Нийгэм
Үндсэн хууль ба бялууны хэлтэрхий
Монгол Улсын Үндсэн хуульд дахиад нэмэлт өөрлчлөлт оруулах тухай асуудал сөхөгдөөд эхлэв. Улс төрийн 10 нам Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Үүнд АН, ХҮН, ИЗНН, Үнэн ба Зөв нам, МҮАН зэрэг нам нэгджээ.
Уг саналд Тэгэхдээ өнөөгийн УИХ-ын 76 гишүүн цөөдөөд байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл иргэдээс “Далантай өвөөгийн 76 үхэр” хэмээх нэр хоч зүүсэн УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь чухал асуудал юм байх. Тодруулбал, УИХ-ын гишүүн, ХҮН-ын Т.Доржханд “Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, Үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, төсвийн хэмнэлт хийх, УИХ-ын гишүүний тоог 150-215 болгох асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгах нь зөв” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Монгол Улсад үүсээд буй улс төр, эдийн засгийн хямралын суурь нь сонгуулийн можаритар тогтолцоо. УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр санал өгсөн нийт иргэдийн 42 хувь нь МАН-д санал өгсөн байхад УИХ-ын гишүүдийн 83 хувийг тус намын гишүүн бүрдүүлж байгаа. Нэг нам хэт давамгайлсан тогтолцоо улс төрийн хямралд оруулж байна. Үндсэн хуульд нэмэлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь энэ бүх асуудлыг сууриар нь шийдвэрлэх боломж” гэдгийг онцлов.
МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл “Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үндсэн хууль зөвхөн тусгаар тогтнолын баталгаа бус хөгжил дэвшлийн баримт бичиг байх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс Үндсэн хуульд эдийн засгийн бүтэн бүлэг оруулах ёстой гэсэн санаачилга гаргаж байсан ч үр дүнд хүрээгүй. Одоо үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш, инфляцитай холбоотой зохицуулалтыг Үндсэн хуульд оруулах ёстой. Түүнчлэн 2019 онд Үндсэн хуульд орон нутагт намчирхалыг сааруулах тухай бүхэл бүтэн бүлэг оруулахаар ярьж байсан ч батлагдаагүй. Орон нутагт намчирхал хэрээс хэтэрч, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох асуудалд чөдөр тушаа болж байна. Тиймээс намчирхал, талцлыг үгүй болгох, эдийн засгаа бэхжүүлэхтэй холбоотой заалтыг Үндсэн хуульд зайлшгүй оруулах ёстой” гэлээ.
Хуульчид Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтийг боломжийн болсон. Дор хаяж найман жилийн хугацаанд дахин гар хүрэлгүй энэ өөрчлөлтийнхөө үр дүн, алдаа, оноог харах хэрэгтэй. Үндсэн хуульд дахин дахин гар хүрээд байх нь тийм ч сайн зүйл биш гэж байв. Гэтэл бид өнөөдөр аливаа алдаа дугтадал гарвал өөртөө дүгнэлт хийх бус бусдаас, хаа нэг газраас, төрөөс хайдаг явуургүй зантай болсон. Үүний илрэл нь бусад хууль, тогтоомжоор засаад явчих боломжтой асуудлыг заавал Үндсэн хуульд гар хүрч байж шийднэ гэсэн муйхарлал болж байна.
Улс төрийн намуудын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналд “УИХ-ын гишүүдийн тоог 200-д хүргэе” гэсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж эхлэв. Учир нь монголчууд 100 ямаанд 60 ухна гэлцдэг. Яг үүнтэй адил УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь буруу. Өнөөгийн 76 гишүүн байхад хангалттай. Тэднээс цөөнгүй нь эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж төсвийн мөнгө шамшигдуулсан хэрэгт нэр холбогдоод байгаа билээ. Тэднийгээ яая гэж байхад дахиад эрх мэдэлтэн, эвэртэн туурайтан нэмнэ гэдэг маш буруу гэсэн байр суурийг иргэд илэрхийлж буй билээ.
Монгол Улсад өнөөдөр эрх мэдэлтэн, дарга нар цөөдөөгүй. Төр харин ч данхайсан. Хамгийн гол нь цомхон, чадварлаг төртэй байх ёстой хэмээн иргэд үздэг билээ. Үүнийгээ ч иргэд өөрсдийн цахим хуудсаар илэрхийлсэн нь цөөнгүй бий. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь улс төр дэх “нялхасын өвчин”-ийг гааруулж бялуу хүртэгчид нэмэгдэнэ. Өнөөдөр нам дагасан, цүнх барьсан эрх мэдэл, албан тушаал мөрөөдсөн залуус цөөнгүй бий гэсэн шүүмжлэл байдаг. Иймд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, тэр дундаа УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг дэмжих иргэн тийм ч олон байхгүй л болов уу. Ямартай ч үйл явдлын өрнөлийг харж л байя даа.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм18 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм24 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм23 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Нийгэм20 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Улс төр23 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Улс төр20 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Нийгэм20 цаг өмнө
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно