Улс төр
З.ЭНХБОЛД: ТЭР БИТГИЙ ХЭЛ ТӨРИЙН ТЭРГҮҮН АСАН НАМБАРЫН ЭНХБАЯР Ч 2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ЭРХТЭЙ
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдтой ярилцлаа.
-Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй юу. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр боломжгүй юм биш үү?
-Одоогийн Ерөнхийлөгч байтугай 50 нас хүрсэн бүх хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болно. Анх Ерөнхийлөгчид нэр дэвших хүн 55 настай байх ёстой гэж оруулсан ч УИХ-ын эмэгтэй гишүүд “Яагаад эмэгтэй хүний тэтгэврийн насаар хуульчлах гээд байна вэ” гэж эсэргүүцсэн. Хэлэлцүүлгийн явцад 50 нас болгож бууруулсан. Тэгэхээр Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдоно гэдэг заалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдаж гарсан УИХ-ын тогтоолд юу гэж заахаас үл хамаараад зургаан жилээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнд л хамаатай. Зургаан жилээр сонгогдсон хүн л энэ хоригт орно, түүнээс өөр хүн энэ хоригт орохгүй. Зургаан жилээр Ерөнхийлөгч болсон хүн өнөөдөр Монголд байхгүй, анхны хүн нь энэ жил сонгогдох хүн. Яг ийм ойлголтоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж баталсан. Х.Баттулга Ерөнхийлөгч нэр дэвшиж болно, болохгүй гэдэг яриа саяхнаас гарч байгаа биз. Ердөө л 2020 оны УИХ-ын сонгуулийн дараагаас гараад эхэлсэн. Үндсэн хууль батлагдаад бүтэн жил болоход энэ талаар хэн ч, юу ч яриагүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалаа өгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшихээр биеэ бэлдээд эхэлж байна. Яг энэ мөчтэй давхцуулаад Х.Баттулга дахин нэр дэвшихгүй гэх яриа гарсан. Маш олон хуульчид, ХҮН гэдэг намынхан хүртэл нэгэн зэрэг шаагилдаад эхэлж байгаа.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж байхад зургаан жилээр Ерөнхийлөгч болсон хүн дахиж нэр дэвшихгүй гэж нэг ойлголттойгоор хуулиа баталсан. Харин өнөөдөр У.Хүрэлсүх гишүүн нэр дэвших болмогц Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолыг өөрсдийнхөөрөө тайлбарлаад эхэлж байгаа нь буруу. Үндсэн хуулийг улстөрийн зорилгоор тайлбарлаж байна гэсэн үг. У.Хүрэлсүх гэдэг хүнд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Х.Баттулга. АН-д өөр МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй өрсөлдчихөөр хүн алга л даа. Тиймдээ ч Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй байх бүх зүйлийг У.Хүрэлсүх өөрөө хийж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа ярьж тохирсноосоо тэс өөр зүйл яриад эхэлж байгаа. Тэгэхээр 50 нас хүрсэн хүнийг нэг удаа зургаан жилээр сонгоно гэх заалтыг Үндсэн хуульд оруулахыг МАН-ынхан санаачлаад батлагдаж дуусах хүртэл маш ойлгомжтой байсан. Одоо У.Хүрэлсүх үүнийг хувийн эрх ашигтайгаа нийцүүлж өөрийнхөөрөө тайлбарлаж болохгүй. Тэгэхээр ямар ч эргэлзээ байхгүй. Хууль буцаан үйлчилдэггүй зарчмаар ч гэсэн ч эргэлзэх зүйлгүй.
-Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдах үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Тэр ч утгаараа таныг одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших боломжгүй зохицуулалтыг Үндсэн хуульд тусгасан гээд байгаа. Та үүнд тайлбар өгөөч?
-Тэр бол гүтгэлэг. МАН-ынхан гүтгэхдээ маш мундаг шүү дээ. 100 жилийн өмнө энэ нам гүтгэж байсан одоо ч тэр хэвээрээ. Д.Сүхбаатар жанжныг Богд хааны явуулсан лам хордуулж алсан гэдэг гүтгэлгээр кино хүртэл байдаг. Тэгэхээр анх байгуулагдахдаа ч гүтгэдэг байсан одоо ч энэ нь өөрчлөгдөөгүй. Өөрсдөө тухайн үед Х.Баттулга Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй тухай огт яриагүй байж байгаад У.Хүрэлсүх нь дэвших болохоор гэнэт тийм зүйл яриад түүнийгээ намайг хийсэн гэх. Би тэр үед УИХ-ын гишүүн байгаагүй. Би Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэгт маш хязгаарлагдмал хүрээнд орсон. Саяын батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 4/3 хувь нь МАН-ын 65 гишүүний санаачилсан заалтууд. Үлдсэн 1/4 д нь Ерөнхийлөгчийн саналууд орсон. Шүүхийг хариуцлагатай болгох, Шүүхийн сахилгын хороо байгуулах зэрэг дээр давхцсан зүйл бий. Миний оролцоо бол зөвхөн Ерөнхийлөгчийн саналыг тайлбарлах үүрэгтэй байсан. Түүнээс би санал гаргаад түүнийг нь МАН-ын гишүүд кнопдсон зүйл байхгүй.
Ер нь Засгийн газар байгуулах зохицуулалтыг 2020 оны ээлжит сонгуулийн дараа, Ерөнхийлөгчтэй холбоотойг 2027 оноос гэх зэргээр хуулиудын хэрэгжих хугацааг нарийвчилсан хоёр хуудас орчим хэмжээтэй дагаж мөрдөх журмын тухай хууль байсан юм. Тэр хуулиараа Ерөнхийлөгчийн толгойлсон ажлын хэсэг дээр санал авчихаад яг батлахдаа өөрөөр сольчихсон л улсууд шүү дээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ямар нэгэн илүү дутуу утгагүйгээр зургаан жил болсон хүн дахин нэр дэвшихгүй болохоос урьд өмнө нь Ерөнхийлөгч хийж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг дахин дэвшүүлэхгүй тухай ямар нэгэн хязгаарлалт ороогүй. Тэр битгий хэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч гэсэн дахин нэр дэвших эрхтэй. Үндсэн хуульд авлигын хэргээр ял эдэлсэн хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэх заалт байхгүй. УИХ тийм хууль баталсан бол Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг. Н.Энхбаяр 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүсвэл Цэцэд хандаж үндсэн хууль зөрчсөн сонгуулийн хуулийн заалтыг хүчингүй болгосны дараа дэвшиж болно гэсэн үг.
-Тэгвэл Ерөнхийлөгчтэй холбоотой зүйл заалт 2025 оноос хэрэгжих гэж байсныг 2020 оны тавдугаар сарын 25-аас хэрэгжхээр болгох санал гаргасан нь ямар учиртай юм бэ. Хугацааг наашлуулсан нь энэ маргаан гарах шалтгаан болчихоод байна л даа.
-Санал гаргаагүй ээ. АН дарга байсан З.Энхболд санал гаргаад л, тэрийг МАН-ын 65 гишүүн хууль болгож батлаад байх уу. Өөрсдөө хийчихээд намайг гүтгэсэн. Тэгээд ч хууль хэрэгжих хугацааг 2020 он болгосон ч Үндсэн хуулиа барина шүү дээ. Зургаан жил Ерөнхийлөгч хийсэн хүн дахин нэр дэвших эрхгүйн тухай ярьсан болохоос биш өөр хэн нэгэн хүний тухай Үндсэн хууль дээр бичээгүй, тийм хууль батлаагүй.
-Нөгөө талаараа хууль санаачлагчид Х.Баттулга Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэхгүйн тулд тус зохицуулалтыг үг дуугүй хийчихсэн юм биш үү. Та ингэж хардаж байна уу?
-МАН-ын 65 гишүүнээс Ерөнхийлөгчид дэвших санаатай хэн нэгэн нь хийсэн байх. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж байхад У.Хүрэлсүхэд нэр дэвших бодол байгаагүй. Гэсэн ч дагаж мөрдөх УИХ тогтоолыг биш Үндсэн хуулиа л барина.
-Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор дээрх асуудал Цэц дээр очихыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд Цэц таны хэлснээр ойлгож, тайлбарлах болов уу гэдэг нь сонин байна.
-Ер нь Цэц дээр ч очсон ч Үндсэн хуулиа үндэслэж шийднэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан УИХ-ын протоколыг аваад уншихад нэг удаа зургаан жилээр сонгогдохын тайлбар гарч ирнэ. Энэ бол ойлгомжтой асуудал. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг бүртгэж авах үүрэг нь СЕХ-нд л байгаа. Энэ Цэцэд огт хамаагүй асуудал. Цэц маргаан ч үүсгэхгүй байлгүй. Цэц харин сонгуулийн хууль нь Үндсэн хуульд заагаагүй хязгаарлалт тавьж Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй байгааг авч хэлэлцэж сонгуулийн хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгож болно.
-Та дээр ХҮН намыг МАН-ын нэг хэсэг гэх зүйлийг хэллээ. Харин ч иргэд нэг хүчтэй сөрөг хүчин гарч ирэх нь гэж харж байгаа шүү дээ.
-Үйлдлийг нь хар л даа. Би зүгээр нэг шар сонины мэдээгээр дүгнээгүй. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулахын тулд, Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй гээд л яриад байгаа. Монгол Улсын Үндсэн хууль ХҮН намын ганц УИХ-ын гишүүний тайлбарласнаар болохгүй л дээ.
-Та УИХ-ын сонгуулийн дараагаас нам гүм байлаа. Энэ хугацаанд юу хийж амжуулж байна вэ?
-Хувийн компанийнхаа ажлыг л хийж байна, өөр юу хийх вэ.
-Таныг намынхаа үйл ажиллагаанд нэлээн идэвхтэй оролцох болов уу гэж харж байлаа. Гэтэл та ажигласан янзтай байх шиг.
-Хувийнхаа бизнесийг 1996 онд Төрийн өмчийн хорооны дарга болоод л орхигдуулж. Ер нь бол төрд, намд зүтгэж болсон байхаа. Хувийн компани маань 1996 онд ямар байсан тэр чигтээ таг зогссон байна. АН-ыг аваад явах олон зуун мянган гишүүн бий. Тэд ил гарч ирэх хэрэгтэй. Алийн болгон лидер гэсэн хэдэн хүнийхээ ард нуугдахав. Жишээ нь, “МАН коронатай маш муу тэмцэж байгаа. Одоо хүртэл вакцин худалдаж аваагүй, тусламжаар ирсэн цөөхөн тоотойг тооцохгүй бол. МАН-ын Хүрэлсүхийн Засгийн газар 2020, 2021 оны төсөвт 100-хан тэрбум төгрөг суулгасан бол өнөөдөр вакцинаа хийлгээд хэвийн амьдралдаа буцаад орох байлаа. Сүүлийн хоёр жил улсын төсвийн таван их наяд буюу 5000 тэрбумаар улс даяаар шавар амбаар бариад 44 хувийн адагдалтай төсөв баталсан”. Ийм зүйлийг шүүмжилдэг идэвхитэй сөрөг хүчин болгох лидер АН-ын 180 мянган гишүүдээс гарах байх аа.
-Та ултөрд эргэж орохгүй гэсэн үг үү?
-2024 он болтол хувийн ажлаа амжуулъя даа. Тэр үед нь л болъё. Чи яагаад намайг улстөрөөс гаргах гээд байна. (инээв)
-Тэгэхээр та намын даргын сунгаанд оролцохгүй юм байна. Тэгвэл ямар хүн Ардчилсан намыг удирдаасай гэж хүлээж байна вэ?
-Буцаад АН-ын дарга болох зорилго алга. 2016 онд сонгуульд ялагдсан гээд би дүрмийн дагуу ажлаа өгөөд явчихсан. Түүнээс хойш энэ намыг өөр хүмүүс авч яваа. Дүрмийн дагуу авч явах ёстой. Сонгуулийн дүнгээр намын удирдлага солигддог дүрэмтэй. 2020 оны хоёр сонгуулийн дүнгээр ялагдсан сум, дүүрэг, аймаг нийслэлийн АН дарга нар ажлаа өгдөг, дараагийн даргыг гишүүд нь сонгодог дүрэм. 330 сумын талынх, 21 аймгийн ялсан найман аймгаас бусдынх нь, СБД-ээс бусад дүүргийн болон нийслэлийн АН, эцэст нь АН даргын сонгууль явагдана гэсэн үг. Дүрмийн дагуу ялагдсан АН-ын дарга нараа л солих болохоос, дүрмээ өөрчилж болохгүй. АН сайн дүрэмтэй, бараг л Английн Консерватив намын дүрмийн орчуулга юм. Хэд хэдэн газар монголчилсон болохоос биш 100 гаран жилийн түүхтэй Консерватив намын дүрэм юм. Сайн ажилладаг, сонгуульд ялдаг дүрэмтэй учраас тус намын дүрмийг 2017 онд орчуулж авсан. Энэ дүрмээр намын гишүүд нь бүх шатны намын даргаа сонгодог юм. Ардчилсан намын дарга болъё гэвэл эхлээд гишүүддээ лидер гэдгээ харуулах ёстой. Сум, аймаг ч мөн ялгаагүй ийм. АН удирдлагын хэдэн хүнд биш нийт 180 мянган гишүүндээ л АН-ыг аваад явж чадна, дараагийн сонгуульд амжилт үзүүлж чадна гэдэгээ итгүүл. Тийм хүсэл зориг энэ залуучуудад байх ёстой. Дүрэм нь ийм юм. Бодоход АН дарга байсан хүмүүсийнх ихэнх нь оролцохгүй байх. Учир нь эхнээсээ 60 нас гараад эхэллээ. Дараагийн үе нь би 55 настай болж байна. Намын дарга бол хүнд ажил. Энэ ачааг дааж, Ерөнхийлөгчийн сонгууль, гурван жилийн дараах УИХ, орон нутгийн сонгуульд намаа авч явж, улсын хэмжээний намын лидер болж чадна гэж байгаа хүн өрсөлдөх хэрэгтэй.
Уг нь зөвхөн намын дарга гэлтгүй аймаг, сум дүүргийн намын даргын сонгуулийг явуулаарай, энэ бүхнийг зохион байгуулаарай гэж С.Эрдэнэ Ц.Туваан гэдэг хүнд тамгаа өгсөн. Ц.Туваан нь энэ бүх ажлыг хийхийн оронд гишүүдээсээ дарга сонгодог дүрмийг өөрчлөх гэж оролдлоо. Тэр нь бүтэлгүйтлээ. Гишүүдээсээ даргаа сонгодог зохицуулалт бол найдвартай арга. 100 гаруй настай Английн нам энэ дүрмээр сүүлийн гурван сонгуульд ялсан. Тиймээс одоо дүрмээ бус даргаа солиод л урагш явах хэрэгтэй. Дараагийн лидерүүд гарч ирэх цаг нь болсон.
-АН УИХ-ын сонгуулиас хойш эв зүйгээ олохгүй байсаар энэ хүрлээ. Аль нэг намын оролцоогүй Ардчилсан нам өөрөө өөрийгөө л доош чангаасаар байна. Сөрөг хүчний үүргээ ч сайн гүйцэтгэж чадахгүй байгаа нь АН-ын нэр хүндийг улам унагаж байна л даа.
-Маш яаралтай цэгцрэх хэрэгтэй. Тэгэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихлээ. Одоо АН-ын удирдлагууд учир зүйгээ олоод сонгуульдаа бэлдэх хэрэгтэй. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн дээр ямар нэгэн эргэлзээ байх ёсгүй. АН өмнө нь П.Очирбат, Ц.Элбэгдорж гэсэн хоёр хүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлж амжилт олж байсан. Аль алиныг нь хоёр дахиа нэр дэвшихэд АН ямар нэгэн сунгаа, өрсөлдөөн явуулаагүй. Энэ бол жишиг юм. Ерөнхийлөгч хийж байсан хүн хоёр дахиа нэр дэвших болоход өөрөө л үгүй гэж хэлэхгүй бол тухайн улсын намууд нь өрсөлдөөнгүй дахин нэр дэвшүүлдэг. Д.Трампд энэ жил өрсөлдөгч байгаагүй, сунгаа болоогүй. Түүнтэй адил АН Х.Баттулга Ерөнхийлөгчийг өрсөлдөөнгүйгээр дэвшүүлэх ёстой.
-Саяхан Засгийн газар огцорлоо. Хариуцлага хүлээж, сайн дураараа огцорсон нь жишиг боллоо гэж буй. Гэсэн ч Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улстөр гэж харах нь цөөнгүй байна. Та юу хэлэх вэ?
-Туйлын буруу жишиг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдын суудлыг эмзэг биш, бат бөх, ядаж дөрвөн жил суудаг болоосой гэж мөрөөдөж зохицуулалт хийсэн. Гэтэл үүнийг У.Хүрэлсүх нураасан. 18 сарын дундаж настай Засгийн газар үргэлжлээд л байна. Ингэж болохгүй. У.Хүрэлсүх маш тооцоотой огцорч байгаа. Ерөнхий сайд бөгөөд эрх баригч намын дарга Ерөнхийлөгч болох гээд явахаар уулзалт дээр ард иргэд Засгийн газрын бүтэлгүйтсэн болгоныг асууна. Эрх баригч нам Ерөнхий сайдаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлхээс айсан, ичсэн. УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гээд явахаар МАН-ыг, Засгийн газрыг, УОК-ыг шүүмжилж болно. Тэгж л хүний толгой эргүүлэх гэж оролдож байна. Одоо У.Хүрэлсүх нэр дэвшинэ, бүгдийг нь “хяргана”. Өөрөө энэ бүхнийг хийгээгүй юм шиг ярина. Эдийн засаг элгээрээ хэвтэж, 44 хувийн алдагдалтай төсөв баталсан нь цэвэр У.Хүрэлсүхтэй холбоотой, өөр хэнтэй ч биш. Монгол Улсын төсвийг 100 төгрөг гэвэл 44 төгрөгийг зээлэхээр төсөв анх удаа баталсан. Одоо энэ бүрийг Ч.Хүрэлбаатар хийгээд явсан шүү дээ гээд яриад явахад би лав гайхахгүй. Монгол Улс сүүлийн 100 жилд хэзээ ч 44 хувийн алдагдалтай төсөв баталж байгаагүй. Коронавирустай жил энэ шавар амбааруудаа бариагүй бол алдагдалгүй төсөв баталж болох байсан. 2016 оноос хойш барьсан шавар амбаарын дүн 10 их наяд гараад явж байна.
-Шинээр байгуулагдсан Засгийн газар 10 их наядын цогц төлөвлөгөөг боловсруулжээ. Ийм хэмжээний том алхам хийхэд манай улс бэлэн үү. Үр дүнтэй байж чадах уу?
-10 их наядын гурван их наядыг ипотект зарцуулхаар байна лээ. Ипотект гурав байтугайг зарцуулж болно. 2012-2016 онд ипотекийг эхлүүлж, шаардлага хангасан хүн болгон авч болдог байсан. МАН 2017 оны нэгдүгээр сард Ирээдүйн тэтгэвэрийн өв сангийн тухай хуулийг хүчингүй болгоод ипотекийг зогсоочихсон. Одоо явж байгаа багахан хэмжээ нь Ипотекийн сангийн эргэн төлөлтөөс санхүүжүүлж байгаа. Тиймдээ ч авлига өгч авахдаа тулаад байгаа юм. АН-ыг засаг барьж байх үед шаардлага хангасан хүн бүр ипотекийг авдаг байлаа. Ипотекийн хөтөлбөрийг хийх үед Сангийн сайд Б.Жавхлан Монголбанкны дэд ерөнхийлөгч байсан. Тэрээр ипотекийг хэрэгтэйг ойлгоод буцаж нэвтрүүлж байна. Өмнөх сайд нь эсэргүүцсээр байгаад зогсоосон юм. Оройтсон ч гэсэн эхлүүлж байгаа нь сайн. Гэхдээ энэ хугацаанд авч чадалгүй хохирсон хүн их бий. Жижиг, дунд үйлдвэрлэлд хоёр их наяд төгрөг өгнө гэсэн. Банкаар өгнө гэсэн нь зөв. Хуучин гишүүд нь хувааж идсэн алдаагаа засах гэж оролдож байна гэсэн үг. Ийм маягаар боломжийн санаанууд яригдаж байна лээ. Гэсэн ч улс өөрөө орон сууц барина гэж ярьж байгаа нь буруу, төрөөс зөвхөн ипотекийн зээлийг хүртээмжтэй, таслахгүй байх л үүрэгтэй. Орон сууцыг олон хувийн компаниуд өрсөлдөж барих хэрэгтэй. Өрсөлдөж барьснаар үнэ буурхаас биш улсаас үнэгүй цемент, арматур өгч болохгүй. Дотооддоо арматур, цемент үйлдвэрлэж чадаж байсан. МАН-ын 65 гишүүнтэй УИХ хууль гаргаж ашигт малтмал боловсруулдаг бүх үйлдвэрийг зогсссон. Дотооддоо арматур үйлдвэрлэхийн тулд Ч.Хүрэлбаатарын батлуулсан АМНАТ-ийн таван хувийн хуулиа хүчингүй болгох хэрэгтэй. Манай нүүрсээр Монголд ган үйлдвэрлэхээр таван хувийн нэмэгдэл татвартай, Хятадад татваргүй байна. МАН-ынхан Монголын ашигт малтмал боловсруулдаг аж үйлдвэрийг нураачихсан шүү дээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мөрөөдөөд байгаа хямдхан арматур Монголд үйлдвэрлэж байж л бүтнэ. “Бэрэн” үйлдвэр ганцаараа Монголыг хангах арматур үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэтэл коксжих нүүрсийг кокс болгож хувиргадаг үйлдвэр барихыг хуулиар хаачихсан учраас тус үйлдвэр ажиллаж чадахгүй байгаа юм. Ч.Хүрэлбаатарын хууль ч гэж нэрлэж болно. Монголд арматур үйлдвэрлэхээр таван хувь үнэтэй, Хятадаас арматур авахыг урамшуулсан хуулийг Монголын УИХ баталсан, одоо ч хүчинтэй байхад 10 их наядаар орон сууц ихээр барина гэвэл долларын ханшаа л алдана даа. “Монголчууд үйлдвэрлэл эрхэлж болохгүй ашигт малтмалаа түүхийгээр нь гадагш нь урсга” гэдэг МАН-ын хорон бодлого. Түрүүчийн УИХ-ын хийсэн хамгийн том гай энэ.
ӨДРИЙН СОНИН О.Ариунцэцэг
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм16 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм21 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр23 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм18 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг23 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ