Нийгэм
Сэтгүүлзүй ямар болчхоод байгаа юм бэ
ulsturch.mn сайтын сурвалжлагч, камер барьсан оператортойгоо хоёул нийслэлийн Баянзүрх дүүргийн IY хорооны засаг дарга Б.Бадамгараваас ярилцлага авчээ. Уг нь тус хороонд оршин суудаг бүтэн өнчин Анужин охины тухай, түүнд ямар халамж анхаарал тавьж байгаа тухай сурвалжлахаар очсон юм байна.
Гэтэл хөөрхий хорооны засаг дарга бүсгүй тэр бүрийн энд тэнд, элдэв хэвлэлд, тэгээд телевизэд яриа сурвалжлага өгөөд байдаггүй болохоороо ч тэр үү, камер хараад нэг их цэгцтэй ярьж чадсангүй, гацаж түгдэрч баахан яриад эцэст нь “за жаахан эмх замбараагүй ярьчихлаа. Засч янзлаад аятайхан болгоод гаргана биз” гээд өнөө хоёрт 100 мянган төгрөг өгсөн бололтой. Харамсалтай нь авлигаас ангид сэтгүүлч, оператор хоёр зорьж очсон сурвалжлага, яриагаа гаргахын оронд хамгийн сүүлийн өгүүлбэрийг нь гаргаад 100 мянган төгрөг өгснийг нь сайтдаа ил тавьчихжээ.
Сэтгүүлчдийн авлигагүй, хараат бус гэдгээ гайхуулах гэсэн нь ташаарал болж, нэгэн хүний аж амьдралыг үрэхдээ хүрэн нийгэм даяараа, олон нийтийн сүлжээгээр өнөө хоёрыг балбаж эхлэх нь тэр.
Энэ бол саяхан болоод өнгөрсөн үйл явдал. Үүнээс үүдээд олон түмний индэр болсон сэтгүүлзүй минь хаашаа яваад байна даа гэсэн бодол төрөх минь.
Бараг бүтэн зууны туршид сонин, сэтгүүл, радиогоос өөр талбаргүй явж ирсэн монголын сэтгүүлзүй өнөөдөр мэдээллийн маш олон төрөл, хэрэгсэлтэй болж, энэ нь улам хүрээгээ тэлэн сайтууд онлайн бичлэгээр мэдээлэл түгээх болоод байгаа. Онлайн мэдээлэл нь үндсэндээ телевиз, теле мэдээлэл л гэсэн үг л дээ.
Тэгэхээр сайтуудын онлайн мэдээ бэлтгэгчид яахын аргагүй телевизийн сэтгүүлч, сурвалжлагч, операторын, ядахнаа л анхан шатны мэдлэг, ур чадвартай байх шаардлагатай гэсэн үг.
Харамсалтай нь өнөөдөр аль ч сайтын онлайн мэдээ бэлтгэж байгаа сурвалжлагч, оператор нь ёстой л бор зүрхээрээ, “нэг л их теле мэдээ бэлтгэдэг хүмүүс” явж байгаа нь бэлтгэж сүлжээнд оруулсан ядмагхан мэдээ, ярилцлага, дүрсээс нь харагдаад болох биш.
Энэ хүмүүс үндсэндээ хоёр зүйлд огт бэлтгэгдээгүй нь харваас илт. Нэгдүгээрт өмнө дурдсанчлан сэтгүүлч нь ч, оператор нь ч теле мэдээ бэлтгэх мэргэжил, чадварын анхан шатны мэдлэг мэдэгдхүүн байхгүй юмсанж. Сэтгүүлчийн биеэ авч явж байгаа байдал, микрофон барьж байгаа, асууж байгаа асуулт, ярилцагчтайгаа харьцаж байгаа гээд…..Телевиз гэдэг чинь мэдээллийг дүрсээр үзүүлдэг мэдээллийн хэрэгслээс гадна өвөрмөц урлаг. Телевиз, тэр онлайн мэдээлэл үзэж байгаа хүн, үзэгч тухайн хүний ярианаас гадна, дүрс, хөдөлгөөн, биеэ авч явж байгаа байдал, өрөө тасалгааны байдал зэргээс олон “мэдээлэл” хүлээн авдаг.
Оператор буюу дүрс авч байгаа хүний тухайд ярилцагчийг хаана суулгах, арын фон нь ямар байх, ширээн дээрх эд зүйл, тавилгыг хэрхэх, үс зүс, хувцаслалт нь ямар байгаа, гэрэл сүүдэр, орон зай зэргийг харгалзан зургаа авах ёстой. Хуучны, мэргэжлийн лператорууд бол энэ бүхнийг харгалзаж, тооцож, “тайзаа” өөрөө засч зургаа авдаг. Гэтэл өнөөгийн камер барьсан залууст ийм ойлголт үндсэндээ алга. Хэн дуртай нь камер, микрофон барьсныгаа теле сэтгүүлч болчихлоо хэмээн эндүүрэх.
Дараагийн зүйл бол нэгэнт л сэтгүүлч хэмээж, олон нийтэд мэдээлэл хүргэх гэж байгаа бол сэтгүүлчийнхийг байг гэхэд хүний ёсзүйтэй баймаар. Дүүрч ээ, мэргэжилдээ, ур чадвараар дулимагхан байж болно. Хамгийн гол нь юун түрүү хүн баймаар даа. Хүний ёс жудаг гэж нэг юм байдагсан даа. Энд хүнийг хүндэтгэх, тухайн хүнийхээ нэр төрийг эрхэмлэх, итгэл даах гээд олон зүйл багтана. Сэтгүүлч хэмээн явж байгаа хэн бүхний дагаж мөрдөх энэ бүхнийг Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн II их хурлаар хэлэлцэж баталсан “Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчим” хэмээсэн баримт бичигт нарийн тусгасан нь бий. Энэ зарчмын хоёрт, “Мэргэжлийн ноцтой алдаа гаргахгүйн төлөө ажиллана”, “Бусдыг гүтгэх, доромжлох, нэр төр гутаахыг цээрлэнэ”, дөрөвт нь “Хүний итгэлийг хүлээж, олсон мэдээллийнхээ эх сурвалжийг ямар ч тохиолдолд чанд нууцална”, долоод нь “Хувийн нууц, бусдын зовлон шаналлыг ойлгож хүнлэг, энэрэнгүй ёсыг ямагт сахина” гээд заачихсан байгаа.
Сэтгүүлзүйн арми хүрээгээ тэлж олон олон залуу энэ эгнээнд нэгдэж сонин, сэтгүүл, телевиз, радио, сайт гээд төрөл бүрийн чиглэлээр бичиж сурвалжлах болж 110 жилийн түүхтэй монголын сэтгүүлзүйн түүхийг мэдлэг боловсролтой залуу үе минь гардан авч байгаа нь сайшаалтай ч энэ мэт наад захын мэдэж байх ёстой зүйлээ судалж, хүн чанартай, ёсзүйтэй байх шаардлага зүй ёсоор урган гарч байна.
Өмнө дурдсан ulsturch.mn сайтын сэтгүүлч, зураглаач хоёр бол сэтгүүлчийн энэ зарчмуудыг бүгдийг нь зөрчөөд уландаа гишгичхсэнээр зөвхөн өөрсдийгөө ч биш, өөрийнхөө сайт, тэгээд сэтгүүлзүйн ариун гал тогоог хөлдөө чирчихлээ. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг л энэ. Гэхдээ өнөөдрийн сэтгүүлзүйд ийм явдал ганц энэ биш.
Эцэст нь нэмэн өгүүлэхэд залуу сэтгүүлчид минь сурвалжилж байгаа сэдэв зүйлийнхээ талаар жаахан мэдлэгтэй байж тухайн хүнтэйгээ ярилцаж байхгүй бол үзэгчид төдийгүй ярьж байгаа хүнийхээ элэг доог болох нь байна л даа. Уг нь өнөөдөр мэдээллийн сүлжээ, сайт элбэгшсэн өнөө цагт юуны л тухай бол юуны тухай хаанаас ч гэсэн олоод харчихаж болмоор шүү дээ. Тариаланчаас “Уринш гэдэг чинь ямар ногоо билээ” хэмээн асууж байсан залуу сэтгүүлч байсан л юм даа.
Сэтгүүлч гээд байгаа нөхөд нь өөрсдөө юм уншиж, харж, өөрсдийгөө боловсруулдаггүй юм бол аваад ажиллуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд нь энэ хүмүүсээ давтан сургаж жаахан боловсруулах хэрэгтэй баймаар.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм15 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм19 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм23 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм16 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг22 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо