөнөөхөөр програмчлагдсан автомат удирдлагатай авто машин, алуурчин робот гарч ирнэ, робот хүний эрх эдэлнэ, ухамсар сэтгэн бодох чадвараар хүнээс давна, хүн ажлын байргүй болно гээд сөрөг талуудыг нэрлэж байна л даа?
-Энэ бол арай хийсвэр сонсогдож байна. Үнэхээр тийм робот бүтээх бол асар их мөнгө зардал цаг хугацаа, сайн инженерүүд хэрэгтэй. Ер нь бол уран сайхны кинон дээр л фантазласан хувилбар л даа. Хүний оролцоогүй Хиймэл оюун бүхий роботууд бие дааж гарч ирэх боломжгүй. Яагаад гэхээр хүн л түүний доторх алгоритмыг програмчилж байгаа. Тодорхой асуудлын хүрээнд бие даан шийдвэр гаргаж дүгнэлт хийж чадахаас биш хүн шиг бие даасан бие хүн гэх үү тийм байх боломжгүй. Хүний оюун ухааныг бүрэн дуурайлгах хүртэл асар их цаг хугацаа хөрөнгө мөнгө орно. Бараг л боломжгүй болохоор үүнд санаа зовох шаардлагагүй. Одоогоор бол хүний тархины хэсэгхэнийг л дуурайлгаж чадсан.
-Хүмүүсийн бүтээсэн хиймэл оюун ухаан, хүн төрөлхтнийг мөхөлд хүргэнэ гэж зарим эрдэмтэд байр сууриа илэрхийлсэн байдаг. Таны хувьд “Хүн техник технологийн хөгжил бүтээчхээд түүнээс болж мөхөлд хүрнэ, роботын боол болно” гэсэн үзэл бодлын эсрэг байр суурьтай байх нь ээ дээ?
-Тийм. Би хүн технологийн хөгжлөөс болж мөхөлд хүрнэ, роботын боол болно гэсэн үзэл бодолтой санал нийлэхгүй. Хүн өөрөө гайхамшигтай нарийн төгс бүтээл, түүнийг бүрэн хуулбарлах боломжгүй гэж харж байна. Харин хүн өөрийгөө шинэ үед бэлтгэн хөгжүүлэхгүй бол сэтгэлгээний доройтолд орж, байгалийн үзэгдлийн өөдөөс сөрөн зогсох чадваргүй арчаагүй нэгэн болох аюултай байж болох юм. Гэхдээ бодит байдал дээр Хиймэл оюун болон хүн хүч хамтрах нь маш том ололт. Жишээ дурдвал Харвардын судлаачид хавдрыг оношлоход хиймэл оюун ашиглаж үзэхэд 92 хувийн амжилттай оношилсон. Мэргэжлийн эмч оношлоход 96 хувийн амжилттай байсан. Харин мэргэжлийн эмч болон Хиймэл оюуныг хамтад нь ашиглаад оношлоход 99 хувьтай оношилж чадсан байдаг. Хүнгүйгээр Хиймэл оюун бие дааж чадахгүй учир тийм зүйл болохгүй.
-Хиймэл оюун ухаан хөгжсөнөөр улс орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжил, хүн ардын баян, ядуугийн ялгаа асар их нэмэгдэнэ гэж байгаа. Үнэхээр ийм зүйл болох уу?
-Хиймэл оюун ухааныг аж үйлдвэрийн салбарт ашиглаж эхэлсэн өндөр хөгжилтэй 12 орны эдийн засгийн өсөлт 2035 он гэхэд хоёр дахин нэмэгдэх хандлагатай талаар судалгаа уншиж байсан. Тэгэхээр тийм зүйл болох боломжтой.
-Тэгэхээр аливаа зүйл эерэг, сөрөг хоёр талтай байдаг. Хиймэл оюун ухаан ч бас ийм асуудал дагуулах нь лавтай юм байна. Иймд сөрөг талыг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар ямар гарц гаргалгаа байна вэ?
-Томоохон компани үйлдвэрүүд ажилчдын тогтмол нэгэн хэвийн дэс дараалал бүхий давтагддаг үйлдлийг автоматжуулснаар ажилчдын ажлын байрыг роботоор сольж байгаа. Мөн ресторан, ачаа зөөврийн машин, бичиг хэргийн нэг төрлийн тогтмол ажлуудыг робот орлох төлөвтэй байгаа. Тэгэхээр хүн “process oriented task” буюу байнга давтагдан хийгддэг ажлууд л хийдэг чадвартай байх уу илүү өөрийгөө чадавхжуулах уу гэдгийг бодож өөрийгөө бэлтгэх хэрэгтэй болов уу.
-Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны салбарт ямар ямар өөрчлөлтүүд гарч байна. Энэ талаар тайлбарлаж мэдээлэл өгнө үү?
-Хиймэл оюун дотроо маш олон салбартай. Цаашдын хөгжлийн талаар ярьвал тус бүрт нь ярих хэрэгтэй. Намайг 2003-2005 онд Солонгост Хиймэл оюуны тэнхимд магистрт сурч байхад яриа таних технологи ердөө судлагдаж байсан ч 3, 4 жилийн дараа Google маш хүчирхэг үүлэн серверүүд дээр, тархины мэдрэлийн эсийн сүлжээг дуурайлган, Гүүглийн хэрэглэгчдээс асар их хэмжээний дата цуглуулсны үндсэн дээр 90-с дээш хувьтай хүний яриаг зөв таньж сурчихсан. Ингээд бодохоор хиймэл оюуны ирээдүйн хөгжил BIG DATA их өгөгдөл дээр суурилан маш ухаалаг болж хөгжих болно. Ирээдүйн хөгжлийн талаар бүх салбарт хиймэл оюун орж ирнэ. Одоогоор үйлдвэрлэлд, хөдөө аж ахуйд аль хэдийн нэвтэрсэн.
Сэтгэл зүйн салбарт ч мөн Хиймэл оюун бүхий зөвлөгөө өгдөг төлбөртэй аппликейшнууд гараад ирсэн, бизнесийн салбарт Хиймэл оюунаар зорилтот хэрэглэгчдийн мэдээлэлд суурилан маш оновчтой маркетингийг хийгээд эхэлсэн.
Боловсролын салбарт тухайн суралцагчийн мэдээлэлд үндэслэн ямар сургалт санал болгохоо Хиймэл оюун шийдэж байна. Цахим хэлбэрээр яг өөрт тохирсон ганцхан надад зориулсан сургалтыг авах боломж бүрдсэн. Тэр бүү хэл сургалт дээр хүмүүсийн хоорондоо ярилцаж байгаа ярианаас асуудлыг тодорхойлон тэр дундаас яг хэрэгтэй мэдээлэл материалыг хүртэл эргүүлэн санал болгодог болсон.
Онлайн худалдааны томоохон дэлгүүрүүд хүргэлтийн систем нь роботуудаар барааг ялгаж хайрцагладаг болсон. Хамгийн чухал салбар болох Эрүүл мэндийн салбарт Хиймэл оюун хүч түрэн орж ирж байгаа. Өвчин оношлох, мэс ажилбар, шинэ эмийн нээлт зэргийг дурдаж болно. Мэс ажилбарт маш нарийн төвөгтэй хүний гараар хийх үйлдлүүдийг АНУ Да Винчи Мэс Засалч Робот гүйцэтгэх туршилтууд хийгдсэн.
Банк санхүүгийн салбарт ч банкны ажилтнуудын оролцоогүйгээр зээл олгох, хариу өгөх, бүх хэрэглэгчдийн санхүүгийн орлого зарлага, сэжигтэй тохиолдлыг автоматаар илрүүлэх зэрэг олон үйлдлийг хөнгөвчлөн бидний өдөр тутмын амьдралыг хялбаршуулж байгаа. Ингээд харахаар хөгжил бүр л илүү хүчээ авах болно.
#МонголынМэдээСонин #ЯрилцахТанхим
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм16 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм20 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр23 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм18 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг23 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ